Замын-Үүд боомтоор цагт 5000 зорчигч, зорчигч тээврийн 500 хэрэгсэл нэвтэрч, өдөрт 20 мянган хүнд үйлчлэх хүчин чадалтай болж, 24 цагаар ажиллах боломж бүрдэж байна
Замын-Үүд боомтын өргөтгөл, шинэчлэлийн ажил дуусжээ. Бүтээн байгуулалтын ажлыг БНХАУ-ын Засгийн газрын 233.5 сая юанийн буцалтгүй тусламж, улсын төсвийн 30.35 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалтаар гүйцэтгэжээ. Энэ хүрээнд зорчигч тээврийн хэсэгт шинээр шалган нэвтрүүлэх 9500 ам.метр цогцолбор бүхий барилга байгууламж 30, ачаа тээврийн хэсэгт 28 барилга, инженерийн дэд бүтцийн 2.2 км шугам сүлжээ, цахилгаан хангамжийн 11 км шугам, дэд өртөө, гэрэлтүүлэг, холбоо дохиолол, камержуулах зэрэг ажлыг хийж гүйцэтгэсэн байна.
Монгол Улсын хэмжээнд нийт экспортын 22 хувь, импортын 49 хувь нь Замын-Үүд боомтоор нэвтэрдэг. Тус боомтоор хийгдсэн худалдааг харвал 2019-2023 онд импорт 4.5 тэрбум ам.доллар, экспорт 3.4 тэрбум ам.доллар хүрч өссөнийг Засгийн газар онцолж байна.
Замын-Үүд боомтын өргөтгөлийн ажил хийгдсэнээр нийт талбай нь найм дахин, суудлын автомашин нэвтрүүлэх чадал долоо дахин, том оврын ачаа тээврийн хэрэгсэл нэвтрүүлэх хүчин чадал гурав дахин нэмэгджээ. Мөн зорчигч, ачаа бараа нэвтрүүлэх хүчин чадал таван дахин нэмэгдээд байгаа аж.
Замын-Үүд боомтоор цагт 900 зорчигч, зорчигч тээврийн 100 хэрэгсэл нэвтэрч байсан бол 5000 зорчигч, зорчигч тээврийн 500 хэрэгсэл нэвтэрч, өдөрт 20 мянган хүнд үйлчлэх хүчин чадалтай болж байна.
Тус боомтын зорчигч, ачаа тээврийн цогцолборыг дөрөвдүгээр сарын нэгнээс эхлэн зургаан сарын хугацаанд 24 цагаар ажиллуулахаар болоод байгаа юм. Энэ хүрээнд орон тоог нэмж, 340 албан хаагч Замын-Үүд боомтод ажиллаж байна. Ажилтнуудын нийгмийн асуудлыг шийдвэрлэх орон сууц барих шаардлагатай байгааг алба хаагчид илэрхийлжээ.
Замын-Үүд хилийн боомт 24 цагийн горимд шилжсэнээр тээвэрчдийн цагийг хэмнэхээс гадна буудал хоол, тээврийн хэрэгслийн хоногийн хураамж зэрэг зардлууд буурна гэдгийг өмнө нь мэдээлж байсан юм.
БНХАУ-аас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Шэнь Миньжюан боомтын сэргээн босголтын ажил Монгол Улсын эдийн засагт чухал нөлөөтэйг онцолж, БНХАУ-ын тал боомтын дэд бүтэц тээврийн шинэчлэлт, хил дамнасан аялал жуулчлалын чиглэлд дэмжин ажиллах байр суурьтай байгаагаа илэрхийлснийг “Xinhua” агентлаг мэдээллээ.