Монгол Улсын Гавьяат барилгачин, зөвлөх инженер Жамсранжавын Энхтуяатай ярилцлаа.

-Эхлээд, Төмөр замчин барилгачдаас хамгийн анхны гавьяат цолтон болсон  танд Монгол Улсын Гавьяат барилгачин цол хүртсэнд баяр хүргэе!

  -Баярлалаа. УБТЗ-д барилгын салбар үүсэн хөгжсөн 70 гаруй жилийн түүхэнд үе үеийн барилгачид маань олон мянган бүтээн байгуулалтыг хийсээр ирсэн. Төмөр зам төдийгүй төр засгаас төмөр замын барилгачдынхөдөлмөр бүтээлийг үнэлсэн нь надад тохиожээ л гэж бодож байлаа.

Анх манай алба зургаан хүний бүрэлдэхүүнтэйгээр Замын аж ахуйн албаны Барилгын хэлтэс байгуулагдаж байсан түүхтэй юм билээ. Замчид маань замаа бариад, барилгачид нь өртөө, зөрлөгийнхөө байшинг бариад явдаг байж. Сүүлдээ өргөжиж хөгжөөд ирэхээр бие даасан алба болсон түүхтэй. Энэ том хамт олноос ийм хүндтэй шагнал хүртсэн анхны хүн гэдгээ би бас сүүлд л мэдлээ.

    -Та удам залгасан төмөр замчин-барилгачин шүү дээ. Тэгэхээр таны намтар түүхээс яриагаа эхэлбэл ямар вэ?

-Тиймээ, миний аав Төмөр замын техникумыг барилгын техникч мэргэжлээр төгсөөд 1960 оноос төмөр замд ажиллаж эхэлсэн. Тухайн үед Чойрын төмөр бетон эдэлхүүний цех гэж байж л дээ. Тэндээс ажил хөдөлмөрийн гараагаа эхэлж, улмаар Барилга орон сууцны II ангид ашиглалтын инженерээр ажиллаж байсан. 1974 онд манайх Зүүнхараа руу шилжиж, аав Мод боловсруулах үйлдвэрийн эдийн засагчаар ажиллах болсон. Түүний дараа Барилга орон сууцны I ангийн эдийн засагч, дарга, Барилга орон сууцны IV ангийн даргаар ажиллаж байлаа. 1998 онд тэтгэвэртээ гарсан.

    Би 1987 онд Москвагийн төмөр замын дээд сургуулийг зам барилгын инженерээр төгсөж ирээд Зүүнхараа руугаа хуваарилагдсан. БОС-ны I ангид мастераар ажлын гараагаа эхэлж байлаа. Тэндээ инженер, норм зохиогч, эдийн засагч, ерөнхий инженер, ангийн дарга гээд хийгээгүй ажил байхгүй. Бараг насыг элээсэн дээ /инээв/.

-Ингэхэд та энэ мэргэжлээ өөрөө сонгосон уу эсвэл аавын нөлөө байв уу?

-Мэргэжил сонголтыг аав миний өмнөөс хийсэн гэхэд болно /инээв/. Зүүнхараагийн орос хоёрдугаар арван жилийг төгсөөд Сэлэнгэ аймаг руу очиж конкурсдэхдээ аавтайгаа хамт явлаа. Тэгээд сургууль сонгох болоход манай ангийнхан Чехийн лакан гутлын үйлдвэрийн технологийн анги байна гэнэ. Тэрийг авбал гоё гэцгээлээ. Тэгээд сургууль сонгохдоо багш, аав хоёртойгоо хамт орлоо. Багш маань “Нефтийн инженерийн анги байна. Үүнийг ав” гэлээ. Тэгтэл би нефть гэдгийг цемент гэж ойлгож байгаа байхгүй юу. Тийм бужигнасан юмны инженер болоод яах вэ гэж бодоод “Үгүй ээ, би энэ хуваарийг авахгүй” гээд байлаа. Тэгтэл төмөр замын зам барилгын инженерийн хуваарь гараад иртэл аав бүр баярлаад “Энэ хуваарийг авъя” гэлээ. Тэгэхээр нь би “Үгүй ээ, би Чехийн гутлын үйлдвэрийн хуваарь авна” гэтэл аав “Юун тэр гуравдагч орон руу явах. Тэнд чинь үймээн самуунтай. Эсвэл дотоодын их сургуульд ор” гэчихлээ. Тэгээд л аавын ятгалагт автаад л... /инээв/. Бидний үеийнхэн эцэг эхийн үгнээс зөрдөггүй байсан юм чинь. Намайг төгсөөд ирэхэд Зүүнхараагийн БОС-ны ангид хойно сургууль төгсөж ирсэн инженер ховор байлаа. Гэхдээ орос мэргэжилтнүүд ихтэй. Цахилгааны инженер Рачинка, сантехникийн инженер Покров, төсвийн инженер Наташа, ерөнхий инженер Шатечников гэж байлаа. Ерөнхий инженерийн эхнэр Анна Михайловна манай II сургуулийн орос хэлний багш байсан. Намайг Москвад оуютан болоод очиход багш маань Москвад оччихсон байсан. Багшийнхаараа их орж гардаг байлаа. Би мастераар ажлын гараагаа эхлээд жилийн дараа инженер болсон.

