Нэгэн үе төрж өссөн Хөвсгөл нутагтаа шанам малгай духдуулж, шар орхимж нөмрөн, сан тавьж, маани мэгзэм тэргүүтэй төвд ном дүнгэнэтэл уншин, хонх дамар тачигнуулж асан Санжийн Дамбадаржаа алс холын алтан Москвад бас л “ном унших” болов. Тэгэхдээ уурын тэрэг хэмээх үлгэрийн юм шиг, урьд өмнө төсөөлж байгаагүй хүчирхэг оньсон хөдөлгүүрт “амьтны” тухай орос ном.

Хувь тавилан түүнийг нарийн төмөр зам гэдэг таньж мэдэхгүй шинэ айлын босгыг алхуулж уурын тэрэгний машинчийн курст суулгахаар, гүрэн дамжуулан “шидэж” орхисон нь энэ байлаа.

1940 оны II дүгээр сард зургаан сарын курсээ онц дүнтэй дүүргэж эх орондоо ирсэн Дамбадаржааг бусад төгсөгчдийн хамт дахин гурван сарын курст суралцуулав. Төгссөний дараа зургаан сар дагалдан тэгээд арайхийн Лапшин хэмээх орос машинчийн туслахаар анхны аялалд гарчээ. Харин тэр ангийнхнаасаа хамгийн түрүүнд машинч болсон гэдэг. 1949 оны 11 дүгээр сард өргөн томөр зам буюу УБТЗ-ын эхний хэсэг галт тэрэгний хөдөлгөөнд нээгдэв. Шинэ замд мэдлэг чадвар, дадлага туршлагатай, мэргэжилтэн тэр тусмаа монгол мэргэжилтэн алтнаас ч үнэтэй байсан цаг. Нарийн төмөр замын Зүтгүүрийн депод техникчпйн алба (Одоогийнхоор бол Замын ерөнхий инженер) хашиж асан Дамбадаржааг өргөн төмөр замд шилжүүлэх тухай дээд газрын шийдвэр гарлаа.

Ийнхүү тэрээр Зүүнхараагийн уурын тэрэгний депод ашиглалт эрхэлсэн орлогч даргаар томилогдов. Ашиглалт эрхэлсэн нэртэй ч үнэндээ бол засвараа ч хариуцна. Депогийн даргаар Зөвлөлтийн мэргэжилтэн Демьянченко ажилладаг байв.

Тэрээр, чухам би энд л хүнтэй ажиллахын дөртэй болсон гэж өгүүлсэн. Уг депо уурын тэрэгний нэртэй ч ачааны вагон засварыг бас хариуцдаг байж. Тэгэхээр ажлын хүрээ өргөнтэй гэсэн үг.

Хамт ажиллаж асан нөхөд нь Дамбадаржааг олон таван үггүй төлөв түвшин зантай, ажилсаг зүтгэлтэй хүн хэмээн үнэлдэг. Тэрээр, хүнтэй ажиллах өөрийн гэсэн арга барилтай харьцааны соёл ондөртэй ямар ч үед дуугаа өндорсгөдөггүй, дутагдал доголдол гаргасан нэгнийг ухааруулж ойлгуулахыг чухалчилдаг байж. Энэ нь мөнөөх бага наснаасаа шашин номын мор хоөсөнтэй нь холбоотой байж болох. Түүнийг Зүүнхараад цөөн жил ажиллуулаад галт тэрэгний хөдөлгөөний аюулгүй байдал хариуцсан Замын ерөнхий байцаагчийн орлогчийн хариуцлагатай албанд томилжээ. Түүнийг дүрэм зааврын мэдлэг өндөртэй, нягт нямбай зан чанартайг удирдлагууд олж харсных.

