Хүний амьдрал гэдэг мартаж үл болох учрал тохиолоор дүүрэн байдаг даа.
1991 оны зун цаг сан. Цагтаа төмөр замчдын цэцэглэн хөгжсөн цэвэрхэн тосгон байсан Салхит зангилаа ороо бусгаа цагийн салхинд өнгө зүс нь гундаж, нэг л тиймэрхүү. БОС-ны хэсгийн даргаар ажиллаж асан туршлагатай удирдах ажилтан Д.Чүлтэмсүрэн их засвар хийлгэх ажлаа дөнгөж эхлүүлэн, шугам, траншейний зарим тагийг нээж орхиод сэргээн байгуулагдсан Замын ангийн ҮЭ-ийн хорооны даргаар сонгогдон одов. Ийнхүү “хөлдүү” нэртэй Салхитынхны дулаан өвөлжих мөрөөдөл талаар болох шинжтэй. Зангилааны намын хорооны даргаар сонгогдсон ч шинэ Үндсэн хуулийн заалтаар эрх үүрэг хумигдсан миний хувьд хэсгийн даргаар ажиллах хүнийг нэхэж, Зүүнхараагийн Орон сууцны ангийн дарга П.Жамсранжав гуайтай өдөр болгон шахуу ярих. Тэгтэл нэг удаа мань хүн -Өнөөдрийн суудлаар даргыг чинь явууллаа...Тосч аваарай... гэх нь тэр. Суудлаар жижиг гар цүнх барьсан
Ийнхүү миний бие Дашцэвэгийн Ганболд гэх эртэй танилцсаар 30 гаруй жилийг үджээ.
“ХӨЛДҮҮ” САЛХИТЫГ ГЭСГЭЭЖ Л ТААРНА...
1970-аад оны дундуур Салхит-Эрдэнэтийн төмөр замын бүтээн байгуулалтын хүрээнд баригдсан энэ тосгон тухайн үедээ жишиг гэгдэхүйц суурин байсан юм. Харамсалтай нь Хараа голын намаг, цэвдэг хөрстэй тохойд баригдсан учир оршин суугчид нь өвлийн цагт даарч хөрөхийн зовлонг эдэлж, дах дэгтий өмсөх дөхнө. Ямартаа л төрөлх тосгондоо хөлдүү нэр өгөх вэ дээ. Д.Ганболд маань ийм л газар ирсэн сэн.
Тэрээр, хариуцсан ажил, хамт олонтойгоо танилцсаныхаа дараа надад “Хөлдүү Салхитыг гэсгээж л таарна”... хэмээн бардамхан өгүүлж билээ. БОС-ны хэсгийн “хонины морь” болох ганц ковш цэнхэр утаа хаялуулан өдөр шөнөгүй бөхөлзөж, Д.Ганболд маань ажилчидтайгаа шугам траншейнхаа бүх тагийг тун удалгүй авчихсан харагдав. Салхитынхан ч их л баярлалдаж, -Орон сууцны шинэ дарга овоо залуу ирж, энэ өвөл дах дэгтийнээсээ салж, дулаахан өвөлжих нь... хэмээн баярлацгаах. Зун, намрын хэдэн сар зурсхийн өнгөрч БОС-ынхан шугам хоолой, халаалтын зуух нийлүүлэгдээгүйн улмаас зуун задгай, жаран хагархай гэгч байдлаар Замын даргын намрын үзлэгтэй золгов. Тэр үзлэг Р.Рашийн Замын даргын хувьд ахалсан анхны үзлэг байсан санагдана. Мөнөөх шугам хоолой, халуугуур, зуух мэтийн хангалтын асуудлаар Д.Ганболдтой хамт Хангамжийн албаныхантай зуны турш утсаа улайстал ярьсан миний бие хариуцлага хүлээхэд бэлтгэн, комиссынхныг зайдуухан бараадах. Харин, Д.Ганболд маань ер санаа зовсон шинжгүй Р.Раш даргад хандан, хангамжийнхан нийлүүлэлт хийгээгүйгээс өвлийн бэлтгэл хангагдаагүй тухай илтгэнэ. Р.Раш дарга түүний яриаг анхааралтай сонссоноо ангийн дарга П.