Монгол Улсын баатар, ЗХУ-ын баатар, хошууч генерал, сансрын нисгэгч, Монгол-Оросын найрамдлын нийгэмлэгийн тэргүүн Ж.Гүррагчаатай ярилцлаа.

 

-Та саяхан Дархан өртөөн дэх сансрын нисэгчийн хөшөөнд УБТЗ-ын удирдлагууд болон төмөр замчдын хамт цэцэг өргөөд ирсэн. Энэ мэтчилэн Монгол-Оросын хувь нийлүүлсэн УБТЗ нийгэмлэгтэй та олон жил хамтран ажиллан ирсэн түүхтэй. Ер нь, хамгийн анх төмөр замчидтай хэрхэн холбогдож байв?

 

-ОХУ-тай хамтын ажиллагаа явуулдаг хамгийн том байгууллага бол УБТЗ. Өмнө нь “Эрдэнэт үйлдвэр”, “Монголросцветмент” гэхчлэн олон байгууллага байлаа. Харин одоо УБТЗ л үлдсэн гэхэд болно. УБТЗ-ын 75 жилийн ойн хүрээнд манай нийгэмлэг хэд хэдэн ажил зохион байгуулна. Ер нь, төмөр замчид ачаа, зорчигч тээврийн үйл ажиллагаа эрхлэхээс гадна найрамдалт хамтын ажиллагаагаа сурталчилсан олон үйл явдал зохиодог байлаа. Төмөр замаар ЗХУ-ын тусгай состав явж, найрамдалт хамтын ажиллагаагаа бэхжүүлэн хөгжүүлэхийн тулд залуучуудын уулзалтыг зохион байгуулдаг байсан. Энэ уламжлалыг бид таслахгүйн тулд энэ жил Замын-Үүдээс Сүхбаатар хүртэлх төмөр замчидтайгаа уулзана. Мөн Батлан хамгаалах яам Халх голын ялалтын 85 жилийн ойг тохиолдуулан Дайчин тугийн аяллыг төмөр замаар явуулна. Энэ үйл ажиллагаа дуу хууртай сайхан болно. Үүнийг УБТЗ-ын ойн өмнө хийхээр удирдлагуудтай нь тохирсон. УБТЗ-д ОХУ-аас ажиллаж буй Замын I орлогч дарга болон Ерөнхий инженер, мэргэжилтүүд, ИТА-нуудтай бид маш сайн харилцаатай. С.И.Соловьев даргын үед мөн бид төмөр замаар аялж байлаа. Найрамдалт хамтын ажиллагаа, тэр дундаа сансрын хамтарсан нислэгийг сурталчлан олон зуун хүнтэй уулзсан туршлага бидэнд бий. Ер нь, төмөр зам сансрын үйл ажиллагаатай асар их холбоотой явж ирсэн. Сансрын хөлөг, зөөгч пуужинг бүрдсэний дараа төмөр замаар тээвэрлэн Байконурт хүргэдэг. ЗХУ-ын сансрын нисгэгчдийн дунд Виктор Петрович Савиныхаас эхлээд төмөр замчин цөөнгүй бий.

 

-Монгол-Оросын найрамдлын нийгэмлэгийн 77 жилийн ой энэ жил тохиож буй байх аа?

 

-Тиймээ, 1947 оны тавдугаар сарын 22-нд анх манай улсын сэхээтнүүдийн санаачилгаар МОКС нэрээр байгуулагдсан түүхтэй. Энэ байгууллага өргөжин тэлж, мөн ЗХУ-д Зөвлөлт-Монголын найрамдлын нийгэмлэг 1958 онд байгуулагдсан. Түүнээс хойш өнөөг хүртэл бид хамтын олон сайхан үйл ажиллагаа зохион байгуулсан. ЗХУ-ын талын найрамдал нийгэмлэгийн дарга нар нь дэлхий дахинд нэр хүндтэй хүмүүс үе дамжин ажилласан байдаг. Тухайлбал, 1958-1973 он хүртэл анхны дарга нь иргэний дайны алдарт баатар, ЗХУ-ын маршал Семен Михайлович Буденный. 1973-2017 он хүртэл ЗХУ-ын сансрын нисгэгч Виктор Васильевич Горбатко  тэргүүлж ажилласан. Одоо нисэх хүчний нэг хурандаа тэргүүлж байна. Манай улсынхыг ч мөн манай шилдэг тэргүүний сэхээтнүүд, нам төрийн удирдагчид тэргүүлж ажилласан шүү дээ. Анх “орос” Дүгэрсүрэн гуайн санаачилгаар байгуулж, тэргүүнээр нь академич Б.Ширэндэв гуай байлаа. МОКС маань 1958 онд Монгол-Зөвлөлтийн найрамдлын нийгэмлэг болж удаах дарга нар нь гэвэл Д.Гомбожав, Намсрай, Б.Лхамсүрэн гуай гээд мундаг хүмүүс удирдсан. Миний хувьд 1981 оноос нийгэмлэгийн удирдах бүрэлдэхүүнд орж, 1990 оноос тэргүүнээр өнөөг хүртэл ажиллаж байна даа.

