ТЗДС-ийн Төмөр замын дохиолол холбооны багш Ж.Луттай ярилцлаа.

-Төмөр замын сургууль руу таны сонирхлыг татсан шалтгаан юу байв. Анхны төсөөлөл дотор нь ороод ажиллах хоёрын дунд хэр зааг ялгаа гарав?

- Төмөр замын салбарын хөгжил гэдэг нь Монгол Улсын тэргүүлэх хөгжил юм. Хоёрдугаарт, энэ салбарт эрдэм шинжилгээ, судалгааны ажил хийх боломж нь арай их юм шиг санагддаг. Түүнээс гадна шинэлэг  сонирхолтой энэ салбарыг би өөрөө сонирхож ирсэн. Электроникийн чиглэлийн хүний онцлог гэх үү дээ. Үүнээс өмнө Улаанбаатар их сургуульд багшилж байгаад БНХАУ-д үйлдвэрлэлийн автоматжуулалтын чиглэлээр магистрт сурсан. Буцаж ирснийхээ дараа Улаанбаатар их сургуульдаа хоёр жил багшлаад  “Шинэ Монгол” дээд сургууль руу шилжсэн. Тус сургуульд жил гаруй хугацаанд ажиллаад ТЗДС-д ирсэн. Одоо хоёр дахь жилдээ багшилж байна.Хувийн сургуулиудын тухайд төсөвлөдөг хөрөнгө мөнгө нь бага. Нэн тэргүүнд өөрсдөө оршин тогтнох гэж хичээж байгаа учраас судалгаа, эрдэм шинжилгээний ажлыг хоёрдугаарт эрэмбэлж үздэг талтай. Харин УБТЗ-ын хувьд цогцоороо маш том систем ажиллаж байгаа учраас салбарынхаа ирээдүйн боловсон хүчнийг бэлтгэх үүрэг бүхий эрдэмтэн багш нараа дэмжихэд анхаардаг. Хамгийн наад зах нь, робоконы багийг дэмжих төсвийг жил бүр тусгаж өгдөг. Тэгэхээр миний анхны төсөөлөл буруу байгаагүй. Би одоогоор том хэмжээний судалгааны ажилд орж амжаагүй. Оюутныг чадавхжуулах, хичээлээ сайжруулах үүргээ л биелүүлээд явж байна. Цаашид төмөр замын салбарын судалгааны чиглэл рүү орох зорилго тээж явна даа.

-Электроникийн хөгжил Монгол Улсын хэмжээнд аль шатандаа явна гэж хардаг вэ?

-1950 онд транзистр гэдэг элементийг нээснээр электроникийн салбарт үсрэнгүй хөгжлийг авчирсан түүхтэй. Өнөөдөр бид тухайн салбарынхаа хамгийн төгс хувилбар буюу гар утсанд ирчихээд байгаа юм. Дээрээс нь, цахилгаан машин. Анх электроникийн үйл ажиллагаа аналоги систем дээр суурилдаг байсан бол одоо тоон систем рүү шилжих явц явагдаж байна. Тоон систем рүү давамгайлан шилжиж байна гэдэг нь программ хангамж суурьтай электроникийн элемент тоног төхөөрөмжүүдийг удирдана гэсэн үг.  Программаар электроникийн тоног төхөөрөмжүүдийг удирдах санаанууд олноор гарч ирж буйг та анзаардаг байх. Эдгээр санаанууд нийлээд өнөөгийн хөгжил дэвшлийг бодитоор харуулж байгаа юм. Жишээ нь, гар утас гэдэг нь нэг төрлийн тоног төхөөрөмж. Үүний дээр тухайн гар утсыг ажиллуулж байгаа программ хангамж гэдэг ойлголт нэмэгдэнэ. Энэ хоёр хослон ажиллаж байж л төгс үйл ажиллагааг бүтээдэг гэж ойлгож болно.

