Зорчигчийн вагон депогийн галт тэрэгний мастер Жааниагийн Энхбаярыг энэ удаагийн дугаартаа урилаа. Тэрбээр, тус депод 30 жил ажиллахдаа цехийн аваргаар хоёр, үйлдвэрийн аваргаар таван удаа шалгарч, 2017 онд “Онц хөдөлгөөнчин” тэмдгээр шагнуулж, 2018 онд Улаанбаатар зангилааны аваргаар шалгарч байжээ.
-Та галт тэрэгний мастераар хэд дэх жилдээ ажиллаж байгаа вэ?
-Галт тэрэгний мастер гурав гурван жилээр томилогддог онцлогтой ажил. Тухайлбал, гурван жил орон нутгийн чиглэлд ажиллаад, сайн ажиллавал олон улсын чиглэлд явна. Түүний дараа засварт юм уу, өөр ажлын байранд гурван жил ажиллана гэх мэтээр сэлгэн ажилладаг онцлогтой. Би одоо Москвагийн чиглэлд явах байсан ч ковидоос хойш энэ чиглэлийн галт тэрэг явахгүй байгаа болохоор орон нутагт явж байна.
-Ингэхэд та ажлын гараагаа хэрхэн эхэлж байв?
-1993 онд Төмөр замын техникум төгсөөд Шарын голын ТҮГ-т хуваарилагдсан. Гэтэл гэнэт Суудлын вагон депод намайг хуваарилчихлаа. Учир нь, манайд дадлага хийж байсан Жааниагийн Энхбаярыг ажилд авна гээд депогоос ярьсан гэнэ. Огт төмөр замд танил талгүй намайг яагаад ажилд авъя гэсэн юм бол... гэж гайхахгүй юу.
Гэтэл Суудлын вагон депод дадлага хийж байхад дадлагыг маань удирдсан н.Жанцандорж гээд засварчин байсан. Тэр хүн л намайг авъя гэсэн юм билээ. Ингээд Хос дугуйн цехэд редуктор карданы засварчин болж, Жанцандорж багшийнхаа гарын шавь болсон. Би тэр хүний отгон шавь нь. Багш маань ч удалгүй тэтгэвэрт гарсан л даа. Депод хамт дадлага хийсэн ангийн хүүхдүүдийн ихэнх нь вагоны үйлчлэгчээр дадлага хийж байсан бол надад вагоны эд ангийг задалж, тостой хутгалдаж суух нь илүү сонирхолтой санагдаж байсан. Тэр сонирхол маань намайг энэ депод авч үлдсэн.
Багш маань надад эрэг боолт чангалахаас эхлээд практик дээр бүх зүйлийг өөрөө үлгэрлэж заасан. “Өгөгдсөн ажлыг яг цаг хугацаанд нь сэтгэлээсээ хийгээд байхад ажлын үр дүн гарна” гэж хэлдэг сэн.
-Хэзээнээс мастер болсон бэ?
-Хос дугуйн цехдээ есөн жил ажиллаад мастер болсон. Тэр үед техникчид цөөн. Техникчид инженерийн дайтай үнэлэгддэг байсан цаг. Хамт ажилд орсон ангийнхан маань галт тэрэгний дарга, мастер болоод замд явцгаах нь бас сонирхолтой, өөрөө явж үзмээр санагдана. Тэгээд мастераар ажиллая гээд өргөдөл бариад О.Сүрэн дарга дээр ороход “Чи нарийн мэргэжил эзэмшсэн хүн. Чамаас өөр наад ажлыг чинь хэн хийх юм. Чи засвар дээр илүү хэрэгтэй” гээд хүлээж авдаггүй байлаа. Түүнийг УИХ-ын гишүүн болоод явсны дараа Б.Баатар дарга дээр өргөдлөө бариад орсон чинь “За нөхөр минь чи эргэж ажлаа хийнэ шүү” гээд цохолт хийж өгсөн. Б.Баатар дарга өмнө нь манай цехийн мастер байсан болохоор надад боломж олгосон. Засвар дээр есөн жил ажиллаж байж галт тэрэгний мастер болсон.
-Засвар дээр есөн жил нухлагдсан хүнд галт тэрэгний мастер хийх хэцүү байгаагүй байлгүй дээ?
-Үнэндээ, төсөөлснөөс амаргүй байсан. Хамгийн анх 2001 оны хоёрдугаар сарын 16-нд Эрдэнэт-Замын-Үүдийн чиглэлд явж байлаа.
