Саяхан Сүхбаатар өртөөнийхөн Наушки өртөөтэй хоногт 10 хос галт тэрэг солилцож, түүхэн амжилт тогтоосон нь түүхэн амжилтын нэг байлаа. Ирж яваа цагийн эхэнд их амжилт далласан энэхүү хамт олны ажил үйлсээс сурвалжлав.
Сүхбаатар өртөөний дарга Х.Хоролсүрэн “Өнгөрсөн онд манай хамт олон хэсэглэлийнхээ хэмжээнд галт тэрэгний хөдөлгөөний болон хөдөлмөрийн аюулгүй байдлыг хэвийн хангаж, тээврийн төлөвлөгөөт үзүүлэлтүүдийг бүрэн биелүүлж ажилласан. Тухайлбал,Сүхбаатар өртөө 2022 онд тээврийн төлөвлөгөөт үзүүлэлтийг 102-142 хувиар биелүүлж, орон нутгийн вагоны сул зогсолт, дахин ажиллагаатай вагоны сул зогсолт,ажиллагаатай, ажиллагаагүй транзит вагоны сул зогсолтыг 1.58-5.4ваг/цагаар бууруулж ажилласан. ОХУ-аас 2031 галт тэрэг, 81705 вагон, 4497379 тонн ачаа хүлээн авч, ОХУ-д 1885 галт тэрэг, 84410 вагон,126142 тонн ачаа хүлээлгэн өгч, ОХУ-тай 3916 галт тэрэг, 170542 вагон солилцсон.Мөн өнгөрсөн оны аравдугаар сараас эхлэн “Мөнгөн тахь” ХХК-ийн салбар замаас анх удаагаа “Open top” төрлийн вагонд нүүрс ачиж эхэллээ. Эдгээр ажлын амжилтын үр дүнгээр манай Сүхбаатар өртөө УБТЗ-ын 2022 оны хөдөлмөрийн уралдаанд “Галт тэрэгний хөдөлгөөний аюулгүй байдлыг найдвартай хангагч байгууллага”-аар шалгарсан” хэмээн өмнөх оныхоо ажил үйлсийг товчхон ярилаа. Замын хэмжээнд өнөө жил дэвшүүлсэн “Менежментийн нэгдсэн тогтолцооны хэрэгжилтийг баталгаажуулах” жилийн хүрээнд тус хамт олон есөн бүлэг 123 зүйлтэй төлөвлөгөө боловсруулан, ажилдаа орсон тухайгаа ч мөн ярьсан юм. Одоогоор тус өртөөний төлөвлөсөн ажлын биелэлт 34 хувьтай яваа аж. Энэ сарын 16-ны 17.00 цагаас 17-ны 17.00 цагийн хооронд Сүхбаатар өртөө Наушки өртөөнөөс 10 галт тэрэг хүлээн авч, 10 галт тэрэг хүлээлгэн өгсөн.
Энэ нь Монгол–Оросын хилийн төмөр замын комиссын зөвлөгөөний протоколд хоногт ачааны 10 хос галт тэрэг солилцохоор тохиролцсон заалтыг хэрэгжүүлэх анхны алхам байв.
Тухайн үед Тээвэр зохион байгуулалтын албаны Захиран хуваарилах хэлтэс, Сүхбаатар өртөөний жижүүр Б.Мандахбаяр, Г.Батмөнх ахлагчтай зангилааны нэгдсэн ээлжийн хамт олон мэргэжлийн ур чадвар гарган ажилласныг өртөөний дарга онцлон дурдав. Х.Хоролсүрэн даргаас цаашид галт тэрэг солилцоог энэ хэмжээнд барьж ажиллах боломж хэр байгааг сонирхоход тэрбээр хилийн өртөөний хувьд хөршийн хамтын ажиллагаа шууд нөлөөтэйг учирлаад, “Мэдээж, бид уг амжилтыг бататгаж, тогтмол 10 галт тэрэг солилцохын төлөө хичээж ажиллана. Ер нь, энэ хэмжээнд ажиллах боломж бидэнд бий гэдгийг баталчихлаа шүү дээ” гэсэн билээ.