Жамсранжав гуайг дуудлаа. Төмөр замд насаараа зүтгэж, ширүүн догшин Солодкийгоос эхлээд буурьтай тайван Долгий хүртэл 10 даргын ааш занг давж ирсэн Жа дарга саатлын учир шалтгаан нийлүүлэлтэд буйг үнэнээр нь илтгэн залуу даргаа өмөөрөв. Ийнхүү Хангамжийн албаны Цэгмид /Хүзүү гэгддэг/ дарга буруутнаар тодорч, ганцхан хоногийн дотор шугам хоолой бас бус материалыг Улаанбаатараас ачуулан гаргах тун шахуу үүргийг Р.Раш даргаас авч билээ. Бид ч хоёрхон өдрийн дотор зургаан вагон материалтай болж өвөлтэй уралдан “хагархай цоорхой”-гоо битүүлж амжсан сан. Үүнээс би Д.Ганболд даргынхаа хэнээс ч айж халгахгүйгээр чухам үнэнийг шуудхан хэлчихдэг, зарим үед өөрт нь халгаатай ч байж болох нэгэн чанарыг таньж мэдэж билээ. Д.Ганболд хамт олонтойгоо Салхитад дундаа жил гаруйхны завсарлагатайгаар дөрвөн жил шахам ажиллахдаа, зангилааныхаа “хөлдүү” хочийг таягдан хаяж чадсан сан. Энэ дөрвөн жилд юу эсийг үзэх вэ. Баяр ёслолын үеэр ажлаа орхиод явчихсан галч нарын оронд уурын зуухаа галлаж, ковш/ түрэгч, хутгагчтай дугуйт трактор/-ийн жолоочоо байхгүй үед нүүрсээ түрэн халтайж явахыг харан, бахархах өрөвдөх хослон байсан үе олонтоо. Ер нь тэрээр, анх харсан хүнд дарга даамал гэхээсээ илүүтэй жирийн барилгачин, слесарьтэй андуурам эгэл нэгэн. Гэсэн ч захирагдагсаддаа өндөр шаардлага тавьж, удирдах, удирдуулах ёсыг хатуу баримтална. Гэхдээ, даварсан нэгэнд нь ухамсарын шанаа өгөхөөс буцдаггүйг нь би нүдээрээ харж л байв. Олон хүний дунд, тэр тусмаа галч, засварчдын дунд сайн, муу аль аль нь л байх шүү дээ. Тэр үед Салхитын Орос цэргийн анги ганцхан шөнө түгшүүрээр хөдөлж, казармаг, граж, уурын зуух, контор сав нь бараг бүтнээрээ л үлдсэн байв. Д.Ганболд уурын зуухных нь мотор, насос зэрэг ховор нандин тоног төхөөрөмжийг мултлан авч нөөцөлснөөр тэдний хэсэг Эрдэнэтийн замдаа л “баян”-д тооцогдож ангийнхаа бусад хэсгүүдэд энэхүү баялагаасаа илүүчлэх тохиолдол ч олонтоо гарсан. Ийнхүү түүний аж ахуйч, арвич хямгач, хариуцсан ажилдаа эзний ёсоор ханддаг зан чанар илэрч, төмөр замын барилгын нэгэн “Топ” удирдагч болох төөрөг заяа нь дуншин байжээ.
Тэрээр, 1950-иад оны дундуур илгээлтээр төмөр замд ирсэн анхдагчдын гэрт төрсөн нэгэн. Аав Дашцэвэг, ээж Долгор нар нь Улаан-Уул өртөөнд ханилан сууж, хүүхэд төрүүлж өсгөсний дэх нь мань хүн. Хүүхэд ахуйдаа Улаан-Уулын бор толгод дунд дэр мод дамжин гүйж өсөөд, аавыгаа Улаанбаатарт ЗЗМС-д шилжин ирэхэд энүүхэн таван буудлын 17-р сургуульд элсэн суралцаж, 100 айлын хүүхдүүдтэй чулуугаар байлдан, идэр насны босгыг алхжээ. Түүнд цэргийн албанд татагдан бага дарга болж, халагдах жилээ салааны захирагчийн үүрэг гүйцэтгэн, хугацааны ахлагчийн алтан саат мөрдэс зүүж байсан бахархам дурсамж бас бий.
Тэрээр, цэргийн албаны дараа Румын улсын тусламжаар баригдсан Мебель, картоны үйлдвэрт ажиллаж байгаад Техникийн Их Сургуулийн барилгын инженерийн ангид элсэн суралцаж 1991 онд төгсөн, эцэг эхийхээ төмөр замчин удмыг үргэлжлүүлэхээр зориг шулуудан ийнхүү Салхитыг зорьжээ.
БИ ТӨМӨР ЗАМЫН “АС” БАРИЛГАЧДЫН ШАВЬ...