Засвар дээр зөвхөн редуктор кардан засдаг байсан бол мастер болохоор вагоны цахилгаан, халаалт, усан хангамж, мужаан гээд бүгдийг хийж чаддаг байх шаардлагатай болсон. Тухайн үед вагон техникийн байдал сайнгүй, дээр нь, ганзагын наймааны ид цэцэглэлтийн үе шүү дээ. Галт тэргэнд ачаалал ихтэй, наймаачид ачаа бараатайгаа чихээд ороод ирнэ. Вагоны эд зүйлсийг эвдэж, хэмхлэх тохиолдол байнга гарна. Нэг вагоны гэрэл асахаа болилоо гээд дуудагдана. Гэтэл тэнд ус гоожлоо л гэнэ. Тэгж байтал замд цонх хагална. Энхтайваны гүүрний доогуур өнгөрөхөд хүүхдүүд эгнэж зогсож байгаад чулуу шидээд вагоны цонхыг ташраар нь, давхраар нь хагалчихна. Ажлын хажуугаар цонхоо шиллэнэ. Яагаад тэгдэг байсан юм бол... Тэгээд харуул, эргүүл гаргадаг болоод гайгүй болсон.
-Тэр үед танд “Засвар дээрээ л байдаг байж” гэж бодогдож байв уу?
-Өөрөө дурлаж мастер болчихоод больё гэж хэлж чадахгүй шүү дээ. Больё гэж бодохоосоо илүү энэ ажлыг хийж сурах ёстой гэж хичээсэн.
-Залуучууд одоо галт тэрэгний мастераар ажиллах сонирхол хэр байна.
-Ер нь, сонирхоно шүү.
-Шавийн эрдэм багшаас гэдэг. Шавь нар байгаа л байх даа?
-Редуктор карданы засварчнаар дагалдсан гарын шавь гэвэл Т.Эрдэнэбаатар маань саяхан галт тэрэгний дарга боллоо. С.Тайванжаргал галт тэрэгний мастер болсон. Галт тэрэгний мастераар шавь байхгүй. Энэ ажлыг дагалдаж биш бие дааж сурдгаараа онцлогтой.
-Галт тэрэгний мастерын ажил аялалд гарахаас өмнө эхэлдэг байх?
-Аялалд гарахаасаа өмнө бууж ирж байгаа мастертайгаа ажлаа хүлээлцэнэ. Техникийн байдал ямар байна. Хүнд засвар байвал засварын цехэд захиалгаа өгнө. Голоороо яваад жижиг сажиг засвараа өөрөө хийнэ. Гадуураа тойрно. Аяллын явцад бас гадуур, дотуур үзлэг хийнэ. Сүүлийн үед 15 минутаас дээш зогсож байгаа өртөө болгон дээр ТҮГ-ын вагон үзэгч нартайгаа хамтарсан үзлэг хийж, “Галт тэрэг сая яаж орж ирэв?” гэх мэтээр мэдээлэл солилцдог болсон. Дотуур үзлэгийг өөрөө хийгээд явдаг. Голоор явж байхдаа ямар нэгэн ер бусын дуу чимээ байна уу гэж байнга чагнана. Туршлагатай вагоны үйлчлэгч нар бидний ажилд их түшиг болдог.
-Зорчигчийн вагоны парк нэлээд “өвгөрсөн” нь та бүхний ажилд их л нөлөөлдөг байх?
-Харин тиймээ. Надаас ч хөгшин вагонууд байна. Өвөлдөө хүйтэн, зундаа халуун. Наад зах нь цонх нээж, хаахад хэцүү болсон. Зун зорчигчид “Халуун байна. Цонх онгойлгоод өг” гэнэ. Олон жил болоод гажчихсан цонхыг мастерууд л очиж хөшиж байж нээж өгнө. Тэгж байтал орой болоод “Даараад байна хаа” гэнэ. Нээж өгсөн цонхнуудаа бүгдийг нь явж хаана. Манай депогийнхны хамгийн том мөрөөдөл парк шинэчлэлт шүү дээ. 1996 онд Японы зээлээр герман вагонууд авсан нь бүгд хуучирсан. 2008 онд авсан Бээжингийн цуваа бас хуучирсан байна.
