УБТЗ-ын Статистик бүртгэлийн төвийн дарга, Монгол Улсын Гавьяат эдийн засагч, Техникийн ухааны доктор Даваанямын Тамиртай ярилцлаа

 

-Хамгийн эхэнд,  танд Монгол Улсын Гавьяат эдийн засагч гэх хүндтэй шагнал хүртсэнд баяр хүргэе?

-Баярлалаа. Би бол математикч буюу тооцоолон бодох математикчаар мэргэшин төгссөн анхны программистуудын нэг. Манай үеийнхэн бол улсдаа мэдээлэл технологийн анхдагчид болох хувь зохиолтой  тийм л түүхэн үед төрсөн азтай хүмүүс юм. Тэр хувь тохиол намайг ийм хүндтэй шагнал хүртэхэд нөлөөлсөн болов уу.

-Таны тодорхойлсон энэ түүхэн эрин үеэс яриагаа эхэлье?

-МУИС-ийн математикийн ангийг төгссөн цоо шинэхэн математикч УБТЗ-ын Удирдах газрын хаалгаар 32 жилийн өмнө анх алхан орж ирсэн маань өчигдөрхөн  юм шиг санагдаж байна.

Тухайн үе бол тээвэрлэлтийн  процессын  бүх гар ажиллагааг компьютер руу шилжүүлэх шилжилтийн эхэн үе л дээ. Сонирхолтой нь, төмөр зам, математик хоёрын огтлолцол нь тээврийн статистик байсан юм. Намайг анх ажилд ороход манай алба Бүртгэлийн машинт станц гэж байлаа.  Өөрөөр хэлбэл, УБТЗ-д мэдээлэл технологийн үндэс суурь 1980 оноос тавигдсан гэсэн үг.  Орос мэргэжилтнүүдийн тусламжтайгаар шивэлтийн том машинуудыг суурилуулан ашиглаж эхлээд байсан юм.

Харин 1990 оноос тээврийн удирдлагын дэд системүүдийг нэвтрүүлэх ажлын хүрээнд автоматжуулсан ажлын байруудыг бий болгох,  гар ажиллагааг микропроцессор бүхий компьютерт шилжүүлэх шилжилтийн үе эхэлсэн. Тэр ажлыг гардан гүйцэтгэсэн  анхны инженерүүд бол манай үеийнхэн л дээ. Миний хувьд ажилд ороод Зөвлөлтийн мэргэжилтэн технологич инженер Козенцевын хийсэн  техникийн даалгаврын дагуу Техникийн Конторын ажлын автоматжуулсан байрны программ бичих үүрэг аваад ажилдаа орж байлаа. Гар ажиллагааг халах, цахимд шилжүүлэх ажил ингэж эхэлсэн шүү дээ.

-Сургуулиа төгсөөд төмөр зам руу хуваарилагдав уу эсвэл өөрийн сонирхлоор энэ байгууллагыг сонгосон уу?

-Бид чинь МУИС-ийг тооцоолон бодох математикчид буюу анхны программистаар төгсөж байсан учраас их эрэлттэй. Тэгээд ч хэн танилтай нь  ажилд  ордог үе биш. Хэн сайн дүнтэй нь, хэн чаддаг нь хүссэн ажилдаа орж байсан. Онц төгсөгчид хамгийн эхэнд ажлын байруудаас сонголтоо хийнэ. Миний хувьд УБТЗ-ын Удирдах газар, Гаалийн Ерөнхий газар хоёроос сонголт хийх болоход аав минь “Төмөр зам хангамж сайтай, сайхан байгууллага гэнэ. Миний охин төмөр замд нь ор” гэж зөвлөсөн.

Ер нь, манай төгсөлтийнхөн маш эрэлттэй байсан. Миний хань З.Ганзориг Монголын Удирдлагын автоматжуулалтын төвд ажилд орсон. Бид хоёр нэг сургуулийн хоёр шүү дээ. Манай хүн хэрэглээний математикчаар төгссөн, системийн программист. Бид түүхэн хувьтай хүмүүс гэдгийн учир энэ.

-Одоо хүмүүсийн амьдралыг компьютергүй төсөөлөх аргагүй. Гэтэл тэр үед зарим хүн компьютер гэгчийг хараа ч үгүй л байсан байх?

