2024.11.15-ны 09:00 цаг, Толгойт өртөө
Өвлийн эхэн сар дундаа орсон тул өглөө эртийн жавар хацар хайрч, бээлий өмсөхгүй л бол гар хайрна. Толгойт өртөөний А паркийн зам дээр сэв шалгах тэргэнцэр түрсэн хэдэн хүн бөртөлзөн үзэгдэнэ. Хойд, урд талд нь 50 орчим метрийн зайтай хоёр бүсгүй улаан дарцаг барин алхаж, тэргэнцэр түрсэн гурван хүнийг зогсоход зэрэг зогсож, явахад нь зэрэг явах ажээ. Тэргэнцрээ голлон түрж яваа 50 эргэм насны эр гэнэт зогтусан ухарч, тэгснээ хэсэг хойш урагш холхиулснаа зам төмөр дээр өвдөглөн суугаад тонгойн харна. Хааяа цүнхнээсээ нарийн урт бариултай толь гаргаад зам төмрийн доор шургуулан нягтална. Ийнхүү хэсэг саатсанаа урагш үргэлжлүүлэн алхана. Энэ бол Замын II ангийн зам төмрийн сэв шалгах тэргэнцрийн ахлах оператор Билэгдэмбэрэлийн Пүрэвжаргал туслах оператор /VI хэсгийн ахлах замчин/ А.Сумъяабаатар болон ажил удирдагч VI хэсгийн V зэргийн замчин П.Мөнхбаяр, дохиочин Г.Болор-Оргил, Б.Гэрэлмаа нарын хамт энэ өдрийн ажилдаа гарч буй дүр зураг юм.
Сэв шалгах тэргэнцрийн оператор Б.Пүрэвжаргалтай мэнд мэдэн хэсэг зуур ярилцахад “Замын сэв шалгах ажил амаргүй ч сурсан хүнд сайхан. Үргэлж алхдаг учир эрүүл мэндэд ч дэмтэй” гээд инээсэн юм. Замчдын дулаацах байрнаас тэргэнцрээ дөнгөж гарган ажлаа эхлүүлэх үеэр нь очжээ. “Өнөөдөр өртөөний зам шалгах учир Замын II ангиас Толгойт өртөөний жижүүрт анхаарамж өгсөн. Бид анхаарамжгүй ер ажиллаж болохгүй” гэж ажил удирдагч П.Мөнхбаяр хэлэв. Б.Пүрэвжаргалын түрж яваа сэв шалгах “РДМ22м” тэргэнцрийн хувьд 55 кг жинтэй гэнэ. Дээр нь хүйтний үед мэдрэгчүүдийг хөлдөөхгүй байх, мөн зам төмөрт хэт авиаг нэвтрүүлэхийн тулд спирт ашигладаг. Энэ нь хоёр талын банкандаа тус бүр 10, нийт 20 литрийг хийдэг юм байна. Хоорондын замд яваа тохиолдолд нөөц 20 литрийн савтай спирт болон бусад багажаа дээд тавцан дээр нь тавьж явдаг ажээ. Ингээд бодохоор ахлах оператор 110 орчим км жинтэй тэргэнцрийг өглөөнөөс орой хүртэл 6-7 км замд явганаар түрж зам шалгадаг гэсэн үг. Үндсэн туслах оператор Б.Ганбилэг нь ТЗДС-ийн инженерийн эчнээ ангид сурч буй тул энэ удаад дуудлагын туслах оператортай ажилдаа гарчээ. Туслах операторын хувьд шаардлагатай тохиолдолд алх, толь, тэмтрүүл ашиглан биет үзлэг хийдэг аж.