Д.Ганболд 1990-ээд оны дундуур Зүүнхараа дахь Их барилгын хоёрдугаар ангийн Ерөнхий инженерээр дэвшин одлоо. Тэрээр, хожим энэхүү томилолтынхоо талаар “Нэг өдөр ангийн дарга П.Жамсранжав гуай утсаар ярьж,- Миний хүү чамайг СУ-гийн Батсүх ерөнхий инженерээрээ авья гэж байна. Би өөртэй нь ярь гэлээ... гэв. Би ч мань хоёр хөгшин улаан тамхиа ороож сууж байгаад л ингэж тохирч дээ. Зүүнхараа сайхан нутаг, дээр нь барилгын инженер хүнд мэргэжлийнхээ ажлыг хийхээс илүү зүйл гэж юу байхав гэж бодоод шуудхан л зөвшөөрсөн дөө” хэмээн дурссан. 1970-1980-д онд төмөр замд БОС-ны П.Жамсранжав, Ж.Алтанхүү, Ш.Шаравсамбуу, Д.Довдон, Д.Жигжидсүрэн, Их барилгын Р.Батсүх гээд зүйрлэвэл “Ас” /Агаарын тулаанд гарамгай нисгэгчийг өргөмжлөх дэлхий нийтийн хэллэг/ барилгачид анги удирдах.Барилгачдынхаа дундаас тодорсон төмөр замын гэх тодотголтой энгийн даруу ч эгэлгүй тэдний уран гар, зохион байгуулагч чадварын үр дүн, төмөр замчдад сэтгэлийн амар амгаланг өгч, эрхэлсэн ажилдаа мэрийн зүтгэх нөхцөлийг бүрдүүлж ирсэн. Д.Ганболд ч удирдлагад нь ажиллаж байсан П.Жамсранжав, Р.Батсүх гуай нарыг аав шигээ түшигтэй хүмүүс байсан гээд “Энэ хөх өвгөчүүдийн хүчинд би өдий зэрэгтэй яваа юм даа” хэмээн тодотгосон. Тэрээр мөн, Зүүнхараагийн ангийн орлогч дарга агсан Содномын Даваасүрэнг хүнтэй ажиллах, бичиг хэрэг хөтлөх арга ухаан, амьдралын эрээн барааныг даван туулах эрдэмд сургасан гол түшиг, зүйрлэж хэлбэл ангийн багш минь байсан хэмээн онцлон дурссан. Эдүгээ амар амгалангийн оронд заларч буй энэ хүмүүсийг олон жилийн дараа ийнхүү халуун дотноор дурсана гэдэг түүний ухааны цар хэр уужим болохыг харуулж буй хэрэг сэн.
Түүнийг Их барилгын ангийн Ерөнхий инженерээр ажиллаж байхад ч бид хоёрын ажил хэргийн харилцаа нэг хэсэгтээ л үргэлжилсэн. СУ-гийхан “Баянбуурал”-ын амралтын ажилчдын сууцны хоёр тоосгон байшинг барьж, би тэнд шаардлагатай тоосгыг Зөвлөлтийн цэргийн ангийн нурсан барилгаас бэлтгэж өгч байв. Барилгачид хямд үнэтэй тоосго авч, би Салхитынхаа ажилгүйчүүдийг нэг хэсэгтээ ч гэсэн ажлын байраар хангаж байсан гэсэн үг.
Ер нь Д.Ганболдын бие дааж бариулсан анхны барилга “Баянбуурал”-ын ажилчдын тэр хоёр сууц гэхэд хилсдэхгүй билээ. Тэрээр, дараа нь Зүүнхараагийн Вагон засварын депогийн хос дугуйн цехийн барилгыг удирдан бариулсан аж. Тэгэхдээ хос дугуй зорох суурь машины бетон суурийг англи хэл дээрх зааврыг нь харж байгаад өөрийн гараар цутгасан гэсэн. Төдий л удалгүй 1998 онд түүнийг Сайншанд дахь БОС-ны гуравдугаар ангийн даргаар дэвшүүлэн томиллоо.