Тэд мөнхийн хөрш Наушки өртөөнийхөнтэйгөө өглөө, орой бүр тогтмол ажлаа солилцохын зэрэгцээ яаралтай мэдээллийг тухай бүр утсаар болон нэгдсэн Telegram группээр дамжуулан ажилладаг ажээ. Сар бүр Наушки өртөө, Сүхбаатар өртөө, ТҮГ-ын удирдлагууд цахим уулзалт зохион байгуулж, тухайн сардаа хэрхэн хамтарч ажилласан, хүндрэлтэй байгаа асуудлуудаа хэлэлцэж, хамтран шийдвэрлэдэг гэлээ. Цар тахлын улмаас хилийн өртөөдийн хамтарсан уулзалтыг цахимд шилжүүлсэн нь өнөө ч хэвээр мөрдөгдөж байгаа юм байна. Уг нь, ковидын аюул намжиж, ажил амьдралын хэвийн горимд шилжсэн тул энэхүү уулзалтыг нүүр нүүрээ хараад хийвэл илүү үр өгөөжтэй байхсан хэмээн тэрээр ярьсан билээ.Түүний ярианаас нүүр тулж хэлцэх, утасны цаанаас ярихын хооронд яялгаа их байгаа болов уу гэсэн бодол төрсөн билээ. Нэг хүндрэлтэй асудал байгаа нь, Сүхбаатар өртөөний зам дээр хоосноор зогсож буй гааль, татварын асуудал нь шийдэгдэхгүй вагонууд удах тохиолдол цөөнгүй гарах болжээ. Хоосон вагонууд өртөөний 2-3 зам эзэлчихээр сэлгээний ажилд багагүй түвэг учруулдаг гэнэ. Мөн галт тэрэг солилцох явцад УБТЗ-ын болон Дорнод Сибирийн төмөр замын техникийн болон коммерын агентууд харилцан хил гарч ажиллахгүй байгаа нь галт тэрэгний хөдөлгөөний болон ачааны бүрэн бүтэн байдалд тодорхой эрсдэл учруулдаг, тэдний өдөр тутмын ажоын нэг хүндрэл гэдгийг өртөөнийхөн ярьж байлаа.
Залуус гар нийлэн ажиллаж байна
Өнөө цагт Замын хэмжээнд төмөр замчдыг тогтвор суурьшилтай ажиллуулах нь тулгамдсан асуудал Сүхбаатар өртөөний хувьд харьцангуй гайгүй бололтой. Мэдээж, өрсөлдөгч төмөр замын байгууллагуудад ажиллахаар болон ковидын цар тахлын дараа гадаад орныг зорих гэх мэт шалтгаанаар өөрийн хүсэлтээр ажлаас гарсан хүн мэр сэр бий ч бусад байгууллагатай харьцуулахад шилжилт хөдөлгөөн ажилд сөргөөр нөлөөлөхүйц хэмжээнд хүрээгүй. Харин ч Сэлэнгэ аймгийг зорин ирж ажиллах хүсэлтэй төмөр замчид цөөнгүй тул хүний нөөцийн хувьд хүндрэлгүй гэсэн нааштай үг дуулдав. Ер нь, Сүхбаатар өртөө хүний нөөцийн бодлогыг зөв барих үүднээс ажилтнуудаа хөрвөн ажиллах чадвартай болгох, мерит зарчмаар шат дараалсан ажлын байруудад дэвших боломжийг бий болгох, сургах дадлагажуулах тал дээр илүү анхаардаг юм билээ. Энэ нь ч ажилтнуудын тогтвор суурьшилтай ажиллах эерэг үзүүлэлтийн нэг болов уу. Өртөөний удирдлагын багийн хувьд энэ оны эхэнд өөрчлөлт хийгджээ. Жишээлбэл, ерөнхий инженер, зорчигч тээвэр хариуцсан орлогч дарга нар шинээр томилогдсон байна.Ерөнхийдөө тус өртөөг залуус удирдаж байна. Гэхдээ шат шатанд бэлтгэгдсэн туршлагатай чадварлаг баг бүрдсэн гэж Х.Хоролсүрэн дарга дүгнэж, гар нийлсэн, зүтгэл нэгтэй, чиглэсэн зорилготой ажиллаж байгаа учир ажил урагштай яваа хэмээв . Төмөр замчдын эгнээ залуусаар хүч сэлбэхийн хэрээр дагаад нийгмийн асуудлууд яригддаг. Юун түрүүнд орон сууцны хүрэлцээ, хангамж. Энэ тал дээр, тус зангилааны хувьд 2012 оноос хойш Сэлэнгэ аймгийн Сүхбаатар суманд төмөр замчдын 32, 58 айлын орон сууц, Дулаанхаан тосгонд 56 айлын орон сууц баригдсан хэдий ч цаашид албан тушаалын буюу технологийн орон сууц барих шаардлага байгаа аж.
