2024.07.24, 09:05 цаг Улаанбаатар-2 өртөөний замууд дээр ачаа, сунайсан галт тэрэгнүүд гарааны морьд шиг зэрэгцэн зогсоно...
Илчит тэрэгний хүчирхэг хөдөлгүүрүүд нэгэн хэмнэлээр нүргэлж, вагон үзэгч нарын алхны тогшилт хаа нэгтэйгээс бүдэг бадаг сонсогдож, найруулагчийн шүгэл, зүтгүүрийн дуут дохиотой хорших нь ер бусын....
-1213 дугаар галт тэрэг III замаас хөдлөхөд бэлэн. 23агал 07 илчит тэрэгний машинч Б.Лхагвасүрэн...
-2Загал 07 илчит тэрэгний машинчаа, гарах дохио нээлттэй. 1213 дугаар галт тэрэг явж болно.
-Мэдлээ. Н3 дохио нээлттэй байна.
-Та аян замдаа сайн яваарай...
Ийнхүү Улаанбаатар татах хэсгийн машинч Б.Лхагвасүрэн, Б.Галмандах нарын жолоодсон 2824 тонн жинтэй, транзит чингэлгийн ачаа бүхий галт тэрэг Зүүнхараа өртөөг зорин хөдлөв. Дээрх ачааг 2Загал зүтгүүр дангаараа татах боломжгүй тул 2ТЭ116УМ019 серийн илчит тэрэгтэй хослон аялах аж. Уг нь энэ бригад Улаанбаатар-Чойр чиглэлд аялахаар 02:49 цагт графикт орсон ч аяллын өмнөх үзлэгээр илэрсэн гэмтлийг засах шаардлагатай болсон тул ийнхүү аялах хуваарь өөрчлөгдөн Улаанбаатар-Зүүнхараа чиглэлд явахаар болсон нь энэ. Машинч Б.Лхагвасүрэн Улаанбаатар татах хэсэгт 2012 оноос ажиллаж, эдүгээ хашир туршлагатай машинч нарын нэгэнд зүй ёсоор тооцогдож байгаа бол Б.Галмандах туслах машинчийн замналаа эхлээд удаагүй байгаа нэгэн.
Эдүгээ ачааны галт тэрэг жолоодож байгаа машинч нарын 70-80 хувийг 1985-1995 оны залуус эзэлж байгаа гэдгийг машинч Б.Лхагвасүрэн аяллын эхэнд дурдсан. Товчхондоо 35-45 насны залуус өнөөгийн төмөр замын тээврийн тэргүүн магнайд “өнгөлж” байна.
Чухамдаа 75 жилийн бууралт түүхтэй УБТЗ-ын шинэ цагийн амжилт ололтыг шинэ үеийн залуус нуруундаа үүрч, тархиндаа тунгааж, залуу насныгаа идэр золбоогоор өнгөлж, тордож, шинэчилж, бүтээж яваагийн гол нотолгоо энэ ажгуу...
Илчит тэрэгний хүчирхэг хөдөлгүүр “лүг, лүг” нүргэлэн эрчээ авсаар Улаанбаатар-2 өртөөний III замаас алгуурхан хөдлөхөд машинч Б.Лхагвасүрэн цаанаа л нэг сэтгэл нь уужирсан аятай малгайгаа өмнөх тавцан дээрээ тавиад, алганыхаа араар магнайн хөлсөө шудрав. Шөнийн 02.00 цагт гэрээсээ гараад 09.00 цагт хөдөлж байна гээд бодохоор аяллын бэлтгэл нь аялахаасаа илүү ярвигтай ажил аж...
Тэрбээр бүхээгний цонхоор алгаа тэнийлгэн салхи анирдах мэт нүдээ анин түр бодлогоширсноо “Яг энэ мэдрэмж чамд ямар санагдаж байна вэ...” хэмээн өөрөө өөртэйгөө ярилцах мэт асуулаа.
-Удаан зогсож, бүгчимдсэн болохоор сэрүүцээд салхи сэвэлзээд сайхан байна шүү” гэвэл, хөгжилтэйгөөр инээмсэглээд
-Чи чинь хөдөө өссөн гээ биз дээ. Морин дэл дээр салхи сөрөн давхиж буй мэт санагдахгүй байна гэж үү? Надад бол яг л тэгж санагддаг” гэлээ.