Тэрээр, надтай хүүрнэн суухдаа “Төмөр зам гэдэг чухам л цагийн механизм шиг ажиллаж байх учиртай газар” гэж хэдэнтээ давтсан. Аргагүй л ерөнхий байцаагчийн орлогчийн үг. Энэ албанд зурвасхан хугацаанд ажиллахдаа хөдөлгөөнтэй холбоотой дүрэм заавар, Замын захиргааны шийдвэрийн хэрэгжилтийг яв цав шалгаж “цагийн юм цагтаа” гэсэн зарчмыг ягштал баримталдаг байж. Ямартаа л төмөр замчдаас зөөлөн мөртөө хатуу хүн гэсэн үнэлгээ авч байхав. Тухайн үед төмөр замын үндсэн үйл ажиллагаа ачилт буулгалт, экспорт, импортын болон орон нутгийн ачаа, зорчигч тээврээр л хязгаарлагдаж байв. Гэсэн ч, 1955 онд л гэхэд 1119.9 мянган гонн ачаа 79.9 мянган зорчигч тээвэрлэж 20 гаруй сая төгрөгийн ашигтай ажиллажээ. Тээврийн цоо шинэ салбар ийнхүү хөгжиж, төмөр замчдын эгнээ шинелээ тайлсан цэрэг эрс, шилбүүрээ тавьсан малчдаар өргөжив. Яг л 1970-аад оны сүүлчээр дэлгэцнээ гарсан “Газрын жигүүр” кино шиг. Төмөр замын тухай ойлголтоор маруухан, уурын тэрэг утаа савсуулан орж ирэхэд айж зугтах нь холгүй хүмүүст шинэ мэдлэг олгож, ажилд нь сургана гэдэг хүнд бэрх ч сонирхолтой зорилт байлаа. Тэдэнтэй тухайн үед манайд ажиллаж байсан Зөвлөлтийн мэргэжилтнүүд л жинхэнээсээ тулж харьцах. Шавь нарынх нь боловсрол нимгэний дээр хэл мэдэхгүй. Орчуулагчаар дамжуулах ч орчуулагч нь төмөр замын нэр томъёог мэдэхгүй гацаанд орох ч энүүхэнд. Ийнхүү хүндрэл бэрхшээл түмэнтээ тохиолдовч ажил амьдрал зогсолтгүй урагшилсаар. Ерөнхий байцаагчийн орлогч С.Дамбадаржаагийн ажил ч энэ бүхний дунд өрнөнө.

 

                НЭГДҮГЭЭР ОРЛОГЧИЙН АМАРГҮЙ АЛБАНД

 

1953 оны намар Замын намын хорооны бүгд хурал хуралдаж Замын I орлогч дарга А.Цогтсайханыг төмөр замын мэдлэг муутай хоцрогдсон гэх зэргээр “зад” шүүмжлэн ажлаас нь өөрчлөх шийдвэр гаргасан аж. Хөл дээрээ тэнцэж ядан байсан төмөр замын ажлын төлөө өдөр шөногүй өөрийгөө мартан зүтгэж асан тэр хүн энэ шийдвэрт гомдож томөр замын сургуульд суралцуулж өгөхийг Намын Төв Хорооноос хүсчээ.

Тэр үед НТХ-ны I нарийн бичгийн даргаар ажиллаж асан Л.Дамба уг хүсэлтийг хүлээн авч Алма-Ата хот дахь Төмөр замын техникумд суралцуулах шийдвэр гарган хэлний мэдлэгтэй С.Дамбадаржааг хамт явуулах чиглэл өгөх нь тэр.

Чухамдаа л, аз нь “шовойсон” хэрэг. Ийнхүү Зөвлөлт улсыг хоёрдахь удаагаа зорьж ашиглалтын техникчийн ангид суралцаж эхэллээ. Том хүний нөмөр нөөлөг, нэр сүр их болохоор тусгай байранд гэрийн тогоочтой гэрийн багштай бараг л сайдын зиндааны хангамжтай суралцсан гэдэг. Харамсалтай нь Цогтсайхан дарга эхний хагас жилийн амралтаар нутагтаа ирээд буцаж очоогүй аж. Техникумаа амжилттай дүүргэсэн Дамбадаржааг мөнөөх л Зүүнхараагийн уурын тэрэгний депод орлогч даргаар, хэдхэн сарын дараа даргаар томилов. Тэр үед тус депо Ел, Ес, С, Ок, Ов серийн уурын тэрэгнүүд ачааны вагонуудад засвар үйлчилгээ хийдэг нэлээд ачаалалтай газар байсан ажээ. Анх удаа монгол хүн тэр тусмаа сайн мэдэх хүн нь дарга болсонд ажилчид ч сэтгэл хангалуун байж. Гэсэн ч ганцхан жилийн дараа Замын I орлогч даргын өндөр албанд томилогдов. Энэ тухайгаа:

