“Тэнгэрийн сум” түүхэн дуулалт жүжиг УБТЗ ХНН-ийн хөрөнгө оруулалтаар тайзнаа тавигдаж байна. Дуулалт жүжиг баруун гартаа нөж атгаж, баатар эрийн шинжтэй төрсөн хүүг Тэв тэнгэр бөө тэнгэрийн бошгоор заларсан хэмээн өргөмжлөн Тэмүүжин хэмээн нэрлэн зарласнаар жүжиг эхэлнэ. Есүхэй баатар Тэмүүжин хүүдээ өстнийг сөхрөөж, өртнийг бохироож, тусгаар улсаа хамгаалж, туургатныг нэгтгэснийг сануулж, богино хавирга чинь уртасаж, бодол чинь цэгцрэхийн цагт энэ өвөг дээдсээс уламжлагдан ирсэн илд чинийх болно. Бэгтэр чи дүүгийнхээ харах нүд, сонсох чих нь байж, харьтнаас хамгаалж, өстнөөс өмгөөлж өгөхтүн хэмээснээр жүжиг өрнөнө. Том ах Бэгтэрийн бие сэтгэлийн зөрчил тэмцлийг Хасар, Бэлгүтэй нарын барилдаан, хоорондын маргаанаар хурцалж, Тэмүүжин дүү нь адууны эрэлд явах бус Хонгирод аймгийн Дай сэцэний охинтой сүй тавихаар явааг Бэлгүтэй дүү нь дуулгахад “урт хэл хүзүү орооно” гэж эсэргүүцсэн ч Хамаг Монголын төрийг барих хүн хатантай байх хэрэгтэй хэмээн бататган хэлснээр Бэгтэр хагартлаа уурлаж, ууган хүү нь байсаар байтал удаах хүү нь төр барина гэвэл эрэгчин эмэгчнээ үзнэ гэж хилэгнэнэ. Есүхэй баатар, Мэнлиг эцэг, Тэмүүжин нарыг явсны хойно Есөн татарын ноён Жали Буха Бэгтэртэй тааралдаж хорон үгээр егөөдсөөр эцэг, дүүг нь хаашаа явсныг хэлүүлчихнэ. Хонгирад аймаг руу бэр буулгахаар явсныг Жали Бухад хэлснийг Хасар мэдэж, аавын алтан амь адгийн чамтай холбоотой байх нь. Тэмүүжин ах, Өүлэн ээждээ, Хамаг Монголдоо хэлнэ” хэмээн хашгиран дайрах нь жүжгийн цөм хэсэг нь гэлтэй. Ууган хүү намайг байгаа цагт улс орон минь уймарна. Цээлийн ус ширгэн татарч, цэгээн чулуу хагаран бутрах болно. Бэгтэр намайг амьд байгаа цагт бидний улс уймран доройтож, өвөг дээдсийн захиас үнс адил хийснэ. Тэмүүжин дүү минь тэнгэрийн зарлиг гэж бодоод намайг харвачих, харин Бэлгүтэйг минь ээжид минь үлдээгээрэй. Хаан хүний харвасан сум хазайх учиргүй. Эзэн хүний эрчилсэн сум эргэх учиргүй. Эс тэгвээс би Хасарыг харваж хан тэнгэрт нь илгээнэ. Хаан дүү минь чиний харвасан сум биш, Мөнх тэнгэрийн харвасан сум байлаа. Бөртэгөө хурдан авчраарай. Хаан хүн чинь хатантай байх учиртай юм шүү дээ. Мөнх хөх тэнгэрийн зарлигаар ирсэн хаан юм сүүлчийн үгээ хэлж тэнгэрт хальсан нь жүжгийн оньс тайлагдаж өндөрлөв. “Тэнгэрийн сум” дуулалт жүжиг эхлэх мөчөөс дуусах хүртлээ зүрх сэтгэлийг эзэмдэж, догдолсоор төгсгөсөн билээ. Жүжигчдийн ур чадвар, дуулалт нь өндөр түвшинд, тайз дэлгэцийг хослуулсан зургаан үзэгдэлт жүжиг тун сонирхолтой өрнөсөн юм.
Замын даргын “Шинэ уран бүтээл туурвих тухай” тоот тушаалын дагуу дуулалт түүхэн жүжгээ УБТЗ-ын хамт олондоо хүлээлгэн өгөх нээлтийн тоглолт ийн болж өндөрлөв. Нээлтийн ажиллагаанд Хөдөлмөрийн баатар, гавьяат тээвэрчин, Замын даргын Зөвлөх Р.Раш, УБТЗ-ын Нийгмийн асуудал хариуцсан орлогч дарга А.Батболд, Удирдлагын асуудал хариуцсан орлогч дарга М.Цогт, Санхүү, нягтлан бодох бүртгэлийн албаны орлогч дарга Б.Ариунаа зэрэг албаны бусад хүмүүс хүрэлцэн ирсэн юм. Дуулалт жүжгийг нээж хэлсэн үгэндээ Төмөр замын Дуу бүжгийн чуулгын дарга Л. Биндэръяа “Энэхүү түүхт 75 жилийн ойд зориулсан цоо шинэ соёлын брэнд бүтээгдэхүүн. “Монголын нууц товчоо” гайхамшигт зохиолоос сэдэвлэн бүтээсэн дэлхийн суут хүн эзэн Чингис хааны бага нас Тэмүүжиний амьдрал, тэмцэл, үерхэл нөхөрлөл, хүнлэг сэтгэл, эрэлхэг зоригт сайхан чанарыг дуу хуур, хөгжим бүжгээр илэрхийлж, хүүхэд, залуу гэр бүлд зориулсан анхны дуулалт түүхэн жүжиг хэмээн онцлов. Ерөнхий найруулагч Д.Ганболд “Монголын нууц товчоо нь Монголын ард түмний угийн бичиг Монголын нууц товчооноос эхэлдэг. “Алсын хараа” 20/50 хөтөлбөрийн нэг хэсэг соёлын бүтээлч үйлдвэрлэлээ Монголын ард түмэндээ зориулж байна. Эх оронч үзэлтэй, түүх, өв соёлоороо бахархдаг ирээдүй хойч үеийг бүтээхэд Төмөр замын Дуу бүжгийн чуулга түүчээлэх болтугай” хэмээсэн.
