УБТЗ ХНН-ийн дарга Х.Хэрлэнгийн хаврын үзлэгийн дүнгийн хурал дээр хэлсэн үгийг тоймлон хүргэж байна.

 

-Сайн байцгаана уу, эрхэм хүндэт төмөр замчид аа. УБТЗ-ын тээвэр, үйлдвэрлэл, үйлчилгээний зорилтыг биелүүлж, түүхт 75 жилийн ойгоо бахдам амжилтаар угтахын төлөө шаргуу хөдөлмөрлөж байгаа төмөр замчид та бүхэндээ Замын нийт удирдлагын өмнөөс болон хувиасаа ажлын амжилт, сайн сайхан бүхнийг хүсэн ерөөе. Миний хувьд Замын даргын ажил хүлээн аваад хоёр жил хагасын хугацаа өнгөрлөө. Замын даргад гурван жилээр томилогдож гэрээ байгуулдаг. Томилолтын хугацаа маань дуусах дөхөж байна. Энэ хугацаанд би юу хийв, УБТЗ хөгжсөн үү, ямар эерэг өөрчлөлтүүдийг бий болгосон юм гэхчлэн товчхон мэдээлэл өгье гэж бодлоо.

УБТЗ ХНН-ийн даргаар миний бие 2021 оны арванхоёрдугаар сарын эхээр ажлаа авахад ковид цар тахал дөнгөж дууссан үе байлаа. Цар тахлын хүндрэлийн улмаас Замын-Үүд–Эрээн боомтын галт тэрэг солилцоо 50 хувиар буурч, тээврийн орлого эрс багасаж, нийгэмлэг санхүүгийн эрсдэлд ороод байсныг та бүхэн сайн мэднэ. Нөгөө талаар, УБТЗ 19 бүлгийн 21 төрлийн ачаа тээвэрлэдгээс гурван төрлийн ачаа нь л ашигтай. Бусад 18 төрлийн ачааг олон жил алдагдалтай тээвэрлэж, санхүүгийн байдал маш хүндрэлтэй байсан үе. Эдийн засгийн байдлыг нь сонсоод үнэндээ айж байсан. Тэгээд яаж алдагдалгүй түвшинд хүрэх вэ, яаж төмөр замчдынхаа цалинг Монгол Улсын бусад салбарт ажиллаж буй хүмүүсээс дутахааргүй нэмж, нийгмийн асуудлыг нь шийдвэрлэх вэ, ачаа тээврийг хэрхэн алдагдалгүй тээвэрлэх вэ гэхчлэн олон асуудал тулгарч, ажилдаа шамдан орсон. Эдгээр асуудлыг шийдвэрлэхийн тулд бидний хамгийн эхний тулах цэг бол тарифын индексжүүлэлт, нэмэгдүүлэх гэдгийг нэн тэргүүнд олж харсан. Тухайн үедээ УБТЗ 31 гаруй сая тонн ачаа тээвэрлэж байсан шүү дээ. Тарифыг нэмээгүй цагт 40, 50 сая тонн ачаа тээвэрлээд ч нэмэргүй. Алдагдал бүр л өсөж, төмөр замчдын маань цалин, ахуй хангамж улам л муудна. Хэдий их ачаа тээнэ тэр хэрээр л муудна. Алдагдал өсөөд байхаар аргагүй юм. Ийм л хүнд үед ажил авч байлаа. Тэгээд 2022, 2023 онд ачаа тээврийн тарифыг нийт таван удаа индексжүүлж нэмсэн. Үүний үр дүнд өнөөдөр 18 төрлийн ачаа нь ашигтай болж, гурван төрлийн ачаа нь л алдагдалтай байна. Алдагдалтай гурав нь орон нутгийн нүүрс, хүнс, нефтийн тээвэр. Ер нь, цаашдаа инфляцтай уялдуулж, зах зээлийн зарчмаар нь тээврийн тарифыг шинэчлэх ажлыг улам эрчимжүүлнэ. Тээврийн тарифын алдагдлыг бууруулснаар нийгэмлэгийн санхүүгийн чадавх сайжирч, техникийн шинэчлэлт хийх, үйлчилгээний чанараа сайжруулах, төмөр замчдынхаа нийгмийн асуудлыг шийдвэрлэх зэрэг тулгамдсан асуудлууддаа хөрөнгө оруулалт хийх боломж нэмэгдэнэ.