-Намар оройн нэгэн өдөр Замын дарга Г.П.Запорожцев утасдаж өнөө шөнийн дотор гэрээ нүүлгэн Улаанбаатарт орж ир. Өөрөө өглөө найман цагт миний өрөөнд бэлэн бай гэв. Ямар учиртайг нь лавлахад “Ирээд мэд” гэхээс өөр зүйл хэлсэнгүй. Маргааш нь яарч сандран Замын даргын өрөөнд орвол Замын намын хорооны I нарийн бичгийн дарга Болд гуайтай хамт сууж байв. Мэндэлсний дараа Болд дарга:

-Чамайг Замын I орлогч даргаар томилох болсон. Одоо надтай хамт явж Улс төрийн товчоогоор орно гэв. Айх ч шиг, сүрдэх ч шиг болж бараг л хормой чичирч байсан байх. Засгийн газрын ордонд давхиж хүрэхэд харуул нь ёслоод л оруулж байна. Зөвлөлгөөнийх бололтой том өрөөнд зургаар нь таних төдий улс төрийн товчооны гишүүд ширээ тойроод суучихсан эхэнд нь Ю.Цэдэнбал дарга харагдав.

Бал дарга анхааралтай сонсож сууснаа:

-За, нөхөр минь чадна биз хэмээн зөөлөн асуулаа. Би үг хэлэх гэсэн ч хоолой дээр гарч ирсэнгүй тул дэмий л толгой дохив. Дарга урам өгсөн байртай инээмсэглэн:

-За хө, Зөвлөлтийн нөхдийг байхад алзах юу байхав. Сайн ажиллана шүү гэлээ. Ингээд хурал дуусаж, бид ч гарсан даа. Түүнээс хойш ажил төрлийн шугамаар Ю.Цэдэнбал даргатай олон ч удаа уулзсан. Нөгөө л дөлгөөн сайхан зангаараа угтаж оновчгой цөөн асуулт асуун, төмөр замын ажлыг асуудал танилцуулсан биднээс ч илүү ойлгож байнга дэмжинэ. Үнэхээр эгэлгүй удирдагч байсан шүү” хэмээн хуучилсан. Тэрээр бас Замын даргаар ажиллаж асан Г.П.Запорожцев, Н.Т.Солодкий нарын тухай халуун дотноор дурссан. “Энэ хоёр хүн УБТЗ-ыг хөгжүүлэхэд бүхнээ зориулж, Монголчуудад гүн хүндэтгэлтэй хандан, мэдлэг чадвар, арга туршлагаасаа харамгүй хуваалцдаг жинхэнэ орос ах нар байж. Хувийн зан чанарын хувьд бол Запорожцев нь элэгсэг дөлгөөн зантай тайвандуу хүн. Солодкий нь зарчимч өндөр шаардлагатай хатуудуу. Тэдний хөдөлмөр зүггэлийг манай төр өндрөөр үнэлж “Сүхбаатарын одон”-гоор шагнасан нь чухам л нүдээ олсон хэрэг байсан” гэж С.Дамбадаржаа гуай өгүүлсэн. 1959-1962 онд Социалист хөдөлмөрийн хөдөлгөөн ид өрнөж төмөр замчдын нэр алдар улс орон даяар цуурайтан төмөр замын тээвэр урьд өмнө байгаагүйгээр эрчимжиж бүтээлч хамт олон бүрэн утгаараа төлөвшиж байлаа.

Тухайн нийгмийг удирдан чиглүүлэгч хүч МАХН-ын ээлжит их хурлаас гаргасан шийдвэрийн дагуу улс ардын аж ахуй, соёлыг 1958-1960 онд хөгжүүлэх гурван жилийн төлөвлөгөөний түүхэн он цагуудад тэрээр УБТЗ-ын I орлогч даргын хариуцлагатай албыг хашиж байв. Энэ гурван жилийн дунджаар вагоны ачилт 1957 оныхоос 20.4 вагон буулгалт 29.6 хувь тус тус нэмэгджээ. Нийт тээвэрлэсэн ачаа 1960 онд 3.9 сая тони болсон нь 1957 оныхоос 25.39 хувиар оссөн хэрэгбайв. Зорчигч тээвэрлэлт 1960 онд 1957 оныхоос 2.5 дахин өсч ашиглалтын ажилчдын хөдөлмөрийн бүтээмж мөн онтой харьцуулахад 20.8 хувь өсч тээврийн нийт ашиг гурван жилийн дүнгээр 270 сая төгрөг болов.

