Боловсролын реформыг эрчимжүүлэх, хөрөнгийн менежментийг сайжруулахад их дээд сургуулиудын топ менежерүүдийн хөрөнгийн менежмент-ёс зүйн зарчим хандлагын талаар санал солилцож, харилцан санал солилцоход чиглэсэн тус уулзалт зөвлөгөөнийг Их, дээд сургуулиудын хөрөнгийн менежментийн төв, ТЗДС-тай хамтран зохион байгуулж буй юм.
Уулзалтыг нээж, Хөрөнгийн менежментийн төвийн захирал Б.Баатарзориг орчин цагт аливаа байгууллагын хөгжлийг тодорхойлохын тулд нэн тэргүүнд хувь хүний ёс зүй, хандлагыг хөгжүүлэх нь чухал гэдгийг онцлоод, “Тухайн байгууллагад ажиллаж байгаа хүмүүс өндөр ёс зүйтэй, зөв хандлагатай болохын хэрээр менежментийн тогтолцоо нь сайжирч, өмч хөрөнгийнх нь үнэ цэн өсөж, бүрэн бүтэн байдал хангагдах үндэс суурь болдог. Энэ ч агуулгаараа Хөрөнгийн менежментийн төв байгуулагдаж, боловсролын салбарууд, тэр дундаас салбар бүрийн боловсон хүчнийг бэлтгэн гаргадаг их дээд сургуулиудтай илүү нягт уялдаатай ажиллаж байна. Тухайлбал, ТЗДС-ийн багш ажилтнууд зөвхөн УБТЗ ХНН гэх нэг л байгууллагын боловсон хүчнийг бэлтгэдэг байсан бол одоо Монгол Улсын төмөр замын салбарын боловсон хүчнийг бэлтгэдэг өргөн цар хүрээтэй сургууль боллоо. Тийм ч учраас бид энэ удаагийн уулзалтаа тус сургуулийг түшиглэн зохион байгуулж байгаа юм” гэв.
Тус уулзалт, зөвлөгөөнд МУИС, ШУТИС, АШУИС, МУБИС, ХААИС, СУИС, ТЗДС, Монгол Улсын Консерватори, ХААИС-ийн Дархан-Уул аймаг дахь салбар, Монгол Германы хамтарсан Ашигт малтмал, технологийн их сургуулийн захирал, дэд захирлуудаас гадна Авлигатай тэмцэх газрын төлөөлөгчид оролцож байна.
Энэ үеэр ТЗСД-ийн захирал илтгэл тавьсан юм.
У.Мягмарсүрэн: ТЗДС-ийн онцлогийг боловсролын салбарын хэмжээнд ойлгох нь чухал
Тэрээр ТЗДС нь өнгөрсөн хугацаанд зөвхөн УБТЗ ХНН-ийн захиалгаар төмөр замын мэргэжилтнүүдийг бэлтгэж ирсэн бөгөөд сүүлийн жилүүдэд Монгол Улсын хэмжээнд шинэ төмөр замын бүтээн байгуулалтууд эрчимтэй өрнөж буйтай холбогдуулан сургалтын үйл ажиллагаагаа илүү өргөн хүрээнд зохион байгуулах шаардлага тулгарсныг дурьдлаа. Цаг үеийн энэхүү хувьсан өөрчлөлтэй холбоотойгоор зарим хүндрэлтэй асуудал ч тулгарч эхэлсэн. Тухайлбал, салбарын хэмжээний мэргэжилтэн бэлтгэх агуулгын хүрээнд Боловсролын яамны “Магадлан итгэмжлэл”-д хамрагдах үеэр ТЗДС-ийг бусад их дээд сургуулиудтай шууд харьцуулж үнэлгээ хийсэн нь бодит байдалтай төдийлөн нийцээгүй, сургалтын үйл ажиллагаатай холбоотой зарим бэрхшээл учирсан зэргийг дурдаад, “ТЗДС нь Боловсролын салбарын жишиг тогтолцооноос илүүтэйгээр УБТЗ ХНН-ийн харьяаны аж ахуйн нэгжийн хэлбэрээр явдаг. Сургуулийн ТУЗ нь Замын удирдлагаас бүрддэг. Тиймээс манай сургуулийн онцлогийг Боловсролын яамны хэмжээнд болоод шийдвэр гаргах түвшинд уламжилж өгөхийг хүсэж байна. Төмөр замын тээврийн салбар гэдэг хүний амь нас, олон тэрбумаар хэмжигдэхүйц хөрөнгөтэй шууд хамааралтай учраас түүнд ажиллах боловсон хүчнийг бэлтгэх нь өөрийн гэсэн онцлогтой байдаг. Тиймээс энэхүү онцлогийг маань хаана хаанаа ойлгож, боломжит хэмжээнд уян хатан байх хэрэгцээ ч байна. Монгол Улсын боловсролын салбарын хэмжээнд барьдаг жишиг стандартыг яв цав мөрдүүлэх гэхээр хоёр улсын хамтарсан нийгэмлэгийн дүрэм журамтай холбоотой асуудлууд ч хөндөгддөг” хэмээлээ.
Түүнчлэн, ТЗДС нь орчин цагийн сургалтын стандартыг үйл ажиллагаандаа нэвтрүүлэх, гадаадын өндөр хөгжилтэй орнуудын төмөр замын сургуулиудтай хамран ажиллах, багш, оюутан солилцох чиглэлд олон санаачилгыг дэвшүүлэн ажиллаж байгааг дурдсан юм.