“Итгэлтэй утас”-ны найдвартай үйлчилгээ
Энэ оны хувьд тус өртөөний хамт олон зорчигч тээвэр рүү чиглэсэн нэлээд ажил хийх юм байна.Өөрөөр хэлбэл, Монгол Улсын Засгийн газрын тогтоолоор батлагдсан “Монголд зочлох жил”-ийн хүрээнд цаг үеэ мэдэрсэн ажил зохион байгуулна гэж төлөвлөж байна. Нөгөө талаар, цар тахлын дараах сэргэлтийг дэмжиж ард иргэд ая тухтай үйлчлүүлэх нөхцөл боломжийг бүрдүүлэхийг зорьжээ.Энэ хүрээнд“Монголын цахилгаан холбоо” ХК-тай хамтран “ИТГЭЛТЭЙ УТАС”-ыг өртөөнд суурилуулжээ. Уг утсаар дотоодын зорчигчид төдийгүй ОХУ-аас Монгол руу ирсэн жуулчид бүх сүлжээнд үнэ төлбөргүй яаралтай дуудлага хийх боломжтой юм байна.Үнэ төлбөргүй энэ утасны нэг дуудлагын дээд хугацаа хоёр минут аж. Хугацаа болмогц автоматаар салж, дараагийн хүндээ боломж олгох тохиргоотой аж. Түүнчлэн, “Монголд зочлох жил”-ийн хүрээнд төмөр замаар үйлчлүүлэгчдэд зориулж,Сэлэнгэ аймгийн байгалийн үзэсгэлэнт газруудаар аялах зугаалахмаршрутыг аяллын хөтөч байгууллагуудтай хамтран гаргах аж.Сүхбаатар өртөөний хувьд 70 жилийнхээ ойгоор буюу 2019 онд вокзалын их засварыг хийлгэж, өнгө төрхөө шинэчилсний дээр ойр орчмын тохижилтод ч анхаарчээ.Ингэснээр нутгийн ард иргэд вокзалын ойр орчмоор амарч зугаалах дуртай болжээ. Иймд ард иргэд олноор үйлчлүүлэх хэсэгт түргэн үйлчилгээний цэг, АТМ, гар утас цэнэглэх хэсэг, интернэт орчинг бүрдүүлж үйлчлүүлэгчдээ татах ажил хийхээр төлөвлөснөө танилцууллаа.Мөн зорчих тасалбарыг заавал кассаас ирж биш онлайнаар авах мэдлэгийг суулгах зорилгоор сурталчилгааг түлхүү хийх болжээ.Цахим тасалбар худалдаалалтыг сурталчилах “НЭЭЛТТЭЙ ХААЛГАНЫ ӨДӨР”-ийг зохион байгуулахаар бэлтгэж байгаа аж. Энэ мэт тус өртөөнийхөн цаг үеэ мэдэрсэн, үйлчлүүлэгчдийн эрэлтэд нийцсэн үйлчилгээтэй байгууллага болохоор зорьж байна.
Б.Гүнжинлхам