Урт холын замд хүчирхэг төмөр хүлгийн залуур мушгиж, ажлын хүндийг үүрч явдаг ч огтхон ч алжаасан шинжгүй үе үе цагаахан инээмсэглэл тодруулах нь Монгол эр хүнийг гүдэс цайлган зан хийгээд залуу насны цог золбоог тодоос тод илэрхийлэх шиг...
Машинч Б.Лхагвасүрэн Төв аймгийн Зуунмод сумын уугуул. Аав нь хүнсний үйлдвэрийн нярав, ээж нь хүнсний технологичоор ажилладаг байж. Гэтэл 1990 онд аав, ээжийнх нь ажилладаг үйлдвэр татан буугдаж, улмаар гэр бүлээрээ Улаанбаатар хот руу шилжсэн байна. Юм бүхэн ховор тарчиг үеийг хэлэх үү Б.Лхагвасүрэн хар багаасаа эсгийн үйлдвэрт ажиллаж, тавдугаар ангиасаа зуны амралт бүрээрээ Булган аймгийн Гурванбулаг сум руу жоншинд явж хичээлийн хэрэгслээ бэлдээд зогсохгүй гэр бүлийнхээ амьдралд ч тус нэмэр болдог байв. Багаасаа хүнд хүчир ажил хийснийх өсгөлүүн гэж жигтэйхэн. Есдүгээр ангидаа дээрээсээ хоёрт жагсана. Гэтэл аравдугаар ангид ордог намар ангийн хөвгүүд нь суга өсөж мань хүн доороос хоёрт жагсах болж. Уг нь түүний аавын талынхан дунд 180 см-ээс нам хүн байхгүй. Ээжийнх талынхан бүр Өндөрийнхөн овогтой.
Харин туслах машинч Б.Галмандах Улаанбаатар татах хэсэгт ороод Б.Лхагвасүрэнтэй дөрөв дэх аялалдаа гарч буй нь энэ юм. Тэрбээр Улаанбаатар хотод төрж өссөн хүүхэд. “Манай гэр бүлд төмөр замчин хүн байхгүй. Ээжийн маань хамаатан гээд төмөр замд ажилладаг хүнийг хараад би “Ямар гоё хувцастай юм бэ. Би ийм дүрэмт хувцас өмсдөг хүн болно” гэж бодсон. Тэр цагаас хойш төмөр замын тухай мэдээлэл цуглуулж эхэлсэн дээ. Эхлээд техникчээр төгсөөд, дараа нь ТЗДС-д элссэн. Сурах явцдаа засвар, ашиглалтын цех дээр дадлагын ажлаа хийж байлаа. 2018 онд сургуулиа төгсөөд Сайншанд татах хэсэгт туслах машинчаар зургаан жил гаруй ажиллаад буцаж ирсэн. Засварын цех дээр дагалдаж байхдаа шантрах үе байсан шүү, үнэнийг хэлэхэд... хэмээн өөрийгөө товч танилцуулсан юм.
