“УБТЗ-ын мэргэжлийн аварга бригадын дарга” ... Замын I ангийн замын ... хэсгийн бригадын дарга Жимбээгийн Нямцэрэн 17 жилийн дараа энэхүү хүндтэй шагналыг өнгөрсөн жил хамт олондоо авчирсан билээ. УБТЗ гэх их айлын босгоор алхан орсноос хойш 33, түүнээс 24 жил нь Хойт зөрлөг буюу эх орныхоо торгон хил дээр тушаал авсан хугацаагүй цэрэг шиг үүрэг гүйцэтгэж яваа энэхүү эрхэмтэй цөөн хором хуучиллаа. Амьдралд үзэхээ үзэж, туулахаа туулсан тулхтай эр хүний гүдэсхэн, ил цагаахан яриа бид хоёрын дунд өрнөсөн юм. .
Тэрбээр, төмөр замчин болсон түүхээ ийн өгүүлэв.
Баянхонгор аймгийн Жинст суманд төрж өссөн, айлын том хүү төмөр замчин болно чинээ зүүдлээгүй явжээ.
Аргамаг хүлгийн нуруунд дарцаглан, үеийн хөвгүүдтэй дээлийнхээ сугыг ханзартал ноцолдож өссөн хүү аав шигээ бөх болж, аймаг, сумдын наадмын зүлэг ногоон дэвжээнд алдар цолоо дуудуулан харцага шонхрын дэвэлтээр дэвэн дэвсээр гарах сан... Аль эсвэл чиргүүлтэй Зил130 машин жолоодон уул ороож, ус мөрөн гаталж, тал хөндийгөөр хүнгэнүүлэн давхиж, өргөн уудам эх орноо хөндлөн гулд туулах сан гэж битүүхэн мөрөөднө.
Гэвч 1989 оны намар Аймгийн арслан Д.Жимбээгийнх гэдэг айл Сэлэнгэ аймаг руу нүүжээ. Том нагац эгч нь төмөр замд ажилладаг байсан нь ийнхүү тэр айлыг нутаг сэлгэн нүүдэллэхэд хүргэсэн гэнэ. Тэр үед Ж.Нямцэрэн наймдугаар ангиа дүүргээд байсан үе. Шинэ нутагт ирээд аав нь Модны үйлдвэрт ажилд орж, ээж нь аймгийн худалдааны нягтлан болов. Харин 1990 оны намар энэ айлын зургаан хүүхдийн ууган нь болох Ж.Нямцэрэн Замын I ангид замчнаар оржээ. Ж.Нямцэрэн тэр үед 16 настай хэдий ч бие өсгөлүүн тул замчны ажилд гологдсонгүй. Сэлэнгэд иртлээ төмөр замын талаар төсөөлөл байгаагүй гэдэг. Анх хүмүүсийн амнаас вагон гэж төмөр дугуйтай унаа гэж сонсохдоо төмөр дугуйгаараа автомашин шиг л хаа сайгүй “давхиж” явдаг юм байх гэж төсөөлж байсан гэдэг. Харин хос төмөр дээгүүр төмөр дугуйгаар явдаг нүсэр том, урт цувааг хараад анх гайхах бишрэх зэрэгцэн, “Ийм юм байдаг аа... гэж” бодож зогсжээ.
Төдөлгүй Монголчууд зах зээлийн нийгэм гэгчтэй “золгож”, цаг үе ороо бусгаа, ард иргэдийн амьдрал алагтай цоогтой болж эхэлжээ. Замчин хүү насанд хүрээгүй тул өдөрт зургаан цагаар ажиллаж, 15.00 цагт ажлаасаа буугаад Сэлэнгэ аймгийн оройн сургуульд явна. Бас хажуугаар нь аймгийн бөхийн секцэд орж үндэсний болон чөлөөт бөхөөр хичээллэх болов. Ажил, сургууль, спорт гээд завгүй өдрүүд өнгөрсөөр... Ж.Нямцэрэн анхны цалин гэж 92 төгрөг авч, бөөн баяртай ээждээ өгчээ. Замын хэсгийн хамгийн балчир түүнийг хамт олон нь өөрийн дүү шиг, хүү шиг зааж зөвлөж, ажил амьдралд нь хөтөлж байсныг ийн дурсав.