Мөн бид зорчигч тээврийн тарифыг хоёр удаа 50, 50 хувиар нэмэгдүүлж чадсанаар гадаад зорчигч тээвэр алдагдалгүй болсон. Дотоод зорчигч тээврийн алдагдал өмнөх нь жилүүдэд 50-60 тэрбум төгрөгт хүрдэг байсныг 20 гаруй тэрбумаар багасгасан. Үүнийг бүр алдагдалгүй болгоно гэдэг хэцүү. Дэлхийн улс орнуудад зорчигч тээвэр нь ашигтай явна гэж байдаггүй юм билээ. Зөвхөн Япон улсын хурдны галт тэрэг л алдагдлаа хаах түвшинд байдаг. Бусад нь бүгд алдагдлаа улсаасаа авдаг.

УБТЗ-ын хувьд 2022 онд 65 тэрбум төгрөгийн алдагдалтай ажилласан. Гэвч бид зоригтой шийдвэр гарган 50 гаруй тэрбум төгрөгийн эх үүсвэрийг олж төмөр замчдынхаа цалинг дунджаар 11.2 хувиар нэмэгдүүлж чадсан. 13 дахь сарын цалинг 200 хувиар бодож олгосон. Ингэснээр алдагдал 110 гаруй тэрбум төгрөг болсон. Энэ тоог тухайн үедээ харах амар байгаагүй. Би энэ байгууллагыг улам дордуулчихгүй байгаа даа гэж бодсон. Гэхдээ энэ 16 мянган төмөр замчдын чадвар чансаа, тэсвэр тэвчээр, хоногийн 24 цаг тасралтгүй ажиллаж чадах ажилтнууд миний ард байгаа. Тэдэнд тулах цэгийг нь олоод өгсөн цагт энэ байгууллага дампуурахгүй гэдгийг би олж харсан. Тулах цэг нь дээр дурдсан тарифыг индексжүүлэх. Монгол Улсын Засгийн газраас ч маш сайн дэмжиж, бидний үйл ажиллагааг ойлгосон. Үүний хүчинд 2023 онд УБТЗ 75 жилийн түүхэндээ байгаагүй их буюу 32.6 сая тонн ачаа тээвэрлэж дээд амжилт тогтоолоо. Мөн хамгийн их орлого, ашиг оллоо. Тодруулбал, өнгөрсөн онд бид 1.4 их наяд төгрөгийн орлого олж, 57 орчим тэрбум төгрөгийн ашигтай ажилласан. УБТЗ-ын удирдлагын баг хамт олон, нийт төмөр замчдын хувьд өнгөрсөн хоёр жил бол амсхийх завгүй их ажлын он жилүүд байлаа. Түүнчлэн, нийгэмлэгийн өмнө тулгамдсан шийдлээ олж чадахгүй байсан олон асуудлыг шийдэж, техникийн болон нийгмийн салбартаа шинэчлэлт өөрчлөлт хийсний үр дүнд УБТЗ хөгжлийн шинэ үе шатандаа шилжих эхлэлийг тавилаа. Энэ бүх амжилтын эзэд бол манай 16 мянган төмөр замчид гэдгийг дахин онцлон хэлье.

Хоёрдугаарт, хилийн өртөөдийн галт тэрэг солилцоог үлэмж хэмжээгээр нэмэгдүүлсэн. 2022 онд хилийн өртөөдийн төмөр замуудын байгууллагуудын зөвлөгөөнөөр хоногтоо Эрээн өртөөтэй өргөн царигаар 14, нарийн царигаар долоон галт тэрэг солилцдог, Наушки-Сүхбаатар боомтоор долоон галт тэрэг солилцдог байсныг бид хоног тутамдаа тус бүр нэг галт тэргээр нэмэгдүүлж чадсан. Хилийн өртөөгөөр хоногт солилцох галт тэрэгний тоог нэгээр нэмэгдүүлэхэд жилд бид ойролцоогоор 1.2-1.5 сая тонн ачаа илүү тээвэрлэж байгаа юм. 2023 оны аравдугаар сард Эрхүү хотноо хөрш орнуудын төмөр замуудын төлөөлөгчдийн зөвлөгөөн болсон. Энэ зөвлөгөөнөөр түүхэн ач холбогдолтой гэж хэлж болох шийдвэрийг гаргасан. Тодруулбал, Эрээн-Замын-Үүд боомтын өргөн царигаар хоногт 15 ба түүнээс дээш, нарийн царигаар найм ба түүнээс дээш, Оросын талтай Наушки өртөөгөөр 10 ба түүнээс дээш галт тэрэг солилцож байхаар гурван тал тохирсон. Одоо бид хилийн өртөөдийн хүчин чадлыг нэмэгдүүлбэл хөрш орнуудтайгаа хэдэн ч галт тэрэг солилцох нөхцөл боломжууд нээгдсэн гэсэн үг.