-Тийм шүү. Одоогийн залуус бүх зүйл яг ийм байсан юм шиг бодож байгаа. Аргагүй. Хөгжил маш хурдацтай явж байна. Миний үеийн, надтай хамт ажиллаж байсан инженерүүд түүхэн шилжилтийн үеийнхэн гэдгээрээ гоё. Бид “Компьютер гэдэг бол дэлгэц, процессор, гар, хулганаас бүрдэнэ. Үүнийг ингэж асаана, ингэж унтраана” гээд анхан шатны танин мэдүүлэх хичээл зааж байлаа шүү дээ. Түүний дараа энэ компьютерийн үр шимээр гараар хийдэг олон ажилбарыг оюуны хүчээр программчлаад түүний үр дүнг ганц товч дараад хүртэж болно гэдгийг ойлгуулахаас ажил эхэлсэн.

Намайг ажилд ороход Бүртгэлийн машинт станцийн дарга эт  И.Жүгдэрнамжил гуай. Тэрбээр,Үндэсний статистикийн хорооноос УБТЗ-д бодлогоор томилогдсон Монголын шилдэг статистикчдийн нэг мундаг хүн л дээ.

Миний хувьд УБТЗ-д 30 гаруй томоохон  программ хангамжийг зохиосон. Томоос  нь дурдвал,  хамгийн анхны “Билет худалдаалалтын систем” программ юм. Уг программын анхны патент нь надад бий. Уг программ хангамжаа бүх касстай өртөөдөд суурилуулж нэвтрүүлэн мэдээлэл технологи гэгчийн ид хавыг төмөр замчдадаа мэдрүүлж явлаа шүү дээ, Дараа нь бүх тээш, ачаа тээшийн системийн анхны хувилбарыг  бас хийсэн. Түүх юм даа.Мөн хамгийн анхны материалын тооцооны программыг бичиж, Амгалан дахь НХА агуулахад суурилуулж байлаа.Тэр программ дээр Гавьяат эдийн засагч Энхтуяа, мөн НХА агуулахын ерөнхий ня-бо Батсэрээдэн, ня-бо Онон, Мөнхтуяа, Одсүрэн гээд гоё эгч нар олон жил ажилласан. Тэд программын маань ид хавыг үзүүлж,тэр том агуулахын эцсийн үлдэгдлийг яралзтал гаргаж данстайгаа уян бусдыгаа манлайлдаг байлаа. Ер нь,программ бичнэ гэдэг нэг хэрэг. Программ маань амилж, олон жил хүмүүсийн хөдөлмөрийг хөнгөвчилж ашиглагдсаар байна гэдэг л ажлын жинхэнэ үр дүн.

Гараар бичиж байсан галт тэрэгний тасалбарыг компьютероор бичээд, тооцоог нь ганц товч дараад гаргаад ирэх автоматжуулалтыг ганц Тамир гэдэг хүн хийсэн юм биш. Тухайн үед миний оронд өөр хэн ч ирсэн хийх л байсан. Цаг үе нь тийм байсан.  Тэр хувь заяа надад оногдсон хэрэг л дээ.

-Тухайн үед галт тэрэгний тасалбарыг компьютероор шивж эхлэх нь цоо шинэ үзэгдэл байсан байх, тийм үү?

-Энэ асуулт маш гоё дурсамжийг сэдрээлээ. Техникийн өргөтгөсөн зөвлөлийн хурлаар тасалбар бичдэг программаа оруулах гээд л бид хэд чинь компьютер, том процессор, принтерээ тэврээд л явж байлаа шүү дээ. Санхүү нягтлан бодох бүртгэлийн албанаас Г.Чулуунбат эгч, Зорчигч тээврийн төв буудлаас  Д.Нарантуяа дарга, манайхаас ерөнхий инженер Б.Нацагдорж гээд ажлын хэсгийнхэн маань... Тухайн үеийн Замын Ерөнхий инженер Ж.Нямаа даргад ажлаа танилцуулж, Замын хэмжээнд нэвтрүүлэх зөвшөөрөл авъя.Бид  100 хувь автоматжууллаа гэтэл... “За, чи компьютероо асаачих” гээд өөрөө цаас аваад л нэгд, тэндээс тэр хүртэл тасалбар бич, хоёрт, тэндээс тэр хүртэл гэх маягаар 4-5 тасалбар бичүүлээд “Тэнд тавьчих” гэх зуураа өөрөө тооны машин дээр тарифаа харж байгаад тасалбаруудын тооцоог гараараа хийж байна. Хамгийн сүүлд өөрийнхөө бодсоныг компьютерт  гаргасан тайлантай тулгаж үзээд “За, болжээ. Үнэхээр сайхан ажил хийсэн байна шүү” гэж товч бөгөөд тодорхой дүгнэсэн. Тэр гайхалтай хүнээс ийм үнэлэлттэй, Замын хэмжээнд нэвтрүүлэх зөвшөөрлөө аваад гарч ирэхдээ бид магнай хагартал баярласан. Уг программыг хамгийн анх Улаанбаатар вокзалд нэвтрүүлсэн.

