Урин дулааны улиралд замчдын ажлын ачаалал эрс нэмэгддэг. Ялангуяа бороо хур ихтэй жил, зам угаагдах эрсдэл өндөрсдөг нь Замын аж ахуйн албаныхны “толгойн өвчин” билээ. Энэ удаад Замын ангиудтай холбогдож, үер усны эрсдэлийн талаар тодруулснаа хүргэе.

 

А.ОРГОДОЛ: УРЬДЧИЛСАН БЭЛТГЭЛЭЭ ХАНГАСАН УЧРААС ЭРСДЭЛ БАГА БАЙНА

 

Замын IV ангийн дарга

 

 Өнгөрсөн сарын 24-нд орсон аадар борооны улмаас зам угаагдсан. Тухайн үед галт тэрэгний хөдөлгөөн саатуулж, барилт үүсгэлгүйгээр эрсдлийг арилгасан. Үүнтэй холбоотойгоор манай гүүрийн инженер, мастеруудаар удирдуулсан 30 хүний бүрэлдэхүүнтэй баг яг одоо 889, 915 дугаар км-ын гүүрийн оролт гаралтын засварын ажлыг хийж байна.  Долдугаар сар ялангуяа Улсын баяр наадмын өдрүүдээд манай хариуцсан хэсгүүдээр байнга бороотой байлаа. Бид ч Замын-Үүд хүртэлх гол зам болон Сайшанд, Зүүнбаянгийн замуудынхаа гүүр хоолойн найдвартай байдлыг хангах чилэлээр сайн ажилласан. Энэ нь ч үр дүнгээ өглөө. Бусад ангиудыг бодвол манай ангийн хариуцсан хэсгүүдэд байсхийгээд л шуурч, ус зайлуулах төхөөрөмжүүд элсэнд бөглөрчих гээд байдаг. Өнгөрсөн хавар шуурга их байсан учраас гүүр хоолой, хиймэл төхөөрөмжүүд элсэнд дарагдах, бөглөрөх эрсдэл өндөр байсан. Чулуун завод, Мод боловсруулах үйлдвэр, Барилга ашиглалт үйлчилгээний III анги зэрэг байгууллагын машин механизмуудыг авч шаардлагатай засвар үйлчилгээнүүдээ хийсэн. Бараг дөрвөн удаагийн давтамжтайгаар элсээ цэвэрлэсэн. Дээрээс нь жил бүрийн  дөрөв, тавугаар сарын орчимд үер усны эрсдэлтэй холбоотойгоор зөвлөгөөн зохион байгуулдаг. Энэ зөвлөгөөнд ЦУОШ-ний хүрээлэнгээс мэргэжилтнүүд оролцож, цаг агаарын урьдчилсан мэдээллийг цахим орчин ашиглан хэрхэн авч болох талаарх мэдээллийг Замын аж ахуйн албанд өгдөг. Мөн гүүр хоолойн байгууламжийн хэлтсийг байгуулж, тус хэлтсийн инженерүүд замын дагуу явж үнэлэлт дүгнэлт өгөөд тухайн дүгнэлтийг нь албаны даргын шийдвэрээр бүх ангид танилцуудаг. Бид энэхүү зөвлөмжийн дагуу холбогдох ажлуудыг төлөвлөн ажилладаг. Эдгээрээс гадна говийн нөхцөлд их хэмжээний бороо орсны дараа зам дагуу автомашинтай явахад маш хүндрэлтэй болдог. Үүний улмаас мастер бригадын дарга нар маань замаа шалгаж, хариу өгөх, шаардлагатай засвар үйлчилгээг хийх зэрэгт хугацаа шаардах тохиолдол бий. Хамгийн гол сэтгэл зовинож байгаа асуудал бол боловсон хүчний тогтвор суурьшил. Одоогоор манай ангийн хэмжээнд 20-иод хүний орон тоо дутуу байна. Сүүлийн үед жолооч нар ажлаас их гарч байна. Том оврын машинаар байнга явж, ачаалал ихтэй ажиллаж байгаа ч гар дээр очих цалин нь бага болохоор тэр шүү дээ. Нэмж дурьдахад зам гүүрийн орчимд камер байршуулж, усны хэмжээг нь цаг алдалгүй гар утаснаасаа хянадаг болсон нь их оновчтой шийдэл болсон. Цаг хугацаа ч их хэмнэж байна.