Хамгийн сүүлд 2014 онд Москвагийн чиглэлд явах Тверийн вагонуудыг хүлээж авсан. Ухаалаг системтэй цуваа шүү дээ. Гоё шүү. Одоо Эрхүүгийн чиглэлд явж байгаа. Манайдаа хамгийн шинэ нь тэр. Гэтэл одоо 10 жил болчихлоо.
-Зорчигчдын дунд ажилладаг хүний хувьд тэдний санал сэтгэгдлийг өдөр тутамдаа сонсож л байгаа. Зорчигчид юу хүсэж байна вэ?
-Зорчигчийн галт тэрэгний тариф олон жил хөдлөхгүй явж байгаад хоёр удаа нэмэгдээд алдагдлаа тодорхой хэмжээнд бууруулсан. Гэхдээ л ашигтай ажиллаж чадахгүй байгаа шүү дээ. Үүнийг зорчигч нар тэр бүр мэдэхгүй. Нуулгүй хэлэхэд, “Танайх тарифаа нэмчихээд вагоноо шинэчлээч” гэдэг үгийг сүүлийн үед их сонсож байна. Зорчигч нартай аль болох эелдэг харьцаж, үгийг нь сонсоод өнгөрөх юм даа. Мэр сэр эвгүй харьцаатай хүн таардаг л юм. Эвтэйхэн л харьцахгүй бол утсаа шүүрч аваад л зураг авах, бичлэг, лайв хийх хандлагатай. Гэхдээ тийм хүн цөөн. Төмөр замчдын зовлон жаргалыг ойлгодог хүмүүс нь олон шүү.
Хуучин вагоны сэлбэг ОХУ-д үйлдвэрлэгдэхээ больсон. Төмөр зам маань боломжтой байсан бол аль эрт л паркаа шинэчилчих байсан байх. Хуучин вагонуудаа байнга арчилж тордож, цэвэрлэж явдаг үйлчлэгч нар л ачааны хүндийг нуруундаа үүрч байгаа. Зорчигчид вагон хэдий хуучин ч цэвэрхэн байгааг үнэлдэг. Гадны вагонуудын цэвэрлэгээ үйлчилгээ тааруу шүү. Би Хятадын Бээжингийн суудалд явж л байсан. Цэвэрлэгээ ер нь тааруу даа.
Манай ахмадууд “Ногоон вагоны минь буян” гэж их ярьдаг. Дотроо бид ч тэгж сүсэглэдэг. Тэгэхээр сайхан цаг мөд ирэх байх аа гэж боддог. Тэр болтол бид гал таслах эрхгүй. Ард түмэндээ үйлчилж л байх үүрэг хүлээсэн хүмүүс шүү дээ.
-За хоёулаа ярианы сэдвээ өөр тийш хандуулъя. Таны гэргийг бас төмөр замчин гэж сонссон?
-Тиймээ, миний гэргий С.Цогзолмаа гэж бүсгүй бий. Намайг сургууль төгссөн жил танилцсан юм. Манай хүн МУИС-ийн оюутан байлаа. Хөл хүнд болоод сургуулиа төгсөлгүй орхичихсон. Хими технологиор суралцаж байсан хүн шүү дээ. Тэгээд мэргэжилгүй болгочихсон хүн чинь 1998 онд депод ажилд оруулсан. Одоо Урсгал засварын цехэд наагч, бүрээсийн засварчнаар ажилладаг. Манайх гурван охинтой.
–Таны гэргийг үйл үртэст уран, ажилсаг бүсгүй байдаг гэж сонссон?
-Манай хүн оёдол хатгамал, нэхмэл, талх нарийн боов гээд хийхгүй юмгүй. Огт зүгээр суудаггүй. Алтны дэргэдэх гууль шарлана гэгчээр эхнэрээ дагаж би хоёр ч хөөрөгний даалин оёж үзсэн. Болмоор юм билээ. Гэхдээ одоо ойрын хараа муудсан байна лээ.
-Та чөлөөт цагаараа юу хийдэг вэ?
-Шатар нүүх дуртай. Мөн волейбол тоглодог. Гэхдээ депогийн залуучууд маань мундаг болсон байна. Тэднийхээ тоосон дунд хааяа тэмцээнд оролцоод л явж байна даа. Ажиллахын хажуугаар 2009 онд Удирдлагын академийг төгссөн.
-Цаг зав гарган ярилцсан танд баярлалаа. Ажилд нь амжилт хүсье.
Б.Гүнжинлхам