-Тэр шилжилтийг эгэл жирийн төмөр замчид хэрхэн хүлээж авч байсан бол...?

-Хүмүүс янз бүрээр л хүлээж авсан байх. Зарим хүний хувьд шинэ зүйлийг хүлээж авахад амаргүй, болгоомжлол, түгшүүртэй байсан байх.Яагаад гэвэл би энэ компьютер дээр ажиллаж чадахгүй бол намайг ажлаас халах болов уу гэх мэтээр хандах хүн байсан. Бид программаа нэвтрүүлэхийн тулд хүмүүсээ сургаж эхэлсэн. Өдөр шөнө, өглөө үдэшгүй л хүүхнүүдтэйгээ ажилласан даа. Хүмүүс компьютер дээр ажиллаж сураад программынхаа ид хавыг үзээд баярлаад явж байсан тэр үе саяхан мэт санагдаж байна. Тэр чинь 1997 он шүү дээ.

Нойргүй хонох үе ч байсан. Зорчигчийн тасалбарыг шөнө зардаг өртөөд олон. Тэр үед хүн бүхэнд гар утас байсан биш. Гэрийнхээ утсыг хажуудаа тавиад унтана. Шөнө кассууд залгахаар нь “Монголын А, английн И дээр дар” гэх мэтээр зааварчлаад л... Шөнө утасдлаа, унтаж байхад сэрээлээ гэж уурлаж уцаарлаж явсангүй. Ингэх л ёстой гэж зааж зааварчлаад явна.

Дараа нь, дотоод сүлжээний программ болгож өөрчлөөд л... Зөвхөн Улаанбаатар вокзал, Замын-Үүд вокзал гээд нэг нэг байшин дотор явж байсан сүлжээ чинь өндөр хурдны технологийн сүлжээ гараад Замын хэмжээнд ажиллах жишээтэй. Ингээд тасралтгүй хөгжөөд явж байна. Тэр үед нөхөртэйгөө “Зам маань мэдээллийн технологийн диспетчерийн удирдлагатай болбол мөн гоёо” гээд ярьж байж билээ. Гэтэл тэр хүсэл маань биелчихсэн л  байна. Бас  төмөр замын “ӨГӨГДЛИЙН МЭДЭЭЛЛИЙН НЭГДСЭН САН”-г байгуулаад хүмүүст ашиглуулна гэж төсөөлдөг байсан түүнийгээ ч хийсэн.Өнөөдөр хоногийн 24 цагийн мэдээллийн сервис үйлчилгээ үзүүлдэг томоохон байгууллага бол УБТЗ шүү дээ.

-Та хэдэн оноос албаны даргаар ажиллаж эхэллээ?

-Би В.В.Магдей даргын үеэсСтатистик бүртгэлийн албаны даргаар ажиллаж эхэлсэн.В.В.Магдей дарга чадварлаг удирдагч хүн. Тэр хүн надад маш том итгэл хүлээлгэж, дэмжсэн. Тоон болон чанарын үзүүлэлтүүдийн мөн чанар, шинжлэх ухааны үндэслэлийг Воронёжийн төмөр замын жишээн дээр зааж өгч байв. Би ямагт тэр хүнийг гэгээнээр талархан дурсаж, өчүүхэн надад итгэсэн итгэлийг нь алдаагүй дээ гэж дотроо боддог.