 

Ж.АНХБАЯР:БОЛОВСОН ХҮЧНИЙ ТОГТВОР СУУРЬШИЛ СЭТГЭЛ ЗОВООЖ БАЙНА

 

Замын III ангийн дарга

 

Үер усны нөхцөл байдал амаргүй байна. Өнгөрөгч сарын 31-нд гол замын 551 дүгээр км-ын нэгдүгээр зуутад байрлах гурван хоолой усанд автсан. Улмаар урд хоёр хоолойных нь далавч үер урсаж, овоолго нь сэтэрсэн, Чойр талын далавч нь усанд автагдсаны улмаас ус нь буцаж харихдаа ул шороог эвдсэн асуудал үүссэн. Бид үүнийг сэргээн засварлахын тулд 2,3 хоног тасралтгүй ажиллалаа. Ноднингийн долдугаар сарын 13, 26-нд манай хариуцсан замын хэсэгт хүчтэй аадар орсны улмаас хоёр удаа зам угаагдсан асуудал гарсан шүү дээ. Үүнтэй холбогдуулан бид үерийн хүчтэй урсгалыг хоёр тийш зайлуулах зориулалт бүхий гурвалжин шүдэлгээ хийж, 558 дугаар км-д хоолой тавьсны хүчинд энэ удаад зам угаагдах эрсдэлээс урьдчилан сэргийлж чадлаа. Дээрээс нь гол замын 666 км-ын Замын-Үүд талын гүүрийн тулгуурын конус бага зэрэг угаагдсныг энэ сарын 6-нд шороо чулууг нь буулгаж, хэвийн болголоо. Түүнээс гадна Айраг-Бор-Өндөр хоорондын 14,17, 44, 45 дугаар км-ын гүүр хоолойн ул шороо, гүүрийн тулгуур бага зэрэг  угаагдсаны элс, шороог нь буулгаж хэвийн болгосон. Мөн замын хажууд ус тогтсонтой холбоотойгоор Бор-Өндөрийн 13-17, 27-33, 44 км-ын 6-7 дугаар зуут гэсэн гурван цэгт “Замын байдал тогтворгүй” гэдэг үндэслэлээр 40 км цагийн хурд тогтоосон. Энэ сарын 1,2,3-нд Говьсүмбэр, Дорноговь аймгийн нутаг дэвсгэрт их хэмжээний усархаг бороо орсны улмаас төмөр замтай зэрэгцэж явдаг хатуу хучилттай авто зам угаагдаж, машин тэрэг унасан асуудал гарсан. Энэ сарын 3-нд Замын аж ахуйн албаны орлогч дарга В.В.Каренда, гүүр хоолойн инженер О.Жигжидсүрэн нар Бор-Өндөрийн замд ажиллахаар явж байх үед том оврын машин унасан, гүүр хоолой нь угаагдсан байсан. Дээрээс нь Даланжаргалан-Бор-Өндөрийг холбосон 55 км хатуу хучилттай авто замын гүүрүүд  угаадсан. Авто замууд угаагдаж байгаа хэдий ч манай төмөр замын гүүр хоолой, хиймэл төхөөрөмжүүд энэ жил сайн ажилласан. 730, 732 дугаар км-ын хоолойнууд тухайн засмал замыг угаасан үерийн усыг нэвтрүүлж чадсан. Урьдчилаад  урсгал засварын хүрээнд шуудуу татаж, эргийн бэхэлгээг хийж, гүүр хоолойнуудынхаа конус, оролт гаралтыг засчихсан байсан нь нөлөөлсөн болов уу. Цаашид юунд анхаарах вэ гэхээр 559 дүгээр км-ын I зуутын харалдаа авто зам, төмөр зам хооронд ердөө 200-аад метрийн л зай бий. 558 дугаар км-ын I зуут орчимд авто зам дээр Ханангийн гүүр нэртэй гүүр бий. Тус гүүрний нэвтрүүлсэн усны шоо метрийг манай төмөр замын 559 дүгээр км-ын I зуутад байгаа нэг жижиг гүүр, хоёр дөрвөлжин хоолой дийлэхгүй байгаа юм. Үүнийг 2023 оноос хойш Замын удирдлага дээр хэлэлцээд тендер зарласан. Улмаар өнгөрсөн