Монгол Улсад одоогийн байдлаар цор ганц байгаа Хүүхдийн төмөр зам улирлын чанартай ажилладаг. Өөрөөр хэлбэл, энэ оны хувьд дөрөвдүгээр сарын 1-нээс есдүгээр сарыг дуустал байнгын үйл ажиллагаа явуулж, аравдугаар сарын 1-нээс захиалгат аялал хийж эхэлжээ. Хүүхдийн төмөр замаар энэ оны эхний есөн сард 5919 том хүн, 8061 хүүхэд аялж, тус төмөр зам 75.7 сая төгрөгийн орлоготой ажиллажээ. Үүнийг өнгөрсөн онтой харьцуулбал, аялагчдын тоо болон орлогын хэмжээ бага зэрэг буурсан байна. Тус төмөр замынхан байнгын үйл ажиллагаа зогссон ч аяллын компаниудтай хамтран захиалгат аяллыг зохион байгуулахаар төлөвлөжээ. Саяхан УБТЗ-ын Аялал жуулчлалын товчоотой хамтран Плехановын нэрэмжит дунд сургуулийн 65 сурагчийн аяллыг зохион байгуулсан бол энэ сарын 28-29-нд Дархан-Уул аймгийн “Элит хөгжил” ХХК-тай хамтран Зүүнхараагийн 65 сурагчийн аяллыг зохион байгуулахаар товложээ. Үүнээс гадна англи хэлний сургалтын төвүүдтэй хамтран ажиллаж түрээсийн орлого олж байгаа тухай Хүүхдийн төмөр замын дарга ярилаа.
Мөн Хүүхдийн төмөр замын дарга Д.Батмөнх “Одоогийн байдлаар байнгын үйл ажиллагаа зогссон болохоор манай найман ажилтны дөрөв нь Дархан Татах хэсэгтээ шилжин ажиллаж байна. Байнгын аяллал зогссон ч манай сургалтын төвийн ажилтнууд Дархан-Уул аймгийн ЕБ-ийн 18 дугаар сургуулийн төмөр замын лицей ангийн сурагчдад мэргэжлийн чиглэлээр хичээл заадаг. Тиймээс Дархан-Уул аймгийн Боловсролын газар, ТЗДС-тай хамтран багш нарынхаа заах арга зүйг чадавхижуулах сургалтыг зохион байгуулж, сертификат олгохоор ажиллаж байна. Үүнээс гадна манайх 750 мм-ийн төмөр замын стандартыг батлуулахаар Стандарт хэмжил зүйн газарт хандсан. Энэ сарын 18-нд Стандарт хэмжил зүйн газарт хурлаар оруулж хэлэлцүүлээд редакцийн хэмжээнд үлдээгээд батлагдсан. Ирэх сард бид шинэ стандартаа өлгийдөн авна. Үүнээс гадна Хүүхдийн төмөр зам маань байгуулагдаад гурван жил боллоо. Гадаад харилцаагаа хөгжүүлж, өвлийн улиралд багш ажилтнуудаа Эрхүүгийн Хүүхдийн төмөр замтай танилцуулж, туршлага судлах шаардлага бий. Үүн дээр Замын захиргаанаас дэмжлэг хүсэж байна. Манайх Дархан Татах хэсгийн харьяанд үйл ажиллагаа явуулж ирсэн. Гэтэл Татах хэсэг маш их ажилтай, том байгууллага болохоор яг үнэндээ Хүүхдийн төмөр зам манатай байна. Төмөр замаар зорчигч тээвэрлэж байгаагийн хувьд аюулгүй байдлыг найдвартай хангах ёстой. Зам, холбоо, дохиолол, гэрэлтүүлэг зэрэгт засвар хийх шаардлага гарахад төмөр замынхаа байгууллагуудаас тусламж гуйхаас аргагүйд хүрдэг.
Цаашид Хүүхдийн төмөр замын харьяаллыг эргэн харах шаардлагатай санагдаж байна. Замын даргын үзлэгийн комисс энэ удаад манайд ирж амжсангүй. Тиймээс сониноор дамжуулан нөхцөл байдлаа уламжилъя” хэмээв.
Б. Гүнжинлхам