-Өнөөгийн нөхцөлд программ хангамж гэх ойлголт нэн чухал сэдэв болж. Үүнийг дагаад программистуудын эрэлт хэрэгцээ өссөөр  байх шиг?

-Программ мэддэг хүн л бүхнийг чадна гэсэн ойлголт манайханд байдаг. Гэтэл программ нь дотроо техник тоног төхөөрөмжид зориулсан, хэрэглэгчид буюу гар утсанд зориулсан программ хангамж гээд хоёр төрөлд хуваагддаг. Миний хувьд техник хангамжийн хичээлийг оюутнуудад зааж байгаа учраас техник хангамжийн программыг давхар заадаг. Сүүлийн үед УБТЗ-д Сирдеп-Е системээс эхлээд тоон технологи орж ирж байна. Эдгээрийн программ хангамжийг хариуцах чиг үүрэг бүхий бие даасан нэгжтэй боллоо. Өөрөөр хэлбэл, техник тоног төхөөрөмж, программ хангамж хоёр нийлж ажиллах бүх нөхцөлийг төмөр замын систем бүрдүүлж эхлээд байна. Ирээдүйд орж ирэх вагонууд гэхэд л ухаалаг системд суурилсан, хүний үйл ажиллагааг багасгасан хэлбэртэй байх болов уу. Дэлхий дахинд эрчимтэй явагдаж буй технологийн хөгжлөөс Монгол улс хол тасарсан зүйлгүй. Хөгжил дэвшилд адилхан л суралцаад, хөл нийлүүлээд явж байгаа.

-Танай сургуульд элетроникийн инженерийг хэр түвшинд бэлтгэж байна вэ?

-ТЗДС-д үндсэн долоон мэргэжлийн анги бий. Үүний таван мэргэжилд нь электроникийн хичээл орж байна. Манайхаас ажлын талбарт гарч байгаа залуусыг нэн тэргүүнд кноптой, цахилгаан тоног төхөөрөмжүүд угтан авдаг. Вагон, зам гээд аль ч салбарт цахилгаан тоног төхөөрөмж өргөнөөр хэрэглэгддэг болсон. Тэгэхээр анхан шатны ойлголтыг нь өгөх зорилгоор электроникийн хичээлүүдийг хөтөлбөртөө тусган, зааж байгаа. Мөн тоног төхөөрөмж дээр суурилсан программ хангамжийг манай .... Чулуунсүрэн багш зааж байна. Тэгэхээр тухайн оюутнуудад тоног төхөөрөмжийг автоматжуулах анхан шатны мэдлэгийг хангалттай олгодог гэж ойлгож болно. Мэдээж, үйлдвэрлэлийн процесс дээр инженерчлэлийн түвшинд авч үзвэл арай өөр зүйл яригдана л даа.

-Сургалтын үр дүн чухам ямар хэмжээнд байгааг ажлын талбар нь л шалгадаг болов уу?

-Экетроникийн инженерийн анхан шатны мэдлэг олгох сургалтын хөтөлбөр харьцангуй урт хугацаанд хэрэгжиж байгаа учраас манайд бэлтгэгдсэн инженерүүд хэдийнээ ажлын байрандаа гарчихсан.  Тэр дундаас Эрчим хүч, Дохиолол холбооны ангид энэ хөтөлбөр илүү гүнзгийрүүлсэн хэлбэрээр ордог. Тухайн мэргэжлийг сонгон суралцаж байгаа оюутнууд чадлын элетроник, тоон техникийн үндэс зэрэг илүү нарийвчилсан хичээлүүд үздэг учраас бусад мэргэжлийнхнээсээ өргөн хүрээний мэдлэгтэй болж төгсдөг. Жишээ нь, “Схемотехника” гэх хичээлийн хүрээнд сүүлийн үед үйлдвэрлэлийн автоматжуулалт зөвхөн PLC дээр суурилж байгаа тухайд зааж байгаа. Ямар ч том тоног төхөөрөмж байсан түүний удирдлага нь PLC байна гэсэн үг. Тэгвэл “PLC-ийг яаж программчилдаг юм бэ?”, “Шингэн, даралт, мотор гэсэн үндсэн гурван хөдөлгөгч хүчийг PLC-ээс яаж удирддаг вэ?” гэх зэргээр хичээлийн хөтөлбөртөө жил бүр шинэчлэл хийж, агуулгыг нь өргөжүүлэх байдлаар явж байгаа.