 

  -Хөдөөгийн хүү сансрын нисгэгч болоход юу нөлөөлсөн гэж та боддог вэ?

 

 -Миний төрөлх нутаг Булган аймгийн Гурванбулаг сум. Аймаг, орон нутагтайгаа үргэлж холбоотой байдаг. Ер нь, Монгол Улсын анхны сансрын нисгэгч гэдэг утгаараа бүх аймагтай холбоотой байх ёстой гэж боддог. Сансарт нисэхэд хүний хүмүүжил, бие бялдар, мэдлэг боловсрол, залуу нас гээд олон талаас нь хардаг. Гэхдээ аав, ээжийн ачлал хайр, мал аж ахуйн сайхан бүтээгдэхүүнээс гадна өсөж төрсөн нутаг, ууж ундаалсан ус, амьсгалж байсан агаар, байгаль орчин гээд энэ бүхэн хүнийг төлөвшихөд, ялангуяа эрүүл саруул байхад асар их нөлөөлсөн гэж боддог. Тийм ч учраас би төрсөн нутаг Хөгнө хан уул, Тарнын голдоо хайртай. Сэтгэл дотроо үргэлж шүтэн биширч явдаг даа.

 

 -Та сансарт ниссэн тухай ярилцлага олон удаа өгсөн. Гэвч ярих бүр чинь залууст сонин байдаг. Тиймээс залуу уншигчдадаа зориулж энэ талаар асуух нь зөв байх. Анх манай улсаас сансарт нисэх хүнийг хэрхэн шалгаруулж байв

 

 -Маш олон залуусаас сонгон шалгаруулсан. Өөрийгөө сонгон шалгаруулалтад оролцож буйгаа мэдээгүй ч хүн олон бий. Учир нь үйлдвэр аж ахуйн газруудаар очоод залуучуудын хувийн хэрэгтэй нь танилцсан байдаг. Тэгээд 1977 оны аравдугаар сараас эхлэн мэргэжил, биеийн байдлаараа шаардлага хангасан залуусыг сонгоод дахин үзлэг хийж 13-ыг үлдээсэн. Эдгээрээс иргэний нисэхийн нисгэгч, дэд хурандаа Д.Сүрэнхорлоо дээр нэмж М.Ганзориг, С.Сайнцог бид гурвыг сонгож авсан. Ингээд биднийг ЗХУ-д хамгийн их ачаалалтай шинжилгээнүүдийг хийснээр “Гурав нь сансарт нисэх боломжтой” гэсэн дүгнэлттэй ирж байлаа. Улмаар нарийвчилсаар М.Ганзориг бид хоёрыг 1978 оны гуравдугаар сарын 18-нд  ЗХУ-ын Москва хотын Оддын хотхонд аваачсан. Тэндээ сансарт нистлээ бэлтгэл хийсэн.

 

-Та тэр үед ямар ажил эрхэлж байв. Сонгогдоход таны мэргэжил их нөлөөлсөн байх?

