УБТЗ-ын Төв Эмнэлэгт “Хүний хөхөнцөр вирусийн генотип тодорхойлох” болон “Бэлгийн замын халдварт өвчний 13 үүсгэгч тодорхойлох” PCR шинжилгээ хийж эхэлсэнтэй холбогдуулан Лабораторийн тасгийн их эмч, АУ-ны магистрант Х.Доржсүрэнтэй ярилцлаа.

 

-Манай уншигчдад хүний хөхөнцөр вирус гэж юу болох талаар хэлж өгнө үү?

 

HPV-Human Papiloma Virus буюу Хүний хөхөнцөр вирусийн 200 гаруй хэв шинж бүртгэгдсэний 13-15 нь умайн хүзүүний хорт хавдар үүсгэх өндөр эрсдэлтэй. Уг вирусийн 40 орчим нь бэлгийн замаар халдварладаг юм. Монгол Улсад бүртгэгдсэн хорт хавдрын 5.2 хувийг умайн хүзүүний хорт хавдар эзэлж байна гэх мэдээлэл бий. Уг хорт хавдар нь хөхөнцөр вирусийн халдвар (ХПВ) авснаас хойш дунджаар 15-20 жилийн хугацаанд аажмаар үүсдэг байна. Хэрэв хөхөнцөр вирусийн эрсдэлтэй шинж илэрсэн бол эмчид яаралтай хандаж, умайн хүзүүний хорт хавдрыг эрт үед нь бүрэн эмчилж хорт хавдрын шалтгаант нас баралтыг бууруулах ач холбогдолтой.

 

-HPV вирус  ямар  төрлийн хавдар үүсгэдэг вэ?

 

-HPV вирусийн халдвар авсан тохиолдолд умайн хүзүү, ам залгиур, улаан хоолойн хавдар түгээмэл тохиолддог. Мөн үтрээ, гадна бэлэг эрхтэн, шулуун гэдэс, түрүү булчирхайн хавдар үүсгэдэг байна. Эмэгтэйчүүдэд HPV-16, 18, 31, 33, 39, 45, 50, 51, 52, 56 гэх мэт хэв шинжүүд нь умайн хүзүүний хавдар үүсгэх эрсдэл өндөр байдаг. Харин HPV- 6,11,26,42,44,54 гэх шинжүүд нь хавдар үүсгэх эрсдэл бага боловч гадна бэлэг эрхтний үү, ургацаг үүсгэдэг.

 

-Энэ вирусийг хэрхэн оношлох вэ?

 

-Умайн хүзүүний хавдрын эрт илрүүлэг болон урьдчилан сэргийлэлтийн  ПАП тест, хөхөнцөр вирус илрүүлэх PCR шинжилгээгээр илрүүлнэ. Шинжилгээгээр хавдар үүсгэх эрсдэлт бүлгийг илрүүлэх нь маш чухал. Эдгээр шинжилгээг манай эмнэлэг тавдугаар сарын 1-нээс хийж эхэлсэн. Тодруулбал, хүний хөхөнцөр вирусийн хорт хавдар үүсгэх өндөр эрсдэлтэй 20, бага эрсдэлтэй 20 хэв шинжийг тус бүр тодорхойлж байна.

 Манай Нөхөн үржихүй, эмэгтэйчүүдийн кабинетаар үйлчлүүлдэг төмөр замчин эмэгтэйчүүд гурван жил тутамд сорьц өгч хэвшсэн. Мөн ПАП сорил авч байгаа. Шинжилгээ хялбар бөгөөд огт өвдөлтгүй хийгддэг.

 

-Уг шинжилгээг хэрхэн авах талаар дэлгэрэнгүй мэдээлэл өгнө үү?

 

- Шинжилгээг ажлын өдрүүдэд 08.00-09.30 цагийн хооронд авах ба хариу нь долоо хоног бүрийн Мягмар гарагт гарна. Харин БЗХӨ-ний 13 үүсгэгч тодорхойлох шинжилгээний хариу шинжилгээ өгснийхөө маргааш нь 15.00 цагт гардаг.

Бэлгийн замаар дамжих халдвар гэдэгт маш олон төрлийн бактери, вирусээр дамжин, хэсэг газрын төдийгүй системийн үрэвсэл үүсгэдэг бэлгийн замаар халддаг өвчнүүд багтдаг. БЗХӨ-ийг эмчлүүлэхгүй удаан явбал биеийн бүх эрхтэн системийг өвчлүүлдэг. Иймд санаа зовохгүйгээр эрт илрүүлж, эмчилбэл дийлэнх нь бүрэн эдгэрэх боломжтой. Манай эмнэлэгт бэлгийн замаар дамжих халдварт өвчин үүсгэгч 11 бактери, хоёр вирусийг PCR шинжилгээгээр илрүүлж байна. Энэхүү шинжилгээ нь өвчин үүсгэгчийн удмын мэдээллийг агуулдаг нуклейн хүчил буюу ДНХ/РНХ-ийг молекулын түвшинд задлан шинжилдэг учир шинжилгээний мэдрэг чанар өндөр, нарийвчлал сайтай шинжилгээ юм.

 

-Шинжилгээ хийлгэхдээ иргэд юуг анхаарах вэ?

 

-Шинжилгээ өгөхөөс өмнө 72 цагийн дотор бэлгийн харьцаанд ороогүй, 14 хоног антибиотик хэрэглээгүй, 2-4 цаг бие засаагүй өлөн байх хэрэгтэй. Мөн гепарин, хлоргексидин болон хлор агуулсан эм, бэлдмэл хэрэглээгүй байхыг сануулдаг. Мөн шинжилгээг сарын тэмдэг ирээгүй үед үтрээгээр ЭХО-д харуулах, умайн хүзүү дурандахын өмнө авна. Харин эмч бэлгийн замын аль хэсгээс сорьц өгөхийг тодорхойлдог. Шээсний сорьцыг өглөөний өлөн шээснийхээ эхний хэсгийг ариун саванд цуглуулан өгнө.

 

-Цаг гарган ярилцсанд баярлалаа.

 

 

М.Жаргалмаа