Б.Пүрэвжаргал “Би чихэвчээ зүүгээд ажилдаа орсон л бол хүнтэй ярьж болохгүй. Нэг метр зам ч алдахгүй чанартай шалгаж бичлэг хийх нь чухал. Ахлах оператор юунд ч санаа зовохгүй зөвхөн замаа сонсох ёстой. Туслах оператор, ажил удирдагч болон хоёр дохиочиндоо бүрэн итгэж, зөвхөн ажилдаа бүх анхаарлаа төвлөрүүлдэг. Бид ингэж л багаар ажилладаг. Ахлах оператор урд өдөр нь тухайн хэсгийн замын мастертай хэдээс хэддүгээр км хооронд ажиллахаа төлөвлөдөг. Ажил удирдагчаар нь тухайн хэсгээсээ таваас дээш зэрэгтэй замчин, эсвэл бригадын дарга, мастер дагалдах үүрэгтэй” хэмээн танилцуулав. Тэрбээр, сэв шалгах тэргэнцрүүд улам л боловсронгуй, маш нарийн хэмжүүртэй болж буйг онцолсон юм. Энэ тухай “Би анх сэв шалгагч оператор болохдоо “ПОЕСК10” гэж компьютерын системгүй, бүгдийг сонсголоороо л шалгадаг тэргэнцэртэй байлаа. Дараа нь авсан “ПОЕСК10м” нь нэг налуу хайгчаар илүү байсан. Тэгээд “РДМ22” тэргэнцрийг 10 жил түрээд өнгөрсөн оны хоёрдугаар сард энэ “РДМ22м”-ыг авсан. Компьютерын системтэй тэргэнцрүүд илүү сайн байгаа. Өдрийн ажлаа дуусган флашаар хуулж Зам оношилгооны төв рүү телеграммаар явуулдаг. Тэдний тууз тайлагч уншаад дахин сайн нягтлах шаардлагатай цэгүүд байвал надад хариу мэдэгддэг юм. Ер нь, сэв шалгагч вагон, тэргэнцэр, тууз тайлагч нар маш сайн хамтарч ажилладаг нэг баг. Зам төмрийн сэв, гэмтлийг цаг алдалгүй илрүүлж, засахгүй бол маш аюултай. Хурц гэмтэл илэрвэл хамгийн эхлээд ангийн диспетчер, ахлах инженер, хэсгийн мастер нарт мэдэгддэг. Ингээд гэмтлээ илрүүлэн тодорхойлж өгөөд ажлаа үргэлжлүүлдэг. Зам төмөр яаралтай солих, засварлах ажлыг мастер зохион байгуулдаг. Би тухайн гэмтлийг цаг тухайд нь засуулан баримтжуулж авдаг” гэв.
Ийнхүү тэднийг даган өртөөний замаар өөд, уруугүй хэдэнтээ явлаа. Б.Пүрэвжаргал надад тэргэнцрийн чихэвч зүүж үзэхийг санал болгосны дагуу зүүн зам төмрийн уулзвар дээгүүр гартал зүүн, баруун чихэвч олон янзаар хангинаж эхлэв. Яг л чихэн дээр хэн нэгэн ахин дахин хашхирах шиг шуугилдах ажээ. Удаан зүүвэл чих өвтгөж, толгой дүйнгэтэх шинжтэй. “Та яаж энэ их чанга чимээг өдөржин, бүр ийм олон жил сонсож тэсэв ээ” гэвэл “Анх амаргүй л байсан. Одоо ч толгой өвдөж, чих шуугидаг л юм. Зам төмрийн уулзвар болон гэмтэлтэй хэсэгт мэдрэгчүүд их дуугардаг. Баруун талын зам төмрийн мэдээлэл баруун чихэвчинд, зүүнийх зүүн чихэвчинд ирдэг. Тэр дундаас аль хэсэгтээ, юу нь гэмтсэнийг мэдрэгч тус бүрээр нь ялгаж сонсох хэрэгтэй. Сэвгүй зам төмөр дээр чих амрах шиг л болдог юм. Энэ олон дуу гарахгүй, шуугиад л байдаг” гээд инээв.
Замын II ангид таван тэргэнцэр, 10 оператор бий. Тэд ангийн арчилдаг нийт замыг хойд хэсгээс нь эхлэн ар араасаа 50-60 км зайтай явганаар шалгадаг ажээ. Б.Пүрэвжаргалыг Толгойтод явах үед урд дахь тэргэнцэр нь Хонхор өртөөнд, арынх нь Ногоонтолгойд явааг тэр хэлэв. Энэ мэтчилэн сард ангийн арчилдаг бүх замд сэв шалгах тэргэнцэр, оношилгооны вагон тус бүр хоёр давтан явдаг юм байна. Энэ талаар “Зам төмрийн гэмтэл маш аюултай учир олон давтан үзэх ёстой. Өнөөдөр нэг мм байгаа сэв маргааш хоёр болно гэсэн тооцоо байхгүй. Зарим нь тэр хэвээрээ удахад зарим нь дараагийн галт тэрэг явалтаар нэмэгдэх нь бий. Ялангуяа, аравдугаар сарын 15-наас гуравдугаар сар хүртэлх цаг агаарын эрс тэс уур амьсгалтай үед гэмтэх нь их байдаг. Учир нь, зам төмөр өдөр нь тэлж, шөнө нь агшдаг юм. Зам төмөр ийм их хөдөлгөөнтэйн дээр галт тэрэгний эрчимжилт ихэссэн, нэг гол дээрх даралт нэмэгдсэн энэ үед заавал үзэх ёстой. Их засвар орсон зам гэж ер хойш тавьж болохгүй” хэмээн тайлбарлав.