-Тухайн үед манай хэсэг 17 хүнтэй, тэдний 10 нь эмэгтэй, долоо нь эрэгтэй. Би бригадын дарга М.Ганбаатар гуайн шавь болж, замчны ажлын “цагаан толгой”-г заалгасан даа. Одоо багш минь гавьяаны амралтдаа гарсан. Би анх замчин болчихоод хэсгийнхээ эгч нарыг үнэхээр биширдэг байлаа. Гурван эмэгтэй замчин дэр модоо сольчихоод, багаж хэрэгслээ модрон, вагончик дээрээ ачаад явчихна. Тэр үед бүсгүйчүүд эрчүүдээс дутахгүй хүнд хүчир ажлыг нугалдаг байлаа. Харин 2000-аад оноос хойш эмэгтэй хүнээр хүнд хүчир ажил хийлгэхгүй гэх үүднээс замчдын дунд бүсгүйчүүдийн эзлэх хувь харьцангуй буурсан” хэмээн өгүүллээ.
Тэрбээр, хоёр жил шахам өдрийн зургаан цагаар ажиллаж байгаад 18 нас хүрмэгцээ найман цагаар ажиллах болжээ. Тэр үеэс цалин мөнгө ч овоо нэмэгдэж, гар дээрээ 300 гаруй төгрөг авдаг байж. Ажлынхаа хажуугаар бөхийн секцдээ гүйсээр. Тэгтэл нэг өдөр аав нь “Миний хүү энэ цаг үед спорт хөөгөөд мөнгө төгрөг олж амьдрал ахуйгаа залгуулах биш. Одоо ажилдаа тууштай бай” гэснээр 1994 оноос спортоо орхиж ажил мэргэжилдээ сэтгэл шуударч. 1996-1997 онд Төмөр замын коллежид замын техникчээр сурч, төгсжээ. Харин 1999 онд 23 настайдаа бригадын даргаар тушаал дэвшсэн нь тухайн үедээ хамгийн залуу бригадын дарга нарын нэгд тооцогдож байв. Бригадын дарга гэдэг замчин байхаас илүүтэй үүрэг хариуцлага хэд дахин нугарсан ажил. Дээрээс нь, хүнтэй ажиллах ур ухаан, эв дүй шаардана. Нэгэн цагт “Хүний бага нь гүйж, шувууны бага нь жиргэдэг” гэдгийн адилаар хамт олныхоо хамгийн балчир нь байсан тэрбээр өдгөө тулхтай, түшигтэй, туршлагатай ахмад бригадын дарга болжээ.
Ж.Нямцэрэн “гарын” шавь гэхэд 40 гаруй болжээ.
- Одоо замчдын 80-90 хувь нь залуучууд болсон. 2000-аад оны хүүхдүүд замчдын эгнээнд орж ирлээ. Манай тасаг найман хүнтэй. Тэдний маань хамгийн ахмад нь 1994 оны залуу гээд бод л доо. Шижигнэсэн залуучуудтай ажиллаж байна. Энэ залуус минь тууштай ажиллавал замчдын нэгэн үе жигд сайхан гарч ирнэ шүү дээ. Энэ хэддээ би чадах мэдэх бүхнээ л хэлж, зааж өгөхийг хичээдэг. Ахмад үеийнхэн дагалдуулж сургасан тэр жишгээр хойч үеэ бэлтгэхийг зорьдог. Замчны ажилд мэдлэг, мэргэжил чухал. Үүн дээр сэтгэлээ нэмчихвэл болоод явчихна даа. Ажилдаа сэтгэлтэй хүн бол андашгүй. Намайг анх замчин болж байх үеэс замчдын амьдрах ажиллах нөхцөл улам сайжраад л байна шүү дээ. Анх замчин болоход бидэнд үзэж харах зүйл телевизээс өөр байсангүй. Телевизээр Оросын хоёрхон суваг гардаг. Гэтэл одоо телевизийн олон суваг байтугай интернэттэй болчихлоо. Халуун ус, саун бий. Саяхан дөрвөн айлын сууцанд маань засвар хийгээд өгчихлөө. Сайхан л байна. Дээр нь манай энд байгаль их сайхан. Ажлынхаа хажуугаар туслах аж ахуй эрхлэх боломжтой. Сэлэнгэд нүүж ирэхдээ аав ээж хоёр маань амины хэдэн малаа аваад ирсэн юм. Түүнийгээ үргэлжлүүлээд явж байгаа. Манайх адуу, үхэртэй. Байгаль нь сайхан болохоор хадлан тэжээл бэлтгэх ч шаардлагагүй. Бас тахиа, шувуу ч бий. Маллагаа, арчилгаа багатай. Туслах аж ахуй бол амьжиргаанд их нэмэртэй шүү. Хүн хөдөлмөрлөж чадвал хаана ч сайхан амьдардаг цаг шүү дээ. Залуусаа ажлынхаа хажуугаар туслах аж ахуй эрхлээсэй гэж боддог” гэлээ.