Аяллын явцад машинч, туслах хоёр аливаа үйлдэл хийхдээ, өртөөний жижүүрийн зааварчилгааг дагахдаа, өртөөний зам руу орох гарах дохионы өнгийг нягтлахдаа гээд ер нь хоёр биеийнхээ үйлдэл бүрийг алдалгүй давтах аж. Төмөр замын талаар огт мэдлэггүй хүн харвал магадгүй хөгжилтэй санагдах байх... Гэхдээ төмөр замын тээвэр минут секундээр хэмжигддэг нарийн технологитой, тэр бүхнийх нь ард эрдэнэт хүний алтан амь, хэдэн тэрбумаар хэмжигдэхүйц үнэтэй ачаа бараа явдаг болохоор ийм нарийн хяналттай байхаас ч аргагүй юм. Бие биеийнхээ үг үйлдлийг хянаад байгаа нь ХЗХ” буюу “Хар, заа, хяна” гэдэг систем бөгөөд Японоос гаралтай гэнэ. Энгийнээр хэлбэл, машинч хүний анхаарал хормын төдий ч сарних ёсгүй учраас ийнхүү өөрөө өөртэйгээ ярьж, туслах машинчдаа хэлэх, туслах машинчийнхаа давтан хэлснийг нягтлан сонсож ойлгох гээд давхар давхар хяналтыг бий болгосон арга барил аж. Тэгээд ч хэдэн мянган тонн ачаа, зорчигч тээврийг аваад хоорондын замд гарсан л бол зорьсон газраа саадгүй очих хатуу үүрэгтэй. Техник л юм хойно хоорондын замд илчит тэргэнд ямар нэгэн гэмтэл гарахыг үгүйсгэх аргагүй учраас машинч, туслах хоёрыг ялгаж салгах аргагүй. Чухамдаа яг л нэг хүн шиг ойлголцож, техникийнхээ ангийг 10 хуруу шигээ мэддэг, бас богино хугацаанд засаж чаддаг байх ёстой. Иймээс л үргэлж хоёулаа ажилладаг юм байна гэдгийг аяллын эхэнд юу юунаас илүүтэйгээр ойлгож авлаа. Туслахын хувьд илчит тэрэг зогсож байгаа үед бүхээгнийхээ доторхыг цэвэрлэх, салхины шилнийхээ халтрыг арчихаас эхлээд цэвэрлэгээ үйлчилгээг хийх бөгөөд машинчийнхаа үүрэг даалгавар бүрийг биелүүлж, ихэд хүндэтгэлтэй хандах аж...
Машинч Б.Лхагвасүрэн “...Ажил амьдралын гараагаа зэрэг эхлүүлж байгаа залуучуудын хувьд ялангуяа машинчийн ажил үнэхээр амаргүй. Хүн болгон адилгүй шүү дээ. Намайг туслах машинчаар ажиллаж байх үед машинчийн маань эхнэр нь араас нь байнга залгадаг, уур бухимдлыг нь хүргэдэг, хардаж сэрддэг асуудал бишгүй л тохиолддог байсан. Бид аялалд явж байгаа үедээ утсаар ярьж болохгүй учраас утсаа унтраачихна. Амрах байрандаа ирэхэд нь бөөн дуудлага, мессеж ирчихсэн. Нөгөө машинч маань юун унтаж амрах манатай нервтээд л... Ажлынхаа дөнгөж талд орж байхад ар гэр рүүгээ яараад л. Тухайн хүнд өөрт нь байтугай хамт явж байгаа надад хүртэл тээртэй санагддаг байсан. Ингэж анхаарал нь сарнисан хүн алдаж эндэх вий гэж давхар санаа зовно. Одоо ч гэсэн дээ. 10-аад жил ажиллаж байгаа хэдий ч залуу хүний хувьд амьдрал ахуйгаа авч явах гээд амсхийх завгүй зүтгэж байна. Эхнэр маань хоёр хүүхэд гаргаад 4,5 жил ажлаасаа завсардсан тэр үед бол ёстой чардайсан шүү. Амралтгүй ажиллана. Илүү цаг хийх гээд л гүрийнэ. Улаанбаатар татах хэсгийн хамгийн өндөр цалинг авдаг үе надад байсан. Одоо бас ч гэж эхнэр ажилд ороод орон сууцаа томруулах санаатай ипотекийн зээл хөөцөлдөөд л байна. Гэхдээ хүний хийдэггүйг хийдэг юм шиг их зантай хүмүүс бий. Уг чанартаа бол дохио нээж, хаадаг жижүүр, диспетчерүүд, замынхаа аюулгүй байдлыг хангадаг замчид байхгүй бол машинч нар илчит тэрэгтэйгээ хаа хүрэх вэ. Төмөр замын тээвэр бол багийн ажиллагаа, хамтын хөдөлмөр. Машинч бид нар харин сүр жавхаа, сүлд хийморь нь болж энэ олон хүний хөдөлмөр зүтгэлийн магнайд явдгийн хувьд зөвхөн ажил мэргэжилдээ гаргууд байгаад зогсохгүй хувь хүний хувьд ч үлгэр жишээ байх ёстой гэж боддог доо...” хэмээн дотно яриа өрнүүлсэн билээ.
