Замын даргын үзлэгийн тусгай галт тэрэг 183 дугаар км дэх алсын удирдлагатай зөрлөгөөс дуут дохиогоо хангинуулан хөдөллөө. Энэ бол замын хойд хэсэглэлд ашиглалтад орсон анхны алсын удирдлагатай зөрлөг юм. Товчхондоо тус зөрлөгийн үйл ажиллагааг алсаас удирддаг бөгөөд Баруунхараа өртөөний жижүүр батлагдсан хуваарийн дагуу ирж хяналтын үзлэг, арчилгааг нь хийдэг байна. Зүүнхараа өртөөний дарга Ц.Алтанхуягийн танилцуулснаар тус зөрлөгийг анх ашиглалтад оруулах үед замын урд хэсэглэлийн алсын удирдлагатай зөрлөг болох Түшлэгт ажиллаж байсан туршлагатай жижүүрийг Тээвэр зохион байгуулалтын албаны шийдвэрээр томилон ирүүлжээ. Тэрхүү бодлогоор томилогдож ирсэн мэргэшсэн боловсон хүчин болох залуухан бүсгүй хариуцсан зөрлөгөө шалгуулаад Баруунхараа руу буцахдаа манай купейд сууж таарав. Түүний дүрэмт хувцасныхаа энгэрт зүүсэн “Зөрлөгийн жижүүр Г.Мөнгөнзам” гэх нэр нь эрхгүй анхаарал татлаа. Шүлгийн мөр шиг сэтгэгдэл төрүүлсэн нэрийнх нь талаар асуумаар санагдаад:
-Сайн байна уу? Өөрөө удам залгасан төмөр замчин уу? гэвэл
-Тиймээ, аав ээж маань хоёул төмөр замчин хэмээн товч хариуллаа.
-Тэгээд л ийм гоё нэр өгсөн байх нь хэмээвэл бүсгүй даруухан инээмсэглэв вагоны цонх руу ширтсэнээ:
-Тэр харагдаж байгаа хайрхныг “Шар шувуут” гэдэг. Би яг энд л төрсөн юм билээ хэмээн хариулав...
Аливаа зүйлийн учрал тохиол гэдэг сонин. Заримдаа бүр “Пөөх. Ийм давхцал байж болно гэж үү? хэмээн уулга алдмаар. Тиймээ, энэ удаагийн хөргийн эзэнтэйгээ би ийнхүү яг хүй цөглөсөн газарт нь танилцсан юм...
Төмөр замын 196 дугаар км-т Дарьжавын Ганбаатарынх хэмээх төмөр замчин гэр бүл голомтоо бадраажээ. Өрхийн тэргүүн Д.Ганбаатарыг зургаан настай байхад аав, ээж нь Ховд аймгийн Дуут сумаас Баруунхараад шилжиж ирсэн гэх. Д.Ганбаатар хугацаат цэргийн алба хааж ирээд УБТЗ-ын Замын нэгдүгээр ангид замчнаар ажиллаж байхдаа насны ханьтайгаа учирсан түүхтэй. Гэргий Цэвээндоржийн Долгорсүрэн нь Хөвсгөл нутгийн хоймор хязгаар Улаан-Уул сумаас Төмөр замын техникумын хуваарь өвөртлөн ирж суралцаад ажлын гараагаа дөнгөж эхлүүлж байсан үе юмсанж. Ийнхүү 23 настай шижигнэсэн залуу, 22-той шавилхан бүсгүй хоёр хувь заяагаар учирч, ажил амьдралын хос харгуйгаар хослон алхсан түүх эхэлжээ. Тэд гэр бүл болсноосоо жилийн дараа буюу 1986 онд анхны хүүгээ өлгийдөн авч, гурван жилийн дараа удаах хүү нь мэндлэв. Том хүү нь дөрвөн настай, бага нь дөнгөж ой гарантай байхад нэгэн содон хийгээд баярт үйл явдал Д.Ганбаатарын гэр бүлд тохиожээ. Тухайн үед Ц.Долгорсүрэн Номгон зөрлөгийн даргаар ажиллаж байж.
