Эрч хүчээр бялхаж, ертөнцийг танин мэдэж, өдөр тутамдаа шинэлэг зүйлсэд суралцан өсөн дэвжиж яваа энэ залууг Г.Саруул-Од гэдэг. Дорноговь аймгийн Сайншандад 1992 онд төрсөн. Сайншандын III арван жилийн дунд сургуулийг төгсжээ. Аав С.Баярсайхан нь Сайншандын Татах хэсгийн III ангид машинч, ээж Г.Ганцэцэг нь орон сууцанд диспетчер хийдэг. Ам бүл тавуулаа. Хоёр дүү нь БНСУ- д суралцдаг. Хүүхэд байхдаа зүтгүүрийн кабинд олон “зочилж”, жолоодож үзэх юмсан гэсэн хүслээ Г.Саруул-Од өнөөдөр биелүүлжээ. Төмөр замчин больё гэсэн тэмүүлэлтэй явсан түүнд аз тохиожээ. МСҮТ-ийн авто засвар ашиглалтын ангийг IV зэрэгтэй, A,B,C үнэмлэхтэй төгсөж байх тэр үед гурван сарын түргэвчилсэн сургалтаар төмөр замын машинчаар суралцах боломж гарснаар 18 настайдаа Сайншандын Татах хэсгийн III ангид туслах машинчаар ажилд орсноос хойш 14 жил өнгөрчээ.
Ажиллаж байх хугацаандаа зургаан жил туслах машинч, машинчаар жил ажиллаад мэргэжлээ дээшлүүлэхийг зорьж эчнээгээр ТЗДС-ийн техникчийн ангид 2.5 жил суралцаад төгссөн аж. 2020 онд ТЗДС-ийн зүтгүүрийн инженерийн ангид эчнээгээр суралцаж, 2024 оны хоёрдугаар сараас зааварлагч машинчаар ажиллаж байна. Түүний суралцах хүсэл үүгээр хязгаарлагдахгүй ОХУ-д магистрантурт суралцах зорилго тавьжээ. УБТЗ-д 18 настайгаасаа туслах машинчаар ажиллаад 20 настайдаа машинч болсон залуус олон бий. Түүний эхнэрийг О.Дэлгэрмаа гэдэг. Сайншандын V дунд сургуульд монгол, уран зохиолын багшаар ажилладаг. Эхнэр нь түүнийг сурч боловсрох тал дээр идэвхтэй дэмждэг. Тэд зургаан настай хүүтэй. Залуу гэр бүл говь нутгаараа их бахархдаг аж. Г.Саруул-Од “Говийн төмөр замчид бидэнд сургалт, орон сууцанд ч хөнгөлөлттэй хамрагдах зэрэг давуу тал олон бий. Нутгаараа их бахархдаг, их тайван газар, хотод амьдарч байгаа хүмүүсийн стресс их. Нэг ажил хөөцөлдөөд явах гэхээр өдөржингөө түгжирнэ. Энд түгжрэл алга, цэвэр агаарт ажил хурдан бүтэж байна. Чөлөөт цагаа зөв боловсон өнгөрөөх бассайн, кинотеатр зэрэг олон газрууд байна. Амьдрах боломжтой, амгалан газар” хэмээн өгүүлж байсан. Хүндийн өргөлтийн спортоор хичээллэж, унадаг дугуйгаар аялах дуртай тэрбээр 2015 оны бодьбилдингийн Улаанбаатар хотын 65 кг-ийн аварга, 2018 онд мөнгөн медаль хүртэж байжээ.
Г.Саруул-Од шинийг эрэлхийлэгч, бүтээлч, удирдах чавдартай, оюунлаг залуу. Үгээр бус үйлдлээрээ тэрбээр бусдыгаа манлайлж явна. 2024 онд УБТЗ-ын Сайншанд дахь хэсгийн Залуучуудын салбар зөвлөлийн тэргүүнээр сонгогдож, хариуцлага өндөр гэдгийг ч мэдэрч энэ хугацаанд залуучуудын төлөө олон зүйлийг хийсэн байна. Усан бассейн, фитнес клуб, дуу, бүжгийн дугуйлан, жолооны курс зэрэг хувийн компаниудтай гэрээ байгуулснаар төмөр замчин залуучууд чөлөөт цагаа зөв боловсон өнгөрүүлэх боломж бүрджээ. УБТЗ-ын Залуучуудын төв байгууллагын Сайншанд дахь хэсгийн Залуучуудын салбар зөвлөл нь залуучуудын нийгмийн асуудлыг шийдсэн олон ажлыг санаачилж, урлаг спортын, тэмцээн уралдаануудыг зохион байгуулсан ажлаараа “Шилдэг салбар зөвлөл”-өөр шалгарчээ.
Амжилтад хүрэхийг хүсвэл амбицтай байх хэрэгтэй. Хорвоогийн бүх зүйл хөдөлгөөнд оршдог. Таны, миний мэдлэг чадвар, оюун санаа бүгд хөдөлгөөнд орших учиртай. Тэгж байж манлайлна. Тиймдээ ч Г.Саруул-Од манлайлж, бусдынхаа чиглүүлэгч од нь гэж хэлмээр санагдсан. УБТЗ-ын Залуучуудын төв байгууллагын урд хэсгийг хариуцсан дэд тэргүүнээр сонгогдсон дэвшин ажиллаж байна. Мөн Г.Саруул-Од орон нутгийн сонгуульд Сайншандын нэгдүгээр багаас дэвшиж сумын Иргэдийн хурлын төлөөлөгчөөр сонгогджээ.
Одоо түүнийг олон ажил, мөн хариуцлага хүлээж байна. Г.Саруул-Од Замын-Үүд, Сайншанд, Чойр сумын аравдугаар анги төгсөж байгаа хүүхдүүдэд мэргэжлээ сурталчлах өдөрлөгийг зохион байгуулж, төмөр замын мэргэжлүүд ямар гоё болохыг, амьдралын ямар баталгаатайг, төмөр замын удирдлага залуучууд руу чиглэсэн ямар үйл ажиллагаа явуулдгийг, Залуучуудын төв байгууллага ямар үйл ажиллагаа явуулдгийг танилцуулахаар төлөвлөжээ. Мөн сонгогдсон баг тойрогтоо мөрийн хөтөлбөрийн дагуу ажлаа хийнэ. Залуу хүн өөрөө эрч хүч, энерги, санаа сэдлийн ундарга байдаг. Салбартаа гэрэлтэж, дагаж биш үргэлж манлайлж явахыг хүсье.
П.Түмэндэмбэрэл