 Ийнхүү хилийн өртөөдөөр солилцох галт тэрэг солилцоог нэмэгдүүлснээр өнгөрсөн онд экспортын тээврийн хэмжээ өмнөх оноосоо 27.6, дамжин өнгөрөх тээврийн хэмжээ 60.5 хувиар тус тус өссөн үзүүлэлттэй байна. Ази-Европыг холбосон манай гол замаар өнгөрсөн онд чингэлгийн 3033 галт тэрэг дамжин өнгөрсөн нь 2021 онд тогтоосон дээд амжилтаас 520 галт тэргээр илүү байлаа.

Гуравдугаарт, 1990-ээд оны дундаас 2000-аад оны эхэн үед Япон улсын Засгийн газраас өгсөн МОНП-1, МОНП-2 гэж нэрлэдэг их зээлийн асуудал байсан. Энэ зээл нь УБТЗ-д тухайн үедээ маш том тус нэмэр болсныг та бүхэн мэднэ. Хөдлөх бүрэлдэхүүнээ шинэчилж, замаа сайжруулсан. Гэвч бид 167.4 тэрбум төгрөгийн зээлийн асуудлаа шийдвэрлэж чадахгүй 20 орчим жил зөвхөн хүүгээ төлөөд л явсан шүү дээ. Гадаад, дотоодын байгууллагууд энэ зээлтэй холбоотойгоор УБТЗ-ыг эдийн засгийн хувьд эрүүл биш, хугацаа хэтэрсэн өртэй гэдэг байлаа. Хувь хүн хугацаа хэтэрсэн зээлтэй бол ипотекийн зээл олгодоггүйтэй адил бид олон улсын банк, санхүүгийн байгууллагаас мөнгө босгож чаддаггүй байсан. Тэгвэл дээрх зээлийн асуудлыг энэ тавдугаар сарын 6-ны өдөр эцсийн байдлаар шийдвэрлэлээ. Манай улсын ЗТХ-ийн сайд С.Бямбацогт, ОХУ-ын төмөр замын агентлагийн даргатай эцсийн байдлаар энэ асуудлыг шийдсэн. Өөрөөр хэлбэл, УБТЗ-ын Монголын талын төлөх 83.7 тэрбум төгрөгийн зээлийн эргэн төлөлтийг манай Засгийн газар хариуцаж, мөн энэ хэмжээгээр Оросын тал УБТЗ ХНН-т таван шинэ зүтгүүр нийлүүлэхээр болсон. Удахгүй шинэ зүтгүүрүүд маань ирнэ. Ингэснээр УБТЗ хугацаа хэтэрсэн зээлгүй, санхүүгийн хувьд эрүүл болсон гэдгийг та бүхэндээ дуулгая.