Машинчийн мэргэжил амаргүй
Ирээдүйд ямар машинч болох вэ гэдэг нь анх дагалдсан машинчийнхаа ур чадвар төдийгүй хувийн зан араншингаас шууд хамаардаг гэх. Б.Лхагвасүрэн бол 2023 оны “Замын мэргэжлийн аварга машинч” Дү.Ганболдын гарын шавь. Машинч болсноосоо хойших зургаан жилийн хугацаанд онц шаардлагатай үед оновчтой шийдвэр гарган, мэргэжлийн ур чадвар, мэдрэмж хоёрынхоо үр дүнд гурван ч хүний эрдэнэт амийг аварч яаралтай тоормос хийжээ. Тийм ч учраас багшийнхаа барьж явсан алхыг өвлөн атгаж хос харгуйгаар итгэл төгс довтолгож яваа нэгэн.Амрах завгүй их ажлынхаа зэрэгцээ залуу машинчдынхаа нийгмийн идэвхийг нэмэгдүүлж, илүү ихийг сурч мэдэх үйлсэд чиглүүлж яваа чадварлаг залуу. Энэ талаар тэрбээр,
-Дүү нар маань тууштай байх шаардлагатай юм болов уу. Хэдийгээр өнөө цагт олон ур чадварыг зэрэг эзэмших боломжтой болсон ч нэг зүйлийг маш сайн хийж чаддаг болох, 10 зүйлийн зах зухыг мэдэх төдий хийж сурах хоёрын дунд асар том зааг ялгаа бий. Би л гэхэд Залуучуудынхаа зөвлөлийг сайн ажиллуулна гэсэн бүрэн итгэлтэй авсан. Гэтэл сүүлд орж ирж байгаа залуучууд маань маш хойрго байна. Ажилд орсон эхний сардаа нэлээд идэвхтэй гүйж байснаа хоёр дахь сараас нь сураг чимээгүй алга болчихдог. Ямар нэгэн зүйл зохион байгуулж үзээгүй болохоор туршлагагүйтэж ганц хоёр бүдрээд л шууд шантарч байна л даа. Санаж сэдсэн зүйлийнхээ араас тууштай хөөцөлдөх хичээл зүтгэл алга. Нөгөө талаасаа бидний ажлын онцлог өөрөө хэцүү. Жишээ нь, би 176 цагаа гүйцээгээд л болдог бол цайны цагтайгаа нийлээд өдрийн есөн цагт ажиллаад бууна. Түүнээс хойших цагийг хэрхэн ашиглах нь тухайн хүний өөрийнх нь асуудал. Гэтэл бид 180 цаг гүйцээхийн тулд амралттайгаа нийлээд 270 цаг ажиллаж байгаа юм. Үндсэндээ сард дунджаар 300 цагийн хугацаанд гэрээсээ хол явдаг гэсэн үг. Үлдсэн 420 цагаас хамгийн багадаа 200 цагийг нь гэртээ унтаж амрахад зарцуулна. Хол замд тасралтгүй явж ядарсан хүн түүнээс ч илүү хугацаагаар унтана. Энэ бүхнийг зохицуулаад өөрийгөө хөгжүүлж, шинийг сурахад цаг гаргая гээд бодоход яг хэзээ буцаж ажилд дуудах нь тодорхой бус. Зам зуур гэрээсээ авч гарсан хүнсээ идсэн ч амрах байранд өлсөж л орно. Юм идэж амжаагүй бол бүр ч ухаан жолоогүй иднэ. Үргэлжлүүлээд л шууд унтана. Өдөр унтаж байгаа учраас 5-6 цаг унтаад л сэрнэ. Буцаад л шөнөжин давхисаар Улаанбаатарт очно. Депо дээр ирээд наад зах нь хоёр цаг саатна. Ингээд л гэртээ ороод дахиад унтана. Өглөө сэрэхэд миний амралтын цаг дуусаж байх жишээтэй. Ийм хэмнэлээр яваад байхад багийн найзууд бүгд хөндийрдөг. Өөр салбарынхантай найзалж нөхөрлөнө гэж бүр ч байхгүй. Хамт ажилладаг үеийн залуустайгаа хааяа уулздаг ч ажлын тухай л ярьцгаана. Хүссэн хүсээгүй хайрцагт орчихдог юм билээ. Энэ байдлаасаа гарахын тулд би Залуучуудын төв байгууллагад гишүүнээр элсэж, аливаа үйл ажиллагаанд нь идэвхтэй оролцдог болсон. Саяхан Улаанбаатар татах хэсгийнхээ залуучуудын зөвлөлийн тэргүүний сонгуульт ажлыг авсан. Уг нь их сайхан ажиллая гэж бодсон ч залуус маань маш хойрго байна” гэв.