*** *** ***
Одоогоос яг 33 жилийн өмнө буюу 1990 он. н.Гомбосүрэн даргатай 271 дүгээр галт тэрэг Дархан-Улаанбаатар чиглэлд зорчиж явав. Тухайн өдөр аравдугаар сарын 14 байсан тул цагдаа нар цугларалттай, ревизорууд ажилтай үе таарч галт тэрэгний дарга нь, кассиртайгаа хоёулхнаа зорчигчдын аюулгүй байдлыг хариуцан ажиллаж байлаа. Жирэмсний амралтаасаа дөнгөж ажилдаа ороод байсан Г.Оролмаа өрөөндөө тасалбар, тооцоогоо тулгаж байтал Гомбосүрэн даргынх нь нүд орой дээрээ гарчихсан орж ирээд “Хүүе ээ, Оролмаа цаана чинь хүн төрөх гээд болохоо байлаа...” гэж там тум хэлээд гарав. Тэр даруй узелиэрээ “Эх барих туршлагатай хүн байвал яаралтай ирээрэй...” хэмээн хэд хэд зарласан ч сураг чимээ гарсангүй. Яах ч аргагүй болсон галт тэрэгний дарга кассиртаа хандан “Одоо чи л хүйг нь барина уу даа...” гэх нь тэр. Кассир Г.Оролмаа өөрөө хоёр төрсөн болохоор ч тэр үү нэг их сандарсангүй. “Одоо яая гэх вэ, Гооёо ах минь. Цагдаа нар явдаг есдүгээр купей хоосон байгаа. Тийш л оруулъя даа” гэв. Галт тэрэгний дарга цоо шинэ цагаан хэрэглэл авчирч, ёотон боодог уяаг кассирынхаа тасалбар хайчилдаг төмөр хайчных нь хамт спиртээр ариутгав. Ингээд л эх үрийг эсэн мэнд амаржуулах ажил эхэлжээ.
*** *** ***
“Юм гэж сонин шүү. Яг аялалд гарахынхаа урд орой нь би төрж байгаа хүнийг хэрхэн эх барьж авах тухай нэвтрүүлэг зурагтаар үзсэн юм. “Хүүхдийн нүдэнд гэрэл тусгавал анивчина. Чихэнд чимээ сонсговол хариу үйлдэл үзүүлнэ. Энэ нь эрүүл хүүхдийн шинж тэмдэг...” гэхчлэнгээр яг тэр нэвтрүүлэгт өгүүлсний дагуу л эх барьсан даа. Өөрийнхөө хүүхдүүд шиг тас хар үстэй толгой эхлээд цухуйна гэж бодсон. Гэтэл мөнгө шиг гялайсан цагаан толгой гараад ирсэн. Ёстой цочих, гайхах давхцаж билээ. /инээв.сув/.
Хүйг нь таслах гэтэл миний хайч даадаггүй. Зурагтаар хүний хүй хонины өлөн гэдэс шиг л юм харагдаад байсан. Гэтэл маш хатуу, бат бөх гэдгийг нь тэгж анх мэдсэн. Ямартаа ч эх үрийг эсэн мэнд амаржуулсандаа санаа амарсан. Гооёо дарга маань ч баяр хөөртэй шурхийгээд гарлаа. Удалгүй узелиэрээ “10 цаг 30 минутад манай галт тэргэнд зорчиж явсан эх Долгорсүрэн амаржиж охинтой боллоо. Кассир Оролмаа амжилттай эх барьж авлаа” гээд л зарласан даа.
Намайг өрөөнөөс гарахад бүх зорчигч коридорт эгнээд зогсчихсон, нижигнэтэл алга ташаад л, хүн бүр баяр хүргэж гар бариад л гайхамшигтай сайхан угтаж билээ. Амьдралдаа анх удаа урлагийн хүн шиг алга ташилт, баяр хөөрөөр мялаалгасан. Маш гоё юм билээ. Тухайн үед чинь цаг төрийн байдал ч амаргүй байлаа. Галт тэргэнд зорчиж явсан хүнд өвчтөн нас барна. Зам зуур галт тэргэнд дайрагдсан хүнийг ч оруулж ирнэ гээд бидэнд таагүй зүйл их тохиолддог байсан. Тиймдээ ч тэр үү тэр өдрийн гайхамшигтай мэдрэмжийг би одоо хэрнээ мартдаггүй. Долгорсүрэнг амаржиж байх үед хоёр жаахан хүүгийнхээ гараас тас атгачихсан тамбурт зогсоод байсан залуу нөхөр нь байсан юм билээ. Шууд явж ирээд л “Би хоёр хүүтэй. Та эх барьж авснаараа охинд минь нэр хайрла” гэдэг байгаа. “Тэгж болох юм уу?” гэвэл “Бололгүй яах вэ. Бид их бэлгэшээж байна” гэв. “За за. Миний хоёр хүүхдийг Мөнгөнгэрэл, Мөнгөнцацрал гэдэг. Галт тэргэнд төрсөн хүүхдүүддээ манайхан “Ганзам” гэж нэр өгөөд байдаг. Би харин “Мөнгөнзам” гэж нэрлэе” гэж билээ. Ийм л учиртай. Эгч нь насаараа кассираар ажиллаад одоо гавьяаны амралтаа эдэлж байна. Мөнгөн гэдэг үг надад их дотно санагддаг. 1996 онд өвгөн бид хоёр “Мөнгөн трейд” нэртэй компани байгуулсан гээд л бод доо.
