Замын II ангийн захиргаа ҮЭ-ийн хороотойгоо хамтран зохион байгуулсан “Хариуцлагаа ухамсарлаж, хандлагаа өөрчилье” сэдэвт ажил удирдагчдын нэгдсэн зөвлөгөөн энэ сарын 02-нд зохион байгуулагдлаа. Энэхүү зөвөлгөөнд Замын аж ахуйн албаны дарга Ю.Нямжаргал, Техникийн бодлого, стандартчиллын албаны дарга С.Мөнх-Алдар нарын албаны хүмүүс, тус ангийн анхан болон дунд шатны ажил удирдагчдын төлөөлөл болсон 140 гаруй хүн хамрагдсан юм.

Бүтэн өдрийн турш үргэлжилсэн тус зөвлөгөөний хүрээнд хуульч, сургагч багш Ц.Азбаяр “Хариуцлагаа ухамсарлаж, хандлагаа өөрчилье” сэдвээр сургалт хийж, Замын аж ахуйн албаны дарга Ю.Нямжаргал “Удирдах ажилтны ёсзүй”, Техникийн бодлого, стандартчиллын албаны дарга С.Мөнх-Алдар “Манлайлал” сэдвээр илтгэл тавив. Мөн Зүтгүүрийн засвар хариуцсан хяналтын байцаагч Д.Батдорж, Дохиолол холбооны II ангийн дарга Ц.Цэнгэлжаргал, ХАБЭА хариуцсан инженер Л.Урантөгс, Э.Энхтүвшин нар Замын хэмжээнд шинээр нэвтэрч буй техник технологи, дүрэм журам, суурь бүтцийн чиглэлээр цаашид гарах өөрчлөлт, шинэчлэлийн тухайн мэдээ мэдээлэл хүргэсэн юм.  Мөн зөвлөгөөнд оролцогчид “Хариуцлагаа ухамсарлаж, хандлагаа өөрчилье” сэдвийн хүрээнд харилцан санал солилцлоо.

Д.Алтангэрэл: Амгалан Толгойт хоорондын торон хашааг цогцоор нь шийдэх шаардлагатай

Энэ үеэр Замын II ангийн дарга Д.Алтангэрэлээс цөөн асуултад хариулт авлаа.

-Тус зөвлөгөөнийг зохион байгуулагчий хувьд ямар үр дүн хүлээж байна вэ?

-Замын захиргаанаас суурь бүтцийн чиглэлээр авч хэрэгжүүлж байгаа бодлого шийдвэрийг хэрэгжүүлэхэд нэн тэргүүнд анхан болон дунд шатны ажил удирдагч нар өөрсдөө зөв ойлголттой, зөв хандлагатай байх ёстой. Энэ ч утгаараа зорилтот сэдвийн хүрээнд нэгэн дээвэр доор чуулж, санал бодлоо солилцох нь төмөр замчдын хувьд өмнөө тавьсан зорилтоо бүрэн дүүрэн хэрэгжүүлэхэд хамгийн том түлхэц болно гэж харж байгаа. Манай ангийн хамт олон бол  зөвхөн УБТЗ-ын төдийгүй Монгол Улсын төмөр замын суурь бүтцийн үндсэн зангилааг хариуцан арчилж, ажиллаж байгаа нь бидний бахархал юм даа. Тийм ч учраас ажлаас хойш суух, хариуцлагаас зугатаах эрх бидэнд байхгүй. Ийм чухал хэсгийг харилцан ажилладгын хувьд тус ангид хамгийн чадварлаг, манлайлагчид, хариуцлагаа ухамсарласан  ажилтнууд байх ёстой гэсэн зарчмыг манай хамт олон барьж ажилладаг.

-УБТЗ-ыг босоо удирдлагатай, хагас цэргийн зохион байгуулалттай гэж онцлох нь бий. Гэхдээ орчин цагийн удирдлагын арга хэлбэр үүнээс арай өөр хэлбэр рүү шилжиж, залуус ч бас цаг үеийнхээ хэмнэлийг хүсэж байх шиг санагддаг?

-Тийм шүү.Бидний үеийнхэн болон биднээс өмнөх үеийнхэн таны хэлсэнчлэн захиргаадалтын арга хэлбэрээр суралцаж, ажиллаж ирсэн шүү дээ. Ер нь нийтээрээ л энэ зарчмаар хүнийг удирдаж, ажил хийлгэдэг байлаа. Гэтэл өнөө цаг үеийн залуусыг ажил хийлгэхийн тулд тухайн хүн бүрт таарсан арга барилыг олох, түүнийгээ оновчтой ашиглах шаардлага байгууллагын удирдлагад яах аргагүй тулгарч байна. Тэгэхгүй бол шууд тулгасан байдлаар удирдана гэвэл ямар ч чадварлаг боловсон хүчнээ алдахыг үгүйсгэхгүй хэмжээнд ирээд байгаа юм.

-Танай ангийн хувьд төв сууриндаа ойр байрлалтай учраас боловсон хүчний хувьдхарьцангуй тогтвор суурьшилтай ажилладаг байх?

-Манай ангийн хувьд 282-554 дүгээр км хүртэл гол зам болон Багануур, Багахангай, Аршаант, Мааньт, Мандал, Толгойт зэрэг УБТЗ-ын томоохон өртөөдийн болон салбар замуудыг арчилдаг. Дээр нь Хоолт, Баян, Эмээлт зэрэг бага радиустай өндөр даваа бүхий газруудад байрласан суурь  бүтцүүдийг хариуцдаг. Мөн жижүүрийн зохицуулалттай өндөр ачаалал бүхий гармуудын 50 гаруй хувийг дангаараа хариуцан ажилладаг. Манай хамт олны хувьд нэн тэргүүнд тулгамдаж байгаа асуудал гэвэл анх иргэд, авто замын хөдөлгөөнтэй уялдуулж бус малын хориг хашаа хэлбэрээр зохион байгуулсан төмөр замын аюултай зохион байгуулалт нь өнөөгийн нөхцөлд төдийлөн тохиромжгүй болоод байгаа юм. Монгол Улсын нийт хүн амны тал шахам хувь нь төвлөрч байгаа газар нутагт төмөр замын аюултай бүсийн дэглэмийг сахиулж, ГТХАБ-ыг хангана гэдэг өндөр хариуцлагатай, ур чадвар, нарийн зохион байгуулалт шаардсан ажил болсон. Маш олон талт үйл ажиллагааг нэгийг нь ч орхигдуулалгүй авч явж гэмээнэ иж бүрэн аюулгүй байдал хангагдаж байна. Жишээ нь, төмөр замын гармын аюулгүй байдлыг иргэд, тээврийн хэрэгслийн жолооч нар огт хангахгүй байна. Төмөр замын торон хашаа, аюултай бүсэд дур зоргоороо нэвтэрч явдаг нь манай ажилтнуудад томоохон хүндрэл учруулж байгаа юм. Тийм ч учраас Толгойт-Амгалан хоорондын торон хашааг  өөр зохион байгуулалтаар шийдэх хэрэгтэй байна. Газар зүйн онцлогийн хувьд төв суурин газартаа ойр байгаа нь давуу тал боловч ажлын ачаалал, хариуцлага талаасаа нэлээд өндөр шалгууртай байгууллагад манай анги хамаардаг гэлээ.