Жингийн цуваа шиг олон вагоны “зүрхийг чагнаж, судсыг нь барьдаг” хүн
Сайншандын ТҮГ-ын Х.Баянмөнх гэдэг энэ хүнтэй анх зургаан жилийн өмнө танилцахдаа “Энэ хүн лав байгууллагынхаа дарга байх” гэж бодсон удаатай. . Уулзаад ярихад их энгийн, нөхөрсөг, хүнд тустай, олон арван жилийн өмнөөс нэгнээ мэдэх юм шиг тийм дотно сэтгэгдэл төрүүлдэг хүн л дээ.
Тэрбээр, 1967 онд аав Х.Хуяг-Очир, ээж С.Баяраа нарынхаа хоёр дахь хүү болон Дорноговь аймгийн Хатанбулаг сумын нутаг Сулинхээрийн отрядын Ханги заставт буюу эх орны торгон хил дээр мэндэлжээ. Аав нь Говь-Алтай аймгийн Шарга, ээж нь Төв аймгийн Дэлгэрхаан сумын уугуул аж. 1965-1966 онд хилийн уг застав буюу өнөөгийн шалган нэвтрүүлэх боомтыг байгуулагдахад аав нь томилогдон очсон байна. Ийнхүү хил дээр, эмээ ээжээрээ эх бариулан мэндэлсэн хүү ухаан орох цагаасаа л эр цэрэг болсон гэх. Аав нь санхүүгийн мэргэжилтэй ч цэрэгт татагдаж, тэр чигтээ цэргийн хүн болж. Тиймээс хаашаа л томилогдоно, гэр бүл нь үргэлж дагаж нүүнэ. Аав, ээж нь Х.Баянмөнх хүүгээ өхөөрдөөд цэрэг хувцас хийгээд өмсгөчихсөн, жагсаалын хамгийн сүүлд зогсоно. Цэргүүдийг өглөөд даган гүйж, суниаж, өдөржин хамт байсаар оройн тоо хийчихээд орж ирнэ. Төдөлгүй аав нь Дорноговь аймгийн Эрдэнэ сумын нутаг Улаан-Уулын хилийн отрядын Харагчингийн заставын даргаар шилжсэн байна. Хүүхэд насныхаа тухай тэр “Би ч цэргүүдэд л эрхэлж өссөн дөө. Наймдугаар сарын 30-ны үүрээр л ээж маань намайг төрүүлсэн юм билээ. Гэвч есдүгээр сарын 10-нд Ханги заставын дарга Дорж хошууч сумын төв явахдаа миний төрсний гэрчилгээг очсон өдрөөрөө авчихсан гэсэн. Тэр бүү хэл нэрийг маань ч сольсон. Эмээ уг нь Ганбат гэж нэр хэлээд явуултал Дорж гуай сумын төв орохдоо мартчихаж. Бодож байгаад тэр жилд нь Х.Баянмөнх аварга сайн барилдсан болохоор нэрийг нь өгчихсөн юм билээ /инээв/. Би чинь таван дүүтэй шүү дээ. Том дүү нар төрчихсөн, хилийн застав дагаж явсаар би сургуульд орох үед дахин Говь-Алтай аймгийн хилийн зургадугаар отряд руу аав томилогдоод явж байтал замдаа манай гэр бүл аваарт орж, аав маань хүнд бэртсэн. Тэгээд л Улаанбаатарт ирж эмчлүүлсэн юм. Би хуучнаар Найрамдлын район буюу өнөөгийн Баянзүрх дүүргийн 14 дүгээр дунд сургуульд элссэн дээ” хэмээн дурсав. Тэрбээр, эх орныхоо хил дээр мэндэлснээрээ бахархаж, аавыгаа санахаараа
...Ариун орныхоо хил дээр та
Арван жил үүр цайлгалаа
Тэр үүрээр чинь хүү төрсөн юм аа
Тэргүүн буурал болохын чинь цагт
Таны халааг авъя гээд
Тэр үүрээр чинь би төрсөн юм аа... хэмээх Б.Доржпаламын шүлэг, МУ-ын урлагийн гавьяат зүтгэлтэн Т.Эрдэнэ-Очирын аялгуу “Тэр үүрээр би төрсөн юм” дууг аялна. Багаасаа цэргүүд дунд өсөж, аав шигээ цэргийн хүн болохыг мөрөөдөж явжээ. Аавынх нь бие ч тэнхэрч, 1978 онд эргээд Улаан-Уулын цэргийн ангид Намын даргаар томилогдон очсноор түүний сонирхол өөрчлөгдсөн гэдэг. Учир нь, сумын сургуулийн дөрөвдүгээр ангид ороод нөхөрлөсөн найзууд нь бүгд төмөр замчдын хүүхдүүд. Энэ тухай “Найзуудаа дагаад өртөөн дээр очно. Төмөр замчид ажлаа бөөнөөрөө хийх нь гоё санагдсан. Замчид гэхэд л нэг машин дээр суугаад дуулалдаад л явцгаачихна. Бригадын дарга нь Баасанжав гэж хүн байсан. Хүү Б.