-Бусад барилгын байгууллагуудаас төмөр замых ямар онцлогтой вэ?

-Манай барилгын салбар асар хурдацтай хөгжиж байна шүү дээ. Тэр утгаараа бусад барилгын байгууллагууд төрөлжөөд чиглэл чиглэлээрээ хөгжин бие даагаад явж байгаа. Жишээ нь, барилгын компаниуд барьсан барилгаа ашиглалтад өгөөд л дараагийн барилгаа бариад явдаг. Барилга ашиглалтын контор гэдэг нь ашиглалтад орсон барилгыг хүлээж аваад ашиглалтаа хариуцаад явдаг. Дээр нь, эрчим хүч, дулаанаа хариуцсан орон сууцны конторууд ч бий. Тэд чинь даралтат сав, уурын зуухнууд, цэвэрлэх байгууламжаа хариуцна. Гэтэл төмөр замын барилгын байгууллагууд энэ бүгдийг хамтад нь хариуцаад явж байгаа. Анхны зохион байгуулалтаараа өдийг хүртэл ажиллаж байгаа гэсэн үг. Тэгэхээр барилгын бүхий л чиглэлээр үйл ажиллагаа явуулж байгаа төмөр замынхаа барилгачдыг би супер баатрууд гэж хэлнэ дээ.

-Өнгөрсөн 36 жилийнхээ ажлыг дүгнэвэл таны хувьд овоо тоо гарах байхдаа?

-Их засварын ажил бол тоймоо алдсан. Түүний тоог гаргахад хэцүү. Харин их барилгын ажлаар барьсан том, жижиг барилгуудаа тоймлоод үзэхэд 116 барилга барьсан байна. Нэг давхар модон сууцнуудаас эхлээд есөн давхар хүртэл дөрөв, найм, 12, 24, 32, 40, 70 айлын орон сууц, цэцэрлэг, Хүүхдийн төмөр зам барьжээ.  Намайг 1987 онд төгсөөд ирснээс хойш уурын зуухны тогоонуудад гурван удаа шинэчлэл хийсэн байна. Үнэндээ барилгын ажил хялбаргүй. Тэр тусмаа эмэгтэй хүнд халширмаар үе их байсан даа. Барилгын ажил улирлын чанартай. Зуны дэлгэр цагт хүмүүс амраад аялж зугаалаад явж байхад барилгачдын ажил ид оволзож байдаг. Ажил ихтэй үед ар гэрийн хамаг ажил хаягддаг. Залуу байхдаа заримдаа яах гэж ийм мэргэжил сонгов доо гэж ч бодогдоно. Багш, эмч нарын ажил гоё харагдана. Үгүй дээ гэхэд манай нягтлан бодогчдын ажил их цэвэрхэн сайхан санагддагсан.

-УБТЗ гэдэг айл ер нь хэдэн барилга байшинтай вэ?

-Барилга орон сууцны албаны баланстай 400 гаруй барилга бий. Үүн дээр замынхны барилга нэмэгдсэн сураг байна билээ. Нийт төмөр замын хэмжээнд бол орон сууцны барилга 1000 гаруй бий. Бүх өртөө зөрлөг, аж ахуйн нэгжийн барилга байшингаа нийлүүлбэл 2600 гаруй болох байх. Энэ талаар нарийн тооцоо хийж байсангүй.

-Хэчнээн зав чөлөөгүй ажилтай ч эмэгтэй хүний хувьд хүний хань, хүүхдүүдийн ээж байх том үүрэг бий. Энэ үүргээ хэр биелүүлсэн гэж боддог вэ?