 

-Би радио техникийн ангид цэргийн алба хааж радист гэдэг мэргэжил эзэмшсэн байсан. Морз цохиж мэдээ дамжуулна. 1964 онд анх агаарын довтолгооноос хамгаалах цэрэг гэж бий болсон юм. 1964 оны цэргүүд бол хамгийн доод тал нь аравдугаар анги төгссөн, голдуу их дээд сургуулиудаас татагдсан улсууд байсан. Цэргээс халагдах ойртож байхад би 1971 оны хоёрдугаар сард ЗХУ-ын Киргиз улсын нийслэл Фрунзе хотод Нисэхийн дунд сургуульд сурахаар явж байлаа. Зөвлөлтийн Батлан хамгаалахын сайд манай улсад тухайн үедээ шинэ загварын Ми-4 нисдэг тэрэг хоёрыг бэлэглэсэн учир манайд мэргэжилтэн хэрэгтэй болсон. Би радио тусгай тоноглолын механикчаар энэ сургуульд суралцсан юм. Тэр үед 20 гаруй хүн сурахаар очсон. Үндсэндээ хөлгийн гурван дарга, гурван хоёрдугаар нисгэгч, борт техникүүд, дөрвөн төрлийн мэргэжлийн механикчууд бэлтгэсэн. Буянт-Ухаад Зэвсэгт хүчний агаарын тээврийг хариуцдаг 109 дугаар ангид богино хугацаагаар ажиллаж байгаад 1972 онд Москвад Жуковскийн нэрэмжит Агаарын цэргийн академид орж таван жил сурсан. Би сансрын нислэгийн сонгон шалгаруулалтад яагаад тэнцэв гээд эргээд бодоход гуравхан л юм байдаг. Нэгдүгээрт, миний мэргэжил нисэх, авиац, сансарт их ойр. Хоёрдугаарт, миний их том үзүүлэлт бол Монголын ардын арми. Тийм учраас ардын армийн офицер гэдэг энэ нэр хүнд их чухал үзүүлэлтийн нэг байж. Гурав дахь нь би өөрөө залуу, эрүүл чийрэг байсан. Эцэг эх, энэ сайхан хангай маань надад их сайхан эрүүл биеийг заяасанд талархаад баршгүй. Энэ гурван нөхцөл голлосон юм болов уу.

 

-Эцсийн шатанд М.Ганзориг гуай та хоёрыг хамт бэлтгэдэг нь хэрэв нэгэнд нь ямар нэгэн асуудал гарвал нөгөөх нь нөөц гэсэн үг үү. Тэгээд таныг сонгоход найзад чинь маш хүнд туссан байх даа?

 

-Тиймээ, нэг нь нөөц шүү дээ. Сансрын нислэгийн гараан дээр хоёр баг очдог. I багт ямар нэгэн асуудал тулгарвал II баг орлоод нисэх ёстой. Жишээ нь, ЗХУ-аас сансрын тойрогт удаан хугацаагаар ажиллах “Салют-1” станцыг хөөргөсөн юм. 1971 онд тэр станцад ажиллах анхны багийг гурван хүний бүрэлдэхүүнтэй сонгож байсан. I багийн бүрэлдэхүүн сансарт нисэхийг яг өмнө Кубасовын уушгинд ямар нэгэн үл мэдэгдэх зүйл байна гээд II багийнхан ниссэн түүхтэй. Тиймээс заавал нөөц багийг зэрэг бэлтгэдэг. Хэрэв багийн нэг гишүүнд асуудал тулгарвал багаараа л хасагддаг. Учир нь тухайн багийнхны сэтгэл санааны нийцэл, ойлголцол, нэгнээ орлох чадвар гээд олон талаас нь хардаг юм. Нэгийг нь хасаж өөр хүн оруулдаггүй. Энэ тухай Алексей Леновын маш олон дурсамж байдаг. М.Ганзориг бид хоёрыг хоёр багт нэг нэгээр нь оруулсан. Залуу нас, оргилж тэмүүлж явсан үедээ хүсэл нь биелэлгүй үлдэнэ гэдэг амаргүй шүү дээ. Найзад маань маш хүнд байгааг би их сайн ойлгож байсан. Би ойлгохгүй бол өөр хэн ойлгох билээ дээ. Угаасаа л бид хоёрын нэг нь явах байсан учир нэг нь л сонгогдсон. Түүнээс биш би онцгой сайн, илүү мундагтаа нисээгүй юм.

 

-Бэлтгэл хийх, сансарт яг нисэх хоёр асар их ялгаатай байсан уу?