МАХН-ын Төв Хороо 1960 оны хоёрдугаар сарын 26-нд 49 дүгээр тогтоолоо гаргаж Наушки-Улаанбаатарын томөр зам байнгын ашиглалтад орсны арван жилийн ойг мон оны 12 дугаар сарын 20-нд тэмдэглэхийг УБТЗ-ын нам захиргааны байгууллагад зөвшөөрчээ. Арван жил гэдэг түүхийн тооллоор бол асар богино хугацаа ч төмөр замчдын хувьд хийсэн ажилтай хэлэх үттэй амжилт бүтээлийн он жилүүд байлаа. Төмөр замын хэмжээнд ой угтсан өндөр бүтээлийн 11 сарын аян эхэлж нөр их ажил өрнөв. 1960 оны эхний 11 сарын ачаа эргэлтийн төлөвлөгөөг 12.7 хувиар давуулан биелүүлж, хөдөлморийн бүтээмжийг 17.5 хувь өсгөн тээврийн өөрийн өртөгийг 11.9 хувиар хямдруулж тээврийн ашгийн төлөвлөгөөг 15.7 сая төгрөгөөр давуулсан амжилтаар ойгоо угтав. Нам төрийн дээд байгууллага ч төмөр замчдын зүтгэл хөдөлмөрийг үнэлж, машинч Л.Ойдовням, Социалист хөдөлмөрийн хөдөлгөөнийг санаачлагч инженер Г.Мандах нарт “Хөдөлмөрийн баатар” цол хүртээж, Замын дарга Г.П.Запорожцев, Замын II ангийн бригадын дарга А.Чимидрэгзэн нар Сүхбаатарын одонгоор шагнагнуулав. Тэдний тодорхойлолтод Замын 1 орлогч дарга С.Дамбадаржаагийн гарын үсэг дурайж буй. Энэ он жилүүдийн ололт амжилтын гэгээн хуудас бүхэнд түүний нэр хамгийн годоор бичигдэх учиртай билээ.

Үүний зэрэгцээ, төмөр замын үндэсний мэргэжилтнүүдийг сургаж бэлтгэх ажил шинэ шатанд гарч ЗХУ-д сургууль төгссөн анхны монгол инженерүүд ажил хэрэгтээ сурч, дадлагажин эрийн цээнд хүрлээ. Чухам энэ үед эрхэлсэн ажлаа эзний ёсоор хийж унтаж амрахаа мартан зүтгэж асан С.Дамбадаржаа Зөвлөлтөд сургууль дүүргэсэн мэдлэг чадвартай авьяаслаг залуу инженер Н.Цэрэнноровт халаагаа өгсөн нь цаг үе, нийгмийн шаардлагыг зөв мэдэрч чадсаных байлаа. Дөчин гурван нас хүрсэн тэрээр мэдлэг боловсролоо дээшлүүлэх шаардлагатай болсныг ухааран дахин суралцахаар шийдвэрлэв. Энэ удаа ЗХУКН-ын ТХ-ны дэргэдэх Намын дээд сургуулийг зорьжээ. “Орост сурч ханадаггүй ромбо авч чаддаггүй” хэмээн дотно нөхөддөө шоолуулж явсан хүн нэг л өдөр сургуулиа төгсөж, улс төрийн дээд боловсролын диплом өвөртөлж ромбо зүүсээр ирэв.

Түүнийг, Замын даргын ашиглалт, авто тээвэр, худалдааны асуудал эрхэлсэн орлогчоор томилжээ. Мэддэг ажил, дасаж сурсан хамт олон. Энэ он жилүүдэд Монголын төмөр замын дотоодын ачаа тээвэрлэлт тууштай нэмэгдэж Дархан-Шарын голын салбар зам баригдан нүүрс тээвэрлэлт эхлэв. Дотоодын тээвэр ийнхүү нэмэгдсэнтэй холбогдуулан 295, 144, 96 дугаар км-үүдэд шинэ зөрлөг нээгдэж төмөр замын тээврийн үйл ажиллагааны бүгцэд гүнзгий өөрчлөлт орлоо. Өртөөдийг гүйцэтгэж байгаа үүргээр нь зэрэглэх арга хэмжээ авч хөдөлгөөнчдийн цалин хөлсний системд урамшууллын хөшүүрэг нэвтэрч эхлэв. С.Дамбадаржаа энэ бү үйл явдлын төвд нь ямагт байж мөнөөх л идэвхтэй дайчин, шинийг эрэлхийлэгч бүтээлч зан чанараараа багагүй үүрэг гүйцэтгэсэн Дараа нь тэрээр, Варшав дахь Төмөр замын олон улсын байгууллагад Монголын төлөөлөгчөөр зургаан жил ажиллав. Ийнхүү төмөр замын төлөө бие сэтгэлээ зориулан зүтгэж асан энэ хүн Замын боловсон хүчин сургалтын хэлтсийн даргаар ажиллаж байгаад 1981 онд гавьяаныхаа амралтад гарчээ.

