УБТЗ ХНН-ээс “Хүүхэд хөгжил, хамгааллын үндэсний хөтөлбөр”-ийг хэрэгжүүлэх хүрээнд өнгөрсөн оны гуравдугаар сард Нийгэмлэгийн “Хүүхэд хөгжил, хамгааллын бодлого”-ыг баталсан юм. Уг бодлогын хүрээнд УБТЗ-ын “Эцэг эхийн зөвлөл”-ийг томилж, ажиллах журмыг ч баталжээ. Уг зөвлөлийн өнгөрсөн хугацаанд хийсэн ажил, үйл ажиллагааны чиглэлийг дахин хянаж үзээд Замын даргын энэ оны есдүгээр сарын 14-ний А-819 тоот тушаалаар “Эцэг эхийн зөвлөл”-ийг өргөжүүлж, бүрэлдэхүүнийг шинэчлэн томилсон байна.

Энэ удаад Замын даргын ажлын албаны Нийгмийн бодлого, төлөвлөлт хариуцсан ахлах мэргэжилтэн Ц.Ариунаатай “Хүүхэд хөгжил, хамгааллын бодлого” болон “Эцэг эхийн зөвлөл”-ийн үүрэг зорилго, ажиллах журмын талаар ярилцлаа.

 

-Хүүхдийн аюулгүй байдлыг хангах, тэднийг аливаа эрсдлээс хамгаалах нь нийгмийн тулгамдсан асуудал болчихсонтой хэн ч маргахгүй. Хүүхдийн эрх зөрчигдсөн, амь нас, эрүүл мэнд хохирсон сэтгэл эмтлэм үйл явдлууд гарсаар л байна. Маш харамсалтай.

Ийм цаг үед УБТЗ ХНН-ээс ажилтнуудынхаа хүүхдүүдэд чиглэсэн бодлого, хөтөлбөрийг боловсруулан ажиллаж байгаа нь сайшаалтай хэрэг. Энэ талаар, манай уншигчдад тодорхой мэдээлэл өгөөч?

 

-Монгол Улсын ирээдүй болсон хүүхэд багачуудын нэг УБТЗ-ын ажилтнуудын үр хүүхдүүдийн сайн сайхны төлөө ажил олгогчийн зүгээс юу хийж дэмжих вэ, ажилтан буюу эцэг эхчүүдийн гэр бүл дэх харилцаа, боловсрол, хандлага, орчин үеийн соёл иргэншилд нийцсэн хүүхдийн хүмүүжилд хэрхэн нөлөөлөх вэ гэдэг нь  олон талтай асуудал юм. УБТЗ” ХНН үүсэн байгуулагдсан цагаасаа нийгмийн хариуцлагын хүрээнд төмөр замчдын хүүхдүүдэд зориулсан цэцэрлэг, зуслан, сувилал, эмнэлгийн тасаг ажиллуулж ирсэн түүхэн уламжлалтай.

Нийгэмлэгийн эцэг эхийн зөвлөлийн анхаарах  гол асуудлын нэг төмөр замчин гэр бүлд тулгамдаж буй асуудлуудыг тодорхойлж, хүүхдийн эрх, хүүхэд хамгааллын чиглэлээр төрийн болон орон нутгийн байгууллагууд, олон улсын байгууллагатай хамтран ажиллаж, ажилтны амьдралын чанарт нь ахиц гаргахад чиглэж байна. УБТЗ-ын алслагдмал өртөө зөрлөгт амьдарч буй ажилтнуудын гэр бүл төлөвлөлт, тэдэнд гэр бүлийн үнэ цэн,  хүүхдүүдийн сурах, хөгжих боломжийг дээшлүүлэхэд анхаарч туслахыг эрмэлзэж байна. Тухайлбал “Говийн төмөр замчин“ хөтөлбөрийг 2022 оны намраас хэрэгжүүлж эхэлсэн бөгөөд “Замчин хаб” байгуулахаар төлөвлөсөн. Энэ ажилд А.Оргодол даргатай Замын IV ангийн хамт олон идэвх санаачилгатай ажиллаж байна. Энэ хамт олонд  “Ган зам сонин”-оороо дамжуулан талархал илэрхийлье.

 “Хүүхэд хөгжил, хамгааллын үндэсний хөтөлбөр” болон хөгжлийн бэрхшээлтэй хүний эрхийн оролцоо, хөгжлийг дэмжих үйл ажиллагаатай уялдуулаад хүүхэд хамгаалал, хөгжлийн үйл ажиллагааг илүү өргөн хүрээнд хэрэгжүүлэх үүднээс Нийгэмлэгийн “Хүүхэд хөгжил, хамгааллын бодлого”-ыг хэрэгжүүлэхээр зорьж байна. Нийгэмлэгийн төмөр замын бүхий л ажил үйлчилгээ, нийт 15.6 мянган ажилтнаараа дамжуулан гэр бүл, нийгмийн хүрээнд хүүхдийн аливаа хүчирхийлэл, дарамт, дээрэлхэлт, үл хайхрах байдал, болзошгүй эрсдэлд өртөхөөс хамгаалах, мөн ажилтнуудын хүүхэд хамгааллын талаарх ойлголтыг сайжруулах, хандлагыг эерэгээр өөрчлөх гэж тодорхойлсон.  

