УБТЗ-ын Баянбуурал амралтын газрын ерөнхий нягтлан бодогч Б.Гантуяатай уулзаж ярилцлаа.

 

-Та өөрийгөө танилцуулна уу. Ажил хөдөлмөрийн гараагаа хаанаас эхэлсэн бэ?

 

 -Намайг Баасанхүүгийн Гантуяа гэдэг. Аав, ээж маань Булган аймгийн Бугат сумын харьяат. Би Улаанбаатарын унаган хүүхэд. Төмөр замын тосгондоо ясли, цэцэрлэгт хүмүүжиж, 38, 20, 51 дүгээр сургуулийг дамжин суралцсаар аравдугаар ангиа төгссөн. Их сургуульд эдийн засгийн ангид конкурс өгөөд оноо хүрээгүй таслуулж,  Санхүү, эдийн засгийн техникумын хуваарь оногдсон. МУИС-ийн дараа таслагддаг өндөр үнэлэмжтэй сургууль байлаа. 1987 онд Санхүү, эдийн засгийн техникумыг төгсөхөөс гурван сарын өмнө УБТЗ-ын хүний нөөцөөс ирж судалгаа хийж, ажилд урих арван оюутны нэгээр сонгогдож байсан. Төгсөөд Дорноговь аймгийн Сайншандад хуваарилагдаж, Замын IV  ангиас хөдөлмөрийн гараагаа эхэлж байлаа. Замын IV ангийн даргаар Гавьяат тээвэрчин Г.Вандандагва, ерөнхий нягтлан бодогч нь Дүүриймаа гэж хүн байсан. Анх тооцооны нягтлангаар ажилласан.

Манай гэр бүлийн хүнийг Ганбатын Сэндийсүрэн гэдэг. Санхүүгийн сургууль төгссөн. Надаас хойно Чойрт хуваарилагдсанаар би Чойр зангилаа руу шилжиж ажилласан.  Миний аав  Ленинградын Төмөр замын дээд сургуулийг холбооны чиглэлээр  төгсөж, Чойр, Сайншанд шугамын дагуу ажиллаж, Дохиолол холбооны II ангид механикаас ахлах инженерээр 1962-1982 он хүртэл 20 жил ажиллаж байгаад идэр сайхан насандаа бурхан болсон. Ээжийг маань Балданжамц овогтой Самбуу гэдэг. Төмөр замын сургуулийг холбооны мэргэжлээр төгссөн.  Намын төв хороонд тогооч, Замын цагдаагийн газар тоо бүртгэгчээр олон жил ажилласан. Замын цагдаад гурван эмэгтэй ажилтан байсны нэг нь, тэр үеийн бүхий л машины дугаарыг олгодог байсан болохоор хүмүүс ээжийг минь андахгүй ээ.   

Хүүхэд наснаасаа эхлээд  төмөр замтай холбогдсон нь бахархмаар нөгөө талаас нэг байгууллагад хэтэрхий олон жил ажил, ажил гээд явчихсан ч юм уу гэж бодогдох үе байсан. Удам дамжин төмөр замтай ажил, амьдралаа холбосон нь бахархалтай санагддаг. Би эцэг, эхээс тавуулаа. Том ах Б.Гантөмөр их сургуулийн эдийн засгийн ангид суралцаж байсан ч ангиар нь барилгын сургуульд шилжүүлснээр барилгын инженер болж төгссөн. Эгч Б.Ганцэцэг, Б.Ганчимэг  нар төмөр замын сургууль төгссөн, том эгч маань худалдааны байгууллагаас гавьяаны амралтаа эдэлсэн. Б.Ганчимэг эгч вагон рестаронд худалдагч, няраваар ажиллаж байсан.

 

-Баянбуурал амралтын газар хэд дэх жилдээ ажиллаж байгаа вэ?

 

-Би Баянбууралд 2014 онд ирж байлаа. Ер нь хөдөө орон нутагт ажиллаж байгаад 1991 онд хотод шилжиж ирсэн. Тэр үед ардчилал эхэлж,  XX тогтоол гарч нийгэм ороо бусгаа болчихсон. Бага хүүгээ ч төрүүлээд удаагүй байсан үе. Хотод ажлын орон тоо байхгүй, ирсэн газар руугаа буцдаа гэсэн. Гэр бүл, үр хүүхдээ орхиод хөдөө буцах боломжгүй, УБТЗ-даа л  юу ч хамаагүй хийе гэсэн бодолтой байсан тул  худалдагчаар ажилд орж, дараа  нь нярав боллоо. Тооцооны нягтлангаас ахлах нягтлан хүртэл хийсээр нийтдээ 23 жил төмөр замын худалдааны байгууллагад ажилласан. Гэтэл 2014 онд бүтцийн өөрчлөлтөөр худалдааны байгууллага татан буугдаж, олон хүн ажилгүй болсон. Харин санхүүгийн албанаас есөн нягтлан бодогчоо тал тал тийш нь тарааж хуваарилсан. Намайг хөдөө орон нутаг руу томилоход хоёр жил болоод хот уруу буцна гэсэн бодолтойгоор Баянбууралд ирсэн ч арван жил болчихсон байна. Одоо эндээсээ тэтгэвэртээ сууна даа. Би өмнө нь төмөр замд удаан ажилласан хэрнээ Баянбуурал амралтад нэг ч удаа амарч байгаагүй энд ажилд орсон.  Ингээд 1987 оноос хойш 37 дахь жилдээ УБТЗ-д ажиллаж байна.