В.В.Магдей дарга УБТЗ-д статистик ямар үүрэгтэй вэ гэдгийг маш сайн ойлгуулж, энэ салбарыг хөгжүүлэхэд их хувь нэмэр оруулсан хүн. Өөрөөр хэлбэл, төмөр замын тээврийн статистикийг хүртээмжлэх анхны программуудыг илүү боловсронгуй болгох ажил түүний үед хийгдсэн. Одоогийн тээврийн статистикийн программын үндэс тэр үед тавигдсан юм. Тухайн үед Статистикийн албаны дарга нь Ч.Мижиддорж, байцаагч нь Д.Амгалан, программист нь З.Ганзориг нар байсан. Хоногийн ажлын маш сайн программ хангамжийг тэр үеэс Замын хэмжээнд нэвтрүүлсэн юм шүү.

-Замын хэмжээнд одоо хэдэн программ ашиглагдаж байгаа вэ?

- Хамгийн сүүлийн тооцоогоор Улаанбаатар төмөр замд томоохон гэвэл 80-аад программ хангамж, багцлаад системээр нь авч үзвэл 10 гаруй систем ажиллаж байна. Цаг үеэ дагаад зарим программын платформ өөрчлөгддөг. Заримыг нь томсгох, өргөтгөх, нэгтгэх хэрэгцээ ч гардаг. Зарим нь тухайн үедээ л үүргээ гүйцэтгээд дахин ашиглагдахгүй орхигдох нь ч бий.  Энэ салбарын хөгжил цаг үеэ дагаад зогсолтгүй хөгжсөөр байна. Эдгээр бүх программ хангамжууд нь үе үеийн ИТА-уудын хамтын бүтээлийн охь болохоос биш ганц нэг хүний бүтээл биш. Миний үеийнхнээс эхлээд өнөөдрийг авч яваа залуусын маань оюун ухааны охь шим юм. 

Программистуудыг хүмүүс компьютерийн ард суудаг цэвэрхэн гоё ажил хийдэг гэж харж магадгүй. Гэхдээ маш хүнд хөдөлмөр. Программаа бичнэ, өөрчлөлт хөгжүүлэлтийг тасралгүй хийнэ, хүнээ сургана, байнгын ашиглалтын үйл ажиллагааг авч явна. Бүгд энэ бүхэн дээр хоёргүй сэтгэлээр бүтэн зүтгэж байж л бид өнөөдрийн  энд хүрсэн. Би гэж ярихаас илүү бид гэж ярих хэрэгтэй. Хэн нэг нь дутуу сэтгэлээр хандсан бол өнөөдрийн хөгжилд хүрэхгүй л байсан болов уу.

-Таны хувьд хамгийн том урам авсан үе хэзээ вэ. Өөрөө өөртөө “Овоо доо” гэж хэлэх үе байдаг шүү дээ?

-Би ер нь өнгөрсөн хугацаанд юу хийв ээ гэж бодсон чинь ганц нэг хэлэх үг байна аа. УБТЗ-ыг Статистикийн“Улсын шилдэг байгууллага”-аар шалгарахад гар бие оролцож, мөн УБТЗ-ын “Өгөгдлийн мэдээллийн нэгдсэн сан”-г түүхэнд анх бүрдүүлж, өндөр хурдны өгөгдлийн сүлжээнд “Их өгөгдөл”-ийг хуримтлуулах ажлыг удирдаж иржээ.Яг улаан гараараа удирдаж  залж, нутагшуулсан ажил бол улс хоорондын мэдээлэл солилцооны ажил юм. Түүнд яах аргагүй миний оролцоо бий дээ гэж бодож суулаа.

Түүнээс өмнө бид хөрш төмөр замуудтай мэдээллээ цаасан хэлбэрээр л солилцож байлаа. Одоо дурын өртөөн дээр тээврийн бичиг баримт үүсэнгүүт мэдээлэл гадаадын төмөр замууд руу автоматаар илгээгдчихэж байгаа. Төмөр замын Хамтын ажиллагааны байгууллагад \Варшавт төвтэй\  Мэдээлэл технологи- Кодчиллынхны байнгын ажлын хэсэг “Тээврийн бичиг баримтын мэдээлэл солилцоо”-ны чиглэлээр ажилладаг юм. УБТЗ-ыг үүнд нэгдэхээс өмнө бусад замууд нэгдчихсэн тээврийн бичиг баримтаа цахимаар солилцоод жигдэрчихсэн байсан.  Манайх тэдэн шиг бүрэн автоматжаагүй зам шүү дээ. Тийм мөртлөө бид тэр конвенцид нэгдэж чадсан. Энэ нөгөө л математикийн буян.