-Би хоёр охинтой. Нөхөр маань Зүүнхараагийн Сэргээн босгох галт тэргэнд ажилладаг байсан. Хүнд машин механизмийн механикч хүн. Манай хүн дуудлагад яваагүй үедээ бол хүүхдүүдээ хичээл сургуульд нь зөөхөөс эхлээд бүгдийг амжуулна. Ер нь, их хариуцлагатай хүн. Дээр нь, төмөр замын ажлын онцлогийг мэддэг учраас намайг ойлгоно. Харин гэнэтийн дуудлага ирвэл нөхөр маань өдөр шөнө гэхгүй явах хэрэг гарна. Аав, ээж хоёр маань Зүүнхараад байсан учраас ар гэрийн асуудлыг тэдэндээ даатгачихаад л хоёулаа ажил гээд л алга болцгооно. Аав минь 2017 онд, ээж минь 2018 онд бурхан болсон. Аав, ээж хоёр хүүхдүүдийг минь өсгөж өндийлгөөд гарыг нь ганзаганд, хөлийг нь дөрөөнд хүргэж өгсөн шүү. Тэгж бодвол миний хувьд сайн хань, сайн ээж байх цаг завгүй л ажиллаж ирж дээ. Ар гэрээ хаяад гарахаас аргагүй их ажилтай. Залуу байхад заримдаа ажил мэргэжлээ сольдог ч юм билүү гэж бодогдох үе байсан. Бага охин маань миний мэргэжлийг их сонирхдог байлаа. Энэ мэргэжлийн хэцүү хатууг мэддэг учраас охиноо ятгаад өөр мэргэжил сонгуулсан даа. Хоёр охин маань хоёулаа санхүү эдийн засгийн мэргэжилтэй болсон.

-Таны ажлын гол баримталдаг зарчим юу байв?

-Барилгын ажил сунжрах тусмаа өртөг нь өсдөг. Тиймээс аль болохоор барилгыг хугацаанд нь чанартай барьж дуусгах нь чухал.  Нөгөө талаар, би өөрөө барилгын талбайд, ажилчдынхаа дунд л гүйж явах их дуртай. Тэгж байж л би тэнд юу болж, юу нь болохгүй байна гэдгийг мэдэрч, шуурхай арга хэмжээ авна шүү дээ.БОС-ны I ангийн ерөнхий инженерээр арваад жил ажилласны хувьд барилгын талбайд очиж хамт олны уур амьсгалыг өөрийн биеэр мэдрэх нь их чухал санагддаг.  Ажлаа мэддэг туршлагатай, сэтгэлтэй хамт олонтой бол ажил “Бенз”-нд суусан мэт л хурдтай, урамтай. Шинэхэн, туршлага дадлага багатай, залхуу хойргодуу хүмүүстэй бол ажил морин тэргээр явж байгаа юм шиг л байна. Ажлын хамт олон гэдэг их чухал. Олон ч ажлын ард сайхан хамт олныхоо хүчээр гарч байж дээ.

-Ажил удирдагчийн зөв төлөвлөлт, зохион байгуулалтаас их олон зүйл хамаардаг юм шиг ээ?

-Тэгэлгүй яах вэ. Ажилчдынхаа зовлон жаргал, бэрхшээл хүндрэлийг олж харахгүй зөвхөн л “Ажлаа хий, ажлаа хий” гээд шахаад байвал ажил хэзээ ч урагшлахгүй. Шагнал урамшуулал, сайшаал магтаал, зэмлэл шийтгэл ч тун нь таарч, байндаа тусаж байх хэрэгтэй. Тэр болгонд барилгын талбайгаар гүйх дуртай маань их хэрэг болж байсан. Ажлын талбарт хэн үнэнчээр ажлаа сайн хийж байна,хэн нь дүр эсгээд, ажил хийдүүлээд байдаг юм гэдгийг хүртэл би хараад мэдээд л явж байдаг. Нэг гэр бүлийн хоёр хүн ажилладаг байлаа. Аль аль нь сайн ажилтай. Гэхдээ шагнал урамшил болохоор дандаа эхнэрийнх нь нэр ирээд байдаг. Гэтэл нөхөр нь маш сайн ажилладгийг би мэднэ. Нэг удаа бас л шагналд эхнэр нь тодорхойлогдоод ирлээ. Тэр үед би өөрөө нөхрийг нь нэр цохож байгаад шагналаа. Дараа нь, барилгын талбай дээр явж байтал өнөө нөхөр нүд нь жигтэйхэн гэрэлтчихсэн, хурдан шаламгай гэгч ажлаа хийгээд жигтэйхэн. Тэр хүн надад баярлалаа гэж хэлээгүй ч ажлаа хийж байгаа байдлаараа баярласнаа илэрхийлээд байх шиг санагдсан. Эхнэр нь хүртэл их баяртай байгаа нь илэрхий. Тэгэхээр шагнал хүртэл эзнээ олох ёстойн ганц жишээ энэ шүү дээ. Ажил удирдана гэдэг хүнтэй л ажиллана гэсэн үг.

-Таныг албаны даргаар ажилласан хэдэн жилд төмөр замын барилгын салбарт хүний нөөцийн хомсдол үүссэн хүндхэн үе таарах шиг болсон?

