-Би Дундговь аймгийн Цагаандэлгэр суманд 1947 онд эхээс мэндэлсэн. 1963 онд  Замын IV ангид ажилд ороод 41 дүгээр зөрлөгт сумчин болж байлаа. Зөрлөгийн дарга нь н.Цэрэннадмид, эхнэр нь н.Өөдөс гэж миний багш байсан. Тэр үед цуг ажилладаг, даргатай ижил Цэрэннадмид нэртэй залуутай танилцаад хамт амьдарч байлаа. Тэгтэл 1964 онд манай тэнд үхрийн шүлхий өвчин гарч, зөрлөг маань хаагдсан. Зөрлөгийн есөн айлынхныг утлага энэ тэрд оруулаад бөөн л юм болж байж билээ. Биднийг ариутгаж дуусаад галт тэргэнд суулгаад зөрлөгөөс гаргасан хэмээн хуучлах түүнийг Замын II ангийн өндөр настан Гончигийн Жарантай гэдэг. Өнгөрсөн жилийн намар редакцид намайг сурсаар нэгэн цоглог эмээ орж ирснээр бид танилцсан билээ. Г.Жарантай эмээ шүлэг бичдэг. Замын ангийнхаа Ахмадын хорооны даргын зөвлөснөөр бичсэн шүлгүүдээ надад харуулж, болбол бэсрэгхэн товхимол хэвлүүлчих бодолтой анх орж ирсэн нь тэр. Түүнээс хойш редакцаар хэд хэдэн удаа ирж, шүлэг бүтээлээ сонирхуулж, бас өнгөрсөн амьдралынхаа талаар надтай хүүрнэсэн юм. Тиймээс энэ удаагийнхаа буланд Г.Жарантай эмээг зочноор урилаа.

Түүний өссөн нутаг нь 14 дүгээр зөрлөг, Оорцог уулын ойролцоо байх тул 41 дүгээр зөрлөгөөс ачигдаж гараад төрөлх гэртээ иржээ. Найз залууг нь 14 дүгээр зөрлөгийн жижүүр болгосон байна.Тэрбээр, хань ижил, үр хүүхэд, үзэж туулсан амьдралынхаа талаар “Хүний амьдралд юу эс тохиох билээ. Эмээ нь анхныхаа хүнтэй хоёр жил орчим амьдраад хоёр тийш болсон юм. Тэгээд бригадын дарга Цэрнээ гэдэг сайхан залуутай танилцаад 795 дугаар км-т замчин болж байлаа. 1966 оны их үерийн жил шүү дээ. Харамсалтай нь, манай хүн нэг жилийн дараа амралтаа авч нутаг явахдаа осолдоод бурхан болсон. Ингээд би гэдэг хүн амьдрал зохионо гэдэг амаргүй юм байна гэж бодоод, нэг хэсэг ганцаараа явсан даа. Тэгж байгаад нэг казах залуутай ханилж, 1968 онд хүү төрүүлсэн. Гэтэл нөхөр маань хүн зодсон хэрэгт холбогдож, хоригдох нь тодорхой болоод “Чи залуу хүн, яаж ганцаараа хүүхэд өсгөх вэ. Би гарч иртлээ удна. Тиймээс хүүгээ нэг ахдаа өргүүлчихье. Харин чи амьдралаа бодоорой” гэж хэлээд явсан даа. Хүүхдээ зүгээр нэг эд бараа шиг л хүнд өгчихнө гэхээр маш хэцүү байж билээ. “За яах вэ, хүүхэдгүй хүнээс үрээ харамлаж болдоггүй юм гэнэ лээ. Амьд байгаа хойно эргээд уулзана даа” гэж сэтгэлээ чандалж байж өргүүлсэн. Манай Монголчуудад хүнийг яс үндсээр нь гадуурхах гэж их муухай юм байдаг. Зүгээр явж байхад нь л гадуурхацгааж байгаад хэрэг мандсан байж билээ. Энэ мэтчилэн хэр баргийн хүн даахааргүй зовлонг залуу насандаа туулсан даа эмээ нь. Харин сүүлд нь 1970 онд зургаан хүүхдийнхээ эцэгтэй танилцаж гэр бүл болсон.Тэр цагаас хойш бид хамтдаа маш сайхан он жилүүдийг үдсэн. Миний ханийг П.Өлзийтогтох гэдэг хүн байлаа. Замын II ангид замчин, бригадын даргаар тэтгэвэрт гартлаа ажилласан.Бидний том хүү одоо 52, бага нь 41 нас хүрчихлээ. Цаг хугацаа ч амархан юм даа. Харин өнөө казах айлд өргүүлдэг хүүтэйгээ уулзаж чадахгүй олон жил бодож явсан. Гэтэл саяхан өөрөө ирж уулзсан. Удахгүй хүүхдүүдээ танилцуулна” хэмээхдээ өнгөрсөн амьдралынх нь өдөр хоногуудсэтгэлийн гүнд нь тодорч буй нь илт, ярьж суухдаа гүн бодолд дарагдаж, хааяа инээмсэглэн эсвэл нүд нь чийгтэх ажээ.Тэрбээр, айлын гурван хүүхдийн дундах охин. “Эгч, дүү бид гурвуулаа л 80 дөхөж байна даа” гээд инээх. Г.Жарантай эмээгийн нөхөр П.Өлзийтогтох ч шүлэг зохиол бичдэг байсныг Монголын зохиолчдын эвлэлийн УБТЗ дахь салбарын ахмад яруу найрагч нар ярихыг сонссон.Г.Жарантай “Хань минь социализмын үед намын байгууллагыг шүүмжлэн “Улаа харсан хэрээ” билүү дээ, нэг шүлэг бичсэнээсээ болж буруутгагдаж, түүгээр ч зогсохгүй шүлэг зохиолоо хэвлүүлэх эрхийг нь хааж, гомдохдоо шүлэг бичихээ бүр больсон. “Чи намайг бодвол бичиг үсэгтэй хүн, ядаж цоохор мориндоо шүлэг зохиогооч” гэж гуйгаад ч нэмэр байгаагүй” хэмээв. Харин Г.Жарантай эмээ соёлын довтолгооны хүрээнд дөрвөн жил оройгоор сурч бичиг үсэгтэй болсон байна.

