Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлигаар хэдхэн хоногийн өмнө Гавьяат тээвэрчин хэмээх эрхэм хүндтэй шагнал хүртсэн Улаанбаатар татах хэсгийн сургалтын инженер Х.Сүрэнжавтай ярилцлаа.
- Танд баяр хүргэе. Ойрдоо та баярын, урмын сайхан үгэнд “бялхаж” байгаа байх аа?
- Засварынхан маань “Манай засвараас гавьяат төрлөө” гээд их баяртай байгаа. Монгол Улсын Гавьяат тээвэрчин гэдэг чинь хүршгүй өндөр цол хэргэм санагддаг байлаа. Гэтэл нэг л мэдэхэд энэ өндөр цолыг хүртчихлээ. Манайхнаас дарга нар, зүтгүүрийн бригадаас энэ цолонд хүрцгээсэн л дээ. Депогийнхон сайхан угтаж авсан. Байгууллагынхаа хашаагаар ороход л эгнээд зогсчихсон баяр хүргэсэн. Амралтын өдөр болохоор тэгнэ гэж санаа ч үгүй. Зүтгүүрийнхээ дохиог дуугаргаад угтаж авсан шүү дээ. Би чинь уг нь сэтгэл хөдлөлгүй юм шиг их сонин хүн. Зүтгүүрийн дуу, хамт олны баярь өөрхийн эрхгүй сэтгэл огшоосон шүү /инээв/. Миний хувьд зөвхөн деподоо ажил гүйцэтгэдэггүй. “МТЗ”, “Болд төмөр-Ерөө гол”, “Бодь” гээд гадны компаниудтай ч хамтран ажиллаж, зөвлөлдөж явдаг. Тиймээс эдгээр байгууллагаас бас баатар, гавьяат төрж, хамт шагналаа авах сайхан л санагдсан. УБТЗ-аас Д.Жигжиднямаа дарга, Замын албаны Ю.Нямжаргал дарга хоёр гавьяат болсон шүү дээ.
-Гэнэтийн, санаандгүй баяр сайхан шүү дээ. Шагналын тухай та урд өдөр нь сонсов уу?
-Тэгсэн, тэгсэн. Зуслан дээр ёстой шороо ухчихсан л суусан чинь Ерөнхийлөгчийн Тамгын газраас “Та маргааш ордонд ирж шагналаа гардаж аваарай” гэж утсаар хэлсэн. Р.Раш, Т.Очирхүү нарын дарга нараас авхуулаад манай алба болон депогийн үе үеийн удирдлагууд, засварчид маань баяр хүргэн ярьж байна. Ер нь, хүмүүс тасралтгүй ярьж байна даа. Өмнө нь, ийм мэдрэмж авч үзээгүй болохоор сайхан л юм. Ерөнхийлөгчөөс гардаж авах, Засгийн газрын ордноос гарч ирэхэд хүмүүс угтаж авах гээд их сайхан санагдлаа. Ю.Нямжаргал дарга бид хоёр Москвад нэг сургуульд сурцгаасан. Эхнэр нь, манай эхнэр бид дөрөв нэг дорин оюутнууд. Бие биенээ эртнээс мэдэцгээнэ. Бид “Хоёулаа нэг өдөр Гавьяат тээвэрчин боллоо, сайхан хэрэг шүү” гэж ярилцсан. Манай эхнэр ТЭЦ-4-ийн төмөр замд ажиллаж байгаад тэтгэвэртээ гарсан. Харин Ю.Нямжаргалын эхнэр Замын II ангид. Бид дөрөв насаараа төмөр замд ажиллаж байна.
-Та хоёрын сайхан зургийг манай сэтгүүлч дарсан байна лээ?
-Харин тиймээ, олон сайхан зураг даруулсан. “Ган зам” сониноос ордны гадаа ирсэн дуулдаж, биднийг зэрэг гарч уулзаарай гээд дотор хүлээлгэж байсан юм. Гараад иртэл хэд хэдэн телевизийн сэтгүүлч ирчихсэн. Удирдах газраас ч хүмүүс ирсэн байна билээ. Бид хоёртой хамт манай төмөр замаас төслийн удирдагч З.Отгонтөр гэж нэг залуу хамт одон авсан.