-ТЗДС-ийн оюутнуудын чадамжийг МУИС, ШУТИС зэрэг улсын томоохон сургуулийн оюутнуудтай харьцуулбал хэр хэмжээний зааг ялгаа гарах вэ?

-Тоног төхөөрөмж гэдэг нь маш өргөн хүрээний ойлголт юм. ШУТИС-ийн оюутнуудад дээрх өргөн ойлголтынх нь хүрээнд ерөнхийлсөн байдлаар хичээл заадаг. Манай сургуульд харин илүү нарийвчилсан байдлаар буюу төмөр замын салбарын тоног төхөөрөмжийн автоматжуулалтад зориулсан хичээл зааж байна. “Төмөр замын гарам ийм зохион байгуулалттай, вагон ийм бүтэцтэй. Эдгээрийг автоматжуулахын тулд юу хийх вэ?” зэрэгт манай оюутнууд суралцаад явдаг. ШУТИС-ийн оюутан харин дэлхийн хэмжээний автоматжуулалтыг ерөнхий агуулгаар нь л судална шүү дээ. Ийм өргөн хүрээний мэдлэгтэй оюутнууд яг ажлын байран дээр гарах үедээ жаахан түүртдэг. Тэдний хувьд нарийвчилсан ухагдахуун дээр шууд ажиллах нөхцөл нь хараахан бүрдээгүй. Тиймээс ажиллах салбарынхаа чиглэлээр дахин суралцах шаардлага гардаг. ТЗДС-ийн оюутнууд бол хичээлийн хөтөлбөрөөрөө ажиллах салбарынхаа автоматжуулалтыг судална. Лабораторийн ажил хийсэн ч төмөр замынхаа салбартай холбоотой дадлага судалгааг хийчихнэ. Ингээд ирэхээр хүн тус бүр төгсөөд ямар тоног төхөөрөмж дээр ажиллах, тухайн төхөөрөмжийг хэрхэн ажиллуулах, хэрхэн автоматжуулах зэргээр нарийн мэдлэгтэй болж бэлтгэгддэг. Ер нь, манай сургуулийн оюутнуудыг улсын томоохон сургуультай чансаагаар нь харьцуулах хэцүү. Оюутнуудын мэдлэг, чадвар яг ижил түвшинд байна гэдгийг хамт оролцож буй тэмцээн уралдааных нь явц, байдал нотлоод өгдөг. Манай оюутнуудын бүтээл МУИС, ШУТИС-ийн оюутнуудын бүтээлтэй эн тэнцүү л өрсөлдөнө. Тэднээс хол хоцордог үе өнгөрсөн. Харин ч зарим тохиолдолд манай оюутны баг тэднээс илүү.

-Тийм шүү. Жил бүрийн “Робокон” тэмцээнд ТЗДС-ийн баг яах аргагүй хүчтэй өрсөлдөгчид болж байгаа?