 

-Өөдлөх айл үүднээсээ гэдэг. Замын хөрөнгө оруулалтаар Баянбуурал амралтын газарт бүтээн байгуулалтын ажлууд их хийжээ. Энэ бүхэнд байгууллагын даргын овсгоо самбаа, хөөцөлдлөгөө, нягтлан бодогчийн төсөв, тооцоолол багагүй үүрэг гүйцэтгэсэн болов уу?

 

-Манай Д.Ганбат дарга маш хариуцлагатай хүн. Хийе гэснээ хийдэг. Д.Ганбат дарга 2016 оны 12 дугаар сард томилогдож ирсэн. Тэр үед би эдийн засагчаар ажиллаж байсан. Намайг анх ажилд ороход амралтын бүтэн жилийн хөрөнгө оруулалт ердөө л 20-40 сая төгрөг, зарим жил хөрөнгө оруулалт байхгүй. Амралт болсон хойно хүний хөлд нэрвэгдээд эд хогшил эвдэрч хэмхэрнэ, өнгө үзэмжээ алдаж гундсан байдалтай. Тэр болгоныг сайжруулах төсөвгүй байлаа. 2016 онд дээврээс дусаал гоожиж,  90 гаруй сая төгрөгөөр засварлах төсөв гарсан. Хүн бүр л уулга алдаж байсан ч тухайн үед Төлөвлөгөө эдийн засгийн албанд танилцуулснаар анх удаа өндөр өртөгтэй төсөв батлуулж дээврээ засуулж байлаа. Д.Ганбат дарга спорт заал барина, гадаа хүүхдийн тоглоомын талбайтай болно. “Тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалтыг хийлгэнэ” хэмээн ярихад ийм өндөр дүнтэй хөрөнгө оруулалт хийгдэх боломжгүй,  биелдэг бол сайхан л байна гэж тэр үед бодож байсан. Гэтэл спорт заалаа барьж, хүүхдийн тоглоомын талбайгаа хийлээ. Хоккей, хөлбөмбөгийн талбайтай боллоо. 15 канад, япон загварын амралтын байшин шинээр барьж ашиглалтад оруулж, хуучирсан хэдэн гэрээ бүрэн шинэчилсэн. Дөрвөн улирлын нарийн ногооны хүлэмжтэй боллоо. Амралтын өвлийн байрны хана, хаалга, шат, шал гээд бүх зүйлийг засаж шинэчилсэн.

 

-Амралтын төв байрны нэгдүгээр давхарт өөртөө үйлчлэх найман нэрийн дэлгүүр ажиллуулж байна. Кофе шоп, буфетээр үйлчилж байна. Эндээс ашиг орлого хэр олдог вэ?

 

-Намайг анх ирэхэд дэлгүүр маань сардаа сая төгрөгийн борлуулалт хийдэг, хэдхэн нэр төрлийн бараатай байсан. Тиймээс зай талбайг нь өргөжүүлж, барааны нэр төрлөө нэмж, найман нэрийн дэлгүүр болгосноор сардаа 30 сая төгрөгийн борлуулалт хийдэг болсон. 2017 онд Замын орлогч дарга Л.Халтар даргад жилд 100 сая төгрөгийн  борлуулалт хийнэ гэсэн  орлогын төлөвлөгөө үзүүлэхэд “Танай дэлгүүр чадах уу. Төлөвлөгөөгөө оновчтой хийгээгүй байна” гэж загнуулж байж билээ.  Өнөөдөр манай дэлгүүр сард 30 сая, жилд 300 сая төгрөгийн орлого олж байна. Худалдааны салбарт 23 жил ажилласны хувьд  дэлгүүрээ өргөжүүлж, ашиг орлоготой болгож чадсанаараа бахархдаг. Манай нийтийн хоолны заал одоо хэн ч харсан рестораны зэрэглэлд хүрсэн. Урьд нь 20, 30 сая төгрөгийн хөрөнгө оруулалттай, амрагчдын орлогоор явахаар ашигтай ажиллаж байгаа юм шиг харагддаг.  Харин одоо өндөр өртөгтэй хөрөнгө оруулалт хийж, энэ зардлаа өөрсдөө даагаад нөхөөд явахаар үндсэн үйл ажиллагаа сайжраад байгаа мөртлөө баланс дээр үр дүн нь хасах гардаг. Гэхдээ 2014 онд 1.3 тэрбум төгрөгийн орлоготой байсан бол, өнгөрсөн жил 3.3 тэрбум төгрөгийн төлөвлөгөөтэй байснаас 2.9 тэрбум төгрөгийн орлогыг хийсэн.