 

-Бэлтгэлийг маш олон талаас нь хийдэг. Нэн тэргүүнд хөлгөө, очиж ажиллах станцаа сайн судлах ёстой. Сансрын тойрогт очоод хийх сорилт туршилтуудаа бүгдийг нь газар дээр хийж бүрэн эзэмших нь чухал. Багийн хоёр хүн нэгнээ орлох чадварт суралцах ёстой. Сансрын жинхэнэ хөлөгтөө суугаад хөөрөх амаргүй. Хэдийгээр бэлтгэл их хийсэн ч газар дээр орлуулж болдоггүй зүйл зөндөө бий. Тухайлбал, жингүйдлийг төгс хийж чадахгүй шүү дээ. Хэт ачааллын бэлтгэлүүд хүнд л дээ. Мөн байлдааны тийрэлтэт онгоцоор олон удаа ниссэн. Нислэгийн хүнд хүнд элементүүд хийж биед ачаалал өгдөг. Жингүйдлийг гаргахын тулд тусгай баталгаат онгоцоор 22 секундэд чөлөөт уналт хийж, тэр хоорондоо хувцас скафандраа яаж тайлах, хүнсээ хэрхэн хэрэглэх вэ гэхчлэн дасгал сургуулилт хийдэг. Бас шүхрээр буулгана. Гэвч жинхэнэ нислэгийг яаж гүйцэх билээ. Биед ирэх ачаалал, сэтгэл санааны байдал гээд амаргүй.

 

-Бэлтгэлийн үед шантарч “Больё” гэж бодогдсон үе байв уу?

 

-Үгүй, тийм юм бодож болохгүй шүү дээ. Төр засгаас өгсөн үүрэг даалгавар, олон хүний итгэл найдварын төлөө “Энэ удаа л зүтгэхгүй бол би хэзээ зүтгэх юм” гэж бодож, илүү их хичээсэн. Ард түмэн маань чих тавин хүлээж байсан шүү дээ.

 

-Сансарт очоод олон талын судалгаа хийх учир асар их мэдлэг шаардсан байх. Тэр бүхэнд суралцсан уу?

 

-Тэгэлгүй яах вэ. Сансрын тойрог замд хоёулхнаа, эсвэл дөрвүүлээ л байна. Эрүүл мэндийн хувьд ямар нэгэн асуудал гарвал эмнэлгийн анхан шатны тусламж хүргэж чаддаг байх ёстой. Мөн тухайн нислэгээ сонирхолтой болгохын тулд дэлхий рүү өчнөөн олон зураг, дүрс бичлэг, нэвтрүүлэг дамжуулах ёстой. Үүний тулд гэрлээ хаана байрлуулах, камераа хаана зоох гэхчлэн зураглаач, сэтгүүлчийн тодорхой хэмжээний мэдлэгийг олгодог. Мөн судалгааны чиглэлээр олон талын туршилт хийх мэдлэгтэй байх ёстой.

 

-Сансрын станцад мэдэхгүй, чадахгүй зүйл тулгарсан уу?

 

-Ер нь, тийм асуудал гаргахгүй л байх ёстой. Бидэнд сурах бичиг буюу улаан ном байсан. Зарим мэдэхгүй зүйл гарвал номоо үзнэ. Гэхдээ аль болох ном эргүүлж суухгүйгээр сурсан байх ёстой. Асар хурдан, маш зөв шийдвэр гарахгүй бол секунд бүр үнэтэй шүү дээ.

 

-Хүмүүс сансрын тойрогт гарчхаад станцаа яаж олдог юм бол гэж их гайхдаг. Ер нь, яаж олдог юм бэ?

 