ЗӨРЛӨГИЙН Д.ГАНБОЛД
Төмөр замд гуравдагч орны хөрөнгө оруулалт хэрэгжиж, эх орны өмнөд хилийн хаалга Замын-Үүдэд их бүтээн байгуулалт өрнөж байв. БОС-ны гуравдугаар ангийнхан энэ их үйлсэд амсхийх завгүй л зүтгэцгээнэ. Тэдний бүтээлч гараар таван хоёр давхар орон сууц, МРЦ-ийн болон Бааз околоткын барилгууд сүндэрлэн босож, ээрэм говийн энэ суурин их хөлийн газар, хөгжил дагуулсан боомт болжээ. Яг үнэндээ эдүгээ Засгийн Газрын хэрэгжүүлж буй “Боомтын боомыг арилгах” зорилтын эхлэлийг тэртээ 1990-ээд оны дундуур төмөр замчид эхлүүлсэн гэвэл хилсдэхгүй бөлгөө. Нэг зорилтын хэрэгжилтээс дараагийн зорилт урган гардаг нь жам ёс юм. 2000-аад оны эхээр замын урд хэсэгт шинэ зөрлөгүүд барин, гол шугамын тээх нэвтрүүлэх хүчин чадлыг нэмэгдүүлэх зорилт тавигдав. Ийнхүү, 2001 онд 1018-р км-т Цагаанхад, 780-р км-т Алтганы гол, 844-р км-т Агьсүмбэт зөрлөгүүд баригдлаа. Замын Зураг төслийн хэлтсийн Даш, Батболд нарын чадварлаг инженерүүдийн боловсруулсан зураг төсөл цааснаас газарт бууж, харилцан адилгүй хийц, дизайнтай шинэ зөрлөг, төмөр замчдын орон сууцны барилгууд Д.Ганболдын удирдсан барилгачдын гараар чухам л цаг нартай уралдан боссон.
2004 онд Замын дарга Р.Раш УИХ-ын гишүүнээр сонгогдон, оронд нь В.В.Магдей гэх Украин гаралтай их гарын төмөр замчин ажиллаж эхэллээ. Тэрээр, Р.Раш даргын эхлүүлсэн шинээр зөрлөгүүд барьж ашиглалтад оруулах зорилтыг үргэлжлүүлж байсан юм. Нэр төрөө ихэд эрхэмлэдэг энэ даргын толгойд бүх зүйл нь орчин үеийн шийдэлтэй, бусдад жишиг болох нэгэн шинэ зөрлөгийг барьж, төмөр замаа бас өөрийгөө сурталчлах бодол төржээ. Буруутгахын аргагүй л санаа. Ийнхүү Өлзийт зөрлөгийг Д.Ганболдынхон ёстой л амсхийх завгүй зүтгэн 14-хөн хоногийн дотор ашиглалтад хүлээлгэн өгч, хэвлэл мэдээллийн хэрэгслээр сурталчилагдав. Зөрлөг жинхнээсээ жишиг болохоор баригдсан билээ. Ер нь тус ангийхан энэ жилүүдэд 17 зөрлөг шинээр барьж ашиглалтад хүлээлгэн өгснөөр даргадаа “Зөрлөгийн” Ганболд гэх алдар хайрласан юм. Тэгэхдээ энэ хамт олон ганц зөрлөгөөр дагнаагүй, Сүхбаатар зангилааны “Бүжинхэн” цэцэрлэг, Замын-Үүдийн 60, Сайншандын 70, Мааньтын 24 айл гээд л явж өгнө. Ер нь Д.Ганболд нийтдээ 108 барилга бариулж, тууз хайчлуулсан амжилтаар төмөр замдаа нэгэн төрлийн рекорд эзэмшдэг юм билээ. 108, тун бэлэгшээлтэй тоо гэдгийг уншигч та юу эс андах. Энэ тооны ард хамт олных нь нөр их хөдөлмөр орших ч, түүний бүтээн байгуулагч суртахуун, мэргэжлийн өндөр мэдлэг, зохион байгуулагч чадвар илүүтэй жин дарах буй за .
УРАГШЛАХ ЗАМД УРУУДУУР БАЙДАГ Ч...