Нээрэн ч тэд шөнө дөлөөр ажилд гарсныг хэлэх үү, аян замын турш таван мэдрэхүйгээ дээд цэгт нь тултал ажиллуулж ирснийг хэлэх үү Зүүнхараагийн амрах байранд хоолоо идээд л шууд унтацгаав. Хамт явсан миний хувьд саяхан идсэн хоол ходоод холгож, халуун өрөөнд бүгчимдээд цурам хийж чадалгүй буцах аялалд нь нэгдсэн билээ. Дээр нь илчит тэрэгний маслоны үнэр, хөдөлгүүрийн чимээ, гар станцын шуум, дуут дохионы чанга дуунд нойр дутуу яваад байхаар өөрийн эрхгүй ядаргаанд орох аж. Ийм л учраас машинч нарын сонсгол эрт муудаж, зуны халуун, өвлийн хүйтэнд ажлын талбартаа зогсоогоороо явсаар бөөр нурууны өвчтэй болдог төдийгүй цусны даралт ихсэх өвчлөл зонхилдог бололтой.
Хувь тавилан нь түүнийг төмөр зам руу чиглүүлжээ
-Би уг нь хуульч болох сонирхолтой байсан. Баянгол дүүргийн олимпиадад гуравт, улсын олимпиадад 11 дүгээр байрт шалгарч байлаа. Эхний аравт багтсан бол МУИС-ийн урилга авах байсан юм. Тэгээд шарандаа элсэлтийн ерөнхий шалгалтаа физик, хими, математик гурваар өгч, МИУС-ийн хуулийн ангид бүртгүүлсэн. Гэтэл нийгэм, математик хоёртоо 750, физиктээ 600 гаруй оноо авсан. Гэтэл аавын маань нэг танил “Ийм өндөр оноотой хүүхэд ТЗДС-д тэнцэнэ шүү дээ. Төгсөөд ажлын байр ч бэлэн” гэж байна. “Төгсөөд шууд ажлын байртай гэдэг үг нь туйлын сонирхол татаж ТЗДС руу харайлгалаа. “Бүртгэл дөнгөж сая дуусчихлаа шүү дээ. Одоо цайны цаг болж байна” гэх нь тэр. Азаар тэнд байсан нэг эгч “Чи эрт ирэхгүй яадаг хүүхэд вэ, наад материалаа өг дөө” гэж байна. Тэгснээ “Энэ ёстой сайн оноотой хүүхэд байна. Бүртгээд авчих уу?” гээд л цаашаа ярьж байна. Цаад хүн нь ч зөвшөөрсөн бололтой шууд бүртгээд авчхав. Аавдаа ирээд хэлтэл “Миний хүү өөрөө л мэд. Чиний л сонголт шүү дээ” гэв. Хүн амьтнаас асуувал “Төмөр зам цалин хангамж ч өндөр шүү дээ” гээд л нэг ч муу юм ярихгүй байна шүү. Тэгээд л сонголтоо хийсэн. Хавар ТЗДС-д элссэн хүүхдүүдийг оноогоор нь жагсаагаад “Эхний 10 хүүхдийг авна” гэхэд би чүү ай л багтсан. “ТЗДС-ийг сонгосон хүүхдүүд тооны хичээлдээ ямар сайн юм бэ” гэж бодож билээ. Дараа нь ангиа сонгохоор очиход өөдөөс Т, Д, Л... гээл үсэг хэлээд байв. “Би ямартаа ч вагон жолооддог л хүн болмоор байна” гэхэд тэнд байсан хүмүүс бүгд инээлдэв. Бүртгэгч эмэгтэй “Т-ын инженерийн ангийн хуваарь дууссан. Өөр анги сонгох уу?” гэлээ. “Үгүй ээ. Вагон жолооддог л хүн болмоор байна” гээд гүрийв. “Тэгвэл хоёр жилийн анги байна. Үүнийг авах