Хичээл сургууль эхлэхтэй зэрэгцээд эцэг эхчүүдийн санааг зовоодог асуудлын нэг нь ханиад томуу байдаг. Ханиад тусахаас өмнө урьдчилан сэргийлэх нь хамгийн чухал учраас хүүхдийн дархлааг дэмжих, асаргаа сувилгааг гэрийн нөхцөлд хэрхэн хийх зөвлөгөө авахаар Төв эмнэлгийн Поликлиникийн сувилагч Д.Өнөрцэцэгтэй ярилцлаа.

 

- Хүүхдийн дархлааг дэмжихэд нойр, хоол, орчин гэхчлэн олон зүйлс нөлөөлдөг. Ханиад томуунаас сэргийлэхийн тулд эцэг эхчүүд яах ёстой вэ?

- Бага насны хүүхдийн бие махбодь халуун хүйтэнд дасан зохицох чадвар сул, хавар, намар гэхчлэн улирал солигдох үед дархлаа нь сулардаг учраас томуу, томуу төст өвчин их тусдаг. Дээр нь хоёр нас хүртлээ гэртээ бойжиж байсан хүүхдүүд олон нийтийн дунд ороод ирэхээр дасан зохицох хүртлээ өвчлөмтгий байх нь бий. Энэ насныхны бие бялдрыг чийрэгжүүлэхийн тулд цэвэр агаарт байлгах, хоол хүнсэнд нь анхаарах, эрт унтуулж, ядраахгүй байх, өмсөх хувцсыг нь тохируулах гэх мэт энгийн зөв дадал хэвшлийг баримталбал заавал эм тариа хэрэглэх шаардлагагүй. Учир нь бие махбодод өөрийгөө хамгаалах бүхэл бүтэн том систем ажилладаг учраас дархлаагаа өөрөө сэргээж байдаг.

- Нэгэнтээ ханиад томуу туссан үед гэрийн нөхцөлд хэрхэн асарч сувилах вэ?

-Ханиадтай хүүхдийн асаргаа, сувилгаа нь эмийн эмчилгээнээс дутахгүй чухал. Нэн тэргүүнд хүүхдэдээ шингэн зүйл хангалттай уулгаж, сайн хооллох ёстой. хангалттай шингэн ууж, хооллож байгаа үед ханиад томуу түргэн эдгэрдэг. Хоёрдугаарт, цэвэр агаар оруулж чийгтэй цэвэрлэгээ хийх хэрэгтэй. Ханиад, томуутай хүүхдийг олон нийтийн газраар явуулахгүй, цэцэрлэг, сургуулиас нь түр чөлөө авч, гэрийн нөхцөлд эмчлэх нь үр дүнтэй байдаг. Гар доорх материалыг ашиглаад ам зайлах уусмалыг хийж бэлдэх хэрэгтэй. Үүнийг зөвхөн хүүхэд гэлтгүй насанд хүрэгчид ч ашиглаж болно. Насанд хүрэгчид өвдөж мэдэгдэхгүй тээгч болох, хүүхдүүд эцэг эхээсээ ханиад томуу хүрэх гээд байдаг талтай.

Мөн хамар угаах аргыг санал болгож байна. Хамрыг нь угааснаар агаар дуслын замаар дамжих ханиад томуу, томуу төст өвчин, бусад халдварт өвчнөөс урьдчилан сэргийлэх төдийгүй энгийн үед ч сардаа 1-3 удаа хамраа угааж байх нь сэтгэл, санааг тайвшруулж, биеийн хүч тамир, тэнхээг нэмэгдүүлдэг ач тустай. Ханиадны үед хамрыг угааснаар хамар, нармай залгиурын үрэвслийг намдаана, амьсгалыг чөлөөтэй авч гаргах боломжийг хангана. Учир нь хамар гадны биетийг шүүнэ, бүлээсгэж, уушгинд дамжуулна, агаар ч чийглэж өгнө гээд их чухал эрхтэн. Тиймээс хүүхдийн хамрыг сайн цэвэрлэж байх хэрэгтэй. Хамар битүү байвал амаараа амьсгалж, хоолой өвдөх шалтгаан болдог. Дээрээс нь хүүхдээ ханиад хүргэхгүй байя гэвэл эцэг эх асран хамгаалагчид оройд ирээд амаа зайлдаг, өөрсдийнхөө дархлааг сайн дэмжиж ханиад хүрэхгүй байхад анхаарах хэрэгтэй.      

-Та түрүүн хүүхдийн дархлааг сайжруулахад иллэг массаж үр дүнтэй тухай дурдсан?