 

-Өнгөрсөн жил хэчнээн төгрөгийн их засвар хийгдэв?

 

-Өвлийн байрны гадна фасадыг оны өмнөхөн дуусгалаа. Нүүрээ угаагаад, нөгөө хувцасаа өмсчихсөн мэт болсон. Метал фасад нь бороо, цасанд угаагдаад өнгөө алдахгүй, халцарч ховхрохгүй. Хоёр жил хөөцөлдсөний эцэст 570 сая төгрөгийн өртөгтэй метал фасадыг хийлгэсэн. Ойролцоогоор 15 жил гар хүрэхээргүй боллоо. Ажилчдын дөрвөн айлын орон сууцны сантехник, цахилгааныг 82 сая төгрөгөөр засварласан. Нийтдээ 700 сая төгрөгийн их засврыг хийж дуусгасан. 2025 онд энэ дөрвөн айлын орон сууцны дотоод засал буюу будаг, шохой, паркетан шал, тайз, обой наах зэрэг засварын ажлыг 160 сая төгрөгийн өртөгтэйгөөр хийнэ. 2023 онд хүчтэй салхи шуурга болж байгалийн гамшигт үзэгдлээр нурсан яндангаа 50 гаруй сая төгрөгийн хөрөнгөөр босголоо. Тэр үед арван гэр нурж, зуны байшингийн дээврүүд, зочид буудлын гадна фасадыг хуу татсан хүчтэй салхи, шуурга болсон. Баянбуурал амралтын сэргээн босголтыг 14 хоногт хий гэсэн шуурхай зарлаж байсан. Замын удирдлагууд Баярбуурал амралт ачаалалтай ажилладаг гэдгийг ойлгож бүтээн байгуулалтад зориулсан хөрөнгө оруулалтыг өгч дэмжиж байгаад бид урамтай байдаг. Ажиллах гэсэн сэтгэл байвч, дээрээс дэмжлэг байхгүй бол хэцүү шүү дээ. Ажилчдын 16 айлын орон сууцыг бариулахаар  жил бүр төлөвлөгөөнд тусгуулж явсаар гурван жилийн хугацаа өнгөрчихлөө. Энэ мэт шийдвэрлэх асуудлууд бий.

 

-Баянбуурал амралтад хүн бүр ирэхийг хүсдэг, захиалга ихтэй болжээ. Хэчнээн ажилчидтай вэ. Шинэ жил, цагаан сар гэх мэт оргил ачаалалтай үед ямар зохион байгуулалттай ажилладаг вэ?

 

-Амралтын өвлийн байр 150 хүн хүлээн авах хүчин чадалтай.  Хүүхдийн өвлийн амралт эхэлсэн тул өдөр бүр амрагчид ихтэй байна. Зуны ид оргил ачааллын үе 6-8 дугаар сар. Хүмүүс гэр бүлээрээ ирж амарцгаадаг. Манай байгууллага 69 ажилтантай байхаас 24 хүний орон тоо дутуу. Хүн бүр 1-2 хүний орон тоог нөхөж ажиллаж байна. Тухайлбал, шинэ жилийн хүлээн авалт боллоо гэхэд захиргаа, үйлчилгээ ялгаагүй бүгд ажиллана.  Зун цагт хоол гурван ээлжээр өглөө 08:00, 09:00,10:00 цагаас орно. Өдрийн хоол 11:00, 12:00,13:00 цагаас гэхчлэн зоогт ажиллаж байгаа хүмүүс завсарлагагүй ажилладаг. Долоон тогоочийн орон тоо байхаас дөрвөн хүн л ажиллаж байна. Нэг жолооч зургаан техник хариуцаж байна. Шинэ жил, цагаан сар, улсын баяр наадам болоход манайхан бүгд амрах эрхгүй ажилладаг тул баяр ёслолоор ажилласан илүү цаг хөлсийг нь ажилчдадаа өгдөг. Сүүлийн үеийн залуучууд үг даахгүй ажлаа орхиод явчихна. Энд тэтгэвэртээ гарсан улсууд, учраа олсон ахимаг насныхан ажиллаж байна. Ажиллах чин сэтгэлтэй нь үлдэж ажиллаж байгаа болохоор ажилчдаа урмаар тэтгэж, нийгмийн асуудлыг нь аль болохоор шийдэхийг хичээдэг.  Манай ажилчдын 80 хувь нь орон нутгаас бүрдсэн. Мэргэжилгүй, дөнгөж дунд сургууль төгссөн хүүхдүүд орон нутгаас ажиллая гээд ирдэг. Тэдэнд мэргэжлийн үнэмлэх, диплом гэж алга. Практикаар сургаж мэргэшүүлж авдаг. Анхнаасаа заалгаад ажилласан хүүхдүүд тогтвор суурьшилтай, идэвхтэй сайн ажиллаж байна. Дээд, тусгай мэргэжил эзэмшсэн  хүмүүс ирдэг ч шаардлага өндөр, шаардлагыг нь хангахгүй бол яваад л өгнө. Одоогоор манайд эмч, бичиг хэрэг, нярав, тогооч, менежерийн орон тоо байна.