Дөрөвдүгээрт, тээврийн өсөн нэмэгдэж байгаа хэрэгцээ шаардлага, хөдөлгөөний аюулгүй байдлыг хангахын тулд УБТЗ-ын хүчин чадлыг нэмэгдүүлэх тодорхой ажлууд хийгдлээ. 2022 онд ковид цар тахал, тарифын алдагдлын улмаас УБТЗ-ын санхүүгийн байдал хүнд байсан ч ОХУ-аас гол замын гурван шинэ зүтгүүр худалдан авч хөдлөх бүрэлдэхүүний парк шинэчлэлт хийсэн. Тэгвэл энэ онд ОХУ, УБТЗ-ын дүрмийн санг нэмэгдүүлэх өөрийн талын хөрөнгө оруулалтад дүйцүүлж гол замын таван шинэ зүтгүүр нийлүүлэхээр тохирсныг би дээр дурдсан. Замын-Үүд зангилааны ачаа боловсруулах хүчин чадлыг нэмэгдүүлэхийн тулд шинэ чингэлэг ачигч гурвыг худалдан авлаа. Замынхаа нэвтрүүлэх хүчин чадлыг нэмэгдүүлэх ажлын хүрээнд Замын-Үүд-2–Шаргын-Овоо хоорондын 14.2 км замыг хос болгосноос гадна Дулаан-Ерөө хоорондын 11.7 км замд их засвар хийлээ. Мөн гол замын 72 дугаар км-т болон 334 дүгээр км-т шинэ гүүр барьж, тухайн хэсгийн нэвтрүүлэх чадварыг нэмэгдүүллээ. Эмээлт, Цомог зөрлөгийг өргөтгөснөөс гадна Хангай, Цайдам, 36 дугаар зөрлөгийн өргөтгөл шинэчлэлийн ажлыг хийж байна. Галт тэрэгний хөдөлгөөний аюулгүй байдлыг хангахын тулд гол замын 25 дугаар км-т болон 379 дүгээр км-т, Дархан-2-Шарын гол хоорондын салбар замын 42 дугаар км-т автомашин нэвтрэх хонгилон гарцыг барьснаас гадна ус зайлуулах таван төмөр бетон хоолойг томсгон шинэчилж, долоон хоолойг шинээр барилаа. Энэ жил гол замд их засварын ажлыг Мааньт-Агуйт болон Хонхор-Хоолтын хоорондын замд хийж эхлээд байна. Ингэснээр гол замын 70 шахам хувьд их засвар хийгдэж, нэвтрүүлэх чадвар өснө.  Энэ мэт бүтээн байгуулалтын олон ажлыг дурдаж болно.

Тавдугаарт, төмөр замчдынхаа нийгмийн баталгааг хангах, хөдөлмөрийн нөхцөлийг сайжруулах чиглэлээр тодорхой ажлуудыг хийж хэрэгжүүлж, цалин хөлсний системийн шинэчлэлийг боловсруулан хэрэгжүүлж эхлээд байна. Ирэх наймдугаар сарын 1-нээс цалинг 10 орчим хувиар нэмэгдүүлэхээр санхүүжилтийн төлөвлөгөөнд тусгасан байсан. Гэвч өнөөгийн нийгмийн байдлаас шалтгаалж хоёр сараар нааш нь татан нийт төмөр замчдынхаа үндсэн цалинг зургадугаар сарын 1-ний өдрөөс 10 хувиар нэмэгдүүлэх тушаал гаргасан. Яагаад 10 хувиар гэвэл, Монгол Улсын Засгийн газраас барьж буй бодлогын хэрэгжилтийн үр дүнд өнөөдөр инфляци долоо орчим хувьтай болсон байна. Тэгэхээр бид цалингаа 10 хувиар нэмэгдүүлэхэд манай ажилтнуудад эдийн засгийн бодитой дэм болно гэж тооцсон. Инфляцийн түвшин сүүлийн долоо орчим жил хоёр оронтой тоон дээр байсныг та бүхэн надаар хэлүүлэлтгүй сайн мэднэ. Улсын эдийн засгийн өсөлт мөн одоо долоо орчим хувьтай байгаа. 2023 онд эдийн засаг нь хамгийн өндөр өсөлттэй дэлхийн 20 орныг 7.2 хувийн өсөлтөөр Энэтхэг тэргүүлж, Монгол Улс хоёрт орсон байна. Харин БНХАУ-ын эдийн засгийн өсөлт 5.2, Вьетнамынх 5.1, ОХУ-ынх 3.6 хувьтай гарсан. Манай улсын эдийн засгийн энэхүү өсөлтөд тээврийн салбарын оролцоо чухал үүрэг гүйцэтгэсэн. Бүх төрлийн тээврээр 2023 онд нийт 102 сая тонн ачаа тээвэрлэж, тээврийн хэмжээ 39.3 хувиар өсжээ. Үүний 32.4 сая тонныг нь УБТЗ дангаараа тээвэрлэж, улсын эдийн засгийн өсөлтөд чухал хувь нэмрийг та бид оруулсан байна. Тиймээс ч цалингийн нэмэгдлээ урагшлууллаа. Харин хоёр сараар урагшлуулахад нэмж 10 орчим тэрбум төгрөгийн нэмэгдэл санхүүжилт олох болж байгаа юм. Замын санхүүд 55 орчим тэрбум төгрөгийн ашигтай ажилласныхаа 33 орчим тэрбумыг нь цалингийн нэмэгдэлд зарцуулахаар болсон. Сүүлийн 2.5 жилийн хугацаанд цалингийн нэмэгдэлд 171 орчим тэрбум төгрөг зарцуулсан байна. Намайг ажил авч байхад ажилтнуудын дундаж цалин хоёр сая төгрөг байсан бол ирэх зургадугаар сарын 1-ний нэмэгдлийн дараа гэхэд гурван сая орчим болно. Энэ мэтчилэн ажилтнуудынхаа нийгмийн асуудлыг шийдвэрлэх хүрээнд олон арга хэмжээ авч ажиллаж буйг та бүхэн мэдэж буй байх. Шагнал урамшууллын дагалдах мөнгөн шагналыг ч 3-4 дахин нэмэгдүүлсэн. Тодруулбал, “Хүндэт үнэмлэх” 160 мянга байсан бол 500 мянга болж, “Онц хөдөлгөөнчин” тэмдгийг 200 мянган төгрөг дагадаг байсан бол нэг сарын үндсэн цалинтай дүйх мөнгөн урамшуулал олгодог боллоо. “Тэргүүний төмөр замчин” 300 мянга байсан бол нэг сая, “Төмөр замчны алдар” 500 мянга байсан бол 1.5 сая, Хүндэт дэвтэрт бичигдэхэд нэг сая байсан бол одоо гурван сая төгрөг олгодог болсон. Бусад мөнгөн шагналыг ч нэмсэн. Түүнчлэн, тогтвор суурьшилтай ажилласны шагналыг шинээр бий болгож таван жил тутамд 500 мянган төгрөг нэмж өгч байна. Өөрөөр хэлбэл, нийгэмлэгт таван жил ажиллавал 500, 10 жил ажиллавал нэг сая, 15 бол 1.5 сая гэхчлэн нэмэгдэнэ.