Зөвлөлийн даргаар Замын нийгмийн асуудал хариуцсан орлогч дарга, Хүүхдийн секторын дарга болон Замын даргын ажлын албаны ахлах мэргэжилтэн зөвлөлийн нарийн бичгийн даргаар ажиллаж, сургуулийн өмнөх боловсрол болон 0-18 насны хүүхдийн асуудлыг хамаарах юм.

 

-Төмөр замчдын хувьд ажлын онцлогоос шалтгаалан гэр бүл, үр хүүхдэдээ цаг зав хомс гаргадаг талтай. Олон хоногоор аялалд болон томилолтоор ажилладаг, ээлжийн ажилтай гэх мэт. Тэгэхээр “Эцэг эхийн зөвлөл” ямар журмаар ажиллах вэ?

 

-Нийгэмлэгийн “Хүүхэд хөгжил, хамгааллын бодлого” гэдгийг товчоор хэлбэл, ажилтны эцэг эхийн үүргээ биелүүлэхэд нь дэмжлэг үзүүлэхэд чиглэгдэнэ гэж ойлгож болно. “Эцэг, эхийн зөвлөл”-ийн ажиллах журамтай танилцах, соён гэгээрүүлэхэд чиглэсэн мэдээллийг цаашид танай сонинд тусгай булан ажиллуулж, мэдээллийг шуурхай хүргэж байх болно. Өөрөөр хэлбэл, хүүхдийн эрх ашгийг хамгаалахад чиглэгдэх энэ булан төмөр замчдын хувьд “чөлөөт индэр” байна.  2023 онд бид хоёр удаагийн цахим сургалтыг Нийслэлийн гэр бүл хөгжлийн газартай хамтран нэлээд өргөн хүрээнд явуулсан. Дээрх сургалтын үеэр юун дээр анхаарах вэ гэдгийг олон талаас нь ярилцсан. Одоо “Эцэг, эхийн зөвлөл”-ийн ажлыг хэрхэн тогтмолжуулах вэ гэдэг тал дээр анхаарч байна.

2023 онд эцэг эхийн хуралд хүүхдийн эцэг эхчүүд өөрсдөө оролцдог байх чиглэл барьж ажилласан. Нийгэмлэгийн Хүүхдийн секторын 27 цэцэрлэгт хэрэгжүүлэх эхний алхмуудыг хийсэн. Хүүхдийн эцэг эхийн хурлын товыг  урьдчилан хэд хоногийн өмнө гаргаж, эцэг эхэд нь урилга илгээдэг. Салбар нэгж байгууллагууд ажилтнаа эцэг эхийн хуралд суух боломж нөхцөлийг хангаж хэвшүүлэх шаардлагатай.

Мөн байгууллагуудад 5-7 хүний бүрэлдэхүүнтэй “Эцэг, эхийн зөвлөл” байгуулж ажиллаж байгаа. 2024 онд “Эцэг, эхийн зөвлөл”-өөс хийх ажлын төлөвлөгөөнд тусгах саналыг “Эйбл” системээр нээлттэй хүлээж авч байна.

 

-Төмөр замчдаас хүүхэд хамгааллын талаар ямар саналууд ирж байна вэ?

 

-Ер нь, санал өгсөн төмөр замчид байгууллагын дэргэд хүүхдийн өрөө гаргахыг хүсэж байна. Гэртээ харах хүнгүйгээс аав, ээжийнхээ ажил дээр байж байгаад хичээлдээ явдаг, эсвэл хичээлээ тараад аав, ээж дээрээ ирээд хамт байж байгаад үдэш гэртээ харьдаг хүүхдүүд цөөнгүй байдаг юм байна. Мөн сургуулийн улирлын амралт болон зуны амралтаар хүүхдүүд гэртээ ганцаараа харах хүнгүй үлддэг тохиолдлууд байна. Хүүхдийг гэрт нь харах хүнгүй цоожтой хаалганы цаана үлдээхгүйн тулд байгууллагын дэргэд хүүхдийн өрөөг гаргах шаардлагатай юм байна. Тэр өрөөг хэрхэн тохижуулах, хичээлээ хийх, тоглох боломж нөхцөлийг нь бүрдүүлэх гээд санаачилж хийх ажлууд нэлээд байна. Мөн тэнд хүүхдүүдийг аюулгүй байлгаж харах, хичээлээ хийхэд нь туслах хүн шаардлагатай тул хэрхэн ажиллуулах гээд олон асуудлын шийдлийг олох шаардлага гарч байна. Үүнийг манай Хүүхдийн секторынхон судалж байгаа.