-Хүүхдээ элдэв өвчнөөс урьдчилан сэргийлэх энгийн аргуудын нэг нь тодорхой давтамжтайгаар, тухайлбал орой унтахын өмнө нуруу, гар, хөлд нь шар тос, сүүлний тосоор иллэг хийж, тайвшруулан унтуулах нь хүүхдийн дархлаанд маш сайн нөлөөтэй. Иллэг хийх явцад арьсны гадаргуу улайж, халуун оргиж байвал сайн. Учир нь бодисын солилцоо идэвхжиж, цусан хангамж сайжирч байгааг илэрхийлж байгаа юм. Ингэснээр мэдрэл болон дархлааны эсүүд сэргэдэг.  Иллэг хийхдээ хөлөөс нь эхэлж хийх нь тохиромжтой. Гараа тослоод нэг хөлөөс нь эхлэн, зөөлнөөр хоёр гараараа ээлжлэн шилбэнээс нь гуя хүртэл гулгуулж илнэ. Ингээд хөлийн тавхай хэсгийг зөөлнөөр хоёр тийш нь гулгуулах, хөлийн ул хэсгийн мэдрэлийн цэгүүдийг хурууныхаа өндгөөр дарж, хөлийн хуруунуудыг доороос нь үзүүр хүртэл нь татаж гулгуулна. Гарын алган дээрх цэгүүдийг ч мөн хурууныхаа өндгөөр тал бүрт нь дарж, хуруунуудыг доороос нь дээш нь татаж гулгуулаарай. Цээж, нурууны хэсгийг гарын алгаараа ээлжлэн илж өгнө.

Хүний биеийн зарим цэгт иллэг хийхэд томуугийн эсрэг үйлчилгээтэй интерферон хэмээх уураг үүсдэг. Цэгэн иллэгийг эцэг эхчүүд өөрсдөө хүүхдүүдтэйгээ хамт гэртээ хийх бүрэн боломжтой.

Цэгэн иллэг хийх дараалал:

Ингэхдээ дараах цэгүүдэд долоовор хурууны өндгөөр нэгэн жигд дунд зэрэг хүчээр дарж, нар зөв гурван удаа, нар буруу гурван удаа эргүүлнэ. Өдөрт хамгийн багадаа 3-6 удаа хийгээрэй.

  • Хөмсөгний дотор талын төгсгөл хэсэг

  • Хамрын угалзны гадна хэсэг

  • Доод уруулын хонхор

  • Төвөнхийн хоёр талд

  • Эгэмний дээд хонхор

  • Эрхий, долоовор хурууны дунд

  • Чихний арын төвгөр хөхлөг ургацаг

  • Шилний хонхрын хоёр талд, үсний доод захад.

Мөн хамар хоолой, амны хөндийг ам зайлах уусмалаар зайлуулж хэвших нь өндөр үр дүнтэй. Гэрийн нөхцөлд ам зайлах уусмал бэлдэх аргуудаас дурдвал:

  • Нэг литр усанд 10 грамм давс хийгээд 10 процентийн уусмал болгоод зайлж болно.

  • Нэг литр усанд 20 грамм сода хийгээд хэрэглэж болно. Сода илүү зөөлөн байдаг.

  • 500 мл усанд 4-5 ширхэг сармис нухаж эсвэл бүхлээр нь хийж хандалж болно.

  • 500 мл усанд 10 грамм царван хийх зэрэг ам зайлах уусмалыг гэрийн нөхцөлд бэлдэж болно.

Гэрийн нөхцөлд хамар угаах уусмалыг бэлтгэхдээ 250-300 мл багтаамжтай цорготой гүцэнд 30 хэмээс ихгүй буцалсан бүлээн ус хийж, дээрээс нь нэг халбага дүүрэн хоолны давс нэмж хутган давсны зөөлөн уусмал бэлдэнэ. Угаахдаа толгойг хазайлган гүцнийхээ цоргоор хамрын баруун нүх рүү уусмалыг хийж, зүүн нүхээр урсан гарах хүртэл үргэлжлүүлнэ. Энэ үед хамраар амьсгалахгүй, зөвхөн амаар амьсгална. Үйлдлийг хамрын зүүн талын нүхэнд давтан хийнэ. Угааж дууссаны дараа хамарт үлдсэн уусмалыг зөөлөн нийж гаргана. Хамрыг олон удаа хүчтэй нийж болохгүй, толгойг хэтэрхий хазайлгаж болохгүй. Мөн эмийн сангуудад зарагддаг зориулалтын хэрэгсэл, угаагчийг ашиглаж болно шүү дээ.

-  Танд баярлалаа

 

ЭМНА М.Жаргалмаа