            Мөн говийн бүсэд ажиллаж буй төмөр замчдаа тогтвор суурьшилтай ажиллуулах, тэдний цалин хөлс, орлогыг нэмэгдүүлэх зорилгоор “Говийн төмөр замчин” хөтөлбөрийн хүрээнд сар бүр 50-200 мянган төгрөгийн нэмэгдлийг олгож байна. Үүнээс гадна энэ оны нэгдүгээр сарын 1-ний өдрөөс эхлэн УБТЗ-д хөдөлмөрийн гэрээгээр ажиллаж байгаад Хөдөлмөрийн тухай хуульд заасны дагуу хүүхэд асрах чөлөө авсан эхийн өрхийн амьжиргааг дээшлүүлэх, эх нялхсын эрүүл мэндийг сайжруулах зорилгоор хүүхэд асрах чөлөөтэй байгаа эхэд “Цалинтай ээж” тэтгэмжийг олгож эхэлсэн. Энэхүү журмаар 0-2 хүртэлх насны хүүхэд асрах чөлөөтэй байгаа эхчүүд сар бүр 220 мянган төгрөгийн тэтгэмж авч байна. Өнөөгийн байдлаар энэ тэтгэмжид 550 орчим ээж хамрагдаад байна. Төмөр замчид маань үүнд их талархалтай байгаа. Ер нь, би болон Замын удирдлагууд маань орж ирж буй ашгаа нэн тэргүүнд төмөр замынхаа хөгжил, шинэчлэлтийн төлөө зарцуулна. Мөн ажилтнуудынхаа цалинг нэмэгдүүлж, нийгмийн асуудлыг шийдвэрлэхэд зарцуулна гэсэн бодлоготой ажиллаж байгаа.

Зургаадугаарт, ковид цар тахлын улмаас тасарсан хөрш орнуудын төмөр замуудын амьд харилцаа сэргэж, харилцаа хамтын ажиллагаанд шинэ дэвшил гарлаа.

