Сүхбаатар өртөөний дарга Х.Хоролсүрэнтэй шинэ оны босгон дээр цаг үеийн асуудлаар ярилцаа.
-Танай хамт олны 2023 оны хөдөлмөр, бүтээлээс яриагаа эхлэх үү?
-Баярлалаа. Юуны өмнө нийт уншигчдадаа шинэ оны мэндийг өргөн дэвшүүлье. Манай хамт олон 74 жилийн түүхэндээ чамгүй амжилтыг бүтээж ажилласныг онцлон тэмдэглэе. Үүний хамгийн тод жишээ гэвэл түүхэндээ анх удаа ОХУ-тай 10 хос галт тэргийг таван удаа солилцож, түүхэн дээд амжилтаа шинэчлэн тогтоолоо. Мөн Төмөр замчдын мэргэжлийн баяраа угтаж өнгөрөгч наймдугаар сарын 3-нд 11 хос галт тэрэг солилцлоо. Одоо тогтмол солилцох галт тэрэгний тоог 7.4-өөр төлөвлөн ажиллаж байна. Мөн хөрөнгө оруулалтын чанартай маш олон төлөвлөгөөг авч, аж ахуйн нэгжүүддээ хэрэгжүүллээ. Тухайлбал, Ерөө өртөөний ажилчдын автобусыг шинэчиллээ. “Монголд зочлох жил”-ийн хүрээнд тээш түгээлтийн машин авч, Сэлэнгэ аймгийнхаа иргэдэд хүртээмжтэй үйлчилгээ үзүүлж эхэллээ гээд олон жишээг энд дурдаж болно.
-Танай өртөө 2023 онд бүтээн байгуулалтаар өрнүүн жил байлаа. Цаашид улсын бодлогын хувьд хилийн боомт гэдэг агуулгаар нь онцгой анхаарна гэдгийг Монгол Улсын сайд Б.Тулга манай сонинд өгсөн ярилцлагадаа онцолсон?
-Боомтын сэргэлтийн бодлоготой холбоотойгоор манай өртөөнд Төрийн нэг цэгийн үйлчилгээ буюу “Сүхбаатар боомтын нэг цэгийн үйлчилгээ” цогцолбортой болсон. Тус цогцолборт Гадаадын иргэн харьяатын газар, ХХЕГ, ТЕГ, Боомтын захиргааныхан байрлан үйл ажиллагаа явуулж эхлээд байна. Үүний үр дүнд иргэдэд чиглэсэн төрийн үйлчилгээ хурдан шуурхай болж, боомттой холбоотой байгууллагуудын харилцан уялдаа холбоо сайжирсан гэж харж байгаа.
-Танай өртөөг өргөтгөж, хүлээн авах чадварыг нь нэмэгдүүлэхээс гадна Оросын талын өртөөдийн хүчин чадлыг сайжруулах нь нэн чухал болов уу. Энэ талаар ямар мэдээлэлтэй байна вэ?
