...Орчлонгийн наран дор

Орхисон хэсэг шагай шиг

Тоочигийн хэдэн байшин... гэж Монгол Улсын Гавьяат тээвэрчин, яруу найрагч Ю.Идэрчулуун нэгэнтээ шүлэглэсэн билээ.

Хааяа хааяахан хажуугаар өнгөрөх галт тэрэгнээс өөр хань бараагүй эзгүй талд асар майхантай улс ирж буудаллахыг алсаас харвал аяныхан гэж андуурч мэднэ. Нэг л мэдэхэд хоосон байсан газар байшин барилгууд сүндэрлэж, ажил буцалж, амьдрал цэцэглэсэн цомхон суурин босчихсон байх нь ид шид мэт...

Шавар шохойд дагширсан ажлын хувцсаа ч солих завдалгүй, нар салхинд онгож гандсан царайндаа баяр бахдал тодруулан тууз хайчлах мөчийг чимээгүйхэн харж зогсдог барилгачдын дэндүү эгэлхэн дүр төрхийг би олонтаа харж байлаа.

Ийм л эгэлхэн барилгачин эмэгтэйг “Эгэл төмөр замчин” буландаа урилаа. БАҮ-ний III ангийн Чойр хэсгийн дарга Жигмэдсамбуугийн Эрдэнэчимэг Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлигаар “Алтан гадас” одонгоор энгэрээ мялаасан билээ.

“Төмөр замын барилгын салбарт ханиа дагаж ирээд 33 жил болжээ. Өнгөрсөн он жилүүдэд шижигнэсэн сайхан хамт олонтойгоо олон даваа нугачааг амжилттай давж өдий хүрлээ. Түүн дотроос сэтгэлд хамгийн тод үлдсэн нь “Өлзийт” жишиг зөрлөгийн бүтээн байгуулалт юм даа. Тэгэхэд би ангийн их засварын мастераар ажиллаж байлаа. 2005 оны зургадугаар сарын 5-нд бүтээн байгуулалт эхэлж, Төмөр замчдын баяраар буюу наймдугаар сарын 5-нд ашиглалтад хүлээлгэн өгсөндөө. Хоёрхон сарын дотор бүхэл бүтэн зөрлөг барина гэдэг тоглоом биш. Дээр нь, Замын дарга В.В.Магдей агсны санаачилсан “Жишиг зөрлөг” -ийг төмөр замдаа анх удаа барина гэдэг маш өндөр хариуцлага. Барилгачид бид ч маш хичээсэн дээ. Нийтдээ 205 хүний бүрэлдэхүүнтэй баг ажилласан. Барилгачид маань зарим шөнө хоёрхон цаг “нүдний хор” гаргаад л ажилдаа гарч байсан. Залуу ч байж дээ. Тэгэхэд манайхнаас нэг ч хүн гомдол гаргаж, ажлаасаа халширч байгаагүй. Ёстой яралзтал ажиллаж байсан шүү.

Галт тэргээр явж байхдаа барьж босголцсон зөрлөг, барилга байшингаа харахад бахархана. Барилгачид минь яаж ажиллаж байсан нь нүдэнд харагдах шиг... Заримдаа сэтгэл огшино. Энэ л барилгачин хүний жаргал юм. Эгч нь 2003-2006 онд их засварын мастераар ажиллахдаа Өлзийт зөрлөгөөс гадна Түшлэг, Долоодын хөндий, Чулуут зөрлөгийн бүтээн босголтыг гардан хариуцсан. Долоодын хөндий зөрлөгийг 3.5 сарын хугацаанд барьж ашиглалтад өгч байлаа. Чулуут зөрлөгийг арай ашиглалтад өгч амжилгүй төв рүү шилжсэн дээ” хэмээн ярилаа.