долдугаар сарын 31-нд гүйцэтгэгч компани нь шалгарсан. Энэ сард багтаад дээрх хэсэгт Ханангийн гүүрнээс илүү хүчин чадалтай гүүр тавих зураг төсөл хийгдэж, төлөвлөгөөнд тусгагдсан. Энэ ажил хийгдчихвэл хатуу хучилттай авто замаас давж ирж байгаа үерийн усыг  нэвтрүүлэхэд асуудалгүй. Манай гүүр хоолой, хиймэл төхөөрөмжүүд үерийг суурь бүтцийн доогуур нь өнгөрүүлэх зориулалттай байдаг бол авто замын хувьд үерийн ус гүүр давлаа гэхэд дээгүүр нь нэвтрүүлэх боломжтой байдаг учраас хоёр өөр ангилалын төхөөрөмж зэрэгцэх, ойролцоо гүүр хоолойн төхөөрөмж хоорондоо зөрөх зэрэг учир дутагдалтай зүйлүүд байгаа юм.  Уг нь энэ асуудлаар Зам тээврийн яамнаас 2022 онд комисс гарч ажилласан.  Манай ангийн 592 дугаар км-т борооны усны түвшинг мэдээлэх төхөөрөмжийг суурилуулсан.  Замын аж ахуйн албаны харьяа анги бүрт нэгийг суурилуулаад байгаа энэ төхөөрөмжийн санааг манай ангийнхан анх гаргасан юм. Энэ төхөөрөмж маань сайн ажиллаж байгаа. Түүнлчэн, Замын аж ахуйн албанаас манай ангийн 616-669 дүгээр км-ын хооронд 50 хиймэл төхөөрөмжид болон Айраг-Бор-Өндөр хоорондын 50 гаруй км замд ус зүйн судалгаа хийлгэсэн. Анх 1996 онд Айраг-Бор-Өндөр хоорондын замд ус зүйн судалгаа хийлгэж байсан ч авто зам тавигдснаас хойш дахин хийгээгүй өнөөдрийг хүрсэн. Эдгээрээс гадна Замын ангийн хэмжээнд  “Yandex” болон “windy” нэртэй аппликейшныг ашиглаж байна. Мөн ЦУОШ-ний төвөөс долоо хоног бүрийн урьдчилсан мэдээллийг өгч байгаа. Энэ сард нэлээд борооших төлөвтэй байгаа учраас бид бэлтгэл ажлыг хаана хаанаа хангаж байна. Маргааш /наймдугаар сарын 8-нд/ Замын аж ахуйн албаны дарга Гүүр хоолойн секторынхонтойгоо манай анги дээр ажиллана. Замын даргын тушаалаар Гүүр хоолойн бригад дээрээ таван хүн түр ажилтнаар авч байгаа. Ингээд тус бригад маань 10-аад хүний бүрэлдэхүүнтэй болсон учраас ажил харьцангуй ахицтай байна. Эцэст нь хэлэхэд боловсон хүчний тогтвор суурьшил асуудалтай байна. Сүүлийн үед замчид маань цалингаа голж ажлаас гарах тохиодолд  нэмэгдлээ. Дээрээс нь манай говьд уул уурхайн компани олон шүү дээ. Тухайлбал, манай анги нийт 374 ажилтантай. Үүний 216 нь замчин. Он гарсаар бараг 100-аад хүн ажлаас гарсан, буцаж ирсэн гээд тодорхой хэмжээнд хөдөлгөөнд орсон. Нийт ажилтнуудын 50-иад хүн нь шинэчлэгдсэн гэсэн үг. Тогтвор суурьшлыг сайжруулах үүднээс өнгөрөгч тавдугаар сарын Замын даргын үзлэгийн үеэр олон шийдвэрийг гаргасан. Энэ сарын 10-нд манай хамгийн хүнд хэсэглэл болох 31 дүгээр зөрлөгт “Замчин ХАБ” маань ашиглалтад орох гэж байна. Цаашдаа ч олон ажил хийгдэнэ. Бид Замын захиргаа ангийн удирдлагатай хамтран тогтвор суурьшлын талаар санал асуулга явуулсан. Дийлэнх нь цалин бага гэсэн хариултыг л ирүүлж байна.

