Замын нэгдүгээр орлогч дарга О.А.Казаковаар ахлуулсан Замын даргын хаврын үзлэгийн комисс тавдугаар сарын 1-ээс дөрөвний хооронд хойд хэсэглэлийн төмөр замчдын зуны тээврийн бэлтгэл ажлыг шалгаснаар эхэлсэн юм. 

     Замын даргын үзлэгийн комиссыг ахалсан Замын нэгдүгээр орлогч дарга О.А.Казаков болон Нийгмийн асуудал эрхэлсэн орлогч дарга А.Батболд нарын хувьд тус албанд томилогдсоноос хойшхи анхны үзлэг нь байснаараа онцлогтой байв. Шинэ удирдлагуудын хувьд төмөр замчдынхаа ажлын бодит нөхцөл, тулгамдаж буй хүндрэл бэрхшээлийг сонсох, төмөр замчдын нийгмийн асуудалтай газар дээр нь биечлэн танилцах, шийдвэрлэж болохуйц ямар гарц гаргалгаа байгаа талаар харилцан санал солилцох зарчмыг баримталж ажилласан юм.Төмөр замчдын ажлын байрны нөхцөлийг улам сайжруулах,  цалин хангамжийг нь нэмэгдүүлэх, УБТЗ-д техник,  технологийн шинэчлэлийг нэвтрүүлэх, хууль эрх зүйн таатай орчныг бүрдүүлэх чиглэлээр Ерөнхий хувь нийлүүлэгч болоод Монгол Улсын Засгийн газар, ЗТХЯ, гадна дотны түншлэгч байгууллагуудтай хэрхэн хамтарч ажиллаж байгаагаа очсон газар бүртээ мэдээлэл хийж явлаа. Мөн ажил олгогчийн хувиар ажилтны талын төлөөлөл буюу МТЗ-чдын ҮЭ-ийн холбоотой ямар хэмжээнд хамтран ажиллаж, ажилтнуудынхаа хөдөлмөрийн нөхцөлтэй холбоотой санал санаачилгыг хэрхэн дэмжиж, ямар шийдвэрүүдийг гаргаж буйгаа ч хоёр талын төлөөлөл хамтдаа танилцуулсан юм. Замын  Хөдөлгөөний аюулгүй байдал хариуцсан орлогч дарга Ш.Нямсүрэнгийн хувьд ГТХАБ-тай холбоотой алдаа, дутагдлыг хариуцсан байцаагч нарын зөвлөмжүүдийг нэгтгэн дүгнэх, цаг алдалгүй засаж залруулах,  давтан гаргахгүй байхад анхаарах, ажилтан алдаа дутагдал гаргасан тохиолдолд дунд болоод дээд шатны удирдлагын хэмжээнд хатуу хариуцлага тооцохоос илүүтэйгээр учир шалтгааныг нь олох, мэдлэг, туршлага дутуу ажилтнаа сургаж дадлагажуулах чиглэлд онцгой ач холбогдол өгч ажиллахыг сануулж явсан юм.

    Эх орны хоймор хязгаарт төмөр замын тээврийн аюулгүй байдлын манаанд хүчин зүтгэж яваа хойд хэсэглэлийн төмөр замчдын хувьд зуны тээврийн бэлтгэл ажлаа чамбай сайн хангажээ. Чиглэл хариуцсан байцаагч нар ажиллах үеэр зам сум, холбоо дохиоллын байгууламжтай холбоотой зарим нэгэн алдаа дутагдал илэрснийг богино хугацаанд засах үүргийг үзлэгийн комиссоос өгсөн юм. Мөн ажлын байрны эмх цэгц, гаднах орчны цэвэр цэмцгэр байдал, албан тасалгаа, амьдарч буй орон сууцандаа эзний ёсоор хандах гээд хувь хүний хариуцлага, хандлагатай холбоотой асуудал ч мэр сэр дурдагдана билээ. Үзлэгийн явцаас авч үзвэл бүх өртөө, зөрлөгт ачаа тээврийн үзүүлэлт давж биелсэн дүнтэй байна. Үүнийг дагаад ажлын ачаалал ихсэж, зарим ажил мэргэжлийн талбарт хүн хүч дутах асуудал ч гарч байгаа аж. Нөгөө талдаа хөдөлгөөнтэй шууд холбоотой, хариуцлага бүхий ажлын байруудад шинэ залуу боловсон хүчин хүч түрэн орж иржээ. Зөвхөн ажилтны хэмжээнд бус ажил удирдагчийн шатандаа ч эрс залуужсан нь анзаарагдаж байв. Энэ бол сүүлийн жилүүдэд УБТЗ-ын хэмжээнд нийтлэг тохиолдож буй цаг үеийн бодит нөхцөл. Ийм эгзэгтэй үед залуу үеэ халамжлан хүмүүжүүлэх, ажил мэргэжилд нь дадлагажуулж,  зүгшрүүлэх нь юу юунаас чухал. Товчхондоо дунд болоод ахмад үеийн төмөр замчдад өндөр үүрэг хариуцлага ирж буй юм. Тийм ч учраас багш шавийн гэрээг илүү нягтруулах, дунд шатны удирдлагын хэмжээнд шинэ залуу ажилтныхаа алдаа эндэгдэл бүрд арга хэмжээ тооцохоос илүүтэйгээр хэлж ойлгуулах, дахин алдахгүй байхад нь туслах, чадварлаг ажилтнуудтай “уяж” илүү сайн дадлагажуулах нь хамгийн оновчтой шийдэл юм гэдгийг үзлэгийн дүнгийн хурлын үеэр онцлон яригдлаа.