- Энэ асуултад галт тэрэг солилцооны асуудлаас эхэлж хариулах нь илүү оновчтой санагдаж байна . 2022 оны арваннэгдүгээр сард 1863 галт тэрэг хүлээн авч байсан бол 2023 оны мөн үед 2487 буюу 624 галт тэргээр өссөн дүнтэй байна. Үүнийг дагаад мэдээж вагоны тоо өссөн. Үндсэндээ 133.4 хувийн биелэлттэй гарсан. Мөн өнгөрсөн онд 1718 галт тэргийг ОХУ-ын талд хүлээлгэн өгч байсан бол энэ онд 2323 буюу 605 галт тэргээр өссөн байна. Ерөнхийдөө галт тэрэг солилцоо үлэмж хэмжээгээр нэмэгдсэн. Үүнтэй холбогдуулан Наушки Сүхбаатар өртөө хооронд өргөтгөлийн ажлаа хэрхэн хийх вэ гэдгийг ярилцаж эхлээд байна. Хилийн хэлэлцээрийнхээ хүрээнд Наушки өртөө условный??? 71-тэй галт тэрэг хүлээн авахаар тохиролцсон байдаг. Энэ хүрээнд тус өртөө хамгийн багадаа харилцан тохиролцсон хэмжээндээ хүргэж ажиллах зорилтыг тавьж, тодорхой ажилбаруудыг төлөвлөж, зарим нь хэдийнээ эхлээд явж байна. Галт тэрэг боловсруулалтыг Загастай, Чита, Улаан-Үд зэрэг өртөөндөө хийгээд Наушки өртөөгөөр шууд өнгөрөөх гэхчлэнгээр хилийн өртөөнд гарч байгаа ачааллыг бууруулахаар Дорнод Сибирийн төмөр замынхан ажиллаж байгаа юм билээ. Сүхбаатар өртөө ч мөн адил. Б паркийг барих комисс байгуулан саяхан ирж, дүгнэлт гаргаад явлаа. Үүнтэй холбогдуулан Сүхбаатар ачих буулгах хэсгийг өргөжүүлэх шаардлагатай байна. Транзит тээврийн ачааг түргэн шуурхай явуулах. Хилийн өртөө гэхээсээ илүү хоёр улсын Засгийн газрын анхааралд орсон учраас босоо тэнхлэгийн төмөр замыг сайжуулахаас аргагүй болсон. Төмөр замчид бидний хувьд ч 2024 оны төлөвлөгөөндөө олон ажил хийхээр тусгалаа. Шинэ он маань ажил, бүтээн байгуулалт өрнөсөн жил байх болов уу гэж бодож байна.
-Танай өртөөний хэтийн төлөвийг харвал ямар дүр зураг гарч байна. Ямар төрлийн тээвэр зонхилж өсөхөөр байгаа вэ?
-Манай өртөөний хувьд цаашид экспортын тээвэр үлэмж хэмжээгээр өсөх хандлагатай байна. Яагаад гэвэл, энэ онд Сүхбаатар суманд 50МВт-ын цахилгаан түгээх станц барих гэж байна. Үүнтэй холбогдуулан уул уурхайн ачилт нэмэгдсэн. Мөн экспортод гаргах нүүрсний тээвэр ч өсөх хандлагатай байна. Тийм ч учраас бид Б парк барих ажлаа шуурхайлж байна. Ер нь, транзит тээвэр эрс нэмэгдэнэ. Бид өнгөрөгч аравдугаар сарын 16-19-нд ОХУ-ын Эрхүү хотноо болсон 2024 оны хилийн хэлэлцээрт оролцоод ирлээ. Энэ хүрээнд өмнө нь бид транзит чингэлгийн галт тэргийг өмнө нь дөрөв авдаг байсан бол энэ онд авахаар төлөвлөсөн. Галт тэрэг солилцоог ч нэмэгдүүлэх талаар ярилцсан. Оросын талаас хоногт солилцох галт тэрэгнийхээ тоог 15-д хүргэе гэсэн санал тавьж байгаа. Бидний хувьд эхлээд Б паркаа барих хэрэгтэй гэж үзэж байгаа. Сүхбаатар өртөөний зүгээс Дулаан, Хойт зөрлөгт тус бүр нэг зам нэмж барих саналыг тавьсан. Ялангуяа, Дорнод Сибирийн төмөр замын зөрлөгүүд нь бүгд хос замтай байдаг шүү дээ.
-Хөдлөх бүрэлдэхүүний хүрэлцээ хангамж өртөөний хэмжээнд хангалттай байна уу?
-Манайх ачааны төрөл, хүрэх өртөөгөөр нь найруулдаг онцлогтой өртөө. Замын-Үүд хүртэлх галт тэргийг вагон төрлөөр нь найруулдаг болохоор маш их ажиллагаа шаарддаг гэсэн үг. Сэлгээний хоёр зүтгүүр маань зогсолтгүй ажилладаг учраас цаг ашиглалт өндөр, 87 хувийн гүйцэтгэлтэй байна. Тэгэхээр цаашид Б парк барих, экспортын ачилт нэмэгдэх зэрэг хэрэгцээ шаардлагыг үндэслэн манай сэлгээний зүтгүүр хүрэлцэхгүй болно.
-ОХУ-аас ирж байгаа хөдлөх бүрэлдэхүүн гэмтэлтэй байх тохиодол цөөнгүй гардаг. Үүнээс нь шалтгаалаад тээврийн ажил удаашрах асуудал ч яригддаг. Энэ тухайд?