Бид зам төмрөөс ч юм уу автоматаар  мэдээ авахгүй ч цэвэр математик модель ашиглан үүсгэсэн мэдээнээсээ түүвэрлээд EDIFACT стандартаар тусгай технологи ашиглаад тээврийн бичиг баримтаа онлайн илгээчихэж  байгаа.

Биднийг Варшавт төвтэй Мэдээлэл технологийнхний байнгын ажлын хэсгийн хуралд сууж байтал “Монголчууд чадсан гэж үү дээ?” гэсэн яриа боллоо.

РЖД-гийн мэдээлэл солилцооны лидерүүд болох Ирина Сергеева, Инесса Владимировна гэдэг гайхалтай чадварлаг эмэгтэйчүүд бий. Бидний гурван хүүхэн учрах хувь таарсан юм. Тэд “Монгол чадсан шүү. Тэр байтугай авсан мэдээгээ бид ашиглалтын үйл ажиллагаанд оруулчихсан, одоо  Этран систем дээр мэдээллийг нь нэмчихсэн” гэхэд бусад гишүүд гайхангуй “Тийм үү?” гэхэд нь ажлын хэсгийн дарга Шабик  “Чадсаан. Түүнийг хийсэн хүн чинь энэ байна” гээд намайг заагаад “Энэ эмэгтэй УБТЗ-ын мэдээлэл солилцооны загалмайлсан эх” гэж хэлсэн нь миний хувьд хамгийн том урам зориг оруулсан үг байсан. Тийм хэмжээний мэргэжилтнүүдээс ийм үнэлгээ авна гэдэг маш том шагнал. Даруухан бишээр хэлэхэд ийм магтаал сонсоход таатай байсан.

-Хоёулаа ярианыхаа сэдвийг өөрчилье. Нэг л мэдсэн баахан ажил ярьчихлаа. Одоо хүний хань, хүүхдүүдийн ээж Тамир гэдэг хүний тухай ярья?

-Би хотын унаган хүүхэд.Одоогийн Хан-Уул дүүрэгт, бидний үеийнхээр  Комбинатад төрж өссөн. Нийслэлийн 75 дугаар дунд сургууль, МУИС-ийн математикийн анги, Удирдлагын академи, ОХУ-ын Эрхүүгийн ЗХИС-ийн аспирантурыг төгссөн. “Тээврийн процессын үзүүлэлтүүдээр тээврийн хэмжээг иж бүрэн таамаглах алгоритм хангамж” сэдвээр техникийн ухааны докторын зэргийг ОХУ-д хамгаалсан, 100 буудалт даамын спортын мастер, яруу найрагт дуртай ийм л жирийн нэгэн эмэгтэй. МУИС-ийн оюутан байхдаа ханьтайгаа учирсан. Миний ханийг З.Ганзориг гэдэг. Бас л математикч хүн. Манайх гурван хүүхэдтэй. Гурван хүүхэд маань аавыгаа дуурайгаад толгой  нь сийрэгхэн. Хүүхдүүд маань бүгд математик суурьтай, их дээд сургуулиа бүгд улаан дипломтой төгссөн. Эмэгтэй хүн сайн хань, сайн ар гэргүйгээр амжилтад хүрнэ гэдэг боломжгүй. Би сайн ханьтайн дээр, сайн ах дүүстэй азтай хүн. Удам, заяа заваг сайтай гэр бүлээс гаралтай.  Манай хүн ч сайн гэр бүлээс гаралтай. Өвөг дээдэс, аав ээжийн минь хийсэн буян заяа их болохоор бидэнд хаялга нь ирлээ гэж сүсэлж явдаг. Аав, ээж хоёр минь биднийг зөв хүмүүжүүлж, зөв явахыг сургасан болохоор бидний мөр бүтэн, заяа нь тэгш яваа гэж боддог. Нас явахын хэрээр л  ингэж  бодох юм.