Мөн ээлжийн ажилтай нэг гэр бүлийн хоёр ажилтны ээлж, томилолтоор ажиллах хуваарийг зөрүүлэх зэргээр салбар нэгж хоорондын ажлын уялдаа, холбоог сайжруулах асуудлууд ч байна. Хүүхэд нь өвдсөн эцэг эхэд цалинтай чөлөө олгох, мөн зайнаас ажиллуулах зэрэг зарим зохицуулалтуудыг шийдвэрлэх шаардлага байгаа. Хүүхэд хөгжил, хамгааллын асуудлыг шийдвэрлэхдээ аль болох байгууллагын ажилд эерэгээр нөлөөлж, цалгардуулахгүй, ажилтнуудын цалин хөлс орлогыг бууруулахгүй байх, сэтгэл ханамжтай ажиллах нөхцөлийг бүрдүүлэх зэргээр олон талаас нь хэлэлцээд боломжтой хувилбаруудыг гаргаж ирэх нь чухал байна.

Мөн ажилтнуудын амралтын өдрүүдэд гэр бүл, үр хүүхдэдтэйгээ хамт байх нөхцөлийг бүрдүүлэх, онцын ач холбогдолгүй, шаардлагагүй ажлаар (хурал цуглаан, тэмцээн) дуудахгүй байх зохицуулалтууд ч шаардлагатай байна.

Нийгэмлэгийн эцэг эхийн зөвлөлийн 2024 онд хийх ажлын талаар есдүгээр сарын 21-нээс “Эйбл” систем-ээр хэлэлцүүлэг хийхэд өнөөдрийн байдлаар  ердөө 25 ажилтан л санал ирүүлсэн байна. Энэ хэлэлцүүлгийг тус системд нэвтрэх эрхтэй 3900 ажилтанд нээлттэй байдлаар зарлахад дөнгөж 28.8 хувь буюу 1135  ажилтан л уншиж танилцжээ. Эндээс ажиглахад аливаа нийгмийн асуудлыг шийдвэрлэх арга зам, гарц шийдлээ хэлэлцэхэд идэвхтэй оролцож баймаар байна. Учир нь, бид нэг хамт олон шүү дээ.

 

-16 мянга орчим төмөр замчны ар гэрт хичнээн хүүхэд байна вэ?

 

-Энэ оны арваннэгдүгээр сарын 1-ний байдлаар авсан судалгаагаар 15.6 мянган ажилтны ар гэрт давхардсан тоогоор нийтдээ 16410 хүүхэд байгаагаас, 0-5 насны 3414, 6-18 насны 12996 хүүхэд байна. Эндээс цэцэрлэгт хамрагдахгүй байгаа 1319 хүүхэд байна. Мөн 6-8 насны сургууль завсардсан 193 хүүхэд байна. Энэ тоон судалгаанд дүгнэлт хийж 2024 оны ажлаа төлөвлөж байна. Мөн 0-2 насны хүүхдээ хараад гэртээ суудаг ээжүүдийн орлогыг нэмэгдүүлэхийн тулд Нийгэмлэгийн зүгээс санаачилга гаргаад, холбогдох хөрөнгийн тооцоолол хийж, судалж байна.  Улаанбаатар хот орчмын өртөө, зөрлөгийн замчдын 140 орчим хүүхэд сурагчдын дотуур байранд амьдарч, 73 дугаар сургуульд сурч байна. Энэ хүүхдүүдийн сургалт, хүмүүжлийн ажилд ахиц гаргах, дотуур байраа үлгэр жишээ тохижуулах талаар хөтөлбөр хэрэгжүүлж байна. “Хүүхдийн вагон”-ыг зөвхөн хүүхдийн зориулалтаар нь явуулах талаар анхаарч ажиллаж байна.

 

-Ажилтны хүүхдийн хөгжлийг дэмжиж ажиллах талаар ямар ажил хийх вэ?      

 

-Хүн ар гэртээ санаа зовохгүй, сэтгэл хангалуун, бүтээмжтэй хөдөлмөрлөж ажиллахад гэр бүлийн гишүүдийн оролцоо чухал юм. Эцэг эх нь өдөржин, ээлжинд ажлаа хийгээд явж байхад үр хүүхдүүд нь хичээл номдоо шамдан суралцаж,  чөлөөт цагаа үр бүтээлтэй, зөв өнгөрөөж, хүнлэг, энэрэнгүй сайн хүн болж төлөвшин өсөж хүмүүжихэд орчны нөлөөлөл их. Иймд нийгмийн сайн сайхны төлөө өнөөдрийн  эцэг эхчүүд, ирээдүйн эцэг эх болох залуу хүн бүрийн анхаарах асуудлын нэг бол сайн аав, ээж байх үүрэг, хариуцлага юм.

Хүүхдийн хөгжил, хамгааллын асуудал зөвхөн Нийгэмлэгийн Эцэг эхийн зөвлөлийн ажил биш. Энд бүх ажилтан санаачилгатай, сэтгэлтэй хандах хэрэгтэй. Өөрсдийн үр хүүхдээс гадна хамт ажилладаг хүмүүсийнхээ хүүхдүүдэд ч чин сэтгэлээсээ халамж анхаарал тавьдаг байх хэрэгтэй байна. Хүүхдийн төлөө бүгд сэтгэл гаргаж, дэм дэмэндээ ажиллаж амьдрах хэрэгтэй. Үүнийг байгууллагын соёл болгох зорилт тавин ажиллаж байна.

 

 

 

Б.Гүнжинлхам