уу?” гэж байна. “Яг вагон жолоодох уу?” гэж лавлавал “Тиймээ” л гэв. Ийнхүү би техникчийн ангид элссэн юм. Дараа нь хуваариа харахад намайг яагаад ч юм 11 рүү жагсаагаад эхний хүүхдүүдэд инженерийн ангийг нь өгчихсөн байсан юм билээ. Гэхдээ миний хувьд тэр нь ч зөв болж дээ гэж боддог. Сургуулиа төгсөөд ажилд орох гэтэл авах газар байдаггүй. Тухайн үед шууд ажилд орно гэдэг үнэхээр амаргүй үе. Зүтгүүрийн депод л гэхэд жилдээ 4-5 хүн шинээр ажилд авбал их юм. “Би ямар ч ажил байсан хийнэ ээ” гэж шалсаар Улаанбаатар татах хэсэгт сумчин-найруулагчаар ажлын гараагаа эхлүүлж байлаа. Ажилд оронгуутаа гурван сая төгрөгийн цалингийн зээл авч, аавынхаа машиныг сольж өгч байлаа. Тэр ажлаа гурван жил хийсэн.
Залуу машинч нар эхний хэцүү үеүдийг л давчихвал тэгээд болно доо. Цаг сунаж ажиллахаас эхлээд алийг тэр гэх вэ. Нүд хараатай мөртлөө өөр юм боддог үе бий. Заримдаа гэртээ ирсэн ч зүүдлээд унтаж чадахгүй үе ч гардаг байсан. “Аялалд явж байтал гэв гэнэт зам алга болчихлоо. Дохио буруу нээгдчихлээ...” гэхчлэнгээр муу хар дарж зүүдлээд хашхираад л босож ирнэ шүү дээ. Шинэ машинч аялалд гараад л “хаана тоормос хийх, станцаар юу гэж ярих, хаана дохио өгөх билээ” гэхчлэнгээр алхам бүрээ бодож, биеэ барьж явсаар маш их стресстдэг. Түүнээсээ л болдог байх. Би сүүлийн зургаан жилийн турш 11, 12 дугаар сард ээлжийн амралтаа авсан. Эхэндээ бол яаж ч илүү цагаар ажилласан тоодоггүй байлаа. Одоо харин гараанаасаа буугаад явж байхдаа өөрийн мэдэлгүй унтчих гээд байдаг болсон. Ер нь, тэгээд аливаа зүйлийг зөв дадал болгож чадвал ямар ч ажил сайхан даа... хэмээснээр бидний урт замын аялал дууссан билээ.
Ассан галыг бадамлуулах нь чухал
УБТЗ-ын ачааны хүндийг үүрч, улсынхаа хөгжил цэцэглэлтийн төлөө нүд цавчихгүй зүтгэж яваа машинч нар бол яах аргагүй 1985-1995 оны залуучууд аж. Тэд саяхан л ахмад үеийнхэнд зэмлүүлж, дунд үеийнхэндээ гологдож явсан бол одоо хэдийнэ өндөр ур чадвартай, олон жилийн туршлагатай үнэт капиталууд болжээ. Гагцхүү тэдэнд эрүүл саруул, тав тухтай орчинд ар гэртээ санаа зовох зүйлгүй ажиллах боломж бололцоо л хэрэгтэй байна. Түүнээс гадна орчин цагийн эрчимтэй хөгжлөөс хоцрохгүй, үеийн залуустайгаа мөр зэрэгцэн алхах хүсэл эрмэлзэл тэдний сэтгэлд гал мэт бадамлан асаж байна даа гэсэн бодрол энэ зуурт төрж явсан юм. Гал хэдий халуун ч бадамлаж байгаа цагт нь өрдөхгүй бол цучил болон унтардаг ажгуу.
Б.Дэлгэрхишиг