Төмөрчөдөр нь миний найз. Баасанжав гуай төмөр замын тухай сонирхолтой юм ярьж, хөдөө ажлаар явахдаа сонин содон зүйл авчирч үзүүлнэ. Тэр үед боломжийн амьдралтай айлын хүүхдүүд Украйн дугуй авч унадаг. Наймдугаар ангид ордог зун төмөр замчдын хүүхдүүд бүгд л дугуйтай болоод эхэллээ. Дугуй 480 төгрөг. Тэгтэл Б.Төмөрчөдөр “Хоёулаа төмөр замд мод услах ажил хийж мөнгө олъё” гэхээр нь дагаж очлоо. Нэг хүний цалингаар 2-3 хүүхэд ажиллуулдаг байсан юм. Ингээд дугуйгаа авч унаад, ажил хийхийн амтанд орж, төмөр замд татагдаж эхэлсэн дээ. Аав хилийн цэргийн сургуульд явуулна гэж байсан юм. 1983 онд наймдугаар ангиа төгсөхдөө “Би төмөр замчин болно” гэж аавдаа хэлсэн. Гэхдээ тухайн үед Вагоны аж ахуйн анги гэж мэдэхгүй. Машинч эсвэл галт тэргэн дотор явдаг мэргэжилтэй хүн болно л гэж бодсон. Тэгээд хуваарь иртэл Вагоны аж ахуйн анги гэж байхаар нь шууд л авсан. Сурлагаараа муугүй байсан л даа. Хөөрхий, аав маань “Миний хүү вагоны л том том түлхүүр, багаж хариуцсан нярав болох байх. Өөрөө л хүсэж байгаа бол одоо яахав” гэж билээ /инээв/. Ингээд л төмөр замчин болох эхлэл тавигдсан даа” гэв.
Х.Баянмөнх дунд сургуулийн нэг ширээний охин Ц.Мөнхцэцэгийг насны ханиараа сонгожээ. Төмөр замын сургуульд явах үедээ сэтгэлээ илчилж чадаагүй байж. Харж явдаг тэр охин нь аймаг руу ес, аравдугаар ангид сурахаар явсан тул ихэд санана. Тиймээс зориглон захидал илгээжээ. Хоёр жилийн дараа найз охин нь Улаанбаатар хотод Анагаахын дундын эм зүйн мэргэжил эзэмшихээр ирэхэд Х.Баянмөнх гуравдугаар дамжааны хэрсүү оюутан нийслэл хоттой танилцуулж аз жаргалд умбаж явсан гэх. 1987 онд Ц.Мөнхцэцэг сургуулиа төгсөөд Замын-Үүдэд нутагтаа ажиллахаар явсан тул Х.Баянмөнх ч мөн өөрийн хүсэлтээрээ тэнд хуваарилагдсан гэнэ. Гэвч төдөлгүй цэрэгт татагдан Улаан-Уулын хилийн цэргийн отрядад эхний хоёр жилийн алба хаажээ. Энэ тухайгаа “Сургууль төгсөөд очсон залуучуудаа Замын-Үүдийн төмөр замчид аймгийнхаа үзэсгэлэнт газруудаар аялуулдаг байсан юм. Тэр жил “Хилчин, төмөр замчин залуусын тойрон аялал”-д цэргийн ангийн эвлэлийн ажилтан залуусаас олон хүн оролцсон юм. Тэгээд намайг очиход бэлтгэлийн 45 хоног дуусангуут л салбарын эвлэлийн үүрийн даргаар шууд томилсон. Би нийгмийн идэвхтэй, хэнхэг нөхөр байж л дээ /инээв/. Сүхбаатарын тасалгаанд ханын сонин гаргаж, цэргүүдэд бичиг үсэг, Казахуудад нь Монгол хэл зааж, Замын-Үүд явж захиалгын хэвлэлээ авчирна. Дарга нар заримдаа “Бүжиг зохион байгуулна, Замын-Үүдийн гааль, цэцэрлэг гэх мэт газраас бүсгүйчүүд цуглуулж ир” гэж үүрэг өгнө. 26-хан км газар юм чинь бүсгүйчүүд цуглуулж, боломж гарвал найз охиноо авчихна. Хоёр жил иймэрхүү л байдалтай албаа хаасан даа. Цэргээс 1989 оны аравдугаар сарын сүүлчээр халагдахад хэдхэн хоноод хүү маань төрсөн” хэмээн инээв. Мөн “Би Замын-Үүдэд их элэгтэй байдаг. Учир нь, тэнд анхны цалингаа авч, анх байртай болж эхнэртэйгээ тусдаа гарсан, хил гарах эрх авсан, анх удаа ээлжийн ахлах болсон, анхны гэмтлээ илрүүлсэн гээд дурсвал миний амьралын олон сайхан дурсамж Замын-Үүдийн ТҮГ-т бий. Дадлага хийж байхад Т.