2023 оны тавдугаар сард миний бие “Хятадын төмөр замууд” корпорацийн ерөнхий захирал Гуо Жусуе, “Хөх хотын төмөр замын групп” компанийн ТУЗ-ийн дарга Жуан Хө болон “Хөх хотын төмөр замын групп” компанийн ерөнхий захирал Ян Бин нарын урилгаар БНХАУ-д айлчилсан. Өмнө нь, төр засгийн тэргүүнүүдийн айлчлалд УБТЗ ХНН-ийн дарга багтаж очин уулздаг байж. Тиймээс энэхүү үйл явдал нь сүүлийн 30 орчим жилийн хугацаанд анх удаагаа хоёр талын Замын даргын түвшний хэмжээнд хийсэн уулзалт, айлчлал гэдгээрээ онцлог юм. Уулзалтаар хилийн галт тэрэг солилцоог нэмэгдүүлэх, Замын-Үүдийн нарийн царигийн хоёр дахь замыг хятадын талтай холбох, хилийн өртөөдийн хүчин чадлыг харилцан уялдаатай өсгөх, олон улсын зорчигч тээврийн хөдөлгөөнийг сэргээх зэрэг асуудлаар харилцан санал солилцож, нэгдсэн тохиролцоо ойлголцолд хүрч, тулгамдаж буй асуудлуудыг судалж шийдэл олох хамтарсан ажлын хэсэг байгуулахаар тохирсон. Энэхүү айлчлал нь хоёр орны төмөр замуудын хамтын ажиллагааг хөгжлийн шинэ үе шатанд гаргах чухал ач холбогдолтой айлчлал болсон. Айлчлалын үеэр тохирсон олон улсын зорчигч тээврийн хөдөлгөөнийг сэргээх зэрэг асуудал эхнээсээ хэрэгжээд явж байна.

Цаашид бид олон ажил хийхээр төлөвлөсөн. Зам маань ашигтай ажиллаад эхэлсэн юм чинь суурь бүтцээ сайжруулж, тээх нэвтрүүлэх хүчин чадлаа нэмэгдүүлэх ёстой. Мөн хөдлөх бүрэлдэхүүнээ сайжруулна. Тэгж байж тээх ачаагаа нэмэгдүүлж, ашиг орлого илүү арвин олно. Бодлогын чанартай томоохон ажлыг дөрөвдүгээр сарын 6-нд Монгол, Хятад, Орос гурван улсын эрх бүхий албан тушаалтнууд Улаанбаатар хотод хоёр хоног хуралдан хамтарсан протоколд гарын үсэг зурсан. Энэ уулзалтаар тээх ачааныхаа хэмжээг тохиролцсон. Өмнө нь, өөр өөр тоо хэлээд тохирч чаддаггүй байсан. Тэгвэл 2030 он гэхэд манай гол замаар жилдээ 50 хүртэлх сая тонн, 2050 онд 91 сая тонн ачаа тээвэрлэнэ гэж тогтсон. Энэ хэмжээндээ тохируулж бид замаа хөгжүүлнэ. Үүний тулд ТЭЗҮ-ээ хийх ёстой. Хэдий хэр хөрөнгө мөнгө шаардлагатай юм гэдгээ гаргах ёстой. Дээрх уулзалтаар ТЭЗҮ хийх шийдвэрээ гаргасан. ОХУ Улаан-Үд-Наушки, Монгол Улс Сүхбаатар-Замын-Үүд, БНХАУ Эрээн-Жининь хоорондын төмөр зам шинэчлэх ТЭЗҮ-ийг хийгээд энэ оны төгсгөлд нэгдсэн нэг ТЭЗҮ-тэй болж, бүтээн байгуулалтын ажлыг эхлүүлнэ.

            Төмөр замын тээврийн хэмжээ өсөж, хөдөлгөөний эрчимжилт нэмэгдэж байгаа үед бүх шатны удирдлага, нийт төмөр замчид хөдөлгөөний болон хөдөлмөрийн аюулгүй байдлыг сахиж ажиллахад онцгой анхаарч, эрсдлийг тооцож, урьдчилан сэргийлэх ажлыг тогтмол зохион байгуулж ажиллахыг үүрэг болгож байна. УБТЗ-ын хамт олон 2024 оныхоо зорилтыг биелүүлж, түүхт 75 жилийнхээ ойгоо хөдөлмөр бүтээлийн бахдам амжилтаар угтана гэдэгт итгэл дүүрэн байна. Нийт төмөр замчдадаа болон гэр бүл, үр хүүхдэд нь аз жаргал сайн сайхан бүхнийг хүсэн ерөөе.

 

Төмөр замчдын маань яруу алдар мандан бадрах болтугай.

Ган зам зурайж галт тэрэг саадгүй хурдан байх болтугай.