Хөргийн маань эзэн Дундговь аймгийн Мандалговь хотын унаган охин аж. Дунд сургуулиа төгсөөд 1983 онд Төмөр замын техникумын грашийн тоног төхөөрөмжийн механикчийн ангид элсжээ. Тухайн үед Төмөр замын техникум төмөр замын төдийгүй автотээврийн салбарын боловсон хүчнийг бэлтгэдэг байж. Харин суралцаж байх хугацаанд нь техникум нь төмөр зам болон автотээвэр гэж салж, Автотээврийн техникумын диплом өвөртлөн төгсжээ. 1987 онд сургуулиа төгсөөд төрөлх нутагтаа (17 дугаар автобаазад) хуваарилагдан ганц сар ажиллаад ууган хүүгээ төрүүлжээ. Харин дараа жил нь түүний хань Г.Хүдэрбаатар Төмөр замын техникумын слесарийн ангийг төгсөөд БОС-ны IV ангийн харьяа Айраг орон сууцны хэсэгт хуваарилагдав. Ж.Эрдэнэчимэг ч өөрийн мэргэжлээр ахин ажилалгүй “Бүсгүй хүн, цагаан зээр хоёр нутаггүй” гэдэг шиг нөхрөө дагаж, Айрагт иржээ. Ийнхүү барилгачин болох гараагаа орон сууцны хэсэгт нярвын ажлаас эхэлсэн байна. Тэрбээр ханийнхаа тухай “Нөхөр маань 1991 онд Чойрын хэсгийн мастераар томилогдож, манайх Чойр руу нүүлээ. Чойрт би 1995 он хүртэл Орон сууцны хэсгийн зочид буудлын эрхлэгчээр ажилласан. Тэгтэл нөхөр маань 1995 онд БОС-ны III анги буюу Сайншанд руу сантехникийн мастераар ажиллахаар томилогдов. Шугам замынхны амьдрал нүүдэл суудал дунд л өрнөдөг хойно дагаад нүүсэн. Хань маань 2005 он хүртэл ажиллаж байгаад өвчнөөр өөд болсон юм. Миний хань ажил мэргэжилдээ эзэн болсон, хамт олондоо нэр хүндтэй, түшигтэй, тулхтай сайхан хүн байлаа. Манайх гурван хүүтэй. Нөмөр нөөлөг болсон ханиа алдаад гурван хүүгээ хөтлөөд үлдэхэд хамт олон минь надад түшиг тулгуур болж, тэднийхээ тус дэмээр хөвгүүдээ эрийн цээнд хүргэж, ажил амьдралтай нь залгуулсан. Хамгийн том хүү минь “Их Засаг” их сургуулийг компьютерийн програмист мэргэжлээр төгссөн ч өөрийн сонирхлоор төмөр замчин болж, Сайншанд ТҮГ-т вагон үзэгчээр ажилладаг. Дунд хүү минь ШУТИС-ийг барилгын инженер мэргэжлээр төгсөөд одоо хотод барилгын компани байгуулаад амжилттай ажиллаж байгаа. Бага хүү ШУТИС-ийг холбооны инженер мэргэжлээр төгссөн ч одоо хувиараа бизнес эрхэлж байна. Хөвгүүд бүгд тусдаа гарцгаасан. Одоо таван ачтай эмээ болчихоод байна. Ач нараа эрхлүүлж амждаггүй завгүй эмээ. Чөлөөндөө суувал л эмээгийн үүргээ гүйцэтгэх байх даа” хэмээгээд инээлээ. Тэрбээр, 2006 оноос орон сууцны эрхлэгчээр ажиллаж байгаад 2020 оны тавдугаар сараас Чойр хэсгийн даргаар томилогдоод байгаа аж. “Шандад байхаас ажил нь хамаагүй хөнгөн юм. Харин бичиг цаасны ажил нь их юм” гэлээ.