-Өмнө нь манай техникийн болон комерийн агентууд гарч ажилладаг байсан бол Орос Украйны дайнтай холбоотойгоор 2020 оноос хойш энэ байдал бүрэн зогссон. Үүний улмаас комерын агентуудын бичиг баримтыг цахимаар шийдэж болоод байгаа ч техникийн агентуудад ихээхэн хүндрэл тулгарч байна. Энэ асуудлыг манай вагончид байнга дэвшүүлэн тавьж, оросын талтай сар бүр хэлэлцээр хийж байгаа. Үр дүнд нь хил дээр галт тэрэг саатуулагдах тохиолдол урд урдынхаасаа багасаж байна. Манай техникийн агентууд засвар үйлчилгээ хийсэн тохиолдолд төлбөр тооцоог нь Оросын талаас нэхэмжлэлээр авдаг болсон.
-Монгол Улсын нүүр царай болохын хувьд Хойт зөрлөгийн өнгө үзэмжийг сайжруулж, ажилтнуудын ая тухтай орчныг бүрдүүлэх хэрэгтэй талаар жил бүрийн Замын даргын үзлэгийн үеэр хөндөгдөг. Гэвч өнөөг хүртэл бодит ажил болохгүй байх шиг?
-Хойт зөрлөг бол манай хэсэглэлийн 76 өртөө зөрлөгийн хамгийн хойд цэг, оросуудтай шууд харилцдаг гээд онцлогтой шүү дээ. Оросын төмөр замынхантай өөрсдийнх нь хэл соёлоор харилцаж, галт тэрэг солилцоо хийдэг гээд өндөр үүрэг хариуцлага үүрч яваа зөрлөгийн хамт олны амьдрах нөхцөл бололцоог нь сайжруулах чиглэлээр онцгой анхаарал хандуулж байна. 2023 онд л гэхэд Замын хэсгийнхний амьдардаг нэг байранд Замын захиргааны дэмжлэгтэйгээр иж бүрэн засвар хийлээ. Ажлын байр хооронд явах замналыг “зиг заг” хавтангаар хийлээ. Шүршүүртэй халуун усанд орох бололцоог нь хангасан гэхчлэнгээр тэнд ажилтнууд тогтвор суурьшилтай, ая тухтай байхад чиглэсэн олон ажлыг санаачлан хэрэгжүүлж байна. Түүнээс гадна Монгол Улсын үүд болж байгаа учраас үндэсний хэв шинжийг агуулсан байдлаар зөрлөгийн байшинг Монгол гэр хэлбэртэй болгох санаачилгыг энэ жилд бодит ажил болгох гэж байна. Зураг төслийн ажил нь эхэлсэн.
-Сүхбаатар зангилаанд ажиллаж амьдарч байгаа хүмүүсийн нийгмийн баталгааг хангахад чиглэсэн ажил хэр хэмжээнд байна вэ. Шинээр ажилд орж байгаа залууст байр орон сууцны асуудал хамгийн том бэрхшээл болж байх шиг?
- Сүүлийн жилүүдэд хөдөө орон нутгийг зорих залуусын урсгал эрс нэмэгдэж байна. Наад зах нь хүүхдээ эрүүл агаарт өсгөх, өөрсдөө ч стрессгүй нийгэмд амьдрах хүсэл эрмэлзэл их болсон. Үүнтэй холбоотойгоор манайд ажилд орохыг горилогчид олширсон. 2023 онд л гэхэд 42 хүн ажлын байрны сонгон шалгаруулалтад орсон. Тэднийг ажлын байраар хангах, ажилд орсных нь дараа орон сууцаар хангах шаардлага нэн тэргүүнд тулгамддаг. Өртөө зөрлөгт ажилд орсон хүмүүс технологийн сууцандаа амьдарч байна. Сэлэнгэ аймгийн тухайд Замын захиргааны дэмжлэгтэйгээр 2024 онд шинээр орон сууц барихаар төлөвлөсөн. Ажилтнууд ч захиалгаа өгсөн. Улмаар шинэ ажилтнууд ипотекийн орон сууцанд хамрагдах боломж нээгдсэн. Ер нь, Б парк шинээр баригдахтай холбоотойгоор манай бүх ажлын байранд орон тоо нэмэгдэнэ. Бид цаг үеийн хэрэгцээ шаардлагыг үндэслэн зөвхөн байгууллагынхаа хэмжээнд ч бус орон нутгийн засаг захиргаатайгаа энэ талаар нягт хамран ажиллаж байна. Бидний дэвшүүлсэн санал санаачилга бодит ажил болж хэрэгжих үеэр энэ тухай дэлгэрэнгүй мэдээллийг та бүхэнд өгөхөд бэлэн. Одоо бол гэрээ хэлэлцээрийн шатандаа явж байна.