 

О.БАТХҮҮ: ЗАМЧИД МААНЬ НӨХӨЖ АМАРЧ ЧАДААГҮЙ УЧРААС ЯДАРЧ БАЙНА

 

Замын II ангийн орлогч дарга

 

Хур бороо ихтэй байгаас шалтгаалж Багануур-Булагтай, Багахангай-Мааньт, Туул-Чулуут зөрлөг хоорондын замуудад, ялангуяа их засварын хугацаа хэтэрсэн хэсгүүдэд шавар сагалт үүсэх хүндрэлүүд гарч байна. Эдгээрийн эрсдэлийн тооцоог цаг тухай бүрт нь арилган ажиллаж байна. Мөн Хонхор, Хоолтын давааны тахируудад бороо их орсны улмаас дэр мод норж, царигын хэмжээ өргөсөх эрсдэл үүсч байна. Дээрх хэсгүүдэд удахгүй замын төлөвлөгөөт их засварууд хийгдэх учраас бид тэр хүртэл техник ашиглалтын нормд заагдсан урсгал засварын ажлуудаа хийж гүйцэтгэж байна.  Энэ жилийн тухайд хамгийн өндөр эрсдэл бүхий Чулуут-Туул зөрлөг хооронд замын их засвар хийх төлөвлөгөө батлагдсан. Багануурын хэсэглэлд их засварын хугацаа хэтэрсэн 95 км зам бий. Одоогоор замын хөрөнгө мөнгөний чадамжаас шалтгаалаад их засварын ажил төлөвлөгдөөгүй. Харин энэ хооронд тухайн хэсэгт Замын аж ахуйн албатайгаа хамтраад модон дэрний хангалтыг сайн хийсэн. Одоогоор тус хэсэглэлд 6700 гаруй дэр модны хангалт хийж, солих ажлыг зохион байгуулаад явж байна. Мөн энэ онд 358, 522 дугаар км гэсэн хоёр гүүрийн дам нурууг солих ажил бий. Энэ ажлыг ирэх есдүгээр сард хийхээр төлөвлөсөн. Хүн хүчний тухайд байх ёстой орон тооноосоо 28 хүнээр дутуу ажиллаж байна. Өдөрт 4-5 хүн байнга орж, гарах жишээтэй. Замчид маань  эрчимтэй залуужиж байна. Энэ хэрээр зам засварын ажлыг хийхэд туршлага дутаж байна. Хоёрдугаарт, тэд гар ажиллагаа хүнд хүчир байна гэх асуудлыг тавьж байна. Эдгээрээс гадна бид ТЗДС-тай хамтраад “Оюутан отряд” үйл ажиллагааг  зохион байгуулсан. Тус сургуулиас 14 оюутан зуны амралтаараа зам дээр ирж ажиллаж байгаа нь бидэнд их дэмжлэг болж байгааг онцлон дурьдья.Тэд замчдыг даган тулсах байдлаар энэ сарын 23 хүртэл ажиллана. Энэ ташрамд тус үйл ажиллагааг санаачлан зохион байгуулсан Замын захиргаа, ТЗДС-ийн удирдлагад гүн талархал илэрхийлье. Урин дулааны улирал эхэлснээс хойш нийт 23 өдөр бороотой байлаа. Үүнтэй холбоотойгоор замчдыг шөнийн цагаар ажиллуулах шаардлага ч тулгарсан. Хүмүүсээ нөхөж амраах шаардлагатай байгаа. Шөнөжин зам шалгаж алхсан хүмүүс өдөр нь үүрэгт ажилдаа гарахад ядарч байна. Үүнээс үүдэн зам засварын төлөвлөгөөт ажил ч доголдоход хүрч байна. Гэхдээ зам угаагдах, галт тэрэгний хөдөлгөөнийг саатуулах асуудал одоогоор манай ангийн хэмжээнд харьцангүй гайгүй байна.

