Замын-Үүд өртөөний нарийн царигийн нэгдүгээр гол замыг хүчжүүлэх засварыг Замын IV ангийн хамт олон тавдугаар сарын 28-31-ний өдрүүдэд амжилттай хийж дууссан байна. Ингэснээр нарийн царигийн нэгдүгээр гол замын тээх нэвтрүүлэх чадварыг сайжруулсан байна. Уг засварын ажилд нийт 200-аад ажилтан, 16 машин механизм ажиллажээ. Нарийн царигийн нэгдүгээр замыг 1990 онд барьж, 1995 оноос тээвэрт нээсэн аж. Энэ талаар Замын IV ангийн хэсэглэл хариуцсан инженер Х.Баярмагнайгаас тодрууллаа.
-Таныг нарийн царигийн нэгдүгээр зам анх ашиглалтад ороход энэ зам дээр ажиллаж байсан гэлээ. Энэ замын түүхээс уншигчдад маань ярьж өгнө үү?
-Намайг 1990 оны долдугаар сард Төмөр замын техникумыг төгсөөд хуваарилагдаж ирэхэд энэ замын ул шороог 1988 оноос тавьж, 1989 онд үеийг нь угсарсан байсан. Гэхдээ анх 1520 мм-ийн өргөн царигтай барьсан байсныг 1990 оны есдүгээр сард Замын IV ангийн бүх замчдын хүчээр царигийг нь 1435 мм болгон өөрчилсөн. Тухайн үед Замын IV анги 13 хэсэгтэй байлаа. Хэсэг тус бүрээс 10-аад замчин татаж, 110-120 орчим замчин уг замыг 1435 мм-ийн царигт тохируулж хадах ажилд оролцож байсан. Харин уг зам 1995 онд нарийн царигийн өртөөтэйгөө хамт ашиглалтад орсон юм.
-Түүнээс хойш нарийн царигийн нэгдүгээр замд ийм хэмжээний засвар шинэчлэлт хийж байв уу?
-Таван жилийн өмнө төмөр бетон дэрээр 1/3 схемээр хүчжүүлэх засварыг хийсэн. Түүнээс өмнө муудсан дэрүүдийг нэгчилж солих байдлаар урсгал засварыг хийгээд явж байсан.
-Сая нэлээд томоохон хүчжүүлэх засварыг Замын ангийнхаа хүчээр хийх шиг боллоо?
-Тэгсэн. Нийтдээ 200-аад хүний бүрэлдэхүүн, 16 машин механизм оролцуулан хүчжүүлэх засвар хийлээ. Замын хэсгүүдээс хүн хүч татаж, 126 замчин, үүн дээр инженер техникийн ажилчид, жолооч, механизаторууд ажилласан. Нийт 2553 ширхэг төмөр бетон дэр солих хүчжүүлэх засварыг ажлын дөрөв хоногт багтаан амжилттай хийж дууслаа. Энэ нь нарийн царигийн нэгдүгээр гол замын тээх нэвтрүүлэх чадварыг дээшлүүлж байгаа хэрэг юм.
Замын IV ангийн 17 дугаар хэсгийн мастер Д.Батхүү: Манай хэсэг нарийн царигийн өртөөний нэг, хоёрдугаар гол замыг хариуцдаг. Хоёр зам тус бүрдээ 4.6, нийтдээ 9.2 км-ийн урттай.
Манай хэсгийнхэн бетон дэрийн босоо боолт цутгах ажлыг хэсгийн хүчээр хийсэн. Замын-Үүд Шилжүүлэн ачих ангийн I талбайд боолтоо цутгаж, хятадын нарийн царигийн модон шалтай, тавцант вагонд ачих, буулгах ажлыг Шилжүүлэн ачих анги болон Замын 11, 14 дүгээр хэсгийнхэнтэй хамтарч хийлээ.
-Засвар хийхээс өмнө замын байдал ямархуу түвшинд байсан бэ?
-Өмнө нь, нарийн царигийн нэгдүгээр гол замд 1/3 гэсэн схемээр бетон дэрээр хүчжүүлэх засварыг хийж байсан боловч дундах дэрүүд муудаж, цариг барихгүй тохиолдлууд гарсан. Хаврын паспортын үзлэгээр тэнцэхгүй дэр модны эзлэх хувь 25-28-д хүрсэн. Тиймээс 2553 бетон дэрээр хүчжүүлэх засварыг хийсэн. Ингэснээр тэнцэхгүй дэрийн эзлэх хувь 10-аас доош орж, замын дэрийн аж ахуй сайжирлаа.
-Нарийн царигаар хоногт хэдэн хос галт тэрэг солилцож байгаа вэ?
-Хоногт 6-8 галт тэрэг солилцдог. Энэ засварын үеэр 4-5 галт тэрэг солилцож байсан. Бид зам засварын үеэр аль болох галт тэрэгний хөдөлгөөнийг удаан саатуулахгүйг хичээж байсан. Засварын цонхны үеэр галт тэрэг хилийн зөрлөг дээр 3.2-5.5 цаг зогсож ажилласан.
-Энэ дунд засварын хүрээнд өөр ямар ажлууд хийв?
-Тэнцэхгүй дэрийг бетон дэрээр солихоос гадна суулт үүссэн газруудад өргөж чигжих, чиг татах ажлыг хийлээ. Засварын ажилд оролцсон бүх замчдаа зургаан баг болгож хуваагаад хийх ажлыг нь сугалаагаар оноож ажиллуулсан.
Мөн элс цэвэрлэх ажлыг 4.6 км-т хийлээ.
Энэ ташрамд Замын IV ангийн удирдлага болон засварын ажилд ирж оролцсон замчдадаа, инженер, техникийн ажилтнууд, операторууддаа талархсанаа илэрхийлье. Мөн хамтарч ажилласан Замын-Үүд өртөө болон Шилжүүлэн ачих анги, Эргэх депо, Замын-Үүд ТҮГ, Зорчигчийн вагон депогийн хамт олондоо бүгдэд нь талархсанаа илэрхийлье.
Б.Гүнжээ