-Хамгийн гол нь хөлөг, станц хоёр нэг хавтгай дээр байрлаж байх ёстой. Дэлхий эргэж буй учраас хавтгай нь өөрчлөгддөг. Хэрэв өөр хавтгай дээр гарчихвал нийлүүлэх гэж бидний түлш, нөөц хүрэхгүй. “Салют-6” станц Москвагийн цагаар 1981 оны гуравдугаар сарын 22-ны 17.58 цаг, 59 секундэд Байконурын яг дээр байрлана гэдэг тооцооллыг гаргасан байсан. Нэг секунд хоцроход л найман км зам алдана. Тэгээд биднийг яг л тэр цаг, секундэд нь хөөргөсөн. Хэдийгээр “Салют-6” станц нисэж буй нэг хавтгай дээр эргэж байгаа ч бид доод талд нь, станц дээд талд нь байна. Хоёр өөр тевшинд хоорондоо өчнөөн мянган км-ийн зайтай. Хөлөг, станц хоёр яг ижил найман км/сек хурдтай. Гэхдээ нэг нь богино радиусаар, нөгөө нь өргөн радиусаар явж байгаа учраас доор явж байгаа нь түргэн гүйцэх боломжтой. Ийм замаар дөхөж очдог. Дөхөж очсоны дараа маневруудаа хийгээд тойрог замынхаа өндрийг өндөрсгөнө. Станц 400 км өндөрт байгаа бол бид 300 орчим км өндөрт. Тэр өндрөө нөхөж бараг ойролцоо очдог. Ингээд маневр хийн хөлөг, станц хоёр их ойрхон очиж нэг өндөрт гарч, тэндээ залгагддаг юм.

 

-Та хамтрагчтайгаа бараг нэг хүн шиг л ойлголцдог болсон уу?

 

-Тийм шүү, Владимир Александрович Жанебиков бол надаас өмнө сансарт ниссэн дадлага, сургуулилт сайтай хүн шүү дээ. Олон авьяас чадвартай, гарын ур чадвартай. Гарын нарийн нандин дүй сансарт их хэрэг болдог. Сансрын хөлгийг өчүүхэн жижиг хөдөлгөөн, хурууны мэдрэмжээр л жолооддог юм. Хүндийн төвийг нь тойруулаад эргэлт өглөө гэхэд яг л тааруулах ёстой. Тэгэхгүйгээр жаахан л илүү хөдөлгөөн хийвэл байх ёстой байршлаасаа өөрчлөгдчихнө. Бүгд л үүнд суралцсан ч Жанебиков бол илүү сурсан. Тэр их мэдрэмж зураач хүний л гарт илүү байдаг юм шиг санагддаг. Оросын сансрын нисгэгчдээс Аликсей Леонов, Владимир Жанебиков хоёр зураач. Энэ хоёрын зурсан зураг манай байгууллагад олон бий. Жанебиков бид хоёр нэгнээ маш сайн ойлгодог.

 

-Сансрын станцад хүн хэр удаан хугацаагаар байрлан ажиллах боломжтой байдаг вэ?

 

-Олон улсын станц учраас олон улсын төлөөлөл тэнд байдаг. Сансрын станц бол үргэлж эзэнтэй байх ёстой. Харин сансрын тойрог замд хүн дээд тал нь ямар хугацаанд амьдарч болох нь тогтоогдоогүй зүйл. Тэнд 400 гаруй хоног тасралтгүй ажилласан хүн бий. 2-3 удаагийн нислэгээр 800 орчим хоног сансарт байсан хүн ч байна. Хүний боломж гэдэг өөрөө асар их, хэмжишгүй зүйл юм. Цаашид хүн төрөлхтний том зорилт бол дэлхий орчмын тойрог замаас холдож алс холын гарагуудад амьдрал бий болгохоор тэмүүлж байна шүү дээ. Тухайлбал, Марс гарагийг судалж байна. Тэнд яаж хүрэх, амьдрал хэрхэн бий болгох, агаар орчинд нь яаж дасах вэ гээд. Газар дэлхий дээр явж буй мэт зүгээр нэг шууд очиж болохооргүй нөхцөлтэй. Агаарын хэм, найрлага гээд судлахад тэс өөр. Энэ бүхэнд хэрхэн зохицох талаар хүн төрөлхтөн судалж байна даа.

 

-Манай улс хоёр дахь сансрын нисгэгчтэй болох хугацаа хэр ойрхон байгаа гэж та боддог вэ?

 

-Их ойрхон гэж бодож байгаа. ОХУ-ын ерөнхийлөгч манай улсын ерөнхийлөгч хоёр “Дараагийн монгол хүнийг сансарт нисгэе” гэж тохирсон. Гэвч олон үйл явдлаас болоод сансрын нислэгийн үндсэн бэлтгэл ажлыг эхлээгүй байна. Цаасан дээрх эрх зүйн баримт бичгүүд нь бий болсон. Энэ онд гэхэд л УИХ-ын сонгууль болох гэж байна. Үүний улмаас нэлээд олон ажил хойш тавигдаж буйн нэг нь энэ асуудал болов уу. Төр засаг шинээр бүрэлдсэний дараа дахиад эрчимтэй яригдах байх. Учир нь, саяхан ерөнхийлөгчтэй уулзахад энэ санаа бодлоосоо ухраагүй байна билээ. Магадгүй хэдхэн жилийн дараа монгол хүн, тэр дундаа эмэгтэй хүн сансарт нисэхийг үгүйсгэхгүй.