Шинэ цаг үед шилжих үйл явц

   УБТЗ-ын аж ахуйн нэгжүүдийн хэмжээнд шинэ залуу ажилтнууд олноор орж ирсэн нь нийтлэг үзэгдэл. Хэдхэн жилийн өмнө үзлэгийн комиссын өмнө хэрхэн илтгэл өгөхөө мэдэхгүй, асуусан асуултад оновчтой хариулж чадахгүй тэвдэж зогссон залуус ажлынхаа талбарт хэдийнэ өсжээ. Төмөр замын тээврийн сахилга, хариуцлагын тогтолцоо нь өндөр байдгийг  залуус мэднэ. Тиймдээ ч, анхнаасаа дэг журам, дэс дараалал, өндөр хариуцлага, хатуу дүрэм журамд сурчихвал түүртэх зүйлгүйг ойлгож байна. Хамгийн товчоор хэлбэл, өнгөрсөн 70 гаруй жилийн түүхэнд ахмад төмөр замчдын хөдөлмөр зүтгэл, хөлс хүчээр бүрэлдэн тогтож ирсэн энэхүү уламжлалт тогтолцоог орчин цагийн эрч хүч, хурд, инженерийн сэтгэлгээтэй яв цав холбочихвол энэ салбарын хөгжил дэвшил үсрэнгүй шатанд орно гэдгийг ч мэргэжлийн хүмүүс ярих юм билээ. Шинэ цаг гэдэг уламжлалт тогтолцооны үндсэн дээр өнгөрсөн болон  өнөө цагийн хөрсөөр бордогдож, ирээдүйгээс гийгүүлэх нарны илчинд өсөн төлжих ургамал юм гэдгийн учир энэ буюу.

