Замын даргын намрын үзлэг энэ сарын 15-18-д хойд хэсэгт болж өнгөрлөө.

Үзлэгийн комиссыг УБТЗ-ын нэгдүгээр орлогч дарга О.А.Казаков ахалж , Хөдөлгөөний аюулгүй байдал хариуцсан орлогч дарга Ш.Нямсүрэн, Суурь бүтэц хариуцсан орлогч дарга К.Р.Белош, Нийгмийн асуудал хариуцсан Замын орлогч дарга А.Батболд болон бусад албадын дарга нар, хяналтын байцаагч нар гэсэн өргөн бүрэлдэхүүнтэй явцгаалаа.

Үзлэгийн комиссынхон тусгай галт тэрэг хөлөглөн Монгол Улсын хойд хилд орших Сүхбаатар хэсэглэлийн  Хойт зөрлөгөөс ажлаа эхэлж, Толгойт өртөөний Эмээлт зөрлөг хүртэлх 29 өртөө,зөрлөгт үзлэг, шалгалт хийж, зөвлөмж, даалгавар өглөө.

 

СҮХБААТАР ХЭСЭГЛЭЛ

 

Сүхбаатар хэсэглэлийн  ачилтын төлөвлөгөө оны эхний найман сарын байдлаар 94.7-96.2 хувиар биелжээ. Төлөвлөгөөний тасалдал нь “Болд төмөр-Ерөө гол” ХХК-ийн төлбөр тооцоо, зээлийн эрхээс шалтгаалжээ. Зорчигчийн урсгал нэмэгдэж байгаа боловч вагон хүрэлцээгүйгээс зорчигчийн хүн төлөвлөгөө биелээгүй байна. Гэсэн хэдий ч тасалбарын интернет худалдааны төлөвлөгөө 106 хувиар, орлого нь 184 хувиар биелж, 856 сая төгрөгийн орлого оруулжээ. Оны эхний найман сард Сүхбаатар хэсэглэл 7 тэрбум төгрөгийн орлоготой, 6.8 тэрбум төгрөгийн зардалтай, 215 сая төгрөгийн ашигтай ажилласан нь өмнөх оны мөн үетэй харьцуулахад орлого 169 сая төгрөгөөр өссөн үзүүлэлт юм.

Хөдөлгөөний аюулгүй байдлын эрсдэлийн үнэлгээгээр Сүхбаатар хэсэглэл 5.2 буюу дунд эрсдэлтэй гэж үнэлэгдсэн байна. Энэ нь шинэ ажилчид олноор нэмэгдэж орж байгаатай холбоотой гэнэ. Тус хэсэгт аюулгүй байдлын чиглэлээр 43 мэдээлэх хуудас ирснийг шалгаж шийдвэрлэжээ.  

Хэсэглэлийн хэмжээнд төмөр замын арчилгаатай салбар замуудад үзлэг хийж, 13 үл тохирлыг илрүүлэн арилгаж, 2024 он гарснаас хойш гологдол дутагдалгүй  ажиллаж байна. Иймд эрсдэлийг өсгөхгүйн тулд тодорхой төлөвлөгөө гарган ажиллаж байгаа ажээ. Хэсэглэлийн хэмжээнд 32 ширхэг технологийн карт ашиглаж байгаа бөгөөд таван картыг шинэчлэн боловсруулж батлуулжээ. Бүх технологийн картыг QR кодоор уншдаг болгож, ашиглалтыг эхлүүлсэн байна.

Замын даргын үзлэгийн комисст хандаж тус хэсэглэлээс хэд хэдэн хүсэлт тавилаа. Тухайлбал, Сүхбаатар өртөөний дамжуулах конторын барилгын хананд цууралт үүсэж, дулааны алдагдал их байгаа тул гадна фасадны засвар хийх, 2019 онд ОХУ-аас нийлүүлж суурилуулсан АСКОВПВт төхөөрөмжийн баталгаат хугацаа дуусаж, 2024 онд сүлжээний свич, тог бууруулагчийг худалдан авч сольсон боловч нэг свич, овор хэмжигч нь аравдугаар сарын 12-ны өдөр ажиллагаагүй болжээ. АСКОВПВт төхөөрөмжийн засварын ажлыг мэргэжлийн баталгаат байгууллагаар хийлгэх гэрээ байгуулах хүсэлтэй байгаа ажээ.