 

-Орон нутгаас ажиллая гээд зориод ирсэн хүмүүсийг сургаж авдаг нь сайшаалтай хэрэг. Орон тоо дутуу, ажлын ачаалал их байдгаас нэг ажилтны хүлээх үүрэг, хариуцлага өндөр, хөрвөх чадвартай байдаг байх?

 

-Аль ч улиралд ачаалалтай ажилладаг. Манай хамт олон нөхцөл байдалдаа тохируулж ажиллаад сурчихсан. Амралтын газарт уурын зуух, авто гараж, хоол үйлдвэрлэл, худалдаа, үйлчилгээ гээд бүх чиглэл байдгаараа онцлогтой. Энд ажиллаж байгаа хүмүүс хаана ч очоод ажиллахад гологдохгүй шүү. Манай санхүүгийнхэн өртөг, ашиглалтын зардал, худалдан авалт гэх мэт бүх төрлийн тооцоог хийгээд сурчихсан. Ногооны зоорийн туслах ажилтнаа няраваар, Мандалын дэлгүүрт худалдагч байсан нэгнийг нягтлангаар мэргэшүүллээ. Тухайлбал, амралтын эвдэрсэн хэмхэрсэн эд хогшил мужааны гараар дамжина. Адаглаад энэ ор, ширээ, сандлыг хэдэн оны хэдэн сард худалдаж авсныг олон жил мужаанаар ажилласан Сосорбурам андахгүй тул түүнийг дэвшүүлж аж ахуйн нярав болгосон. Одоо нярав, аж ахуйн даргын үүргийг сайн гүйцэтгэж байна. Хүн өсөж дэвжих хэрэгтэй. Урд оногдсоноо л хийгээд байхгүйгээр өөр ажил, мэргэжилд дэвшин суралцаж, “Би үүнийг хийж сурья” гэсэн эрмэлзэлтэй байх нь чухал юм. Би нягтлан бодогч нартаа ч хэлдэг. Та нар ажлынхаа хажуугаар балансынхаа хавсралтыг нөхөж сур, “Та нар сурна, чадна” гэж үргэлж зөвлөдөг. Хий, сур, чад гэж зааж чиглүүлснээр талх барьдаг хүнээ худалдагч, мужаанаа нярав, галч залуугаа угтах хүлээн авагч болголоо. Өнөөдөр тэд хариуцсан ажлаа маш сайн гүйцэтгэж байна. Оноосон ажлыг цаг тухайд нь хийхгүй бол аашилна, тэр дороо нөгөө хэдээ аргадах зэргээр ажилчдадаа амьдралын ухааныг ч, ажил хөдөлмөр хийхийг ч зааж зөвөлсөөр л явна. Ажлаасаа л сайхан мэдрэмж авах юм даа. Хөдөлмөрийн баатар, Гавьяат тээвэрчин Р.Раш дарга төмөр замд өртөө, зам явж л байгаа цагт ард нь цэцэрлэг, сургууль, эмнэлэг, худалдаа үйлчилгээ нь байх ёстой. Төмөр замчдын ар тал тайван байж тэр хүн ажлаа сайн хийнэ гэж нийгэм,  хөдөлгөөний салбараа зэрэг хөгжүүлээд явсан нь одоо ч УБТЗ хүчирхэг хэвээр оршин тогтнохын үндэс гэж би боддог.

 

-Ярилцлага өгсөн Танд баярлалаа.

 

 

П.Түмэндэмбэрэл