Ж.Эрдэнэчимэг эгчийг би Замын даргын үзлэгээр урд замд явах болсон үеэсээ мэдэх юм. Нэгэн удаагийн үзлэгээр манай купенд орж ирж, хариуцсан хэсгийнхээ ажлыг шалгуулж дуустал нь хоёр өдөр хамт явцгааж, илүү дотно танилцах болсон билээ. Тэрбээр, ил цагаан яриатай, тас тас инээж суудагсан. Хариуцсан хэсгийнхээ байшин барилга бүрийн хаалга цонх, хаяа хатавч, дээвэр, туурга гээд бүгдийг нь андахгүй. Үзлэгийн үеэр орон сууцныхан сайшаал зэмлэл аль алиныг нь л сонсож таарна. Урмын үг дуулсан бол царайд нь мишээл тодорч, зэм сонсож, засаж сэлбэх ажил гарвал нэг бүрчлэн бичиж аван дор нь утас “цохин” “айлын цонх хагарч, цуурсан бол шиллэх, хаалганы нугас унжиж, бариул нь санжсан бол солих” үүрэг хэн нэгэнд өгч байгаа харагдана. Урсгал засваруудаас гадна энэ мэт түүвэр, чимх ажлыг ч нэгд нэгэнгүй хариуцдаг бололтой. Нэг удаа би хэрэгт дурлаж “Өртөө, зөрлөгийнхөн чинь амьдарч байгаа байшингийнхаа хаалганы бариул, нугасхныг өөрсдөө сольчихдоггүй юмуу?” гэхэд “Төмөр замын байр сууцыг өөриймсөг сэтгэлээр өөд татаад амьдардаг олон хүн бий. Бас төмөр замын байр юм чинь орон сууцныхан л засаж өгөх ёстой гэх бодолтой хүн ч бий. Нэгэнт л бидний хариуцах ажил юм чинь хийлгүй яах вэ. Уг нь, өөрийн юм шиг өөд нь татаад явбал ямар сайхан бэ” гэж билээ. Түүнийг хамт ажиллагсад нь түс тас яриатай. Хэлэх гэснээ хэнээс ч жийрхэлгүй хэлчихнэ. Ажлын талбарт зарчимч ч бригадынхныгаа хайрлаж, халамжилж, бөөцийлөхөө орхигдуулахгүй гэцгээх юм билээ. Ж.Эрдэнэчимэг “Барилгачдынхаа хоол хүнсийг нь дорвитойхон бэлдээд амрах нөхцлийг нь сайн хангаад өгчихвөл ажлынх нь бүтээмж сайн байдаг. Орон гэрээсээ хол шугам замд ажиллаж байхад нь өвдсөн үед нь “Алив эм тариагаа аваад ир” гээд тариаг нь хүртэл өөрөө хийгээд өгчихнө. Манайхан ер нь чөлөө авъя гээд байдаггүй. Ер нь, эхэлсэн ажлаа дуусгая гээд л зүтгэчихдэг. Хүнд хүчир ажил хийдэг барилгачид хоол унд муутай, ажлын нөхцөл тааруу бол жаахан л шалтаг гарвал чөлөө гуйх, сэтгэл нь тогтохгүй байдал үүсдэг. Миний удирдаж байсан бригадад тийм зүйл гарч байгаагүй ээ. Одоо хэрнэ манайхан араас утасдаад “Таныг санаад...” гэхээр нь бас дотроо баярлаад ямар ч байсан тэднийхээ сэтгэлд ойр байж дээ гэж бодох юм. Залуучуудад би одоо ажилчдынхаа ар гэр ахуй нөхцөлд нь санаа тавьж байгаарай гэж хэлдэг. Бас бүх зүйлд сэтгэлээсээ ханд. Сэтгэлээсээ хандсан эсэхийг чинь барьсан барилга, хийсэн засвар чинь бусдад хэлээд өгнө шүү гэж захих дуртай” хэмээгээд инээмсэглэлээ. Дарга удирдлага нь ажилчдынхаа жаргал зовлонг хуваалцаж, ар гэр ахуй амьдралд нь хүртэл санаа тавьж, сэтгэлээсээ хандаж байвал ажилтан хүний сэтгэл өег байдаг хойно.

Говийн барилгачдын ажлын нөхцөл хангайнхнаас онцлог юм билээ. Зуны их барилга, их засварын үеэр Ж.Эрдэнэчимэг ажилчдаа өглөө 06.00 цагт босгож, 07.00 цагт ажлаа эхлүүлж, 11.00 цагт засварлаж, 14.00-20.00 хүртэл ажиллуулдаг аж.

“Манайхны амжилтын нэг үндэс нь ажлын цаг ашиглалт шүү дээ. Барилгын талбайд ажил хийдүүлдэг хүн байдаггүй. Ажлын цагийг үр бүтээл дүүрэн өнгөрөөдөгт байдаг байх” гэж асуултад минь тун товчхон хариуллаа. Та төмөр замын бүх шагналыг хүртжээ гэхэд “Тэгсэн шүү. Төмөр замынхаа хайр хишгийг харамгүй хүртсэн. Бүх л шагналыг нь авлаа. Сайхан хамт олны минь хүч. Д.Ганболд (БОС-ны III ангийн даргаар ажиллаж байсан) дарга маань мундаг хүн шүү дээ. Тэр хүний удирдлагад олон жил үр бүтээлтэй сайхан ажилласан. Ажлаа ч мэддэг, хүмүүсээ ч мартдаггүй. Ажлыг хийвэл хийсэн шиг хийдэг хүн. Даргаараа үнэхээр бахархаж, талархаж явдгаа энэ дашрамд хэлмээр байна. Тийм барилгачин төмөр замд ховор доо. Эцэст нь хэлэхэд, барилгачид бидний барьсан, зассан байшингийн гэгээвч бүрээр нь гэрэл гийж, хүмүүс тохьтой тухтай, ажиллаж амьдарч байхыг харах шиг сайхан жаргал гэж байдаггүй ээ гэж сэтгэл хөдлөн өгүүллээ.

Төмөр зам хөгжил дагуулдаг гэж үг бий. Тэр хөгжил дэвшлийг бүтээн босгодог хүмүүс нь “Төмөр замчин барилгачид” юм даа

 

Б.ГҮНЖИНЛХАМ