Түүнчлэн, үер усны улмаас Ерөө өртөөний барилгад гэмтэл гарч акт тогтоогдсон учраас засвар хийх шаардлагатай байгаа. Иймд төлөвлөгөө авч гүйцэтгэх шаардлагатай байгаа юм байна.

       

ДАРХАН ЗАНГИЛАА

 

Дархан татах хэсгийн  ачаа тээвэрлэлт оны эхний есөн сарын байдлаар 101.0 хувиар, зорчигч тээвэрлэлт 81.8 хувиар биелж, ашиглалтын тоон ба чанарын үзүүлэлт бүгд биелж яваа ажээ. Дархан-Улаанбаатар хоорондын авто зам засварын ажил дууссантай холбогдуулан суудлын вагоны тоо цөөрсөн учраас зорчигчдын тоо өмнөх онтой харьцуулахад нэлээд буурчээ. 2024 онд төлөвлөгөөт засварт 190 илчит тэрэг орохоос 184.5 илчит тэрэг буюу 97.1 хувь нь ороод байна. Энэ нь өнгөрсөн онтой харьцуулахад 107.0 хувиар илүү үзүүлэлт юм.

Илчит тэргийг өвлийн тээвэрт бэлтгэхийн тулд 32.5 илчит тэргийг засварлахаас 25.5-ыг нь засварлаад байна. Энэ эрчээрээ явбал арваннэгдүгээр сарын 5-нд үлдсэн илчит тэргийг засварлаж дуусахаар байгаа гэнэ.  

Оны эхний 9 сарын байдлаар ашиглалтын нийт зардал төлөвлөгөөтэй харьцуулахад 99.8 хувийн биелэлттэй буюу зардал хэтрээгүй,  өнгөрсөн оны мөн үетэй харьцуулахад 98.9 хувийн биелэлттэй зардал хэтрээгүй. Санхүүгийн үр дүнгээр 2,4 сая төгрөгийн цэвэр ашигтай ажиллажээ.

 Энэ нь бохир сая.тн км буюу нийт тээвэрлэлт өнгөрсөн онтой харьцуулахад буурсантай холбоотой байна.

Өмнөх үзлэгүүдээр тус татах хэсэгт өгөгдсөн үүрэг даалгавруудын биелэлт 20-60 хувийн биелэлттэй байна.

Дархан татах хэсэгт гуравдугаар улиралд  галт тэрэгний аюулгүй байдлын нэг гологдол, 14 дутагдал гарчээ. Энэ нь ажилтны хувийн болон ажлын зохион байгуулалт, сахилга бат сул, технологийн болон дүрэм журмын мэдлэг, ур чадвар дутмаг зэргээс шалтгаалжээ. Үүнд хүчин зүйлийн нөлөөлөл 62.5 хувь байсан бөгөөд эрсдэлийн үнэлгээ нь 4.4 хувь буюу дундаж үзүүлэлттэй гарчээ.

Эдгээр эрсдэлийг арилгахын тулд “Засварчдын зөвлөгөөн”-өөс гаргасан шийдвэрийн дагуу “Нэг мастер-нэг илчит тэрэг” гэсэн төслийг боловсруулан есдүгээр сараас хэрэгжүүлж эхэлжээ. Төслийн хүрээнд бага засварын ээлжинд хуваарилалт, ажлын зохион байгуулалт, цалин хөлсний систем, мастер, хүлээн авагч нарын ажлын хуваарилалт зэргийг өөрчилсөн байна. Ингэсний үр дүнд сарын хугацаанд мэдэгдэхүйц өөрчлөлт гарчээ. Тухайлбал өмнөх оны мөн үетэй харьцуулахад энэ нэг сарын хугацаанд дөрвөн илчит тэргийг илүү засварлаж чадсан байна.

Ашиглалтын хувьд хамгийн хүндрэлтэй асуудал бол зүтгүүрийн бригадын орон тооны хүрэлцээ юм. Одоо Дархан татах хэсэгт 131 машинч, 126 туслах машинч ажиллаж байна. 2025 онд ачаа тээвэрлэлт эрс нэмэгдэх учраас орон тооны зүтгүүрийн бригадын орон тоог тооцож үзэхэд 20 машинч, 29 туслах машинч нэмэх шаардлагатай гэнэ.

Дархан Татах хэсгийн Засварын цехийн өргөтгөлийн зураг төсөл, газар сонголт бүрэн хийгдсэн. Одоо хөрөнгө оруулалт, барилга угсралтын ажил хүлээгдэж байгаа. Үүнтэй зэрэгцүүлээд Засварын цехийн дээврийг шинэчлэх шаардлагатай ажээ. Учир нь өнгөрсөн 21 жилийн хугацаанд үүнд огт засвар хийгээгүй юм байна.

