Сурагчид хичээлийн жилд есөн сар буюу жилийн 224-245 хоногт эцэг эх, асран хамгаалагчдаасаа хол дотуур байрны багш, тогооч, ажилтны асрамжид сурч хөгждөг. Их дээд сургууль, коллеж гэхчлэн дотуур байрны амьдрал цаашид ч үргэлжилнэ. Тиймээс дотуур байранд өнгөрүүлсэн мөч бүхэн амьдралын салшгүй хэсэг, сайхан дурсамж болж үлддэг. Замын IV ангийн VIII хэсэгт сурвалжилгаар явахдаа  замчин эмэгтэй П.Золзаяагийн хоёр хүүхэд алслагдсан энэ зөрлөгөөс Улаанбаатар хотод Хүүхдийн секторын харьяа Сурагчдын дотуур байранд амьдардаг гэсэн мэдээлэл сонирхол татаж дотуур байрыг зорих шалтгаан болсон юм. УБТЗ-ын Хүүхдийн секторын харьяа Сурагчдын дотуур байрны их засварын ажил энэ ондоо багтаж дуусаж өнгө зүсээ засжээ. Үүдээр ороход л дөнгөж ашиглалтад орсон мэт шинэхэн тохилог орчин угтсан. Хүүхдүүд энд тэндгүй гүйлдэнэ, хэрэг болгож сонирхвол тэд хоолны цагаас өмнө шинэ жилээр бүжиглэх бүжгээ давтахаар яарцгаажээ. Ахлах ангийн хэсэг хүүхдүүд шинэ жилийн гацуур модоо засаж,  чимэглэл, шинэ гэрлээ өлгөж асаахаар догдолж байгаа нь илт. Замчин П.Золзаяагийн хоёр хүүхэдтэй уулзах хүсэлтэйгээ хэлтэл У.Хаш-Эрдэнэ, У.Сувд-Эрдэнэ хоёр хүүхдүүдийн чөлөөт цагаа өнгөрөөх өрөөнд ирэх хооронд Д.Баасан багш тэр хоёр маань ихэр, зургадугаар ангид сурдаг, өдрийн ээлжинд хичээллэдэг. Манай дотуур байранд гуравдугаар ангийн О.Мөнгөнчимэг, О.Мөнгөнцэцэг, нэгдүгээр ангийн Б.Энхрийлэн, Б.Энхриймаа нарын ихрүүд амьдардаг гэж танилцуулсан. У.Хаш-Эрдэнэ, У.Сувд-Эрдэнэ хоёр өндгөн эсийн ихэр. Энэ жилээс дотуур байранд амьдарч, амралтын өдрөөрөө хотод байдаг эмээ дээрээ очдог гэнэ. Дотуур байранд амьдрах сайхан сургууль ойрхон. У.Хаш-Эрдэнэ машинч, У.Сувд-Эрдэнэ ятга хөгжимчин, ихэр охин О.Мөнгөнчимэг, О.Мөнгөнцэцэг нар онц сурдаг, хоёулаа багш мэргэжилтэй болно гэж хөөрөлдсөн. Нэг, хоёр, гуравдугаар давхрын хонгил,  давхар бүрийн амрах хэсгийн буйдан, ширээ, халуун, хүйтэн ус авах төхөөрөмжийг суурилуулжээ.  Нэгдүгээр давхарт бага ангийн хүүхдүүд амьдардаг.  Тэдний өндөр, жин тохирсонд жижигхэн ор, ширээ, хувцасны шүүгээ зэрэг нь эгдүү хүрэм жижигхэн. Нийгмийн ажилтан Б.Тунгалаг, багш Д.Баасан нар бүх өрөө тасалгаа, хаана ямар засвар үйлчилгээ хийснээ нэг бүрчлэн үзүүлж танилцуулж байсан. Тэд хүүхдүүдээс илүү догдолж баяртай байв. Учир нь их засварын ажил дуусаж хүүхэд, багш нар баяр хөөртэй, стандартад нийцсэн сайхан орчинд үр хүүхэд хүмүүжиж амьдарч байгаад эцэг эхчүүд талархаж байгаа гэсэн. Хүүхдийн амрах өрөө, гал тогоо, спорт заал бүгд шинэчлэгджээ. Хүүхдүүдийн усанд орох шүршүүр, 00 зэрэг бүгд сүүлийн үеийн загварынх. Эмчийн өрөөг тохижуулж, тусгаарлах өрөөг ч бий болгосон байна. Угаалгын машин, хувцас хатаагч  бүрэн автомат. Гал тогоо дотуур байрны хамгийн чухал хэсэг учраас 2022 онд их засвар хийжээ. Хүүхдийн секторын  дарга Л.Янжмаа томилогдсоноор онцгойлон анхаарч “Стандартын дагуу сурагчдын дотуур байрыг хөгжүүлэх цогц хөтөлбөр”-ийг боловсруулжээ. Энэ хүрээнд УБТЗ-ын захиргаа 2022-2025 он хүртэл үе шаттайгаар хөрөнгө оруулалт, засварын ажлуудыг хийсэн нь төмөр замчдын хүүхдүүдийн сурч, боловсрох орчны стандарт жишиг байдлаар бүрдсэн энэ аж. Дотуур байрны гадна хөл бөмбөгийн талбай байгуулснаар УБТЗ Монгол Улсын хэмжээнд жишиг болсон спорт цогцолбортой сурагчийн дотуур байр болж байна. 1994 оноос үйл ажиллагаагаа  явуулсан дотуур байранд эгэл төмөр замчнаас өгсүүлээд өнөөгийн  УБТЗ-ын удирдлагууд хүртэл энд хүмүүжиж, хүүхэд насны  олон сайхан дурсамжтай он жилүүдийг өнгөрүүлсэн болохоор одоо тэд нар хүүхдүүдийн тав тухтай орчин бүрдүүлэх тал дээр үргэлж анхаарах нь дамжиггүй билээ.

 

П.Түмэндэмбэрэл