-АВИ робокон, цагаан зураас таних тэмцээн гээд техник тоног төхөөрөмжийн чиглэлийн тэмцээн уралдаануудад манай багш нар оюутнуудаа бэлтгэж оруулаад үүгээрээ дамжуулан оюутнуудыг хөгжүүлэх зорилт тавин ажиллаж байгаа. Сургуулийн захиргааны зүгээс ч дээрх төрлийн тэмцээн уралдаанд оюутнуудаа оролцуулахад онцгой анхаарч, дэмждэг. Ингээд тухайн тэмцээний удирдамжид өгөгдсөн даалгаврыг хэн нь илүү задгай сэтгэлгээгээр гүйцэтгэсэн байна вэ гэдгээрээ л багууд эрэмбэлэгддэг. Дээр нь, аливаа тэмцээн уралдааны аз, од гэж зүйл бий. Эдгээрээс л шалтгаалж ялж ялагдах тухай асуудал шийдэгддэг. Чадвар чансааны хувьд эн тэнцүү. Хүүхдүүд маань өөрсдөө программаа бичнэ, автоматжуулсан системээ ч ажиллуулна. Анхны даалгавар бол хэн хэнд нь адилхан хар хайрцаг гэсэн үг. Тухайн хайрцгийг оюутнууд маань эхлээд зурна, зорно, будна. Энэ бүхний эцэст үр дүн гарна. Ер нь, аливаа төсөл бүхэн “хар хайрцаг” л байдаг шүү дээ. Манай хүүхдүүд энэ л зарчмаар өөрсдийгөө хөгжүүлдэг. Моделио бүтээнэ, программаа бичнэ, автоматжуулалтаа хийнэ. Хамгийн сүүлд эдгээрийг нийлүүлээд нэгэн цогц үйл ажиллагаатай  техникийг бий болгоно. Тухайн бүтээлээ бусад сургуулийн оюутнуудтай өрсөлдүүлнэ. Тэд үйлдвэр дээр гарсан ч энэ л зарчмаараа ажиллах болно. Тийм ч учраас хэрхэн баг болж ажиллах, цаг төлөвлөлт, хувийн зохион байгуулалтаа хэрхэн оновчтой хийх вэ гээд инженерийн төлөвшил талдаа маш их өгөөжийг Робокон тэмцээнд орсноороо олж авдаг. Энэ жилийн тухайд Үндэсний аварга шалгаруулах тэмцээн болох эсэх нь тодорхойгүй байсаар хугацааг нь тулгаж тов гарсан нь манай робокон багийг завсарлага авахад хүргэлээ. Уг нь өмнөх оныхоо аравдугаар сард албан ёсны зар нь гарчихдаг байсан юм. Автоматжуулсан системтэй робот хийж уралдаан тэмцээнд ороход хугацаа хэрэгтэй шүү дээ. Бид ирэх тэмцээндээ оролцоно. 2024 онд Үндэсний аваргаас гадна хоёр гурван ч төрлийн тэмцээнд оролцох төлөвлөгөөгөө гаргаж, одооноос судалгааныхаа ажлыг эхлүүлээд байна.

-Энэ цаг үед чадварлаг программистууд тухайн салбарынхаа хөгжлийн тодорхойлох хэмжээнд үнэлэгдэж байна. Танай оюутнуудаас программ хангамжийн чиглэлээр ямар амжилт гаргаж байна вэ?

