Дэлхий нийтээр жил бүрийн нэгдүгээр сарыг “Умайн хүзүүний хорт хавдраас урьдчилан сэргийлэх сар” болгон мэдээлэл сурталчилгааны кампанит ажлыг улс орон бүр хийдэг. Энэ жил дэлхийн улс орнууд “Умайн хүзүүний хорт хавдрыг зогсоож чадна. Үүний тулд умайн хүзүүний хорт хавдрын талаар зөв мэдээлэлтэй байя. Эрт илрүүлэгт хамрагдъя. Хүний папиллома вирусийн эсрэг дархлаажуулалтад хамрагдъя!” гэсэн уриан дор нэгдэж байна.

УБТЗ ХНН-ийн Залуу ажилтны хөгжлийг дэмжих бодлогын баримт бичигт тэдний эрүүл мэндийн боловсролыг дээшлүүлэх зорилт багтсан байдаг. Энэ хүрээнд   Залуучуудын төв байгууллагаас “Хавдрын эсрэг хамтдаа” төслийг хэрэгжүүлж байгаа юм. Уг төслийн хүрээнд энэ сарын 11-нд Умайн хүзүүний хорт хавдраас урьдчилан сэргийлэх сургалт зөвлөгөөнийг “Ган зам палас”-т зохион байгууллаа. Уг зөвлөгөөнд төвийн хэсгийн салбар нэгжүүдийн эмэгтэй ажилтнуудын төлөөлөл хамрагдаж, шугам замын төмөр замчид цахимаар оролцлоо. Зөвлөгөөнийг Залуучуудын төв байгууллагын тэргүүн Ц.Золбаатар нээж, төслийг санаачлагч дэд тэргүүн Б.Азжаргал “Замын хэмжээнд “Хорт хавдрын эсрэг хамтдаа” төслийг хэрхэн хэрэгжүүлэх талаар танилцууллаа. Энэ төслийн хүрээнд эмэгтэйчүүдийн умайн хүзүүний хорт хавдрын эрт илрүүлгийг “Эй Ай Меди Монголиа” ХХК, “SM” мэс заслын төрөлжсөн мэргэшлийн эмнэлэгтэй хамтран зохион байгуулна. Уг төслийг хоёр жилийн хугацаанд хэрэгжүүлж, төмөр замын 6000 гаруй эмэгтэй ажилтныг дээрх шинжилгээнд үнэ төлбөргүй бүрэн хамруулахыг зорьж байна” хэмээлээ.

Зөвлөгөөнд “Эй Ай Меди Монголиа” компанийн захирал Д.Тодням “CerviCare AI хиймэл оюун ухаанд суурилсан умайн хүзүүний хавдрын оношилгооны систем”, Эй Ай Меди Монголиа” компанийн эмч төлөөлөгч, эх барих эмэгтэйчүүдийн эмч Б.Атарцэцэг, “SM” мэс заслын төрөлжсөн мэргэшлийн эмнэлгийн эмэгтэйчүүдийн мэс заслын эмч М.Оюундарь “CerviCare AI системийг нэвтрүүлсэн туршлага, эрт илрүүлгийн үр дүн” гэсэн сэдвээр тус тус илтгэл тавилаа.

Мөн, УБТЗ-ын Төв эмнэлгийн их эмч Г.Хишигдэлгэр “БЗХӨ-ний оношилгоонд хиймэл оюун ухаанд тулгуурласан технологийг ашигласан байдал” сэдвээр илтгэл тавив.

Сургалт зөвлөгөөний дараагийн хэсэгт хэлэлцүүлэг өрнүүлж, модератороор Залуучуудын төв байгууллагын дэд тэргүүн Г.Дашням, панелистаар Төв эмнэлгийн Поликлиник хариуцсан орлогч дарга Ч.Хэрлэнчимэг, “Эй Ай Меди Монголиа” компанийн захирал Д.Тодням, тус компанийн эмч төлөөлөгч, эх барих эмэгтэйчүүдийн эмч Б.Атарцэцэг, “SM” мэс заслын төрөлжсөн мэргэшлийн эмнэлгийн эмэгтэйчүүдийн мэс заслын эмч М.Оюундарь нар оролцлоо.    

“Эй Ай Меди Монголиа” компани БНСУ-д 27 жилийн туршид хөгжүүлэлт нь хийгдэж, тус улсын эрүүл мэндийн салбарт 2022 оноос нэвтэрсэн “CerviCare AI” хиймэл оюун ухаанд суурилсан технологийг өнгөрсөн онд Монгол Улсад нэвтрүүлсэн юм байна. Уг оношилгооны систем нь хүний биед хүрэхгүй, таагүй мэдрэмж төрүүлэхгүй, зайнаас 98 хувийн магадлалтай оношилж, 4-5 секундэд хариуг гаргадгаараа уламжлалт эсийн болон эдийн шинжилгээнээс давуу талтай юм байна.

УБТЗ ХНН-ийн хэмжээнд хоёр жилийн хугацаанд хэрэгжих уг төслийн явцад 6000 гаруй төмөр замчин эмэгтэйчүүдийг уг оношилгоонд үнэ төлбөргүй бүрэн хамруулахыг зорьж байна аж. Шугам замын өртөө зөрлөгүүдэд болон томоохон байгууллагуудад эмч мэргэжилтнүүд нь очиж оношилгоо хийх аж. Түүнчлэн, “SM” мэс заслын төрөлжсөн мэргэшлийн эмнэлэгт төмөр замчин бүсгүйчүүд ажлын үнэмлэхтэйгээ очин үнэ төлбөргүй оношлуулах боломжтой юм байна.  

Монгол Улсын хэмжээнд умайн хүзүүний хорт хавдрын өвчлөл элэг, ходоодны хорт хавдрын дараа гуравдугаарт ордог. Тиймээс төмөр замчин бүсгүйчүүдийг энэхүү агшин зуурт өндөр нарийвчлалтай хийгддэг оношилгоонд үнэ төлбөргүй хамрагдаж, эрүүл мэнддээ хөрөнгө оруулалт хийхийг уриаллаа. Умайн хүзүүний хорт хавдрын шинжилгээ, оношилгоог хувийн эмнэлгүүдэд 120-180 мянган төгрөгийн төлбөртэйгээр хийгдэг аж.

“Хавдрын эсрэг хамтдаа” төслийн нээлтийн өдөр (нэгдүгээр сарын 11-нд) ЭХУХ-ийн I ангид эмч мэргэжилтнүүдийн баг очиж, урологийн эмчийн үзлэгт 35 эрэгтэй, хэвлийн болон түрүү булчирхайн эхо оношилгоог 61, судасны эхо оношилгоог 60 хүнд,   “CerviCare AI системээр умайн хүзүүний хорт хавдрын эрт илрүүлгийг 36 эмэгтэй ажилтанд хийжээ. Тус байгууллага дээр давхардсан тоогоор нийт 192 хүнд үзлэг, оношилгоо хийсэн байна. Цаашид “Хавдрын эсрэг хамтдаа” төслийн багийнхан томоохон аж ахуйн нэгж дээр очиж ажиллахаас гадна шугам замын алслагдсан өртөө, зөрлөгт ч очиж ажиллах юм. Одоогийн байдлаар, нэгдүгээр сарын 29-нөөс урд замд ажиллах тов гарсан байна.

 

Б.Гүнжинлхам