Би Мөнгөнзамынхаа ээж, аавтай их ойр дотно харилцаатай байсан. Тэд маань намайг аялалд явж байхад дандаа хоол цай авчирч өгдөг сөн. 1993 онд би гурав дахь хүүхэд Мөнгөн-Эрдэнээ төрүүлэх гээд жирэмсний амралт авсан юм. Тэр цагаас хойш холбогдож чадаагүй. Надад “Хүйн ээж Г.Оролмаадаа охин Мөнгөнзамаас нь” гэсэн бичигтэй гоё алчуур дурсгасан. Тухайн үедээ ховор ч алчуур байлаа. Хүн бүрт л үзүүлж гайхуулдаг сан. Хожмоо тэр алчуураа олохгүй болчихоод их харамссан шүү. Ц.Долгорсүрэн маань “Миний охин хүйн ээжийгээ дуурайсан өвчин зовлон ороодоггүй гүжирмэг хүүхэд. Би төрөөд таван сарын дараа л ажилдаа орсон шүү дээ” гээд л ярьж явдаг тухай сонссон. Тэдэнтэйгээ одоо нэг уулзах юмсан. Би одоо “Барс” захын арын 64 дүгээр байранд амьдарч байгаа. Миний аав Түнх өртөөний дарга Гочоо гэж хүн байлаа. Удам судраараа төмөр замд ажиллаж, амьдарсан хүн чинь энэ тосгоноосоо холдож чаддаггүй юм байна. Өвгөн маань хүртэл Ленинградад төмөр замын сургууль төгсөж ирээд Дохиолол холбооны хоёрдугаар ангид ажиллаж байсан” хэмээн эдүгээ 70 насны сүүдрийг хэвийж яваа ахмад төмөр замчин Г.Оролмаа хуучилсан юм.
*** *** ***
196 дугаар “точка”-аас цүнх үүрсэн жаалууд Дамиран хайрхныг чиглэн гүйлдэнэ. Тэдний дунд гар гараасаа хөтлөлцсөн эвийн дөрвөн шагай шиг тэрсхэн жаалууд бол Ганбаатарын хүүхдүүд. Дөрвүүлээ үг дуу цөөтэй, элдэв хэрэг төвөгт нэр холбогдож чих халууцуулдаггүй болохоор аав ээж нь ч тэдний явдалд оролцоод байдаггүй аж. Ер нь, тэгээд төмөр замын ажил үүрэг дуусах биш. Аав ээж нь өглөө ажилдаа гараад орой л цуглана. Энэ хооронд точкын хүүхдүүд бие биедээ анхаарал халамж тавьж, аав ээжийн гар харалгүйгээр хар багаасаа бие дааж сурдаг гэх. Энэ л жишгээр 196 дугаар “точка”-ын хүүхдүүд өвөл зуны алинд ч өмнөх өндөр хайрхныг явганаар мацан сургуульдаа явцгаасаар нэг л мэдэхэд амьдралын их далайд тус тусынхаа мөрөөдлийн зүг сэлүүрджээ. Замчин Д.Ганбаатарын дөрвөн хүүхэд л гэхэд том нь уул уурхай, удаах нь хувийн сектор, дунд охин Г.Мөнгөнзам нь ХААИС-ийн архитекторын ангийг сонгож отгон охин нь цэцэрлэгийн багш болсон байна. Гэвч Г.Мөнгөнзам ээж аавынхаа мэргэжлийн талбар руу нэг л сэтгэл татагдаад болохгүй байв. Ингээд нэг өдөр ээжээсээ “Охин нь ерөөсөө төмөр замын сургуульд сураад үздэг юм уу?” гэж асуув. Ээж нь харин “Их л өндөр хариуцлагатай ажил даа. Юутай ч шалгалтаа өгөөд үзэхгүй юу” гэсэн гэдэг. Галт тэргэнд мэндэлж, ган дугуйн чимээнд бүүвэйлэгдсэн охин тэнцэлгүй ч яахав. Оюутны дөрвөн жил харвах мэт одож, бэх нь хатаж амжаагүй дипломоо өвөртлөн Дорнын шаргал говийг зорин мордсон нь өчигдөрхөн мэт...