-Намайг 2018 онд албаны даргаар томилогдож ирэхэд ялангуяа Улаанбаатарын хэсэгт хүний нөөц хүнд болсон байсан. Ерөөсөө БЗАҮ-ний ангийн хувьд барилгын сургалтын дамжлага бааз шиг харагдаж байсан. Нэг жилд л таван инженер солигдож байсан гээд бод л доо. Туршлагагүй шинэ залуу инженерүүдийг ажилд аваад сургаад, дадлагажуулаад тавихаар бусад барилгын компаниуд өндөр цалин, байр, машин амлаад аваад явчихна. Ажилчид жаахан ажил хийж сураад л өөр компаниуд руу яваад өгнө. Тийм болохоор хүний нөөцөө барих хэдэн төсөл боловсруулж байлаа. Дээр нь ковидын үед томхон сорилтуудыг туулсан даа.

-Тантай мөр зэрэгцэн ажиллаж байсан ахмад, дунд, залуу үеийнхнээс дурсвал хэн нь таны сэтгэлд гүн гүнзгий дурсамж үлдээгээ бол...?

-Маш олон хүн бий дээ. Манай албаны дарга А.Ёндон гуай, Ж.Ганбаатар дарга бас олон жил ажилласан. А.Ёндон дарга маш тулхтай, асуудлын голыг нь олж хэлдэг мундаг хүн байлаа.  Би залуухан инженер байхдаа нэг удаа албаны дарга дээр орно гээд баахан асуудал жирийтэл нь бичиж аваад очлоо. Тэгээд өрөөнд нь ортол арынхаа ханан дээр маш томоор "Ажил хийе гэсэн хүн аргыг нь олдог, хийхгүй хүн шалтаг тоочдог” гээд биччихэж. Тэрийг хараад юун нөгөө асуудлаа танилцуулах. Чи ямар арга хайв гэхээр би хайгаагүй. Шалтаг тоочих гээд явж байгаа байхгүй юу. Тэгээд юу ч хэлж чадахгүй ажлаа танилцуулсан болоод гарч билээ. Түүнээс хойш ямар ч асуудлыг эхлээд өөрөө шийдэх арга зам хайдаг болсон доо. Хэрвээ өөрөө чадахгүй бол чаддаг хүнээс нь асууж сураад, арга замаа боловсруулаад түүнийгээ харин болох үгүйг нь зөвлөлдөх гэж гэж ордог болсон.  А.Ёндон дарга хүнд үг хэлсэн ч хоржоонтой, ёжтой үгээр ой тойнд үлдтэл хэлдэг хүн байсан. Тэр зан чанараас нь өөртөө олон зүйлийг тусгаж авч байлаа. Их барилга, хөрөнгө оруулалтын хэлтсийн хяналтын инженер Нямдаш гуай ирээд баахан ном дэвтэр гаргаад барилгын шинэ мэдээ мэдээлэлтэй гарын авлага, товхимол, танилцуулга гаргаж ирээд “Чи энийг хараарай, судлаад үзээрэй” гэх зэргээр байнга хүнийг “цэнэглэж” явдаг хүн байлаа. Би чинь сургууль төгсөж ирэн Зүүнхараад томилогдож очоод тэндээ л байгаад байгаа хэрэг шүү дээ. Нямдаш гуайн өгсөн орос хэл дээрх материалыг орчуулаад инженер техникийн ажилтнуудаа цуглуулаад танилцуулна. Энэ мэтээр залуу хүмүүст сурч мэдэх сэдэл өгч, хүнээ хөгжүүлж явдаг хүн байлаа. Ажилчдаас шаварчин О.Цэвэлмаа эгч, мужаан Н.Нямхүү, Б.Болд, сүүлийн үед манай Н.Сүрэн байна. Сүрэн маань уг нь сантехникийн хүн мөртлөө чадахгүй юмгүй. Супер баатар шиг хүн шүү дээ. Өрлөгт Д.Цэгмэдийг маань гүйцэх хүн байхгүй. Их засварын дээвэрчин Д.Ганбаатар, Их барилга, хөрөнгө оруулалтын хэлтсийн Балжинням инженер, Х.Нэргүй гуай, Д.Тунгалаг дарга, Магванжав дарга, Довдон дарга, Д.Баасгай дарга, А.Энхжаргал инженер гээдэнэ хүмүүсээс их зүйл сурсан. Сайн мастерууд бол ажлын гол түшиг тулгуур болдог. Жишээ нь, мастер Д.Отгонбаатар, Д.Алтантуяа, П.Баярмаа, Ч.Цэнгэл инженер, хэсгийн дарга Д.Эрдэнэчимэг, талийгаач Ж.Гансуурь, С.Тогтоом, зуухны механикч Ч.Алтай, С.Баттулгагээд маш олон хүнийг дурдмаар байна. Бүгдийг нь нэрлэвэл барагдахгүй. Тийм сайхан хүмүүстэй ажиллаж байлаа. Зарим нь бурханы оронд одсон байна.

-Цаг зав гарган ярилцсан танд баярлалаа.

ЯРИЛЦСАН Б.ГҮНЖИНЛХАМ