-Танайд ирж ажиллах үеэр амрах байрнаас эхлээд ажлын байр бүхэн хүйтэн, тав тухгүй байна л даа. Ажилтнууд ч зутруу ажиллаж байгаагаа дурдаж байна. Халаалт муу байгаагийн учир шалтгаан нь юунд оршиж байна вэ?
-Улс орны хэмжээнд арванхоёрдугаар сарын хоёрдугаар хагасаас хойш олон жилийн дунджаас хүйтэн байлаа. Энэ бол нэгдүгээр шалтгаан. Гэхдээ бүх зүйл цаг агаартай холбоотой гэж ойлгож болохгүй. Хоёрдугаар шалтгаан гэвэл Сэлэнгэ аймгийн Дулаан дамжуулах цахилгаан станцын хүчин чадал төдийлөн хүрэлцэхгүй болж байна. Тэгэхээр дээр дурдсанчлан энэ онд 50 МВт-ын станц шинээр баригдчихаар халаалтын асуудал шийдэгдэх болов уу гэж харж байна. Гэхдээ шинэ станцыг хүлээгээд ажилчдаа дааруулж болохгүй. Дотоод нөөц бололцоогоороо ажлын байр бүрд цахилгаан халаагуурыг байршуулан ажиллуулж байна. Түүнээс гадна ажлын байрны халуун усны асуудалд өртөө, зангилааны удирдлагын хэмжээнд онцгой анхаарахгүй бол болохгүй гэж үзэж байгаа. Манай ажлын байрнууд төвийн шугамд холбогдоогүй, БАҮ-ний ангийн шийдлээр явж байгаа нь ч тодорхой хэмжээгээр нөлөөлж байна гэсэн урьдчилсан дүгнэлтийг гаргасан. Улмаар 2024 онд халуун усны хэрэгцээгээ төвийн шугамаас татаж авъя гэдэг шийдлийг ярилцаж байна. Энэ бол 74 жилийн түүхэнд шийдэгдэхгүй явж ирсэн томоохон ажил. Объектуудын насжилт бол харьцангуй сайн шүү дээ. Хамгийн сүүлд 2019 онд өргөтгөл хийсэн, гадна өнгөлгөө, дулаалгыг бүрэн шинэчилсэн. Түүнээс гадна ажилчдынхаа дотоод нөөц бололцоогоор есөн ажлын байрны дотоод тохижилтыг хийсэн. Гаднаас засал чимэглэлийн ажилтан захиалалгүй өөрсдийн гараар өөрсдийн ажиллаж амьдрах тухтай орчныг бүрдүүлж чадсандаа манай хамт олон урамтай байгаа. Ер нь, бүх ажлын байрандаа ээлж дараатайгаар засвар үйлчилгээ хийгээд явж байгаа. Энэ нь нэг талдаа ажлын байрны сонгон шалгаруулалт хийхдээ гарын ур дүйтэй байдлыг харгалзаж үзсэний маань бас нэгэн үр дүн юм даа. Түүнчлэн, МТЗ-чдын ҮЭ-ийн холбоотой хамтран Сэлэнгэ аймгийн хэмжээнд хоёрт эрэмбэлэгдэх стандартын шаардлага хангасан фитнес танхимыг ашиглалтад оруулсан. Энэ бол ажилтнуудынхаа эрүүл мэндэд чиглэсэн том хөрөнгө оруулалт. Одоо манай 20 ажилтан тогтмол хичээллэж байна. Манай ажилтнууд ажлын байрандаа хоргодож, дурлаж ажилладаг байх хэрэгтэй. Замын хэмжээнд 32.5 сая тонн ачааг тээвэрлэсэн, сүүлийн долоон жилд байгаагүй хэмжээнд галт тэрэг солилцоог нэмэгдүүлсэн, олон жил алдагдалтай явж ирсэн тарифаа нэмсэн, Замын даргын шийдвэрээр нийт төмөр замчид үр дүнгийн шагналаа 200 хувиар тооцож авахаар боллоо гээд ажилтнууд маань сэтгэл өөдрөг ажиллаж байна.
