ОХУ-аас 2023 оны есдүгээр сарын 21-ээс автобензин, дизель түлш экспортлохыг хориглосон. Энэхүү хориг Евразийн эдийн засгийн холбооны гишүүн болох Беларусь, Казахстан, Армен, Киргиз улсад Засгийн газар хоорондын хэлэлцээрийн дагуу нийлүүлж буй шатахуунд хамаарахгүй гэж мэдэгдэж байв. Эл шийдвэр гарч байхад Монгол Улсад ОХУ-ын Төрийн Думын дарга В.В.Володин айлчилж байсан бөгөөд тэрээр “ОХУ-ын Засгийн газраас тогтоосон шатахууны хязгаарлалтад Монгол Улс багтаагүй” гэдгийг онцолсныг УИХ-ын Хэвлэлийн албанаас мэдээлж байсан.
Түүнчлэн, УУХҮЯ, АМГТГ-аас энэхүү хориг Монгол Улсад нөлөөлөхгүй гэж мэдэгдэж байв. Гэвч бодит байдал дээр манай улс хоригт орсон бөгөөд ОХУ-ын шийдвэр гарсан өдрөөс хойш 21 хоногт ямар ч шатахууны импорт хийгдээгүй бөгөөд нөөцөө бүрэн шавхаж ажилласныг Уул уурхай, хүнд үйлдвэрийн сайд Ж.Ганбаатар мэдээллээ. Мөн уул уурхайн томоохон компаниудад шаардлагатай дизель түлшийг БНХАУ-аас импортолж байгаа аж.
Энэ талаар Уул уурхай хүнд үйлдвэрийн сайд Ж.Ганбаатар: Дизель болон АИ92 дээр асуудал байгаа. Засгийн газар, Уул уурхай, хүнд үйлдвэрийн яамнаас уг асуудлыг цэгцлэхээр ажиллаж байна.
Асуудал юу вэ гэхээр ОХУ-ын Засгийн газраас 2023 оны есдүгээр сарын 21-нээс хориг тавьсан. Ингэхдээ дизель түлш болон автобензин дээр хориг тавьсан. Энэ хориг өнөөдрийг хүртэл үргэлжилж байгаа. Автобензиний хориг хоёр хоногийн өмнө /2023.11.22/ цуцлагдсан. Дизель дээр өчигдөр /2023.11.23/ дөнгөж зуны түлш экспортлох хориг цуцлагдсан. Өвлийн түлш хоригтой хэвээр байна. Энэ хориг Монгол Улсад хязгаарлагдмал байдлаар тавигдаж байгаа. Роснефть, Газпорм, Нефть хими сервес зэрэг томоохон компаниуд л Монгол Улс руу экспорт хийж байна. Бусад компаниуд экспорт хийх боломжгүй байна. Хоригоос хойш 21 хоног бид бүх нөөцөө шавхсан. Хилээр юу ч орж ирээгүй. Гэхдээ энэ хориг ганцхан Монголд тавьсан хориг биш. Дэлхийд тавигдсан хориг гэдгийг ойлгох хэрэгтэй. Монгол Улсын хувьд энэ байдлаас гарахын тулд БНХАУ-аас дизиль импортолж байгаа. АИ92-ын хувьд нөхцөл байдал харьцангуй сайжрах түвшинд орсон ч асуудал байна.
Баруун аймгуудад дизель түлшгүй, хүндэрсэн байсан бол хоёр хоногийн өмнөөс Боршоо, Цагаан нуур боомтоор дизель түлш орж ирсэн. Роснефть компанитай нэлээд яриа хэлэлцээ хийсний үндсэн дээр орж ирсэн. Харин Эрдэнэт, Оюу толгой, Эрдэнэс Тавантолгой зэрэг томоохон уул уурхайн компаниудад БНХАУ-аас түлш импортолж, Евро-5 стандартын түлш хэрэглэхийг шаардаж байна. Энэ сард гэхэд 7.6 мянган тонн дизель түлш импортолсон байна” гэлээ.
Сүүлийн хоёр сар орчим шатахуун түгээх станцуудын ихэнх нь АИ 92 болон дизиль түлш дууссан гэдэг шалтгаанаар тодорхой хязгаарлалттай олгох болсон. Тэгвэл байдал цаашид ч үргэлжлэх хандлагатай байна.