-Ер нь, шагнал оройтох нь бий. Эртэдсэн нь ч байдаг л даа?
-Хуучин цагт бол шагналын босго өндөр байлаа. Намайг депод ороход “Алтан гадас” одонтой хүн их цөөхөн байсан шүү дээ. Сүүлдээ л олширсон. Жилийн өмнө юуных нь ч бүү мэд нэг тодорхойлолт авч байсан санагдана. Би юуных нь энэ Гавьяат тээвэрчин гэж бодох. Ёстой хүрэхгүй том цол гэж боддог, авна гэж зүүдэлж ч явсангүй. 1986 онд анх засварчнаар ажилд орсон гэж бодохоор 35 дахь жилдээ ажиллаж байна. 1991 онд депогийнхоо анхны.... монгол инженер болж, тэр жилдээ Засвар эрхэлсэн орлогч дарга болсон. АНУ-ын “Женерал Электрик” компанийн DASH7 гэж тэрэг оруулж ирэх гэхэд судалгааны ажлаар очиж, Монголд “хөлөөр” нь оруулж ирнэ гэхэд нь Ленинградаас тосож авч байлаа. Мөн 2Загал илчит тэрэгний сүүлийн хэдэн секцийн модернизацийг нь гардаж хийсэн. ТЭМ18ДМ илчит тэргийг худалдан авахын тулд орлогч орос даргатай хамт ОХУ руу явсан удаатай. Энэ мэтчилэн олон ажилд оролцож, заримыг нь гардан хийжээ. Мөн анх зүтгүүрийн гэмтлээр гарын авлага хийсэн., Гэтэл сүүлдэээнэ маань эмхэтгэж, бүр том зааврууд орчуулдаг болсон. Өнгөрсөн долоо хоногт нэг ном хийж өгснөөр нийт 25 ном болсон байна. “МТЗ”-ын үндсэн номуудыг, бас “Болд төмөр-Ерөө гол”-ын хоёр ч номыг нь би орчуулж өглөө. Нийт номынхоо тавыг нь өөрөө бичиж, 20-ыг орос хэлээс орчуулсан. Манайд ТЭМ-2 болон 2M62-ын ном байсан. Тэгээд УМ тэрэгний ашиглалтын зааврыг Т.Даваадалай гэдэг залуутай яг барьж байгаад л боловсруулсан. Одоо энэ заавраар явж байна. Тиймээс ах нь энэ шагнал надад эртэдсэн гэж бодохгүй байна. Хийснээ бодоход нүүр улайх юм алга.
-Тиймээ, таны шагнал цагаа олж ирсэн, олон хүн баяртай байгаа бололтой. Цахимаар л дүүрэн танд баяр хүргэсэн байна билээ?
-Харин тийм байна. Би ордог ганц, хоёр группээсээ харсан. Харин ах нь өөрийн фэйсбүүктээ олон найзгүй. Хамаатан садны хэдхэн, яг өөрт хэрэгтэй, холбогдох шаардлагатай гээд нийт 20 гаруйхан хүн бий. Над шиг фэйсбүүктээ ийм цөөхөн найзтай хүн өөр байдаггүй байх.
-Ажлынхаа хажуугаар энэ их орчуулгыг яаж амжуулдаг юм бэ?
-Би ер нь, номоо шөнийн цагаар голдуу хийдэг. 03.00 цагт ажил дээрээ сууж л байна шүү дээ. Заримдаа үүрээр 05.00 цагт ч ирнэ. Ер нь, өглөө депод хамгийн түрүүнд би ирдэг. Цас орсон өглөө эхлээд миний л мөр гардаг юм. Хүмүүс зарим нь үнэмшдэггүй Хагас, бүтэн сайнд нэг гартаа компьютерээ, нөгөө гартаа том заавруудын зураг, бичиг цаас барьчихсан, зах дээр хүнс цуглуулж яваа юм шиг явдаг хүн днн, би. Хүнгүй үед суухад ажил илүү бүтэмжтэй, урагштай. Ингэж л ажлынхаа зав зайгаар орчуулгаа дуусгадаг юм.