Дархан зангилаанд болсон үзлэгийн дүнгийн хурлын үеэр  галт тэрэгний зурмагийн тасалдал их гарч байгааг чиглэл хариуцсан байцаагч нар онцгой анхааруулав. Тухайлбал, өмнөх оны мөн үед зурмагийн тасалдал 11 бүртгэгдэж байсан бол энэ оны эхний улиралд 27 тохиолдол гарчээ. Энэ нь тээврийн хэмжээ 30 хувиар нэмэгдсэнтэй холбогдон үүсэж буй хүндрэлийн нэг гэдгийг хэлэв. Мөн ажлын ачааллаас шалтгаалаад 64 ажилтныг 20 минутын завсартайгаар эмчийн үзлэгт оруулаад ажилд гаргаж байгаа нь өндөр эрсдэл дагуулах, эрүүл мэндийн үзлэг чанаргүй байх магадлалтайг ч учирлалаа. Мөн дахин ажиллагаатай галт тэрэг олноор ирж байгаа нь сэлгээнээс эхлээд үргүй зардал их гарах, цаг хугацаа алдах зэргээр  бодит хүндрэлтэй тулгарч буйг үзлэгийн дүнгийн хуралд оролцогчид дурдана билээ. Мөн Замын аж ахуйн хэмжээнд хойд хэсэглэлд их засвар, дунд засвар хийгдэнэ гэдэг үүднээс  төлөвлөгөөт үзлэг шалгалт, арчлалт үйлчилгээнд анхаарал сулруулж болохгүйг нэмж зөвлөсөн юм. Тээврийн хэмжээ нэмэгдсэнтэй холбоотой өөр нэгэн хүндрэл Зүүнхараа зангилааны үзлэгийн дүнгийн хурлаар мөн хөндөгдсөн. Учир нь, Зүүнхараа дахь Ачааны вагон засварын депогийн ажилтнуудын ачаалал үлэмж хэмжээгээр өсжээ. Вагон үзэгч нар үдийн цайндаа орж чадахгүй. Өдрийн турш ажлын байрандаа ч очих завгүй хөдөлмөрлөж байгааг албаны дарга нь хөндөв.  Вагончид туйлдаж, ядарч, ажлаасаа халшрахаас аргагүйд хүрч байгааг ч учирлалаа. Ийм нөхцөлд цалин хөлсний аргаас илүүтэйгээр тэдний ажлын байран дээр очиж, бодит байдалтай нь танилцаж, хөдөлмөр зохион байгуулалтын оновчтой шийдэл хийхэд анхаарлаа хандуулахыг Замын удирдлагаас хүслээ. Тус депогийн хувьд боловсон хүчний асуудлаас гадна сэлбэг материалтай холбоотой бэрхшээл ч бас байгаа юм байна. Тухайлбал, хос дугуйн нөөцгүйн улмаас 2022 оноос хойш нийт 62 вагон тээвэрт оролцох боломжгүй зогсжээ. Энэ нь хөдлөх бүрэлдэхүүний хүрэлцээ хангамж нэн шаардлагатай байгаа өнөөгийн нөхцөлд харамсалтай жишээ болж байна гэдгийг ч нэмж дурдав. 

Нийгмийн бодлого, техникийн шинэчлэлтэй хосолж байж УБТЗ-ын хөгжил тодорхойлогдоно