 

-Сансар судалдаг, энэ чиглэлээр суралцдаг залуучууд хэр олширч байна вэ?

 

-Ер нь, манай улсын сансар руу тэмүүлэх тэмүүлэл хэд дахин өссөн. Гадаад улс орнуудад мэргэжлийн олон залуус бэлтгэгдэж байна. Түрүүчээсээ төгсөж ирсэн. Монгол хүний гол оролцоотойгоор хийсэн “Мазаалай” хиймэл дагуулыг 2017 онд хөөргөсөн шүү дээ. Тэр бүү хэл хувийн хэвшлийн “ONDO SPACE” компанийн залуус зохион бүтээсэн хиймэл дагуулаа саяхан АНУ-ын “Space X” компанийн сансрын хөлгийн тусламжтайгаар хөөргөж, дэлхийн тойрог замд оруулсан. Одоо тодорхой мэдээллүүдээ аваад ажиллаж байна. Бид дараагийн шатны хиймэл дагуулаа бас хийж байгаа. 2022 онд ШУА-ийн ерөнхийлөгчийн шийдвэрээр Сансар судлалын үндэсний төвийг байгуулсан. Манай хүрээлэн дээр төвлөрөн үйл ажиллагаа явуулж байгаа. Анхны “Мазаалай”-г хийсэн залуус бол их сургуулийн багш, докторууд. Манай Сансар судлалын үндэсний төвийн ажилтнууд шүү дээ. МУИС сансар судлалын чиглэлээр элсэлт авлаг болсон. Энэ мэтчилэн бид дараагийн үеэ бэлтгэж байгаа.

 

-Удахгүй Владимир Александрович Жанебиков Монголд ирнэ гэж та хэлсэн. Ямар үйл ажиллагаанд оролцохоор ирж байгаа вэ?

 

-ШУА-ийн Одон орон гео физикийн хүрээлэн, Сансар судлалын үндэсний төв судалгаа шинжилгээ хийдэг. Гэвч судалгаа шинжилгээ хийх нэг хэрэг. Харин ололт амжилт, үр дүнг нь олон нийтэд танилцуулах хэрэгтэй. Энэ ажлыг “Астропарк” маань хийдэг. “Астропарк”-ийн арван жилийн ой энэ оны зургадугаар сарын 1-нд тохионо. Тиймээс ойгоороо Жанебиковыг урьсан. Онгоцоор ирэх тасалбараа хүртэл авчихсан байгаа.

 

-Таныг сансарт ниссэн өдөр төрсөн хүүхдүүд одоо холбоо байгуулсан байдаг гэж сонссон. Тэдэнтэй үргэлж холбоотой байдаг уу?

 

-1981 оны гуравдугаар сарын 22-нд Монголд 206 хүүхэд төрсөн байдгийн 37 нь эрэгтэй, 109 нь эмэгтэй. Одоо түрүүчээсээ өвөө, эмээ болсон. Тэдэнтэй уулзалт их хийдэг. Жанебиков бид хоёрын нэрийг өгсөн болон сансартай ойрхон нэртэй залуучууд нэгдэж олон үйл ажиллагаа зохион байгуулдаг болсон. Тэднээс хэд нь төрсөн өдрөөрөө уулзаад нэг ресторанд орж л дээ. Рестораны эзэн “Та нар төрсөн өдөр тэмдэглэж байгаа юм уу” гэхээр нь “Тиймээ” гэтэл “За би төрсөн өдрийн эзэнд нь бэлэг өгнө” гэж. Тэгэхээр нь бүгд төрсний гэрчилгээгээ гаргаж ирээд рестораны эзнийг хүнд байдалд оруулсан гэдэг /инээв/.

 

-Сонирхолтой яриа өрнүүлсэнд баярлалаа. Танд ажлын өндөр амжилт хүсье!

 

М.Наранболд