-Зүтгүүрийн албаны орлогч даргаар та хоёр ч удаа ажилласан байх шүү?
-Тиймээ, хоёр удаа. Мөн Х.Лхагвасүрэн даргын оронд түр үүрэг гүйцэтгэгчээр ажилласан. Энэ мэт удирдах ажил хийж үзсэн. Тиймээс дарга нарын зовлонг ойлгодог. Бас засварчдынхаа зовлон, тулгамддаг асуудлыг ч мэднэ. Удирдлага, ажилтан хоёрынхоо дунд зохицуулалт хийгээд л явна шүү дээ.
- Та деподоо олон жил ажиллалаа, энэ хооронд “Сүрэнжав”-уудыг нэлээд бэлтгэсэн байх?
- “За би чамайг дааж авлаа. Би чамайг сургана, чи миний шавь шүү” гэдэггүй. Тэр битгий хэл хэр баргийн хүнийг “Энэ миний найз” гэж хэлэхгүй. Төрөхөөсөө авхуулаад нэг байранд тоглож өссөн, өнөөг хүртэл нөхөрлөж яваа хоёр л найз бий. “Даргаа, даргаа...” ч гэж гүйж явсангүй. Ямар сайндаа Х.Лхагвасүрэн дарга “Чи хүнд долигонож чадах биш” гэж шоолдог байлаа. Нам, нам ч гэсэнгүй. Аль ч намд элсээгүй.Зөвийг нь дэмжиж, бурууг нь хүлээн зөвшөөрөхгүй болохоор орхиод л явчихна. Түүн шигээ би залуусыг шавиа болгож авъя гэж боддоггүй.
-Тэгвэл та их хатуу хүн байх нь ээ?
-“Ингэж, тэгж хийгээрэй” гэж зааж, зөвлөж өгдөг. Өөрсдөө сурч авдаг л байлгүй. Мундаг залуус бол манайд олон бий. Миний хувьд болохгүй нэгийг нь зэмлэж, сайн байгааг нь чимээгүй дэмжээд явдаг. Яах вэ, зарим нь бүр сүүлд “Та намайг тэгж билээ” гэж ярьдаг юм. Хатуурхлаа гээд хүний мууг үзэхгүй л дээ. Цахиур Төмөрийг “Та хэчнээн хүн явгалсан бэ” гэхэд “Миний хөлжүүлсэн нь явгалснаасаа олон байх” гэж байдаг шүү дээ. Түүн шиг тус болсон нь олон байхаа. Гэхдээ надаас залуус эмээдэг юм шиг билээ. Учир нь, болоогүй бол шууд хэлчихдэг, шударга шүүмжилчихдэг болохоор тэр. Хатуу ширүүн хүн хүндлүүлдэг, догшин ширүүн бол дургүйг нь хүргэдэг гэдэг дээ. Би догшин руу нь орчихгүй юмсан гэж боддог. Харин хатуугийн хувьд хатуу юм шиг билээ.
- Хэдэн жилийн өмнө, бид хоёр таны аялах хоббины тухай ярилцаж, тэр ярилцлага маань “ГЗ” сонинд нийтлэгдсэний дараа уншигчид сайхан ярилцлага болжээ гэж надад баяр хүргэж байсан?
- Тийм, тийм санаж байна. Ер нь, аялах дуртай. Хамгийн сүүлд гэхэд 2019 онд Английг Шотланд, Уэльс, Умард Ирланд, Ирландтай нь үзлээ. Хөгжим сонирхдог болохоор Ливерпүүл хотоор орж Битлзийн хөшөө, музейг нь үзсэн. Тэгээд л энэ цар тахал гэгч нь хөл хорьчихлоо. Нийт 40 гаруй улсаар аялсан байна. Одоо болно доо, юмны тоо гүйцээж, бүх улсыг барах гэж байгаа биш /инээв/. Би чинь ээлжийн амралтын мөнгөө авч, дээрээс нь хэдэн төгрөг нэмээд л зочид буудлын хөлс, онгоцны тасалбар болгодог хүн шүү дээ.