“Өвгөн минь бурхан болж, нэг хүүгийн бие ч базаахгүй болоод ирэхээр хүнд их юм бодогддог юм билээ. Хэдийгээр хүүхдүүд маань ойр байгаа ч заримдаа ганцаардах үе гарах л юм. Тэгээд ном уншиж, шүлэг бичээд суухад цаг амархан өнгөрдөг юм байна. Уул, усныхаа тухай л их бичиж байна” гэв.Нэг удаа охин нь холбогдож, цахимаар түүний ном болгон хэвлэх шүлгүүдийг “Редакторлаж өгнө үү”хэмээн явуулсан байв. Нээж үзвэл ихэвчлэн ганцаардсан өнгө аястай, мөн залууст сургаал хайрласан, уул усаа магтсан, ээж ааваа дурссан шүлгүүд бичжээ. Яруу найраг бол сэтгэлийн гүнээс үгээр илэрхийлэгдэн урсах аялгуу гэж би боддог юм. Г.Жарантай эмээгийн шүлгүүд ганцаардал, ухаарлаас гадна сайн сайханд тэмүүлсэн, зорьсон сэдэвтэй байлаа. Тэрбээр, “Би бас Еховагийн сүмд явдаг. Багш маань надаас хоёр эгч сайхан хөгшин бий. Нийгэмд архидалтаас үндэстэй муу муухай бүх юм гардаг болжээ. Тиймээс эмээ нь сүмд явж, үр хүүхдийнхээ сайн сайхны төлөө залбирдаг болсон. Олон жил явсан тул сүүлдээ намайг “Ехова судлаач” гэдэг болсон шүү” гээд инээв. Түүнчлэн, “Төмөр замд олон сайхан хүнээс суралцаж, удирдлага дор нь ажиллаж байлаа. Замын III ангид Мөнзөв гэж сайхан хүн байсан. Сүүлд МТЗ-чдын ҮЭ-ийн холбооны дарга болсон Дамдин гуай байна. За тэгээд Замын II ангийн Ням-Осор зэрэг үе үеийн дарга, удирдлагууд бий. Манай замынхан хамт ажиллахад нэгэндээ тус дэмтэй, зовлон жаргалын аль ч үед хамт байж чаддаг машсайхан хүмүүс байдаг. Өнөөгийн Д.Алтангэрэл даргатай ч ойр явж байна. Намайг ой болон тэмдэглэлт зарим баяртаа урьж оролцуулдаг. Түүнээс гадна би замчдадаа бээлий оёж өгдөг болоод цөөнгүй жилийг үдэж байна.Замчны ажил бээлийгүй л бол хэцүү шүү дээ.Би өөрөө замчин байсан болохоор ямар бээлий хэрэгтэйг сайн мэднэ. Ангийн удирдлагууд намайг дэмжээд худалдаж авдаг юм” гэлээ. ИйнхүүЗамын II ангид насаараа ажиллаад 1991 онд гавьяаны амралтадгарсан Г.Жарантай гэх шүлэгч эмээгийн хуучилсныг уншигч та бүхэндээ толилуулж байна.

 

 

М.Наранболд