Тэрбээр, 2004-2006 онд Ногоонтолгой өртөөнд замчин байхдаа сэв шалгах тэргэнцрийн үндсэн операторуудаас хэн нэг нь чөлөө авсан, амарсан үед орлон ажилладаг байжээ. Тэгээд 2006 онд тухайн үеийн ахлах оператор, өнөөгийн Тээврийн хяналтын албаны салбар зам хариуцсан хяналтын байцаагч Д.Баттулгын шавь болж, туслах оператораар нь ажилласан байна. Дөрвөн жил хамт ажиллаад 2010 онд ахлах оператор болжээ. Энэ хугацаанд Замын II ангийн гол замын 403.3 км, Багануур, Багахангай, Булагтайн 95 км, мөн Шатан-Агуйт хоорондын бүхий л өртөө, зөрлөгийн замууд гээд нийт 600 орчим км замыг 87 дахь удаагаа тойрч яваа нь энэ аж. Замын ангийн даргын баталсан хуваариар сард 135 км гэж үзэн 20 жилээр тооцвол 25-26 орчим мянган км зам явганаар шалгасан байна. Б.Пүрэвжаргал “Багшийн маань хэрэглэж байсан алх энэ” гээд үзүүлэв. Анх дагалдан оператор болоход Д.Баттулга багш нь уулзвар дээр сонсгож хаана хэрхэн дуугарч, ямар хайгч нь яаж чимээ өгдгийг нарийн заадаг байжээ. Тэгсээр налуу, шулуун хайгч хэрхэн дуугардгийг нь ялгаж мэддэг болсон байна. Р:50 суман шилжүүлэгт гэмтэл нэлээд гардгийг тэр хэлэв. Гэхдээ зам төмөр шинэ, хуучин гэлтгүй гэмтсэн байдаг гэнэ. Их засвараар тавьсан шинэ зам төмөрт үйлдвэрийн алдаанаас шалтгаалсан гэмтэл ч хаа нэг таардаг аж. Тиймээс ямар ч замыг маш сайн шалгаж, сэтгэлээсээ ажиллах ёстойг тэр онцолж, туслах оператораар энэ удаад ажиллаж буй залуу замчин А.Сумъяабаатарт захиж “Анх заасан багшаасаа сайн сурах хэрэгтэй. Миний хувьд тааруу ажиллаж, багшийнхаа нэрийг муугаар дуудуулахгүй юм сан гэж боддог” гэв.
Энэ үед ажил удирдагч замчин П.Мөнхбаяр “Галт тэрэгний эрчимжилт ихтэй, өртөөний паркийн зам амархан сулардаггүй. Харин өнөөдөр Толгойт өртөөний парк бараг чөлөөтэй байна. Хэрэв дүүрэн байвал өртөөний жижүүртэй ярьж аль болох сэлгээг хурдан хийлгэж чөлөөлүүлэн сэв шалгах тэргэнцрээ оруулдаг. Бидний ажилд сэв шалгах тэргэнцэр, оношилгооны вагон маш их тус болдог. Хэдийгээр Замын хэсэгт мөлхөө үзэгч нар байдаг ч энэ дэвшилтэт техник шиг бүгдийг нарийн илрүүлж чадахгүй шүү дээ” гэсэн юм.
Тэд Толгойт өртөөний А паркийн гурав, дөрөвхөн замыг шалгахад үдийн цайны цаг болов. Энэ зуур ахлах оператор Б.Пүрэвжаргалтай цөөн хором ярилцлаа.
-Та аль нутгийн хүн бэ. Төмөр замд хэдэн жил ажиллаж байна даа?
-Аав ээж минь Хөвсгөл аймгийн Эрдэнэбулган сумын гаралтай. Харин би Дархан-Уул аймагт төрж, тус аймгийн 15 дугаар сургуулийн наймдугаар ангийг 1989 онд төгссөн. Тэгээд үсчний мэргэжил эзэмшин хэсэг хугацаанд ажилласан. Дараа нь 1996 онд Замын II ангид тор засагчаар ажилд орсноос хойш 28 жил болж байна. Энэ хугацаанд тор засагчаар дөрөв, ахлах замчнаар зургаан жил, үлдсэн хугацаанд нь сэв шалгах тэргэнцрийн туслах болон ахлах оператораар ажиллалаа. Намайг тор засагч байхад Д.Ням-Осор дарга “За Пүрэвжаргал хариуцсан хэсгийнхээ торыг маш сайхан болгожээ. Одоо IV зэргийн замчнаар томилж байна” гэж билээ. Би ер нь үе үеийн дарга нартаа талархаж явдаг. Өнөөгийн Д.Алтангэрэл даргатай олон жил хамтран ажиллаж байна. Энэ удирдлагуудын дэмжлэг, төмөр замынхаа буянд би таван хүүхдээ юугаар ч дутаахгүй өсгөж, амьдрал ахуйгаа дээшлүүлж байна. Тиймээс хариуцсан ажлаа чин сэтгэлээсээ хийдэг. Ажил маань миний бахархал, тэргэнцэр нь ажлын гол багаж. Үүнийгээ л үргэлж арчилж тордож явдаг даа.