*** *** ***
Хөргийн маань эзэн Баруунхараа хүртэл надтай аяны дөрөө харшуулахдаа “Би ТЗДС-д сурч байхдаа дадлагын ажлаа Сайншандад хийсэн. Намайг сургуулиа төгсдөг жил Сайншандад ирж ажиллах урилга өгсөн. Тэгээд л явсан даа. Түшлэг хэмээх зэлүүд зөрлөгт очиж байлаа. Эхлээд эл хуль оргиод эвгүй л дээ. Удахгүй дасчихдаг юм билээ. Манай үеэл Сайншандад суурьшсан болохоор тэднийхээс ажилдаа явдаг байв. Аав, ээждээ ээлжийн амралтаараа л ирэх зав гардаг байсан. Хоёр жилийн өмнө албаны даргын цохолтоор энд ирээд ажиллаж байна. Өсөж, төрсөн гэртээ байгаа болохоор цаанаа л сайхан. Гэхдээ манай говийнхон их элгэмсүү, найрсаг хүмүүс байдаг. Тэндээ дасчихсан болохоор хааяа санадаг л юм” хэмээн хуучилсан. Г.Мөнгөнзам Түшлэгээсээ Улхын-Овоо зөрлөгийн жижүүр, дараа нь Алтганы гол зөрлөгийн даргаар тус тус томилогдог ажилласан байна. Гэвч хувь тавилангийн эргүүлэг нь түүнийг ийнхүү 2021 оноос өсөж төрсөн нутаг Баруунхараад нь авчирчээ. Бүр хүй цөглөсөн газар “Шар шувуут”-ынхаа энгэрт ирсэн нь зүгээр ч нэг тохиол биш гэлтэй. Ээжийнхээ мэргэжлийг өвлөн, эх нутагтаа элин дүүлж яваа цэл залуухан жижүүр бүсгүйг амьдралын зам мөр, хүйн холбоотой хос харгуй нь цаашид чухам хааш чиглүүлэхийг тааж хэлэхийн аргагүй биз ээ.
Г.Мөнгөнзамын ээж Ц.Долгорсүрэн 2012 оноос “Ургамлын далай” ХХК-д ногоон байгууламжийн инженерээр ажиллаж байсан охин маань гэв гэнэт “Ээжээ, би ер нь төмөр замчин болмоор байна” гэсэн. Мэдээж ээжийнхээ мэргэжлийг өвлөе гэж байгаа хүүхдийг юу гэж хориглох вэ. “Шалгалтад нь тэнцээд шаардлагад нь нийцэж чадвал тэгэхгүй юу даа” л гэсэн. Одоо миний охин мэргэжлээрээ төрсөн нутагтаа сайхан ажиллаж байна. Бид ер нь хүүхдүүдийнхээ амьдралд хөндлөнгөөс оролцохыг хүсдэггүй. Өөрийнхөө л сонголтоор харамсах зүйлгүй амьдрах хэрэгтэй. Би л гэхэд ямар ч төсөөлөлгүйгээр сонирхол татсан мэргэжлээ сонгоод 179 дүгээр км-ээс ажлын гараагаа эхлүүлж байлаа. Энх тунх, эрүүл саруул, сайхан ажиллаж амьдарсан. Тэр үед манай Хөвсгөлд анх Төмөр замын техникумын хуваарь очсоныг хэлэх үү. Хүмүүс төмөр замыг их сайхан гэж яриад байхаар нь л сонгосон. Энэ салбарт насаараа хүчин зүтгэж үр шимийг нь хүртлээ. Би дунд нь 10-аад жил ажлаасаа завсардсан. Тэгээд 2007 онд буцаж ороод 2019 онд гавьяаны амралтаа авсан. Нөхөр маань надаас жилийн өмнө буюу 2018 онд тэтгэвэртээ суусан. Үр хүүхдүүд минь энэ л хос замыг даган хөл, хэлд орцгоосон. Дунд охин минь бүр миний үйл хэргийг үргэлжлүүлэх нь. Үүнээс илүү сайхан зүйл гэж юу байх вэ. Мөнгөнзам маань Сэлэнгэ аймгийн Баянгол сумын нутаг “Шар шувуут” гэдэг газар вагонд төрсөн. Тэр үед би вагонд төрчихнө чинээ санаагүй. Төв суурин бараадаж, эмнэлэгт үзүүлэх санаатай л явж байсан нь тэр. Тэгээд л хүй боож авсан кассир нь нэр хайрласан түүхтэй” хэмээн ярьсан билээ. Д.Ганбаатар хэмээх айл эдүгээ 196 дугаар зөрлөгтөө 40 гаруй жил аж төрж суугаа аж.
Б.Дэлгэрхишиг