 

А.Туулсайхан: Үерийн эрсдэлийг богино хугацаанд арилган ажилласан

 

Замын VI ангийн ерөнхий инженер

 

            Манай ангийн хувьд бороо усны улирал эхэлсэнтэй холбогдуулан хаврын паспортын үзлэгээр өнгөрөгч сарын 16-24-ны хооронд орлогч дарга Б.Баярмөнхөөр ахлуулсан комисс хиймэл төхөөрөмж, үерийн далан, уулын суваг шуудуу, ус урсгах шуудуу, замын хажуугийн шуудуунд үзлэг шалгалт хийсэн. Шалгалтын үр дүнд 14.5 км-т суваг шуудуу сэргээх шинээр хийх, 3.5 км-т далан сэргээх, шинээр хийх шаардлагатай байна гэж үзсэн. Ингээд өнгөрсөн сарын 28-наас энэ сарын 06-ны хооронд Бэлэндалай-Улаантолгой хоорондын замд нэг км газар бульдозероор далан сэргээх ажлыг хийж гүйцэтгэлээ. Мөн зургадугаар сарын 10-наас наймдугаар сарын 06-ны хооронд Салхит-Эрдэнэт хоорондын замд 6.4 км газар шинээр суваг шуудуу татах, сэргээх, долдугаар сарын 23-27-ны хооронд Орхонтуул-Хангал хоорондын замын 114-122км-т 2.2 км, Хангал-Улаантолгой хоорондын замын 125-134км-т 2.1 км гээд нийт 4.3 км газарт үер усанд идэгдсэн газрын авто замыг бульдозероор засах ажлыг хийгээд байна. Түүнчлэн өнгөрсөн сарын 02, зургадугаар сарын 10-нд үер уснаас урьдчилан сэргийлэх чиглэлээр Замын I, VI анги, Дархан, Улаанбаатар татах хэсэг, Эрдэнэт хэсэглэлийн өртөөний дарга, жижүүрүүдтэй хамтарсан зөвөлгөөнийг зохион байгуулсан. Үерийн эргүүлүүдэд тавдугаар сарын 09-нд Замын даргын А/179 тоот тушаал, П-19 тоот тушаал, Ангийн даргын А/11 тоот тушаалуудаар нийт 68 хүн, бүх замын хэсэгт сургалт зохион байгууллаа. Үерийн эргүүлүүд болон замын бригадын дарга нарт сургалт зохион байгуулсанаар үерийн эргүүлүүд яаралтай үед ямар арга хэмжээ авч шуурхай ажиллах талаар ойлголттой болсон.

