Манай оронд сохорлын тархалт 1000 хүүхэд тутамд 0.9 хувь байна. Мөн 100 мянган хүүхэд тутамд 5-6 болрын эмгэг тохиолдох болжээ. Судалгаагаар сургуулийн насны хүүхдүүдийн 15-20 хувийнх нь хараа муудсан нь тогтоогджээ.
Хүүхдийн хараа муудах учир шалтгааныг тодруулах судалгаа Монгол Улсад хийгдээгүй байна. Гэхдээ АНУ-ын хүүхдийн академи, бусад өндөр хөгжилтэй орнуудад судалгаагаар дэлгэц удаан ширтэх нь мохос хараа үүсэх, хараа муудахад нөлөөлдгийг тогтоосон байна.
Хамгийн сүүлийн жишээ гэхэд, БНСУ-д найм хүртэлх цагаар гар утас тоглож, ухаалаг төхөөрөмж ашигладаг хүүхдийн хараа дотогшоо хялар үүсч байна гэдэг судалгаа гарсан.
Сургуулийн өмнөх, сургуулийн насны хүүхдийн хараа муудах гол шалтгаан нь хугарлын гажиг буюу харааны шил зүүх зайлшгүй шаардлагатай байхад шилээ зүүдэггүйгээс үүссэн байдаг аж. 2005 онд хийсэн судалгаагаар харааны шил зүүх шаардлагатай нийт хүүхдийн 88 хувь нь шилээ зүүдэггүй гэж гарчээ.
Хүүхэд төрөхдөө гэрэл мэдрэх хараатай төрдөг. 2-4 сартайгаас эхлэн тогтоож харах, нийлүүлж харах процесс аажимдаа хөгжиж эхэлдэг. Ингээд 5-6 настайд нийт харааны 70-80 хувь тогтдог. Гэтэл яг харааны чадвар хөгжиж байх энэ насанд нь ухаалаг утас таблет хэрэглүүлэх, нэн ялангуяа удаан хугацаанд харуулах нь маш их хор хөнөөлтэй.
Ойрын зайнаас эсвэл хурц тод юм харах зэргээр нүдний булчин ажиллах үед нүд өрийгөө хамгаалах рефлексээрээ анивчих үйлдэл хийдэг. Гэвч тасралтгүй нэг зүйлийг хараад анхаарлаа төвлөрүүлээд ирэхээр анивчих үйлдэл багасаад ирдэг. Ингээд анивчих багасахаар нүдэнд чийг өгөх, тэжээл өгөх, амраах процесс алдагдаад нүд хуурайшиж, аргаж эхэлдэг. Нүдээ аргахаар хүүхдүүд бохир гараараа нухчихдаг. Ингээд л нүд улайх, зовхины үрэвсэл үүсэх гэх мэтээр гадны биетүүд нүд рүү орж гэмтээж эхэлдэг.
Хамгийн чухал нь хараа тогтож буй бага насны хүүхэд гар утас, таблет зэргийн дэлгэцийг олон цагаар харж, нүдэндээ өндөр ачаалал үүсгэх нь хараа муудах, мохос хараа үүсэх шалтгаан болдог. Сургуулийн өмнөх насны хүүхдэд тохиолддог харааны гол эмгэг бол хугарлын гажиг буюу мохос хараа. Нүдний бүтэц хэвийн боловч үйл ажиллагааны хувьд доголдолтой, харааны хөгжил муу гэсэн үг.
Энэ эмгэг өөрчлөлтийг цаг алдалгүй илрүүлж чадвал нүдний шил, бусад гажиг заслын аргаар мохос харааг 100 хувь эмчилж болдог. Харин оношилж ололгүйгээр эмчилгээ оройтвол, дараа нь эмчлэгдэггүйг эцэг эхчүүд анхаарах хэрэгтэй.
Тиймээс хүүхдийг харааны урьдчилан сэргийлэх үзлэгт оруулж байх шаардлагатай.
Хөгжилтэй оронд хүүхдийг 3-6 сар тутамд харааны урьдчилан сэргийлэх үзлэгт оруулдаг. Манай орны нөхцөлд сургуульд орохоос нь өмнө хүүхдийн харааг шалгуулж, цаашид тодорхой давтамжтай урьдчилан сэргийлэх үзлэгт оруулж занших шаардлагатай хэмээн ЭХЭМҮТ-ийн нүдний мэс заслын тасгийн эрхлэгч Ч.Цэнгэлмаа зөвлөжээ.