-Таны пянзны цуглуулга одоо бүр арвин болсон уу?
-Өө, их их. Шог зураач С.Цогтбаяр, зохиолч Д.Төрмөнх нартай хамтран пянз цуглуулах цахим групп үүсгэсэн. Хүмүүсийг пянзанд сонирхолтой болгох гэж хэдэн жил явж байна. Одоо юм бичихээ больсон. Пянзны арвин цуглуулгатай боллоо. Олон ч хүнийг пянзанд дурлууллаа. Манай улсад пянз тоглуулагч, пянз зардаг дэлгүүрүүд ч цөөнгүй нээгдсэн. Монголын уран бүтээлчдээс гэхэд “Хурд” хамтлагаас авхуулаад пянз гаргаж байна.
-Таны энэ сонирхол, хобби хэзээнээс эхлэлтэй вэ?
-Их эртнээс шүү. Оюутан болж Москвад очоод бүр ч их сонирхох болсон. 1981 онд очоод эхнэртэйгээ танилцсан. Залуучууд салхинд орой гардаг байтал бид хоёр өглөө эрт гараад явчихна. Цэцэрлэгт хүрээлэнгээр зугаална, хөгжмийн дэлгүүрээр ч их орно. Гэхдээ пянзны дэлгүүрүүд нь гадаадын пянз зардаггүй. Ганц, нэг нь л хулгайгаар гадны пянз зарна. Сонирхолтой юм болохоор хөөцөлдөж, сураглаж явсаар тэр хүмүүсийг нь олоод уулзчихна. Оюутны стипент маань пянз л болно. Одоо бодоход хоол ундаа хэрхэн зохицуулж, яаж ч амьдарч байсан юм бүү мэд /инээв/. 60 рублийн цалин авдаг хэр нь тавиар нь “SMOKI” хамтлагийн пянз авч байсан гээд л бод.
-Өмнөх ярилцлагаа хийхдээ би таны дотор “Их сонирхолтой ертөнц”-тэй хүн юм даа гэж бодож байж билээ. Та 1981 онд Москва явчихаад бүр 1990 онд төгссөн байдаг. Ийм олон жил сурсан юм уу?
-Би 1986 онд төгсөх байсан юм. Диплом энэ тэр бүгд болчихсон. Гэтэл манайхаас тэнд сурч байсан нэг оюутан шинэ жилээр Оросуудтай муудалцаж, зугатаад орж ирлээ. Оросууд хөөгөөд ирэхээр нь нөгөөхөө өмөөрч, нэгэнтэй нь барилцаад авахгүй юу. Тэгээд намайг цохихоор нь зөрүүлэн цохиж, зодолдсоноос болж сургуулиас хөөгдсөн. Шуурхай энэ тэр ч хийгээгүй, “Чи яв” гэхээр нь “За тэгье” гээд л явчихсан, залуу омголон ч байж. Их хэнэггүй нөхөр байсан шүү. Хөөрхий, аав ээж минь сургуулийн төлбөр төлөөд 1989 онд буцаагаад явуулсан. Хамаатнууд ч нэмэрлэсэн. Буцаад очтол хичээлийн хтөлбөр өөрчлөгдсөн тул дахин жил хагас сурч төгссөн. Сургуулиа орхиж ирсэн хугацаандаа дуу хөгжим сонирхдог болохоор англи хэл бие дааж сурсан. Ер нь, би өөрт хэрэгтэй, сонирхолтой хичээлдээ бол онц гардаг. Хэрэггүй, дургүй хичээлээ хийдэг ч үгүй, муу л гарна. Тийм л оюутан байлаа.
-Та Сургалтын инженерээр хэд дэх жилдээ ажиллаж байна вэ?
-2013 оноос хойш ажиллаж байна. МТЗ-чдын ҮЭ-ийн холбооны дарга Б.Баяраа бид хоёр хамт байсан шүү дээ. Тэгээд Б.Баяраа энэ ажилдаа дэвшиж, надтай амида А.Сүрэнжав ажилладаг болсон.
-Бүх л төрлөөр нь хичээл заана биз?