Өнгөрсөн долдугаар сарын 21-нд ус цаг уур орчны  шинжилгээний газраас ирүүлсэн урьдчилсан мэдээгээр 61 кодтой бороо орох мэдээтэй байсан. Тухайн өдөр 15.00 цаг орчим 59-64 км хооронд түр зуурын усархаг, хүчтэй аадар орсоны улмаас Бэлэндалай-Орхонтуул хоорондын замын 60 км-ын найм, 62км-ын есдүгээр зуутад байрлах хоолойнуудаар ус давж, ул шороо угаагдсан нөхцөл үүссэн. Мөн 63 км-ын 2-4 дүгээр зуутад замын хажуугийн шуудуугаар ус давж зам давж ус урсан замын балласт угаасан. Үүнтэй холбоотойгоор ангийн дарга Т.Лхагвасүрэн, ахлах инженер Б.Энхбаяр, гүүр хоолойн инженер Э.Цэрэнтогтох нарын бүрэлдэхүүнтэй комисс 17:00 цагт газар дээр нь очиж нарийвчилсан үзлэг хийж, анхны акт үйлдэн сэргээн засах ажлыг хэрхэн зохион байгуулах, шаардлагатай хүн, хүч, материал зэргийг татах ажлыг эхлүүлсэн.  Ингээд нийт гурван цэгт хоёр хоолой, түүний дөхөх хэсэг 260 метр орчим зам хэсэгчилсэн байдлаар 30см-с 3м хүртэл угаагдсан байсан тул дараах ажлуудыг хийсэн. Үүнд 145 модон дэрийг сольж, клетка өрөх 294 шоо метр ПГС авч балласт дүүргэх,180 шоо метр чулууг буулгаж угаагдсан ул шороо, хоолойн шалны өрлөг хийсэн. Түүнчлэн найман думпкар ОТХОД 60 дугаар км-ын наймдугаар зуутад авч, хоолойн гаралт талын шал дүүргэх ул шороо дүүргэх, засах ажил хийсэн. Таван хоппер 210 шоо метр щебень авч чигжүүрийн ажил хийсэн. Мөн хэсэгт отход буулган хоолойн гаралт талыг засварлаж, өргөсгөх ажлыг хийж тухайн хэсгийн гуравдугаар зуутад хоолойн гаралт талыг засварлаж өргөсгөсөн. 63 км-ын 2-4 дүгээр зуутын баруун, зүүн талд замын хажуугийн шуудууг 400 метр, уулын шуудууг 200 метр, далан шинээр босгох, сэргээх ажлыг 400 метр газарт хийсэн.

 

А.Мөнх-Алдар: Үерийн түвшингийн мэдээллийг өдөр бүр авч, хяналт тавьж байна

 

Замын I ангийн гүүрийн инженер

 

Манай ангийн хэмжээнд үер усны эрсдэлээс урьдчилан сэргийлэх ажлыг өнгөрсөн тав, зургадугаар саруудад эрчимтэй зохион байгуулсан. Тухайлбал, зургадугаар сард 18.7 км замд суваг шуудуу сэргээн засварлах ажлыг хийсэн. Мөн ус хальж зам руу ирэх магадлалтай газар буюу 263 км гуравдугаар зуутын харалдаа 290 метр газарт, 267 дугаар км-ын хоёрдугаар зуутад 80 метр газарт  голын эргийн бэхэлгээ хийсэн. Түүнээс гадна 247 дугаар км-ын гуравдугаар зуутад энэ оны нэгдүгээр сард халиа үүссэнээс шалтгаалаад голын гольдрол өөрчлөгдсөн байсан. Тиймээс гольдролыг нь 30 метр газарт хааж, 420 метр газарт хуучин гольдролыг нь сэргээх ажлыг зохион байгуулсан. Ер нь үерийн усны түвшингийн мэдээллийг өнгөрөгч зургаа, долоодугаар сард долоо хоногтоо нэг удаа авдаг байсан бол өнгөрөгч сарын 15-наас хойш өдөр өдөрт нь авч, үерийн түвшингүүдээ хянаж байна. Өнөөдрийн байдлаар Орхон голын үерийн түвшин нэлээд нэмэгдсэн, бусад газрын үерийн түвшин харьцангуй бага байна. Энэ сарын 1-нд Сэлэнгэ аймгийн Мандал суманд нэг цагийн хугацаанд хүчтэй аадар бороо орсон. Үүний улмаас 233 дугаар км-ын долдугаар зуутад зам дээгүүр ус давсан. Бид үүнтэй холбогдуулан хоорондын замыг хоёр цаг орчмын хугацаанд хааж, тухайн газар дээр таван техник, 38 хүн ажиллан эрсдлийг арилгасан. Хүн хүчний хувьд 2023 онд нийт 103 хүн ямар нэгэн байдлаар хөдөлгөөнд орсон бол 2024 он гарсаар 46 хүн ажлаас халагдаж, шинээр орсон. Одоо ангийн хэмжээнд 10 гаруй хүний орон тоо дутуу байгаа ч хүн хайгаад олдохгүй байна. Хүмүүс ихэвчлэн цалин хөлс муу гэдэг шалтгаанаар өөрийн хүсэлтээр ажлаасаа гарч байна.