УБТЗ-ын Нийгмийн асуудал эрхэлсэн орлогч дарга А.Батболд үзлэгийн дүнгийн хурлын үеэр төмөр замчдад хандаж хэлсэн үгэндээ “Нийгмийн бодлого, техникийн хөгжлийн бодлого хоёр хосолж байж УБТЗ ХНН-ийн хөгжил дэвшил тодорхойлогдоно” гэдгийг онцлон тэмдэглэсэн. Хэдийгээр УБТЗ-ын хөгжлийг техник технологид нь тулгуурлан ярьдаг, орлогын гол эх үүсвэр нь ч ачаа тээврийн үзүүлэлттэй шууд уялдаатай явдаг боловч энэ бүх үйл ажиллагааг хүн хэмээгч үнэт капитал цагийн механизм шиг удирддаг учиртай. Энэ нь хүн байсан газарт нийгмийн асуудал үргэлж оршиж, нийгмийн асуудал нь тунгалаг байхын хэрээр тухайн байгууллагын хөгжил дэвшил илүү хурдтай, илүү амжилттай явдаг гэсэн үг юм. Үнэхээр ч, Замын даргын хаврын үзлэгийн үеэр ил хөндөгдөж буй сэдэв нь техник технологи, түүний аюулгүй, найдвартай үйл ажиллагаатай уялдаатай боловч цаад үндэс нь нийгмийн асуудалтай л холбогдож байдаг. Тухайлбал, Монгол орны хойд хаалга болсон Сүхбаатар зангилааны төмөр замчдын чихнээс байнга “хонх уядаг” асуудал нь төмөр зам орчмын өнгө үзэмж, эмх цэгц... Үзэгдэх орчин хязгаарласан бургасыг тайраад цэвэрлэлгүй замын хажуугаар эмх замбараагүй орхисон. Дэр мод, зам төмрийн нөөцөө ундуй сундуй хаясан, хэдхэн жилийн өмнө шинээр ашиглалтад оруулсан орон сууцандаа ариг гамгүй, өөриймсөг бус хандсан зэрэг нь бүгд л хүний хандлагатай холбоотой. ДТХ-ын байгууламжийг цаг тухай бүрт шалгаж, цэвэрлээгүй. Үүнээс нь болж хэвийн найдвартай үйл ажиллагаа алдагдсан асуудал ч хувь хүний сахилга бат, хариуцлагатай холбогдох жишээтэй. Тийм учраас энэ удаагийн үзлэгээр Замын удирдлагууд “Хүнээ бодъё, хүнээ хөгжүүлье, хүнээ сургая” гэсэн үзэл санааг түгээж, дэвшүүлж ажилласан юм. Түүнчлэн зарим, өртөө зөрлөгт төмөр замчдын орон сууцны хүрэлцээ хангамжтай холбоотой асуудал хурцаар хөндөгдсөн. Ялангуяа шинэ залуу ажилтнууд амьдрах орон сууцгүй, түрээсийн байр ч олдохгүй байгааг үзлэгийн комисст илтгэв. Мөн насжилтын хугацаа нь хэтэрч, мэргэжлийн байгууллагаас “ашиглах боломжгүй” гэсэн дүгнэлт гаргасан хуучин технологийн орон сууцыг ахмадууд хувьчилж авах хүсэлтэй байгаагаа илэрхийлсэн тохиолдол ч гарав. Ахмадуудын хувьд “Бид төмөр замд нэгэн насны хөдөлмөр зүтгэлээ зориулсан. Гэвч гавьяаны амралтаа авах үед орох оронгүй болж байна. Тиймээс Замын удирдлагууд хуучин байшингуудыг хувьчилж бидний мэдэлд өгчихвөл бид энэ байшингуудыг өөрсдийнхөө хүчээр засаж, тордоод амьдрах боломжтой юм” гэж байв. Тэдний бодлоор асуудлыг амархан шийдэж болмоор санагдаж болох ч Замын захиргааны хувьд шийдвэр гаргах нь бас тийм ч амар биш юм. Учир нь, хамгийн түрүүнд технологийн орон сууцыг хувьд шилжүүлэхийн тулд Ерөнхий хорооны хурлаар оруулж албан ёсны шийдвэрийг гаргах ёстой. Нааштай шийдвэр гарлаа гэж бодоход мэргэжлийн байгууллагын “Ашиглаж болохгүй” гэсэн дүгнэлттэй орон сууцанд хүн амьдрах зөвшөөрөл өгөх нь буцаад асар өндөр эрсдлийг бий болгох нь дамжиггүй. Олон жилийн насжилттай байшин нэг өдөр нурж, ахмад төмөр замчдын эд хөрөнгө сүйдэх, цаанадаж эрдэнэт хүний алтан амь эрсдвэл яах вэ гэдэг нь асар том асуудал. Ингэлээ гээд ахмад буурлуудаа хөсөр хаях нь хүн ёсны хувьд боломгүй. Хамгийн гол нь, цаашид ийм асуудал үеийн үед хөндөгдсөөр байх уу. Ахмадууд төмөр замын салбартаа гомдоллож, төмөр зам тэдний өмнө гэмтэн мэт гэлбэлзэх цаг хугацаа хэр удаан үргэлжлэх вэ гэдэг асуултыг хөндөхөөс аргагүй. Ялангуяа, зах зээлийн тогтолцоонд шилжээд он цагийг элээсэн энэ үед халамжид найдсан, хувь хүний асуудлыг хэн нэгэн дарга өмнүүр нь орж шийдээд явдаг буруу жишиг давтагдаад баймгүй. Хэдийгээр нэгэн салбарт хөдөлмөр зүтгэлээ зориулж буй нь үнэн боловч энэ бол хувь хүний өөрийнх нь сонгосон мэргэжил, хэзээ нэгэн цагт хорвоогийн жамаар гавьяаны амралтад сууж, өөрийнхөө асуудлыг өөрөө шийдэх хэмжээнд очих нь тодорхой гэдгийг хүн бүр дотроо ухамсарлаж байх нь чухал юм гэсэн бодол энэ үед төрж байсан билээ.

