Дэлхийн хүрээлэн буй орчны өдрийг 1973 оноос хойш жил бүрийн зургадугаар сарын 5-нд зохион байгуулдаг. Энэ онд 50 жилийн ойгоо хийж байгаа бөгөөд “Хуванцрын хаягдалтай тэмцье” уриан дор зохион байгуулж байна.
Цэвэр ус савлан худалддаг бизнесийнхэн жилд хэдэн зуун тонн нүүрс түлж, хэдэн мянган автомашин нэгэн зэрэг асаахтай тэнцэх хэмжээний нүүрстөрөгчийн хийг агаар мандалд цацдаг. Үүн дээр хуванцар савтай бусад төрлийн ундаа үйлдвэрлэгчид нэмэгдэж агаарын бохирдол ч тэр хэмжээгээр нэмэгддэг. Мөн савласан усны үйлдвэрүүд гүний усыг дундалж, ундны усны нөөцөд ч сөргөөр нөлөөлдөг байна.
Хуванцраас хар тугалга болон хүний биед хортой химийн олон төрлийн бодис ялгардаг аж. Хуванцар саванд хийсэн усанд уг материалын найрлага дахь төрөл бүрийн химийн бодис шингэдэг учраас бид усыг нь ч, савыг нь ч уудаг юм байна. Монголчуудын "монголчлох" ухаан гэх үү, хэнэггүй зангаас ундаа болон усны сав сулрангуут сүү, айраг, тараг гээд хийж болох бүгдийг хийж хадгалдаг. Энэ бол эрүүл мэндэд хамгийн хортой зүйлсийн нэг юм. Учир нь сав бүр тухайн бүтээгдэхүүндээ зориулагдсан байдаг учир өөр зүйл хийж ашиглахад сав өөрөөсөө хортой нэгдлүүдийг дэмжин ялгаруулдаг байна. Тиймээс нэг удаагийн савыг зөв хэрэглэж хэрэглэсэн даруйдаа байгальд хохирол учруулахгүйгээр устгах шаардлагатай төдийгүй аль болох хэрэглэхгүй байхыг мэргэжилтнүүд сануулж байна.
Хуванцрын хог хаягдалтай тэмцэх уриалгын хүрээнд Төв эмнэлгийн халдвар судлаач эмч Г.Ариунбаяртай ярилцлаа.
- Хуванцар хог хаягдал яагаад олон нийтийн анхаарлыг хандуулах ёстой асуудал болдог вэ?
Хуванцар бохирдол нь амьдрах орчин, байгалийн үйл явцыг өөрчилж, экосистемийн уур амьсгалын өөрчлөлтөд дасан зохицох чадварыг бууруулж, сая сая хүний амьжиргаа, хүнсний үйлдвэрлэлийн чадавх, амьд амьтны байгаль орчинд сөргөөр нөлөө үзүүлдэг. Дэлхий дахинд хуванцрын үйлдвэрлэл жил бүр өсөн нэмэгдсээр байгаа бөгөөд 2050 онд 1100 сая тонн хуванцар үйлдвэрлэх төлөвтэй байна. Иймээс иргэн бүр нэг удаагийн хуванцрын хэрэглээгээ багасгаснаар байгаль орчинд хаягдах хуванцар хаягдлыг бага ч гэсэн бууруулахад хувь нэмэр оруулж байна гэсэн үг юм.
-
Монгол Улсад хуванцар савны хэрэглээ ямар түвшинд байгаа вэ?
-
Сүүлийн жилүүдэд хүн амын өсөлт, үйлдвэрлэл, үйлчилгээний шинэ салбарууд хөгжиж, эдийн засаг тэлэхийн хэрээр хог хаягдлын тоо хэмжээ, нэр төрөл нэмэгдсээр байна. Манай улсын нийт хог хаягдлын 50 хувийг дахин боловсруулах боломжтой ч ердөө 3-5 хувийг нь л боловсруулж байна.