-Программ хангамжийн хувьд мэрийлттэй, яг энэ чиглэлд өөрийгөө хөгжүүлж байгаа оюутнууд анхан шатны болон бусад төрлийн программ хангамжуудыг бичиж байна. Над дээр л гэхэд төгсөх курсийн хоёр оюутны бичиж байгаа хоёр төрлийн программ хангамж бий. Нэг нь “Ирээдүйд төмөр замын салбар бүхэлдээ ухаалаг систем рүү шилжинэ. Энэ үед цахилгаан зарцуулалтыг хэмнэе” гэсэн зорилтын доор бичсэн программ. Ухаалаг систем рүү төмөр замын тоног төхөөрөмжүүд бүрэн шилжсний дараа цахилгааны хэмнэлт үүсгэх ямар боломж байна вэ. Тэр боломжийг ямар арга замаар хэрхэн ашиглахыг тухайн оюутан өөрөө судлаад, шийдлийг алхам алхмаар хийгээд явж байна. Нөгөөх нь “VR”технологи буюу орчны хиймэл технологийн программ ханамжийг анх удаа хөгжүүлэх зорилгоор ажиллаж байна. Тухайн программыг эхний ээлжинд сургалтын байгууллагад хандаж хийхээр төлөвлөсөн. Хэрвээ энэ амжилттай болвол дараагийн алхмууддаа оръё гээд анхны судалгаагаа хийж байна. Программ хангамж  дотроо 7-8 төрөлтэй. Төрөл тус бүрийн инженерүүд нийлж байж тэрхүү программыг хөгжүүлдэг. Товчхондоо, энэ бол багийн ажиллагаагаар хэмжигддэг ажил. Ганц прораммыг бүтээхийн тулд “big data”-тай ажиллах, “Back end”буюу арын хэсэг, “Front end” буюу өмнөд хэсгийг бүтээх гээд тус бүрдээ өөр өөрийн үүрэгтэй. Дээрээс нь тухайн программ хэрэглэгчид үзэмжтэй харагдах шаардлагатай учраас  дизайнер хэрэгтэй. Хүн бүр халдахгүй байх нөхцөлийг бүрдүүлэхийн тулд “security”буюу аюулгүй байдал, хамгаалалтыг хариуцсан инженер шаардлагатай гээд хүн бүрийн үүрэг, оролцоо чухал. Гэтэл миний дээр дурдсанчлан ганц оюутан энэ бүх процессыг хийх гэж оролдоод байгаа.

-Сургуулийн материаллаг бааз хангалттай бус байгааг Замын даргын үзлэгийн үеэр танай сургуулийн удирдлагууд дурдаж байсан?

-Манай сургуулийн материаллаг бааз бусад сургуулиудтай л ижил түвшнийх. Ер нь, их дээд сургуулиудын материаллаг бааз нэг түвшинд л байдаг шүү дээ. Тийм ч учраас орчин цагийн стандарт шаардлагад нийцсэн лабораториудыг байгуулах  төлөвлөгөөг манай сургуулийн удирдлагууд гаргаж, түүнийгээ хэрэгжүүлэхийн төлөө явцгааж байна. Энэ төлөвлөгөө маань ажил хэрэг болчихвол нэлээд боломжийн шатанд гарч ирнэ гэж харж байгаа. Өнөөдрийн тухайд материаллаг баазын хувьд учир дутагдалтай л байна. Монгол Улсын хэмжээнд ч учир дутагдалтай зүйл бий. Жишээ нь, ямар нэгэн зүйл хийх гэхээр сэлбэг материал нь олддоггүй. Олон улсын зах зээлээс маш хурдан хугацаанд худалдаж аваад болох болохгүйг нь үзмээр байдаг. Гэвч хөрөнгө оруулалт нь бүтдэггүй. Түүнийхээ араас хөөцөлдсөөр явтал хамаг чухал боломжоо алдчих жишээтэй. Сургуулийн захиргааны зүгээс чадлынхаа хэрээр л оюутнуудаа болоод багш судлаачдаа дэмжиж байгаа.

-УБТЗ-д ажиллаж байгаа программистууд салбарынхаа хэмжээнд гар ажиллагааг хөнгөвчлөх, цаг хугацаа, өртөг зардал хэмнэх чиглэлд чамгүй хувь нэмрээ оруулж байгаа харагддаг. Энэ талаарх таны байр суурийг сонсож болох уу?