Д.Ганболдын бүтээн цогцлоох их үйлс дандаа дардан шулуун байсангүй. 2012 оны сонгуулийн үр дүнгээр өрнөсөн боловсон хүчний өөрчлөлтөд өртөн “Баянбуурал” амралтын орлогч даргаар томилогдов. Гэхдээ түүний хөдөлмөрч зан, зохион байгуулагч чадвар энд ч тод илэрсэн ажээ. Амралтын аж ахуй, эмх цэгц дээшлэн, уурын зуухны үйл ажиллагаа ном журмандаа орж, амрагчдын тав тух эрс дээшиллээ. Гэхдээ л түүнийг барилгачин заяа нь үргэлж дуудах. Төдөлгүй төрөлх ангидаа их засвар хариуцсан инженерээр томилогдов. Хэдэн сарын дараа хуучин албандаа ч очив. Нэг өдөр албаных нь дарга Ж.Энхтуяа утасдаж байна. “ –Сайн уу.. Ганболд дарга аа... Алба таныг Барилга Угсралтын ангийн даргаар ажиллуулах саналтай байна...” Ж.Энхтуяа дарга нэгэн үеийн “Ас” барилгачин П.Жамсранжав даргын охин. Тэгэхээр Жа даргын гар дээр эрийн цээнд хүрснийх охиных нь үгэнд орохгүй байхын аргагүй билээ. Тэгээд ч нийслэлд ажиллаж амьдрана гэдэг хэрийн хүнд олдохгүй хувь зохиол. Ийнхүү Д.Ганболд БУА буюу хуучнаар СУ-гийн даргаар нийслэлд ажиллах болов. Ажлаа мэдэхгүй, хамт олноо танихгүй гэхийн зовлон байсангүй. Одоо Замын хэмжээний бүх барилга угсралтын ажил түүний гарт.
Сэдэж санаачилсан, бодож төлөвлөсөн ажил их байлаа. Үр дүн ч муугүй. Засгийн газрын мөрийн хөтөлбөрийн чухал заалт болох Сайншанд-Алтан ширээгийн замын өртөөний барилга гээд хэд, хэдэн томоохон барилга байгууламжийн ард гарлаа. Ангийн 2019-2020 оны баланс ашигтай гарав. Баланс гэдэг хамт олны үйл ажиллагааны толь байдаг болохоор илүүц тайлбар хэрэггүй билээ. Ажил хэрэг урагштай л байж. Гэсэн ч бүтцийн өөрчлөлт гэх шалтгаанаар ангийнхаа Ерөнхий инженерээр ажиллах болов. Үнэн чанартаа зарим дээд удирдлагатайгаа үзэл бодол нийлдэггүй байсан нь нөлөөлсөн гэсэн. Түүний санасан бодсоноо шуудхан хэлчихдэг, захирагдагсадтайгаа ил цагаахан харьцдаг хээгүй гүдэсхэн зан хэн нэгэнд таалагдаагүй аж. Ер нь бүхэнд таалагдах ч албагүй л дээ. Ийнхүү тэрээр, Сайншандын ангидаа механикчаар ажиллах боллоо. Гэхдээ өөрийнхөө саналаар гэсэн шүү. Ангийн удирдах бүрэлдэхүүн дийлэнхдээ түүний гараар дамжиж, албан тушаалд хүрсэн залуухан инженерүүд. Ер нь тэр өнгөрсөн он жилүүдэд Чинтуяа, Мөнх-Оргил, Ариунаа, Нямсайхан, Батсайхан гээд 2О гаруй инженерийг оюутны ширээнээс хүлээн авч ажил амьдралын замд нь хөтлөн оруулсан гэсэн. Одоо цагийн албаны дарга Г.Ганбат ч удирдлагад нь уурын зуухны галчаас эхлэн, мастер, инженер гэсэн шатаар мерит зарчмаар өгссөөр энэ зэрэгт хүрсэн гарынх нь шавь юм билээ. Түүнээс шавь нар чинь одоо өөрт чинь хэрхэн хандаж байна?...хэмээн асуувал- Хүнээсээ шалтгаалдаг... хэмээн товчхон хариулаад...- Хүн хүнээрээ явах шиг эрхэм зүйл юу байх билээ... хэмээн тодотгосон.
Төмөр замын барилгын байгууллагуудад оршиж буй гол бэрхшээл юу вэ? гэсэн сүүлчийн асуултад минь Нэгдүгээрт: Санхүүгийн хүндрэл . Хоёрдугаарт: Хүний нөөц, цалин хөлсний хангамж. Гуравдугаарт: Тоног төхөөрөмжийн хоцрогдол... хэмээн мөн л товч тодорхой хариулна билээ. Энэ бүхнийг хуруу даран өгүүлж буй түүнийг ажиглахад, 1990-ээд оны, хэлснээ хэрэгжүүлж, эхэлснээ дуусгахын тулд өөрийгөө ч мартан зүтгэдэг, гүдэсхэн зан, шалмаг хөдөлгөөн, эрч хүч тунарсан өндөр бор залуу тэр л янзаараа харагдах. “Хүн хүнээрээ явах”-ын учир энэ л болов уу.
МУСГЗ Л.Сэнгээ
Сэтгэгдлүүд
Ажилсаг хүнлэг дарга шүү. Манай Ганболд дарга