Сэлэнгэ аймгийн Мандал сум буюу Зүүнхараа хотод өнгөрөөсөн сайхан дурсамжаасаа хуваалцъя. 1960-аад оны төмөр замын Зүүнхараа тосгон. Бидний бага нас ёстой л үлгэрийн оронд өнгөрсөн. Вокзалын гудамжнаас төмөр замын дэлгүүр, залгаад чулуун байшинг дуустал битүү модтой цэцэрлэг. Тэрхүү цэцэрлэгт нуугдаж тоглоход бие биенээ олохгүй. Тухайн үед орос мэргэжилтэн олон. Нутаг буцаж байгаа нэгнийгээ гаргаж өгөхдөө вокзал дээр баян хуур хөгжмөө тоглоод л бүжиглэж дуулахыг нь харсан бид ч бөөн хөөр болдогсон.  Оросууд гэснээс манай тосгоны ихэнх хүүхдийг орос эмч нар эх барьж авсан юм. Тиймээс Саша, Ира, Володя, Нина гээд орос нэртэй хүүхэд олон байсан.

Зүүнхараа зангилаа нь "УБТЗ"-ын томоохон зангилаадын нэг. Тосгондоо монгол цэцэрлэг, сургуулиас гадна орос цэцэрлэг, сургуультай. Цаашлаад, "Эрдэм шинжилгээний ургамал газар тариалангийн хүрээлэн"-д гадаадад сургууль төгссөн эрдэмтэд ажилладаг байлаа. Тэдгээр эрдэмтэд дунд төмөр замын эмнэлгийн эмч эхнэртэй хүн олон байж билээ. Бидний ээж Д.Лхамжав  төмөр замын эмнэлгийн гурван монгол эмчийн нэг. Манайх тэр тосгондоо 45 жил амьдарсан айл юм. Манай гудам паартай чулуун болон модон байшин, хоёр давхар шар байшинтай цэвэрхэн, эмх цэгцтэй гэж жигтэйхэн. Гудамжнууд маань "вокзалын", "кондукторын", "клубын" гээд орос нэртэй. Энэ л гудамжиндаа монгол орос хүүхдүүд өдөржин тоглоно.  

Тухайн үедээ орос цэцэрлэг гэгдэж байсан "Моносхон" цэцэрлэг 1951 онд байгуулагдсан гэхээр өдгөө 70 гаруй жилийн түүхтэй болжээ. Өөрөөр хэлбэл, Хүүхдийн секторын анхны цэцэрлэг юм. Цэцэрлэгийн эрхлэгчээр 1957-1972 онд ажиллаж байсан В.Жигжидсүрэн Архангай аймгийн Тариат сумын харьяат хүн. Одоо дурсахад, эрхлэгч  маань маш ажилсаг, зохион байгуулах чадвартай, аж ахуйч хүн байжээ. Зун том торх бэлдээд ажилчидтайгаа 10-15 хоног жимсэнд явна. Уулнаас буухдаа жимсний чанамлаа хийгээд ирнэ. Тэр үед тосгоны хүүхдүүд ч бас энэ ажилд тусалж, өдрийн 10 литр жимс түүгээд тушаах нь ч байлаа. Жимсээрээ Замын-Үүдээс Сүхбаатар өртөө хүртэлх цэцэрлэгүүдийн өвлийн хэрэгцээг хангана. Мөн халиар ургаад эхэлмэгц даршлах бэлтгэлээ базаагаад зургадугаар сарын 01-нд хүүхдийн баяртай хамтруулаад ажлаа ч эхэлнэ, баяраа ч тэмдэглэнэ. Хүүхдийн баярын өглөө дарга тосгоны бүх хүүхдийг машиндаа суулгаад ээж аавтай нь хамт халиаранд явна. Бидний халиар түүдэг "Өлөнт" их гоё газар. Гэр бүлээрээ зугаалангаа халиараа түүгээд, хуушуур хийж идэцгээнэ. Тухайн үед "Моносхон" цэцэрлэг их том сараатай, зоорьтой байсан. Ташрамд дурдахад, В.Жигжидсүрэн эрхлэгч хамт олноо үлгэрлэн дагуулсан шилдэг удирдагч байсан төдийгүй Монгол Улсын Ардын Боловсролын Яамны хэмжээнд эрэгтэй хүн цэцэрлэгийн эрхлэгчээр 15 жил тасралтгүй ажилласан түүх байхгүй гэдэг. Өөр нэг сонин тохиолдол гэвэл, манай цэцэрлэгийн хөгжмийн багшаар 7-8 эрэгтэй багш ажиллаж байсан. Одоо ч хөгжмийн багшаар эрэгтэй хүн ажиллаж байгаа шүү дээ.