-Таны тэргэнцэр хамгийн багадаа ямар хэмжээтэй сэв илрүүлдэг вэ?
-Нэг мм цавыг ч илрүүлнэ. Харин түүнийг алдахгүй “барих” хэрэгтэй. Энэ нь сэв шалгагч хүний сонор сэрэмжээс л хамаарна. Гэмтэл янз бүр. Бид тэд дүгээр зургийн гэмтэл гэж ярьдаг юм. Нүдээр хараад илрүүлэх гэмтэл байдаг. Харин далд гэмтлүүдийг маш нарийн үзэж илрүүлэхгүй бол аюултай. Уулзварын боолтын далд нүхний цав буюу 53-ын гэмтэл гэж бий. Мөн галт тэрэгний дугуй хий эргэснээс үүдэж ухагдсан 14-ийн гэмтэл байна. Энэ нь хөндлөн цав үүсэх магадлалтай байдаг. Хэрэв цав үүссэн бол хурц буюу 24-ийн гэмтэл гэж ярьдаг. Ийм гэмтлийг гурван цагийн дотор яаралтайгаар сольдог.
-Энэ удаагийн шалгалтаар хурц гэмтэл илрэв үү?
-Арваннэгдүгээр сарын 13-нд Эмээлтийн 380 дугаар км-ийн зургадугаар зуутын 21 дүгээр үед 24-ийн зургийн гэмтэл илрүүлж, Замын мастерт мэдэгдэх хуудас бичиж өгөн яаралтай солиулсан. Надад ажлын дэвтэр бий. Тухайн өдөрт хэдээс хэд дүгээр км-т ажиллах юм. Мөн гэмтэл гарсан тохиолдолд яг аль хэсэгт, аль талын, хэдэн оны зам төмөр дээр... гэхчлэн бүгдийг нь бичдэг. Ер нь, сэв шалгах оператораар ажилласан бүх хугацааны үзсэн замын байдал, гарсан гэмтлийн бүртгэл надад бий. Хаана хяналтад ямар гэмтэл байгаа, тэр нь дараагийн явалтаар нэмэгдсэн эсэх гээд бүгдийг тулгаж үздэг (Цүнхнээсээ хэд хэдэн дэвтэр, баримт материалууд гарган үзүүлэв).
-Та 25-26 орчим мянган км алхаж зам шалгасан гэж хэлсэн шүү дээ. Энэ хугацаанд хэчнээн гэмтэл илрүүлсэн бол?
-400 гаруй гэмтэл илрүүлсний 234 нь хурц гэмтэл байсан. Цавын уртыг нь нэгтгэж үзтэл 2 метр 72 см болжээ. 14 дүгээр зургийн гэх мэт зарим бага мм-тэй гэмтлийг мөлхөө үзэгч нарын хяналтад үлдээж, цав гарвал солих хугацаатай үүрэг өгөөд явдаг. Бүх хэсгийн хяналтад байгаа гэмтэлтэй зам төмрийн мэдээлэл миний цүнхэнд бий.
Ийнхүү цайны цагийн дараа тэд үргэлжлүүлэн ажиллахаар үлдэж сэтгүүлч миний бие ажлын зүг хөдөллөө. Харин маргааш нь утасдаж асуувал Толгойт өртөөний 44 дүгээр сумын зүрхэвчинд ДС30Г.2 зургийн 35 мм бүхий хурц гэмтэл илрүүлэн яаралтайгаар солиулж буйгаа хэлсэн юм. Ингэснээр Б.Пүрэвжаргалын илрүүлсэн хурц гэмтлийн тоо 235, см-ийн урт нь 2 метр 75.5 см болсон байна. Түүнийг хамт олон нь “Дугуйт чагнууртай зам төмрийн эмч” гэсэн нь яах аргагүй оносон нэр ажээ.
М.Наранболд