Ж.Нямцэрэн 1996 онд Завхан нутгийн бүсгүй Д.Отгонцэцэгтэй гэр бүл болж, төрд данстай өрх гэрийн эзэн болжээ. Эднийх хүү, охин хоёртой. Том хүү нь ТЗДС-ийг холбооны инженерээр төгсөж, одоо Дохиолол холбооны I ангид хойд хэсэглэл хариуцсан инженерээр ажилладаг. Харин охин нь Солонгост сурч байгаа.
- Хамт олон автэй бол ажил бүтэмжтэй байдаг. Өглөө бүгдээрээ мэндтэй устай инээлдээд цуглах сайхан шүү дээ. Хүн хоорондын харилцаа мэндлэхээс эхэлдэг. Ер нь, хүн ажил дээрээ, хамт олонтойгоо өдрийн ихэнх цагийг өнгөрөөдөг. Тэгэхээр хамт олныг халуун дулаан уур амьсгалтай, эв нэгдэлтэй байлгахыг чухалчилдаг. Дөнгөж сургууль төгсөөд төмөр замчин болохоор сэтгэл шулуудаад эцэг эхээсээ хол, бие дааж амьдрах гээд ирж байгаа хүүхдүүдийг сайхан угтаж аваад, зааж зөвлөөд, сургаж дадлагажуулаад авах нь бидний үүрэг. Гал ч түлж үзээгүй хүүхэд, над шиг төмөр зам мэдэхгүй хүүхэд ч ирнэ. Бүгдийг нь төмөр замчин болгоод авчих санаатай л хичээж явна. Юун түрүүнд шинэ хүмүүсийнхээ хөдөлмөрийн болоод хөдөлгөөний аюулгүй байдалд нь илүүтэй анхаардаг. Замчид бид баярлавал хамтдаа баярлаж, ядарвал хамтдаа ядарч, цангавал хамтдаа цангадаг тийм л хамт олон. Их ажлын ард гарчихаад инээлдээд дуулалдаад гэртээ харих сайхан шүү” хэмээв.
Түүнээс “ Амьдралын тань хамгийн баяртай мөч хэзээ байв?” гэвэл “2017 онд “Онц хөдөлгөөнчин” тэмдгээр шагнуулахад ээж минь их баярласан. Ээжийгээ баярлаж байгааг харах их сайхан байсан. Мөн цагаан сарын өмнөхөн “Замын мэргэжлийн аварга” гэх хүндтэй шагнал хүртэхэд бас л өнгөрсөн он жилүүдийн дурсамж бүгд л бодогдож байлаа. Алба, ангийн удирдлага, хамт олон ч хүлээж авсан. Сүүлийн 17 жил манай ангиас “Замын аварга бригадын дарга” гараагүй гэсэн шүү. Удирдах газрын өмнөх хүндэт самбарт бүтэн жил зургаа тавиулж байгаа хүн чинь улам хичээмээр санагддаг юм билээ. Шагнал гэдэг хүнд их урам, хүч өгөх шиг санагддаг. Хүндтэй шагнал урамшил надад сайхан хүрээллийг бий болгосон. Хүмүүс хүндлээд л... Цагаан сараар ах дүү, төрөл садан, найз нөхөд баяр хүргээд их л сайхан байсан даа. Аав минь олон таван үггүй хүн байсан. Анх замчин болоход аав минь “Миний хүү олонтойгоо яваарай” гэж захьсан. Тэр үг үргэлж бодогддог. Олон түмэнтэйгээ, хүнд тустай явахад ажил, амьдрал бүтэмжтэй явдаг даа” хэмээн яриагаа өндөрлөв.
Б.Гүнжинлхам