Цалин хөлсний системийн шинэчлэл  урт хугацааны өгөөж авчирна

Монгол Улсын хэмжээнд цар тахлын дараах эдийн засгийн хүндрэлтэй цаг үеийг туулж байна. Бүтэн хоёр жилийн турш нийтээрээ хатуу хөл хорионд орж, бараа бүтээгдэхүүний хомсдол бий болж байсан тэр цаг үе ард хоцорсон боловч яг өнөөдөр томоохон гүрнүүдийн хоорондох геополитикийн зөрчилдөөн, түүнтэй холбоотой үнийн хөөрөгдөл, инфляцийн өсөлт зэрэг нь хүмүүсийн ахуй амьдралд шууд нөлөөлж байна. Магадгүй хамгийн хүнд ачааг үүрч, хамгийн том бэрхшээлтэй нүүр тулгарч байгаа аж ахуйн нэгжүүдийн нэг нь УБТЗ байж болох. 2022 онд өмнөд хөршийн хилийн хатуу хорио цээрээс улбаатай УБТЗ-ын тээврийн хэмжээ 12 хувиар буурсан. Үргэлжлүүлээд Орос Украйны дайнтай холбоотойгоор шатахууны үнэ огцом өссөн. Валютын ханш, инфляцийн хэмжээ зэрэгцэн өссөн зэрэг нь нийт төмөр замчдын хувьд том цохилт болсон юм. Гэхдээ хэн нэгнээс шалтгаалаагүй энэхүү бэрхшээлийн өмнө төмөр замчид зүгээр ч нэг бууж өгөхийг хүссэнгүй. Замын удирдлагын хэмжээнд ихээхэн хүчин чармайлт гаргаж, Монгол Улсын Засгийн газар, Гадаад дахь төлөөлөгчийн газрууд, Монгол банк зэрэг холбогдох байгууллагуудтай нягт уялдаатай ажиллаж, уулзалтуудын үр дүнг нэгтгэн Хувь нийлүүлсэн нийгэмлэгийн бодлогыг гаргажээ. Энэ бүхний үр дүнд хамгийн бодит өгөөж авчирсан гол шийдэл гэвэл УБТЗ-д гол алдагдлыг үүрүүлдэг зорчигч тээврийн тарифыг 50, ТЭЦ-үүдэд нийлүүлдэг нүүрсний тарифыг 18 хувиар нэмэгдүүлсэн гэхчлэнгээр нийт 16 бүлэгт хамаарах ачаа тээврийн тарифийг 8-83 хувь хүртэл нэмэгдүүлсэн гэдгийг Замын удирдлагууд төмөр замчдадаа уламжиллаа. Одоо тухайн шийдвэрүүдийг Ерөнхий хороогоор баталгаажуулж, энэ жилдээ бүрэн шинэчлэн, ирэх оноос мөрдөн хэрэгжүүлэх нь үлдээд буй аж. Мөн өмнөд хойд хоёр хөрштэй олон удаагийн хэлэлцээр хийсний үр дүнд ачаа тээврийг нэмэгдүүлэх, ОХУ-ын талаас л гэхэд хоногт 12 хос галт тэргийг тогтмол хүлээн авах бодит шийдэлд хүрчээ. Нэг ёсондоо, энэ бүх шийдвэрийн үр дүнд төмөр замчид хамгийн хүнд үеэ давсан гэж ойлгож болно гэдгийг Замын  Нийгмийн асуудал эрхэлсэн орлогч дарга А.Батболд ярилаа. Цаг үеийн энэхүү арга хэмжээнүүдийн үр дүнд МТЗ-чдын ҮЭ-ийн холбоотой хэлэлцээрийн ширээнд сууж, нийт төмөр замчдын цалинг шат дараатайгаар нэмэгдүүлэх шийдвэрийг гаргаснаа ч төмөр замчдад дуулгав. 2022-2023 оны “Хамтын гэрээ”-ний нэмэлт өөрчлөлтийн хүрээнд  цалингийн системийн шинэчлэлийн хоёрдугаар үе шатыг хэрэгжүүлэхээр шийдвэрлэсэн нь цаашид бий болох ачаа тээвэр, орлогын хэмжээтэйгээ уялдуулан хэдэн ч хувиар нэмэгдүүлэх боломжийг бий болгож байгаагаараа давуу талтай гэдгийг хоёр тал санал нэгтэйгээр илэрхийлж байлаа. Энэ удаагийн “Хамтын гэрээ”-ний үр дүнд нийт ажилтнуудын шагналт цалин ижил түвшинд очиж, үндсэн цалингийн хэмжээ тус бүрдээ нэмэгдсэн нь ажилтны хөдөлмөрийн хөлс сахилгын шийтгэлд өртөх нь багасах, ипотекийн зээлд хамрагдах боломж өндөрсөх гээд олон талын ач холбогдолтой болохыг ч үзлэгийн үеэр онцолсон юм. Эдгээр шийдвэр хэрэгжиж, төмөр замчид үр өгөөжийг нь хүртэхийн хэрээр боловсон хүчний тогтвор суурьшил хангагдаж, ажилласан хугацаагаар илүү өгөөж хүртэж, тасралтгүй ажилласны болзлыг хүн бүр тэгш эдлэх боломж ч бий болох юм байна.

 

Б.Дэлгэрхишиг