УИХ-ын гишүүн Ж.Бат-Эрдэнэтэй Төмөр замын тээврийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийн талаар ярилцлаа. Тус хуулийн төслийг Засгийн газар өнгөрсөн нэгдүгээр сард өргөн барьсан бөгөөд өчигдөр УИХ-ын Эдийн засгийн байнгын хороогоор хэлэлцэхийг дэмжсэн. Хуулийн төслийн ажлын хэсгийн ахлагчаар УИХ-ын гишүүн Ж.Бат-Эрдэнэ ажиллаж байна.

-Төмөр замын тээврийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөлд оруулж байгаа гол өөрчлөлт нь юу вэ?

-Саяхныг хүртэл манай улс Улаанбаатар төмөр зам гэж ганцхан төмөр замтай байлаа. Үндсэн суурь бүтэц нь Алтанбулагаас Замын-Үүд хүртэл ганцхан замтай, дээгүүр тээвэрлэж байгаа нь Улаанбаатар төмөр замын хэдхэн галт тэрэг байсан. Одоо бол цоо шинэ салбар үүсээд байна гэсэн үг. Олон салбар үндсэн замтай болчихлоо. Тавантолгой-Гашуунсухайт, Тавантолгой-Зүүнбаян, Ханги гээд том замууд барилаа. Энэ зам дээгүүр бара бүтээгдэхүүнээ тээвэрлэдэг явдаг аж ахуйн нэгжүүд бий болж байна. Төмөр замаар тээвэр хийж байгаа 5-6 аж ахуйн нэгж байна, хамгийн их нь 1000 гаруй галт тэрэгтэй болчихлоо. Монголын төмөр замын компаниуд бий болсон. Тиймээс энэ салбарыг либералчлахаас өөр аргагүй. Энэ бол түүхийн цоо шинэ алхам гэж үзэж болно. Хуульд оруулж байгаа гол өөрчлөлт нь суурь бүтэц буюу төмөр зам дээр явж байгаа тээвэрлэгч компанийг тус тусад нь болгож байгаа. Суурь бүтцийг нь замын компани хариуцаад, замаа арчлаад дээгүүр явж байгаа тээвэрлэгчдээс тодорхой хэмжээний татвар, хураамж авдаг. Дээгүүр нь ачаа тээвэрлэж байгаа компаниуд нь тусдаа төлбөрөө төлөөд ажилладаг болно гэсэн үг. Энэ хамгийн том шинэчлэл. Мөн хувийн хэвшлийн компаниуд, Орос, Монголын хамтран хувь нийлүүлсэн Улаанбаатар төмөр зам, хамгийн сүүлд Ханги чиглэлийн төмөр замыг хувийн компани барьчихлаа. Тэгэхээр эдний нарын хоорондын тарифын асуудал байна. Наад захын нэг жишээ бол Австралид нэг дор 5 зам барьсан байдаг. Нэг компани нь миний хөрөнгөөр барьсан зам гээд бусад компанийг явуулдаггүй. Тэгэхээр нөгөөх нь дахиад зам барьсаар байгаад нэг чиглэлд таван зам барьсан байна. Тиймээс хамгийн чухал нь төрийн болон хувийн хэвшлийн компаниудын замын харилцааг зохицуулах ёстой. Ингэхийн тулд яамны дэргэд хэрэгжүүлэгч агентлаг бий болгож байгаа.

-Ямар нэртэй, ямар чиг үүрэгтэй агентлаг байх уу?

-Төмөр замын газар гэдэг агентлаг байх болов уу. Энэ агентлаг төмөр замын зохицуулалтыг хийдэг, дүрэм журмыг гаргаад явна. Улаанбаатар төмөр замтай өрсөлдүүлээд Монголын төмөр зам гэдэг компани бий болгосон. Гэтэл саяхныг хүртэл Монголын төмөр замын вагоныг Улаанбаатар төмөр зам өөрийнхөө зам дээр явуулахгүй байсан. Шалтгаан нь стандарт нь таарахгүй, үйлчилгээг бидний түвшинд хийж чадахгүй гэдэг. Тиймээс нэг стандарттай байх ёстой. Авто зам төрийн болон хувийн хэвшлийнх байдаг. Дээгүүр нь ямар ч төрлийн машин нэг дүрэм, нэг стандартаар явдаг.  Яг үүнтэй ижил болно.

-Төмөр зам барьж байгаа компаниудыг хэрхэн зохицуулах вэ. Стандарт тогтоож өгөх үү?

-Ямар чиглэлд, ямар төмөр зам барих вэ гэдэг эрхийг Засгийн газарт өгнө. Засгийн газар төмөр замын чиглэлийг тогтооно гэж зааж өгсөн. Засгийн газар төмөр замынхаа бодлогын хүрээнд тухайн чиглэлийг нь заагаад зөвшөөрөл өгнө. Төмөр зам барих тусгай зөвшөөрлийг Засгийн газар өгч байсан. Зам барилгын ажлыг ямар ч аж ахуйн нэгж хийдэг болчихсон, аж ахуйн нэгжүүд хөгжчихсөн байна. Ийм нөхцөлд төмөр зам барих зөвшөөрлийг зөвхөн Засгийн газар өгнө гэж байж болохгүй. Тиймээс энэ эрхийг салбар яаманд нь олгож байгаа.

-Нэг компани 1000 гаруй вагонтой, түүнийгээ Улаанбаатар болон Монголын төмөр замд түрээсэлдэг гэсэн. Энэ мэт нэг аж ахуйн нэгжийн хэт давуу байдлыг арилгах зохицуулалт хуулийн төсөлд тусгасан уу?

-Дээр хэлсэнчлэн суурь бүтэц эзэмшигч нэг тусгай зөвшөөрөлтэй, дээгүүр тээвэр хийж байгаа компани нэг тусгай зөвшөөрөлтэй байна. Үүнийг зохицуулж байгаа нэг заалт оруулж байгаа нь энэ тусгай зөвшөөрлийг давхардуулж олгож болохгүй, тусдаа байна гэдгийг зааж өгсөн. Жишээлбэл, Тавантолгой-Гашуунсухайт чиглэлийн төмөр замын эзэмшигч нь Монголын төмөр зам. Монголын төмөр зам дахиад тээвэрлэгч хийхээр бусад тээвэрлэгчийг энэ замаар явуулахгүй. Зөвхөн өөрсдөө нүүрс зөөгөөд, бусдыг оруулахгүй хаана. Ийм давуу байдал бий болгочихоод байгаа учраас тээвэр, зам 2 тусдаа байна гэсэн заалтыг оруулж  өгч байгаа.

-Манай улс хоёр том төмөр зам өөрсдөө барьсан боловч хоёулаа мухар, ашиглалтад оруулж чадахгүй байгаа. Мухар зам бариад байх уу, яах уу. Энэ асуудлыг хуулиар зохицуулах боломжтой юу?

-Энэ асуудлыг хуулиар зохицуулсан заалт байхгүй. Энэ бол төрийн бодлого дутуу явсны л илрэл. Нэгэнт урагшаа хийлийн чиглэлд төмөр зам барьж байгаа бол  цаад улстайгаа тохирох хэрэгтэй. Аль чиглэлд байх, ямар чиглэлд огтлолцох, ямар царигтай байх вэ гэдэг хоёр улсын хоорондын асуудал. Бид энэ асуудалд хөрштэйгөө учраа олж чадаагүй л өнөөдрийг хүрчихсэн. Хоёр зам маань мухар болчихоод байна.

-Ярилцсанд баярлалаа.

 

Эх сурвалж: itoim.mn    Л.Одончимэг