 

 ЭРДЭНЭТ ӨРТӨӨ

 

Дархан зангилааны Эрдэнэт өртөөний тээврийн орлого оны эхний 9 сарын байдлаар 31.5 тэрбум төгрөгийн орлого оруулж өнгөрсөн оны мөн үеэс  19.1  тэрбум төгрөгөөр буурсан байна. Энэ нь олон улсын ачилтаар зэсийн баяжмалын ачилт 642 вагоноор, нүүрсний ачилт 1652 вагоноор буурсантай холбоотой ажээ.

Эрдэнэт өртөө нийт зардалд 3.298 452.0 мянган төгрөг зарцуулж 3.370.151.0 мянган төгрөгийн орлого оруулж, 71698,0 мянган төгрөгийн ашигтай ажиллажээ. Вагон явуулалтыг 105,2 хувиар биелүүлж, ажиллах хүчний тоог орон тоонд барьж ажилласнаар  хөдөлмөрийн бүтээмж 222.9 вагоноос 235.6 вагонд хүргэж 105.7 хувиар буюу 12.7 вагоноор  нэмэгдүүлсэн байна. 

Ашиглалтын зардал 98.6 хувиар зарцуулж, тээврийн орлого , вагон явуулалтыг биелүүлж ажилласнаар өөрийн өртөгийг 173.300 төгрөгөөс 161.750 төгрөг болгож өртөгийг 6.6 хувиар бууруулан ажиллажээ.

 

Замын даргын А/652 тоот тушаалын дагуу хувийн арчилгаатай “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ, “ Эрдэнэт дулааны цахилгаан станц ” ТӨХК салбар замын III,IV улирлын болон хяналтын үзлэг шалгалт хийхэд ГОК-д 101 гэмтэл, ТЭЦ-д 83 гэмтлийг тус тус илрүүлж засах үүрэг даалгаврыг өгсөн. Эрдэнэт өртөөний хэмжээнд эхний есөн сарын байдлаар нийт 496 зам сумын гэмтэл илэрч хугацаатай засах үүрэг өгч хугацаанд нь засаж хэвийн болгож ажиллажээ.    

Тус өртөөнийхөн үзлэгийн комисст хандаж Эрдэнэт өртөөний ачиж буулгах хэсэг буюу гаалийн хяналтын бүсийг бүрэн камержуулах асуудлыг шийдвэрлэж өгөхийг хүслээ.

 

ЗҮҮНХАРАА ХЭСЭГЛЭЛ

 

Зүүнхараа өртөөний тээврийн үндсэн үзүүлэлтийн төлөвлөгөөний биелэлт тайлант хугацаанд 107-164.4 хувийн биелэлттэй байна.Тухайлбал вагон ачилтын төлөвлөгөө 164.4 хувийн гүйцэтгэлтэй буюу  6405 вагоноор илүү байна. Харин зорчигч тээвэрлэлтийн төлөвлөгөө 77.0 хувийн гүйцэтгэлтэй байгаа нь дээр дурдсан шалтгаануудтай холбоотой юм.

Ачааны галт тэрэгний хэмжээ өмнөх оны мөн үеэс явуулалт 620 галт тэргээр, өөрөөс найруулсан галт тэрэг 46 нэгжээр, ажиллагаагүй галт тэрэгний тоо 43 нэгжээр өссөн, жингийн хугарал хийсэн галт тэрэгний тоо 86 нэгжээр буурсан байна

Тайлант хугацаанд нийт 427566.7 мян.төгрөгийн балансын ашигтай ажиллаж, хөдөлмөрийн бүтээмжийг 12.1 хувиар нэмэгдүүлж, өөрийн өртөгийг 5.6 хувиар бууруулсан байна.

Зүүнхараа өртөөний хамт олон 2024 онд ГТХАБ-ыг хангах 17 заалттай төлөвлөгөө гарган ажиллаж, оны эхний есөн сарын байдлаар гологдол, дутагдал, зурмагийн тасалдал гаргаагүй байна.