-УБТЗ-ын прогаммистууд маш сайн. Цаашид улам илүү хөгжинө. Би хувьдаа ингэж л хардаг. Төмөр замын тээврийн үйл ажиллагаатай холбоотой олон  программыг өөрсдийнхээ хүчээр нэвтрүүлж байна. Алдаа дутагдал гарсан тохиолдолд маш богино хугацаанд засварлаж байгаа нь ч харагддаг. Программ хангамжийн эцсийн шалгуур нь хэрэглэгч. Тухайн хүний сэтгэл ханамжид яв цав нийцсэн тохиодолд программ сайн болсон гэсэн үг. Цаашид орчин үеийн тоног төхөөрөмжтэйгээ уялдаад сайжрах нь дамжиггүй. Ирээдүйд УБТЗ программ хангамжийн асуудлаа аль нэг байгууллагад захиалдаг бус өөрсдөө дотооддоо хэнээс ч хараат биш байдлаар энэ салбарын хөгжлөө аваад явах хэмжээнд очно гэдэгт би судлаач хүний хувьд эргэлздэггүй. Ер нь, төмөр замын тээврийн үйл ажиллагаанд өрнөдөг бүх порцессыг автомтжуулж, хүний оролцоог багасгах хэрэгтэй. Энэ нь ажлын байрыг цөөлнө гэсэн үг биш. Тухайн автоматжуулалтын ард хүмүүс ажиллаж л байна гэсэн үг шүү дээ. Салбарынхаа хэмжээнд автоматжуулалт руу шилжсэнээр хүний амь нас, ХАБЭА-тай холбоотой осол зөрчлийн эрсдэлт хүчин зүйл багасна. Энэ бидний зайлшгүй очих л ёстой цэг. Автоматжуулсан системийг тойрч гарах ямар ч боломжгүй. Харин үүнд ямар арга замаар, хэрхэн хүрэх вэ бидний асуудал. УБТЗ-ын хамт олон энэ чиглэл рүүамжилттай явж байна. Хэзээ мөдгүй зорьсон газартаа хүрнэ. Технологийн дэвшлээ олон улстай харьцуулбал үл ялиг хоцорч явж болох юм. Гэхдээ хол тасраагүй.

-Хүн төрөлхтөн технологийн дэвшлийнхээ дээд хязгаарт хүрсэн гэж ярих нь ч бий. Та электроникийн салбарын хүний хувьд ирээдүйг хэрхэн төсөөлдөг вэ?

-Электроникийн хөгжлийн хамгийн төгс хувилбар нь гар утас, компьютерээс гадна ухаалаг машин болж байна гэдгийг би дээр дурдсан. Мөн сүүлийн үеийн ухаалаг тоног төхөөрөмжүүд болохоор IE буюу хиймэл оюун ухаан дээр суурилагдаж байна.  Дээрээс нь өнөөгийн мэдээлэл боловсруулж байгаа арга нь хоёртын тооллын системийн аргачлал рүү өөрчлөгдвөл дараагийн шинэ үе гарч ирэх гээд байгаа юм. Тэр болтол аливаа хэрэглээг хэд дахин жижиг, авсаархан болгоход гол анхаарлаа төвлөрүүлж байна.Тэгэхээр электроникийн салбарт одоогоор гайхшрал төрүүлэхүйц дэвшил төдийлөн гараагүй байна. Харин ойрын хугацаанд хүмүүст гэнэтийн бэлэг барьж магадгүй зүйл нь мэдээллийг 3D хэмжээсээр дамжуулах шийдэл байж болох юм. Энэ долоо хоногт БНХАУ-д электроникийн томоохон үзэсгэлэн болно. Ковидын улмаас тус үзэсгэлэнд сүүлийн хоёр жил очоогүй болохоор чухам ямар шинэлэг зүйлийг дэлгэх нь вэ гэдэгт сонирхол татагдаж л байна. “Дэлхийн хөгжил ямар байна вэ. Мэдээллийг боловсруулах аргачлал ямар түвшинд хүрч вэ” гэдгийг харах нь чухал. Эцсийн хэрэглэгчид очиж байгаа гол зүйл бол мэдээллийг дүрслэх явдал шүү дээ. Дэлхийн бүхий л корпораци мэдээллийг 3D-ээр дүрслэх зорилт руу чиглэж байна. Тэгэхээр судлаач хүний хувьд сонирхол нэгтнүүдийнхээ хамтаар тус үзэсгэлэнг зориод ирнэ.

-Цаг зав гарган ярилцсанд баярлалаа. Эрдмийн их үйлст тань амжилт хүсье.

 

 

ЯРИЛЦСАН   Б.ДЭЛГЭРХИШИГ