-Тиймээ, 20 гаруй сэдвээр сургалт хийдэг. Дизелийнхэнд бид явах анги заахгүй шүү дээ. Дизель, цахилгаан, механик цех, зүтгүүрийн бригадынх... гэхчилэн бүгд өөр хичээл орно. Сургалтадаа ахмад засварчид, инженер техникийн ажилчдыг түлхүү оруулна. Би “Хүн өөрөө л хичээж сурна гэхээс бүгдийг яг заалгана гэж байдаггүй юм шүү. Харин мэдэхгүй зүйлээ сайн асууж бай” гэж хэлдэг. Зарим нь мэдэхгүй хэр нь мэддэг царайлна. Өөрт нь муу шүү дээ. Мэддэггүй юм чинь нэг л мэдэхэд асуудалд хүргэнэ. Уг нь, нэрэлхэлгүй асуугаад мэдчихвэл насаараа санаа зоволтгүй. Харин мэддэг царайлаад насаараа явж чадахгүй, нэг л баригдана. Гэхдээ манай засварчид бол тэгэх боломжгүй. Олуулаа хийдэг, яах ч аргагүй заримыг нь өөрөө гардахаас аргагүй болно. Тиймээс мэдэхгүй зүйлээ заавал асууж мэдэх шаардлага гардаг юм.
-Зүтгүүрийн бүх чиглэлээр нь сургалт хийхийн тулд нэлээд мэдлэгтэй байх хэрэг гарна шүү дээ?
-Тэгэрлгүй яах вэ, би өөрөө бүх талаар нь ажиллаад үзчихсэн болохоор тэр. Засварчнаар ажиллахдаа, албаны Ашиглалт эрхэлсэн орлогч байхдаа ашиглалтын ажлыг нэлээд сурсан. Мөн ерөнхий инженер байсан болохоор сантехник, механик цех рүү орно. Хүнээр хийлгэхгүй, өөрөө л уншиж, судалж, хийж үзэх гэдэг болохоор сурчихдаг юм. Олон жил ажиллахаар универсаль болчихдог юм байна. Ер нь, залуус аль алиныг нь мэддэг байхад илүүдэхгүй. Илчит тэрэгнүүд улам л шинэчлэгдээд байгаа учир мэдэх шаардлагатай зүйл нэмэгдэж байна. Компьютер, хэл мэдэхгүй бол сурахад хэцүү болсон. Шинэ илчит тэрэг ирэхийн өмнө заавар нь ирдэг. 300-400 хуудастай зааврыг орчуулна, тэгээд хянаж уншина, тэрэг ирэхэд тулгаж уншина, тэгсээр толгойд орчихдог юм.
-Танай депод танаас өөр илчит тэрэгний заавар орчуулдаг залуус байгаа юу?
-Б.Тулгуурбаяр гэж нэг залуу ашиглалтынхаа ганц нэг юмыг орчуулдаг байсан. Мөн Т.Даваадалай гэж залуу надтай хамт байхдаа гарын авлагууд орчуулсан. Намайг 1989 онд Москвад очиход сурч байсан Б.Энхмөнх гэдэг эмэгтэй инженер бий. Хэл сайтай, сүрхий орчуулчихна. Гэхдээ ном болгож гаргахгүй, хэсэглэж орчуулаад байна. Бусад нь орчуулдаг ч хянахгүй, хааяа барьж аваад, шүүмжлэхээр нь хаячихдаг. Нямдаваа гэж залуу их сайн орчуулдаг байсан ч манайхаас гарчихлаа. Ер нь, гайгүй орчуулдаг залуус нь явчихсан. Монгол-Оросын хувь нийлүүлсэн байгууллагад ажиллаж байгаа хүн орос хэлтэй байх шаардлагатай. Дандаа хүний орчуулсан зүйлийг үзнэ гэж байхгүй шүү дээ. Магадгүй би орчуулаад, цааш суралцахад нь “шаврын хаалт” болдог байх.
- Цар тахал сургалтын орчин, арга барилыг эрс өөрчилчихлөө. Цаг үеэ дагах шаардлага нас харгалзахгүй тулгарч байна гэж би хардаг юм?