Зүүнхараа өртөөний хөдөлгөөн, ачаа тээвэр, зорчигч тээврийн цех,  өртөө, зөрлөгүүдийг үнэлсэн. Албаны даргын 06 тоот тушаалын дагуу ажилчдын эрсдэлийг үнэлсэн байна. Энэ үнэлгээний мөрөөр хэсэглэлийн хэмжээнд хоёрдугаар хагас жилд 13 заалттай төлөвлөгөө гарган  хэрэгжүүлэн ажиллаж байна. Зүүнхараа хэсэглэлийн эрсдэлийн үнэлгээ зургаадугаар сард 3.47 болж 0.05 оноогоор өссөн байна. Энэ нь үер ус, салхи шуурга гэх мэт байгалийн хүчтэй, хэвийн бус гамшигт үзэгдэл, давагдашгүй хүчин зүйлийн нөлөөллөөс үүсэх эрсдэлийн үнэлгээ нэмэгдсэнтэй холбоотой юм байна.

Зүүнхараа өртөөний хамт олон Замын хөдөлгөөний аюулгүй байдал хариуцсан орлогч даргын сар бүрийн чиглэлийн цахилгааны дагуу:

  • Өртөө, зөрлөг, гармын зам төмрийн уулзварын зай, тусгаарлах элемент, троссны бэхэлгээ, шаантаг зэрэгт ээлжит бус үзлэг хийж 18 гэмтэл илрүүлэн засуулж,

  • Нефтийн бүтээгдэхүүн буулгах салбар замуудад өртөө, зам, цэрэгжүүлсэн хамгаалалтынхан хамтарсан үзлэг хийж,

  • Салбар замуудад арчилгаа үйлчилгээ үзүүлэх тусгай зөвшөөрөл бүхий компаниудын  ЦУП, шаблоныг 2024.01.11-ний өдөр УБТЗ-ын Хэмжил зүйн төвөөр баталгаажуулсан байна.

  • Долоодугаар срын 30-нд Мандал суманд хүчтэй усархаг бороо орсны улмаас үерийн далан сэтэрч 233-р км-ийн гармын хэсэг усанд автсаныг зангилааны аж ахуй нэгжүүд шуурхай арга хэмжээ авч даланг сэргээж, замын хэсгийг засварлаж галт тэрэгний хөдөлгөөнд нээсэн. Замын I анги үерийн давхар даланг тус тус хийж гүйцэтгэжээ.

 

ДҮГНЭЛТ

 

Ийнхүү УБТЗ-ын даргын баталсан хуваарийн дагуу Замын даргын намрын үзлэг хойд хэсгийн зангилаа, аж ахуйн нэгж, байгууллага, тасаг цех, нийгмийн чиглэлийн байгууллагуудад үзлэг шалгалт хийж дууслаа. Үзлэгийн комисс очсон газар бүртээ салбар бүрийг хариуцсан мэргэжлийн байцаагч нар үнэлэлт дүгнэлт, өгч заавар зөвлөмж өгч байлаа. Зарим тохиолдолд хатуухан шаардлага тавихад хүрч байв.

Хойд хэсэглэлийн хэмжээнд нийтлэг гарсан дутагдал нь галын аюулаас урьдчилан сэргийлэхийн тулд хамгаалалтын зурвас дахь хатсан өвс ургамлыг шатааж устгах ажил дуусаагүй байна. ОБЕГ-аас өгсөн зөвлөмж, зөвшөөрлийн дагуу энэ ажлыг богино хугацаанд хийж гүйцэтгэхийг УБТЗ-ын нэгдүгээр орлогч дарга О.А.Казаков үүрэг болгов. Мөн дэр мод солих ажлыг эрчимжүүлж, сольсон хуучин дэр модыг татан авах ажлыг эрчимжүүлэхийг санууллаа.

Түүнчлэн, ажлын уялдаа холбоогоо сайжруулж, үүрэг даалгаврын хэрэгжилтэд хяналт тавьж, ирэх жилийн төлөвлөгөөг боловсруулахдаа бодитой хандахыг үүрэг болголоо.

Үзлэг болгоны дараа тухайн нэгж, хэсэгт Замын даргын А/02 тоот тушаалын дагуу дөрвөн үзлэгийг дүн,  2024-2025 оны өвлийн бэлтгэл ажлыг шалгасан дүнг нэгтгэж “Гэрчилгээ” олгож байлаа. Хойд хэсгийн ихэнх нэгж, байгууллагууд “Онц” дүнтэй, цөөн хэсэг нь “Сайн” дүнтэй үнэлэгдлээ. Харин ердөө хоёрхон байгууллага гэрчилгээгээ гардаж авч чадсангүй. Тэдгээр байгууллагууд дутуу ажлаа гүйцээсний дараа гэрчилгээгээ авах юм байна.