 

                                        ЗҮГЭЭР СУУДАГГҮЙ ХҮН

 

С.Дамбадаржаа гуайн гэрт зочлоход юуны түрүүн ханан хүндэтгэлтэйгээр байрлуулсан Чингис хааны дэлхийн академийн гоёмсог гэрэгэ нүдэнд тусна. Монголын төмөр замын хөгжил дэвшлийн талаар түүхэн, томоохон бүтээл буюу “Монголын төмөр замын түүх”-ийг бичсэний учир 1999 онд энэ байгууллагын академич цолыг хүртжээ. Төмөр замдаа анхдагч нь. Тиймээс түүнийг төмөр замын түүхийн нэвтэрхий толь гэцгээдэг. Нарийн болон өргөн төмөр замын олон арван хүний нэр ус, олон үйл явдлын он сарыг алдаагүй хэлнэ. Тэрээр, тэтгэвэрт гарснаасаа хойш Н.Цэрэнноров, Намын хорооны I нарийн бичгийн дарга Д.Чулуундорж нарын саналаар түүхийн музейн эрхлэгчээр томилогдов. Музейн одоогийн барилгыг бариулах, үзмэрийн сан хөмрөгийг баяжуулахад угийн нягт нямбай, ажилч хичээнгүй чанар, төмөр замын түүхийн талаарх өргөн мэдлэг нь үнэлж баршгүй тус дэм болсон гэж Н.Цэрэнноров гуай нэгэнтээ хуучилсан билээ.

1999 онд намайг чуулгад ажиллаж байхад нэгэн өдөр мань хүн хавтастай цаас барьсаар орж ирээд “Тэтгэвэрт гарснаасаа хойш нууц авьяас задарч шүлэг бичдэг болсон шүү” хэмээн хөгжилтэй инээгээд, “Үүнийг л нэг юм болгож өг” хэмээн дууны үг өгч намайг сандаргасан сан. Юм болгоно гэдэг нь аялгуу оруулна гэсэн үг л дээ. Ингээд би түүнийг хөгжмийн зохиолч С.Батмөнхтэй уулзуулж “Хүрээ хот” нэртэй сайхан дуу мэндэлсэн. Түүнээс хойш хөгжмийн зохиолчидтой хамтран гурван ч дуу бүтээсэн гэнэ. Бас мөнөөх хавтас нь зузаарч 30 гаруй шүлэг бичсэнээ надад уншуулсан. Түүний оюуны хөдөлмөр эртнээс ихтэй ажээ. Аль нарийн төмөр замд ажиллаж байхдаа л шинэ бүтээл оновчтой санал гаргагчдын тэргүүн эгнээнд явдаг байж. 1965 онд Замын дарга Г.П.Запорожцевийн бичсэн “Төмөр замын ерөнхий курс” номыг орчуулан хэвлүүлсэн нь нэг хэсэгтээ л төмөр замчдын ширээний ном, гол сурах бичиг болжээ.

Тэрээр, өөрийгөө зүгээр сууж чаддаггүй дутагдалтай хүн гэж тодорхойлсон.

 .Үүний гэрч нь наян зургаан насныхаа босгон дээр “Монголын төмөр замын түүхэн товчоон” номыг бичиж хэвлүүлэн, хойч үеийхэндээ үлдээсэн  явдал билээ.

 

 Жич: Төмөр замын ахмад зүтгэлтэн, эдүгээ тэнгэрийн орондоо залран буй Санжийн Дамбадаржаа агсны тухай энэхүү хөрөг нийтлэлийг 2005 онд бичиж хэвлүүлсэн “Их нүүдлийн хөтөч” номноосоо сийрүүлэн авч, Монгол-Оросын Хувь Нийлүүлсэн “Улаанбаатар төмөр зам” Нийгэмлэгийн 75 жилийн ойд зориулан уншигчиддаа дахин хүргэж байна.

 

 

                Л.Сэнгээ  МУСГЗ сэтгүүлч