-Тэгсэн шүү, компьютерийг мэдэх ч ZOOM энэ тэрийг бол саяхнаас сурлаа. Цахим хичээл, видео бичлэг бэлтгэх гээд үргэлж суралцаж байна. Видео хичээлийг хөрвүүлээд, дуу оруулж хүртэл тавьдаг. Цаг үетэйгээ хөл нийлүүлэхгүй бол хоцорно. Харин сурч байгаа зарим хүнд сул тал их байна. Онлайн хичээлийг гар утаснаасаа орон дээр хэвтчихээд үзэж харагддаг. Би компьютерээс сайн харахгүй байгаа зарим схемийн зураглалыг утаснаас харж чадахгүй шүү дээ. Гэхдээ хадгалж аваад том дэлгэцээр дараа нь үзэх байх л гэж найддаг юм. Зарим нь камераа хаачихаад чимээгүй болно. Хэдийгээр би шалгалт авдаг ч жинхэнэ шалгалтыг хоорондын замд илчит тэрэг нь л авна. Намайг хуураад ямар ч хэрэггүй. Би бүгдийг нь асууж, сурсан эсэхийг нь мэдэж чадахгүй.
-Та сэтгэл ханамжийг юунаас илүү авдаг вэ?
- Хар мэдээ үзэх дургүй. Дуртай дуу хөгжмөө сонсож, сонирхдог сувгаа, эсвэл гоё кино үзээд л суух сайхан. Аялмаар санагдвал аялчихна. Ялих шалихгүй зүйлээр маргалдахгүй, гэр бүлдээ тайван байх сайхан шүү дээ. Хүмүүстэй баар, паб хэсэж шуугилдах тийм ч таатай биш. Уумаар санагдвал ганцаараа ч уучихаж чадна. Би ер нь гангарах, гял цал юманд ч дургүй. Үнэтэй хувцас өмсдөггүй. Ажлынх ч юм шиг, энгийн л нэг “парвайсан” хувцас өмсчихнө. Хувцас хунарт хүртэл ач холбогдол өгөөд байвал сэтгэлийн амар амгалангүй болно шүү дээ. Хүн ер нь хэт их юманд шунах дэмий.
-Таны үеийнхнээс сурах зүйл залуучуудад их бий. Харин та нар ялангуяа манай төмөр замынхан өмнөх үеэ их дурсах дуртай ...
- Яг үнэндээ, миний өдий зэрэгтэй яваа нь чанга “гарууд”-тай ажиллаж, удирдлага дор нь явж хатуужсаных гэж боддог юм. Р.Раш даргад бичиг өгөхөд гарын үсэг зураагүй л буцаачихсан байна. Яагаад буцааснаа хэлэхгүй. Харж байгаад “Аан, хоёр удаа ...сугай гэсэн болохоор тэгсэн байх”, “Хуулийн үндэслэлийг нь буруу бичсэн юм болов уу” гээд л засаад бичиж өгнө. Ц.Сандууз гуай гэхэд бас л айхтар хүн. Манай Х.Лхагвасүрэн дарга байна. Мундаг хүн шүү дээ. Ю.Идэрчулуун дарга аж ахуй талдаа их сайн, амьдралын ухаантай хүн. “Ах нь, наадах засварыг чинь мэдэхгүй, чи л учрыг нь ол” гэнэ. Гэвч үнэн хэрэгтээ хэнийг яаж ажил хийлгэхээ мэдээд байдаг. Энэ хүмүүсээс их ч зүйл сурсан даа. манай залуус хүнтэй мэндэлж, талархлаа илэрхийлж, уучлалт гуйж сурах хэрэгтэй харагддаг. Яах гэж байгаа нь мэдэгдэхгүй л явах юм. Танихгүй хүнтэй харц тулгарсан ч толгой дохиод өнгөрөх хэрэгтэй. Бусдаар ажил мэргэжлийн зүйлээ өөрөө хичээгээд сурах нь чухал шүү дээ.
-Цаг зав гарган ярилцсанд баярлалаа. Танд ажлын өндөр амжилт хүсье!
ЯРИЛЦСАН М.НАРАНБОЛД