-
Хуванцар савыг буруу хэрэглэснээр хүний эрүүл мэндэд ямар нөлөө үзүүлэх вэ?
-
Хамгийн аюултай нь хуванцар бүтээгдэхүүн устаж үгүй болтлоо 400-700 жилийг зарцуулдаг. Зарим төрөл нь гялгар уут шиг хэзээ ч өөр биетэд уусаж шингэдэггүй. Хуванцрын бүтцэд орсон “Бисфенол А”, хар тугалга гэх мэт хортой бодисууд нь хүрээлэн буй орчин, хүний эрүүл мэндэд олон талын сөрөг нөлөө үзүүлдэг. Хуванцар саванд агуулагддаг химийн хорт бодисууд сав хаягдсаны дараа буюу дотор нь шингэн зүйл хийж ашиглахгүй байлаа ч идэвхтэй байдаг. Эдгээр хорт бодис нь үргүйдэл, үр зулбалт, түрүү булчирхайн үрэвсэл, чихрийн шижин, мэдрэлийн согог, хөх, уушгины хорт хавдар үүсгэх өндөр эрсдэлтэй. Түүнчлэн, хуванцрын хор нөлөө шууд мэдэгддэггүй. Хорт бодисууд нь аажмаар хүний биед шингэж, эрүүл мэндэд хор хөнөөл учруулж байдаг.
Иймээс хуванцар савны тэмдэглэгээг таньж мэддэг, зөв хэрэглэх нь маш чухал юм. Тухайлбал, хүний биед хуримтлагдаж, мэдрэлийн системийг хордуулан, эд эрхтэнг өвчлүүлэх эрсдэлтэй тул “3”, “6”, “7” гэсэн тэмдэглэгээ кодтой, эсвэл огт тэмдэглэгээ, кодгүй, хүнсний зориулалтын бус хуванцар савыг хүнсний бүтээгдэхүүн хадгалах зориулалтаар огт хэрэглэхгүй байх, “2”, “4” тэмдэглэгээ, кодтой хуванцар савыг хэрэглэхээ багасгах. Харин “1”, “5” дугаартай хуванцар савыг хүнсний зориулалтаар ашиглахад аюулгүй
-Хуванцрын хаягдлыг хэрхэн бууруулах вэ?
Хог хаягдал үүсгэхгүй байх хамгийн энгийн бөгөөд эхний алхам бол шаардлагагүй худалдан авалт, хэрэглээнээс татгалзах юм. Худалдаа хийх бүртээ “Би үүнийг хэр удаан хэрэглэх вэ?”, “Энэ надад зайлшгүй хэрэгтэй юу?”, “Үүнийг дахин боловсруулах боломжтой юу?” гэх мэтээр өөрөөсөө асууж хэвшээрэй. Хуванцрын хаягдлыг бууруулахад дараах аргуудыг та бүхэн өдөр тутамдаа хэрэглэж байгаарай.
- Гялгар уут худалдан авахын оронд даавуун тор хэрэглэх,
- Өөрийн усны савтай болох,
- Нэг удаагийн аяга, халбага, сэрээнээс татгалзах,
- Хуванцар материалаар хийсэн цүнх, тор хэрэглэхгүй байх
- Дахин боловсруулах боломжтой савыг ашиглах
- Хуванцар савлагаанаас аль болох татгалзах
- Нийлэг материалаар хийсэн ахуйн хэрэглээний бүтээгдэхүүн ашиглахгүй байх
- Эко материалаар хийсэн хувцас худалдаж авах
- Хог хаягдлыг эх үүсвэр дээр нь ангилах, ялгах, дахин боловсруулах цэгт өгөх
- Цэвэрлэгээний бодисын хэрэглээг багасгах гэх мэт
- Ярилцсанд баярлалаа.
Төв эмнэлгийн ЭМНА М.Жаргалмаа
.