Мягмарсүрэн гэж дарга байсан. Маш нийтэч, мэргэжлийн залуусыг их дэмждэг хүн байлаа. Ер нь, ажилчид ямар байх нь удирдаж буй хүнээс их шалтгаалдаг юм даа. Манай хамт олон чадварлаг, нийтэч хүмүүс байж билээ. 1992 онд Улаан-Уулд ТҮХ-тэй болоход найруулагч-үзэгчээр томилогдсон. Вагоноо найруулна, бас үзнэ гэсэн үг. Тэндээ 1997 он хүртэл ажиллахдаа эхнэрээ Эрдэнэ сумын ЗДТГ-т Эрүүл ахуй, дотоод хяналт хариуцсан мэргэжилтэн болгож, хувьдаа дэлгүүр хүртэл нээчихсэн. 1996 онд Замын орлогч дарга Ё.Батсайхан Айраг өртөөний вагон хариуцсан орлогчоор томилохоор нь явсангүй. Тэндээ амьдрал овоо тогтох гэж байгаа юм чинь. Гэтэл оны сүүлчээр Ачаа тээврийн албаны дарга Л.Болд “Сайншанд ТҮГ-ын дарга буюу өртөөний Вагон хариуцсан орлогчоор явуулна” гэв. Дахин яаж үгүй гэх вэ, дэлгүүрээ хаагаад ирсэн дээ /инээв/. Өртөөний дарга нь Зүүнхараагийн гэгддэг Ц.Мягмарсүрэн. Ингээд 1998 оноос эхнэрийг маань Мөнгө тоологч-тээшийн касс гэсэн орон тоонд ажилд авсан. Тэр цагаас хойш өнөөг хүртэл хань минь төмөр замд ажиллаж байна. Одоо бодоход төмөр зам маань биднийг их л эрхлүүлсэн байгаа юм шүү” хэмээн ажил, амьдралынхаа дурсамжийг хуучлав. Тэрбээр, 2012 он хүртэл уг албан тушаалаа хашиж, түүнээс хойш нярав-шурган үзэгчээр ажиллаж байна.
Х.Баянмөнх өөрийг нь ажлын дөртэй болгосон эрхэм хүмүүсээ ч их дурсдаг хүн. “Замын-Үүдэд очиход “Сахал” хэмээх Владимир, Дэлгэр, Пүрвээ гэж хүмүүсээс нэлээд юм сурсан. Ер нь, вагоны эд ангийг ой тойнд ортол заасан, дугуй нь эргэж л байвал мөнгө орж ирдэг гэдгийг мартагдахааргүй хэлсэн хүн бол “Жингийн цуваа шиг олон вагоны зүрхийг чагнаж, судсыг нь барьдаг бид вагончид оо” гэж хэлсэн Э.Адъяа багш шүү дээ. Мөн ахлах болоход Ц.Батаа гэж мундаг хүнээс ажлыг нь авч, Вагоны аж ахуйн албаны урд хэсгийн байцаагч Г.Лхамсүрэн, Б.Өлзийбаатар, ахлах байцаагч А.Пүрэвбаатар нар удирдах ажлын арга барилд намайг сургасан. Насаараа нөхөрлөж яваа найз нараас маань гэвэл Хандгайт ТҮГ-ын дарга Ж.Дамдин байна. Аав Жанчивдорж нь Ханги заставын холбоочин байсан юм. Бид цэргүүдтэй л өнждөг байлаа. Манайх Харагчин явахад тэднийх Замын-Үүд шилжсэнээс хойж Төмөр замын техникумд байхдаа уртын дадлагаар Замын-Үүдэд очиж уулзсан. Тэр цагаас хойш өнөөг хүртэл ойр дотно явна даа” гэв. Х.Баянмөнхийн ангийнхнаас өдгөө галт тэрэгний дарга Б.Сарантуяа, Эрдэнэт ТҮГ-ын ахлах үзэгч Б.Баярсайхан... гээд нэрлэвэл ажил мэргэжилдээ эзэн болж, хамт олондоо үнэлэгдсэн олон хүн байдаг аж. Хүү Б.Оюунбат нь ТЗДС-ийг төгсөж, вагоны инженер мэргэжил эзэмшин, Эрхүүгийн Зам харилцааны их сургуульд Хөдөлгөөний аюулгүй ажиллагаа мэргэжлээр сурч ирээд Сайншанд ТҮГ-т таван жил ажилласан байна. Одоо гэр бүлээрээ гадаадад амьдарч байгаа гэлээ.Х.Баянмөнх “Ах нь хоёр ачтай. Том нь миний амь шүү дээ. Маш их санах юм” хэмээснээр бидний яриа өндөрлөлөө.
М.НАРАНБОЛД