Түүхийн зохиолын цомнолыг МУСГЗ, зохиолч, яруу найрагч, ахмад төмөр замчин Л.Сэнгээ бичиж, ерөнхий найруулагчаар Д.Ганболд, ерөнхий продюсероор Төмөр замын Дуу бүжгийн чуулгын дарга Л.Биндэръяа, туслах найруулагчаар СТА А.Ундрахбаяр, О.Түвшин, хөгжмийн зохиолчоор Үндэсний урлагийн их театрын үндэсний найрал хөгжмийн продюсер, “Эв эе” студийн захирал, СТА О.Чинбат нар ажиллажээ. Мөн гэрлийн инженер Д.Гантулга, дууны найруулагч СТА С.Отгонбаяр видеографик дизайнер СТА Х.Сэржхүү, график дизайнер Б. Ганзориг, хувцасны зураач СТА Б.Амаржаргал, тайзны зураач СТА Ч.Батболд, нүүр хувиргагчаар Кино урлагийн дээд сургуулийн багш, “Монгол кино нэгтгэл”-ийн нүүр хувиргагч СТА М.Одончимэг, бүжиг дэглээчээр СТА О.Ууганбаяр нарын 60 гаруй уран бүтээлчийн хөлс хөдөлмөр шингэсэн байна.
УБТЗ-ын түүхт 75 жилийн ойд зориулсан Төмөр замын чуулгын шинэ уран бүтээл “Тэнгэрийн сум” түүхэн дуулалт жүжгийн Чингис хааны бага нас Тэмүүжинд “Цагаан лавай” чуулгын гоцлол дуучин СТА С.Төрболд, Бэгтэрт мөн чуулгын залуу дуучин Л.Шихихутаг, Хасарын дүрд ТЗДБЧ-ын залуу дуучин Ц.Нямгэрэл, Есүхэй баатарт ТЗДБЧ-ын гоцлол дуучин СТА Х.Батболд, Бэлгүтэйд ““Цагаан лавай” чуулгын бүжигчин Б.Төгс-Эрдэнэ, Мэнлиг эцэгт ТЗДБЧ-ын гоцлол дуучин, СТА Н.Дашдэмбэрэл, Есөн татарын ноён Жали Бухад ТЗДБЧ-ын аж ахуйн эрхлэгч, жүжигчин СТА, А.Ундрахбаяр нар тоглолоо. Мөн Өүлэн эхэд ТЗДБЧ-ын гоцлол дуучин, СТА Б.Отгончимэг, Сочигэл эхэд ТЗДБЧ-ын гоцлол бүжигчин СТА Ж.Долгорсүрэн, Есөн татарын Шажир бэхэд ТЗДБЧ-ын гоцлол бүжигчин З.Очмаа, өрлөг эхэд гоцлол бүжигчин, СТА Д.Отгонзул, Сорхон шарын охин Хадаанд “Цагаан лавай” чуулгын дуучин М.Номин-Эрдэнэ, Тэв тэнгэр бөөд “Цагаан лавай” чуулгын бүжигчин Г.Нямдорж болон тус хоёр чуулгын бүжигчид оролцон тоглов.
Хөдөлмөрийн баатар, Гавьяат тээвэрчин, Замын даргын Зөвлөх Р.Раш ” Үгээр хэлж үсгээр илэрхийлэхийн аргагүй. Л.Сэнгээ нь нууц товчоог гүнзгий судалж бичсэн бүтээлийг төмөр замчдын урлагийн тайзнаа тавьсан нь туйлын сайхан байна. Төмөр замын Дуу бүжгийн чуулгын уран бүтээлчдийн ур чадвар ямар өндөрлөгт хүрч өссөнийг харж байна. Энд тоглосон залуучууд ямар мундаг юм бэ. Хуучин монгол бичгээр сийлсэн юм шиг бичиж, тоглолоо” гэв. УБТЗ-ын Нийгмийн асуудал хариуцсан орлогч дарга А.Батболд “Уран бүтээлчдийнхээ тоглолтыг үзээд огшиж суулаа. Миний өвөө энэ чуулгын даргаар ажиллаж байсан. Миний хүүхэд нас ч энэ чуулгад өнгөрсөн. Өөрийн эрхгүй хүүхэд насанд хүргэж өгдөг галт тэргэнд суучихсан юм шиг сэтгэгдэл төрж байлаа. Монголчуудын амин зүрхэнд хадгалаастай аугаа их түүхийг богинохон хугацаанд маш чадварлагаар өгүүлснийг амьсгаа даран сонсож, дотор нь орчихсон юм мэт санагдаж, Монгол эх орноороо өөрийн эрхгүй бахархаж суулаа” гэж хэлсэн нь “Тэнгэрийн сум” жүжигт өндөр үнэлгээ өгчихлөө гэсэн сэтгэгдэл төрснийг нуух юун.
П.Түмэндэмбэрэл