-Ажлын ачаалал нэмэгдэж буйтай холбоотойгоор хүн хүч дутах, албан тасалгааны хүрэлцээ хангамж хүрэлцэхгүй байх гэхчлэнгээр дагалдах асуудлууд бий болж байх шиг. Эдгээртэй холбогдуулан нэмж барилга барих шаардлага тулгарах байх. Танай зангилааны хэмжээнд газрын гэрчилгээгээ хэр хэмжээнд баталгаажуулсан бэ?
-Зарим ажлын байранд өргөтгөл хийх, “Б” паркийг шинээр барих зэрэгтэй холбогдуулаад газар чөлөөлөлт мэдээж хийнэ. Мөн бусад чиглэлээр газрын зөвшөөрөлтэй холбоотой асуудалд аймаг, орон нутгийн захиргаатайгаа нягт уялдаатай ажиллаж байгаа. Тэд төмөр замчдын ажлыг үргэлж дэмжиж ажилладаг учраас аливаа хүндрэл бэрхшээл тулгамдахгүй болов уу гэж бодож байна. Хүн хүчний хувьд бид саяхан 2024 оны орон тоогоо хэлэлцүүллээ. Түүнчлэн гадна ажилладаг ажилтнуудынхаа тоог менежментийн зохион байгуулалтаар цөөлөх бодлого барилаа. Энэ хүрээнд ажлын байр бүрд тодотгол хийж, тодорхойлолтуудад нь өөрчлөлт хийж ажиллалаа. Дээр нь галт тэрэг нэмэгдсэнтэй холбоотойгоор хяналтын үзлэг хугацаандаа амждаггүй асуудал гарсан. Энэ байдлыг удирдлагын хэмжээнд ойлгож шаардлагатай орон тоог нь шийдвэрлэж өглөө. Байр ачаанууд маш ихээр ирж байгаа учраас гэрээт ажилтнуудынхаа орон тоог өөрчиллөө гээд олон арга хэмжээг авч ажиллалаа. Энэ бол удирдлагын хэмжээнд дэмжиж, хамтран ажилласны үр дүн юм.
-Нефтийн тээврийн асуудал сүүлийн сард олны анхааралд ороод байна. Тээвэрлэлтийн ажлыг нь гардан гүйцэтгэж байгаа хамт олны хувьд энэ талаар ямар мэдээлэл өгөх вэ?
-Сүхбаатар өртөөний хувьд 2023 оны арванхоёрдугаар сарын 01-26-ны байдлаар АИ92 бензин тээвэрлэсэн 800, дизелийн түлш 1542, АИ95 бензин, онгоцны түлш 112 гэхчлэнгээр ОХУ-аар ирж байгаа нефтийн бүтээгдэхүүнийг цаг тухай бүрд нь аваад хилийн үзлэг шалгалтуудыг түргэн шуурхай хийж байна. Бид зургаан цагийн дотор хүрэх өртөөдөөр нь найруулан хүлээн авагч талд хүлээлгэн өгөх ажлыг Захиран хуваарилах хэлтэстэйгээ хамтран зохион байгуулж байна. Ерөнхий зургаар нь харвал нефтийн тээвэр өмнөх оны мөн үеийнхээс өссөн. Хомсдол үүссэн шалтгаан нь хэрэглээ өссөнтэй холбоотой гэж үзэж байгаа юм билээ.
-Орон нутагтайгаа хамтран ажилладаг, хөрөнгө оруулалт татдаг туршлага УБТЗ-ын аж ахуйн нэгжүүдэд олон бий. Танай хамт олны хувьд?