 Цэцэрлэгийн жаалууд бид үдийн завсарлагаанаар сараанаас дугуйгаа авч унаад уралдана. Тогооч Маша, Каппа, Лизонов, нярав Аня, нягтлан бодогч Нелья нарын оросуудаас гадна багш А.Энхээ, туслах багш М.Долгорсүрэн, Д.Наранхүү, Ц.Нина нар ажилладаг байлаа. Манай тогооч нар том  саваар дүүрэн котлет, пирошки, голубци гээд голдуу орос хоол хийнэ. Орой явахад алим, баавгайтай чихэр өгнө. Их том шалтай саравчтай бөгөөд тэндээ нар салхинаас хамгаалж тоглоно. Мөн хашаандаа битүү модтой, монос ихтэй. В.Жигжидсүрэн эрхлэгчийн гэргийн нь Төмөр гэж том биетэй, цагаан царайтай, сайхан ааштай эгч эмнэлэгт тогооч хийдэг байсан. Тэдний хүүхдүүд удам дамжсан төмөр замчид болсон. Унаган багын найз Ж.Сүхбаатар Дохиолол холбооны II ангид ахлах инженер, Ж.Эрдэнэбаатар илчит тэрэгний депод ашиглалтын мастер, бага хүү Ж.Отгонбаатар  депод засварчнаар ажиллаж байлаа.

Зүүнхараа зангилааны орос цэцэрлэгт 1959-1963 онд хүмүүжиж байсан ангийн хүүхдүүдээс Ц.Баярбаатар Аж үйлдвэрийн гавьяат ажилтан цол хүртсэн бол Ш.Отгонбаяр Сэлэнгэ аймгийн Татвар, нийгмийн даатгалын газрын даргаар ажиллаж байв. Ж.Сүхбаатар холбооны инженер, Г.Володя ойн инженер, Д.Нина орос хэлний багш, Г.Ира хүнсний технологич, Ш.Байгал автын инженер, Д.Лхагвасүрэн, Л.Баасан нар цэргийн офицер, Н.Даариймаа эм зүйчээр олон жил үр бүтээлтэй ажилласан. Мөн ангийн анд Качима Казахстан улсад ажиллаж амьдардаг бол Ц.Дэлгэрмаа миний бие "Моносхон" цэцэрлэгтээ 33 жил багшлаад гавьяаны амралтдаа гарсан билээ.  Энэ мэргэжлийг яагаад  сонгосон бэ гэвэл "Моносхон" цэцэрлэгт дөрвөн настай ороод А.Энхээ гэж өндөр нуруутай, цагаан царайтай, гоё ганган, дуулж бүжиглэдэг үеийнхнийхээ үлгэр дуурайлал болсон багшийн шавь болсон.  Сургуульд ороод, ухаан сууж эхлэхэд ч А.Энхээ багш шигээ л хүн болно доо гэсэн бодол улам батажсан юм. Тэр мөрөөдөл хувиралгүй явсаар нэг насны минь мэргэжил болсон доо. Ийнхүү багшийн мэргэжил эзэмшээд өөрийн сурч хүмүүжсэн цэцэрлэгтээ эргэн ирээд 33 жил тасралтгүй хөдөлмөрлөсөндөө баярлаад баршгүй.

Цэцэрлэгийн нэг ангийн найзууд бид орос сургуулийнхаа анхны монгол бага сургуулийн төгсөгчид болсон ба үргэлжлүүлэн нэгдүгээр арван жилд сураад Монгол Улсын гавьяат багш Дашийн ангийг төгссөн юм. Манай н.Даш багш хичээлээ сонирхолтой заадаг, өвөрмөц хүн байсан. Нэгдүгээр ангид байхад сургуулийн хандгай өнгөрсөн гээд машиндаа авч яваад хөдөөлүүлж байсныг санадаг. Сургуулийн амьтны үзүүлэнд нугас, сэгсгэр хав, галуу, могой хүртэл байсан. Амьтад яаж амьдардаг, юу иддэг, тэднийг хэрхэн тэжээдгийг бодитоор заадаг байлаа. Эрүүл сайхан орчинд, сайн багш нараар эрдэм ном заалган, гэр бүлтэйгээ жаргалтай амьдарч байснаа одоо эргээд санахад сэтгэл дүүрэн байна.  

 

 Боловсролын тэргүүний ажилтан

"Хүндэт төмөр замчин", "Алтангадас" одонт Ц.Дэлгэрмаа