- Манай хамт олон орон нутагтайгаа маш ойр ажиллаж, олон ч ажлыг хамтдаа хийлээ. Хамгийн тод жишээ гэвэл хүн, мал, авто машин дайрагддаг гээд төмөр замын аюултай бүсийн дэглэмд хамгийн эрсдэлтэй цэг болсон 25 дугаар км-т хонгилон гарц хийлээ. Ингэснээр бидний хамгийн их сэтгэл зовинодог аюултай бүсийн дэглэм бүрэн хангагдаж байна. Энэхүү бүтээн байгуулалтыг хийхэд орон нутгийн захиргаа онцгой анхаарал хандуулж, төсөвтөө тодотгол хийх шаардлагатай хөрөнгө оруулалтыг шийдсэн. Бас нэг жишээ нь, Сэлэнгэ аймгийн хэмжээнд авто машины гарцыг шийдлээ. Урин дулааны улиралд зам парк дээгүүр иргэдийн хөдөлгөөн нэмэгдэх гээд байдаг учраас гүүрэн гарц хийх ажлыг 2024 онд шийдэхээр ажиллаж байна. Ер нь, ЗДТГ-ын хэмжээнд иргэдийн аюулгүй байдал, галт тэрэгний хөдөлгөөний аюулгүй байдлыг хангахад шаардлагатай бүх ажлыг дэмжихгүй бол болохгүй юм байна гэдгийг маш сайн ойлгосон учраас үргэлж хамтран ажилладаг. Манай зангилааны удирдлагын хувьд “Төр төсвийн байгууллагаас төмөр замынхан дутаж болохгүй” гэсэн уриатай л зүтгэж байна даа.
-Энэ жил Монгол руу чиглэсэн гадна дотны жуулчдын урсгал эрс нэмэгдсэн. Үүнтэй холбогдуулан танай хамт олон ямар ажил хийв?
-“Монголд зочлох жил”-ийн хүрээнд Монголын цахилгаан холбоо ТӨХК-тай хамтран “Итгэлтэй утас”-ыг ажиллуулсан нь олны талархлыг хүртсэн. Нэг хүн хоёр минутын турш үнэгүй ярих боломжийг бүрдүүлснээр гадны зочид ялангуяа ОХУ-аас ирж байгаа буриад иргэд вокзал дээр ирээд тосож авах хүнийхээ утас руу ярьдаг болсон. Түүнчлэн, дээр дурдсанчлан фитнесс танхимд хичээллэх төмөр замчдынхаа сарын төлбөрийг 35 мянган төгрөг байхаар шийдсэн. Багцаар буюу сараас дээш, улирлаар хичээллэх тохиолдолд сарын 30 мянган төгрөгийн төлбөртэй байх, энгийн иргэдийн төлбөр нь 45 мянган төгрөг байх шийдвэрийг гаргасан. Энэ онд сауныг шийдчихвэл цогц байдлаар ажиллах юм. Вокзалын ар талын цэцэрлэгт хүрээлэнгээ өртөөний 75 жилийн ойн хүрээнд тохижуулах зорилт тавин ажиллаж байна. Ер нь, ойн баяраа угтаж олон бүтээн байгуулалт хийхээр төлөвлөсөн. Ерөө өртөөнд 180 сая төгрөгийн хөрөнгө оруулалтаар ажилчдын автобус авахаар боллоо. Энэ автобус маань Замын-Үүдэд буугаад гаалийн бүрдүүлэлт хийгдэж байна. Мөн Ерөө өртөөнийхөө 56 айлын байранд их засвар оруулахаар төлөвлөсөн гээд олон ажлыг энд дурдаж болно. Товчхондоо энэ их бүтээн байгуулалтын зэрэгцээ тасралтгүй өсөн нэмэгдэж байгаа тээврийн үйл ажиллагаагаа амжилттай гүйцэтгэх, ажилтнуудаа сургаж дадлагажуулах гээд түүхт 75 жилийн ойгоо өндөр бүтээн байгуулалтаар угтахаар ажиллаж байна.
-Цаг зав гарган ярилцанд баярлалаа. Танд ажлын амжилт хүсье.
Б.Дэлгэрхишиг