Миний аав бол бидэнд “Ажил хийвэл дуустал, давс хийвэл уустал хий . Сайн явах санааных, сайн санааны үзүүрт шар тос” гэж захьдаг байсан. Аавынхаа хэлснээр би хийсэн бүх ажилдаа бүтэн зүрхээ зориулж ирсэн.Өөрийнхөө үзэл бодолд үнэнч байхыг хичээж ирсэн, өөрөөсөө урваж  явсангүй. Миний чадахаас чадахгүй хязгаар юу байна тэр хүртэл зүтгэдэг. Төрийн том шагнал мань шиг жижигхэн хүнд хүрээд ирнэ гэдэг миний сайнаас илүү аав, ээжийн минь хүмүүжлийн үр дүн. Өвгөдийн минь хийсэн буяны үр байх л гэж бодож сууна.

-Та аавынхаа тухай ярихаар нүд чинь гэрэлтээд байх юм. Аавын эрх охин байж дээ, янз нь?

-Аав минь намайг их ч хайрлаж өсгөсөн дөө. Бүтэн хайранд бөмбөрч өссөн. Маш их халуун хайр, халуун сэтгэл дунд өсөхдөө би аливаад өөрөө халуун сэтгэлээ зориулахад суралцсан байх. Бүх л зүйлд чин сэтгэлээсээ хандахыг  аав минь бидэнд үлгэрлэсэн,  Аав миний хийх чадлын дээд хязгаарыг мэддэг. Түүндээ хүрээгүй байвал сэтгэл их дундуур байгаа нь илт. Ганц нэг залхуурч үзнэ л дээ. Гэхдээ л ингэж болохгүй гэдгээ мэднэ. Юмыг хэр чинээнд нь тултал хийх гээд зүтгэчихнэ дээ. Тэр чанар миний ажил, амьдралдаа барьдаг гол зарчим болчихож дээ.

Сайн хань, сайхан ах дүүс, гэр бүл, үр хүүхэд, сайхан хамт олныхоо буянд сайн явна. Эмэгтэй хүн хичнээн чадалтай, чадвартай, сийрэг ухаантай байлаа гээд нийгэмд хүлээн зөвшөөрөгдөх тийм ч амархан биш.

-Таны хань  Тамир гэдэг эмэгтэйн   итгэлтэй найз, найдвартай ар тал, үнэнч дэмжигч,  өмгөөлөн хамгаалагч байх. Надад тэгж бодогддог юм?  

-  Чи зөв харжээ, тийм шүү, бид хоёулаа л адилхан инженер. Хэнд маань ч боломж байсан. Магдей даргын үед манай хүн намайг “Орос хэлний тал дээр  чи арай дээр байхаа” гэж байсан. Тухайн үед бидний хувьд ажил гарт орчихсон. Нээрэн  л хамгийн мундаг нь юм шиг санаж байсан үе. Залуу ч, зоригтой ч байж. Энэ бүх цаг хугацааны найдвартай ар тал, дэмжигч  минь миний хань байсан шүү. Бидний үед өөрийнхөө чадал чансаанд итгэлтэй байж л ажил авна уу гэхээс одоогийнх шиг ямар нэг хамаатан садангаараа хэлүүлж байж ажил авна гэсэн юм байхгүй.

Нөгөө талаар, хүн надад итгэл хүлээлгэсэн бол тэр итгэлийг алдахгүй юм шүү гэж ажилдаа улам мэрийж, хичээж хэн болохоо батлан харуулна шүү дээ. Замын удирдлагууд хүнийг хөөрөгдөхөө ч мэднэ, ажил хийлгэх аргаа ч мэднэ. Урамшуулахаа ч мэднэ. Тэр болгонд эрч хүч, урам зориг авч, юм бүхнийг хийчихмээр хурцлагдана. Ухаантай, мэдлэгтэй, чадвартай хүмүүстэй ажиллахад их зүйл сурч мэдэж авдаг. Жийгээ (Замын дарга асан Д.Жигжиднямаа) даргаас их зүйлийг сурч авсан даа. ОУ-ын хурал зөвлөгөөнд хүртэл яаж оролцох вэ гэдгээс эхлээд... Жийгээ дарга “Тамираа, та нар энэ мэдээлэл солилцоог хийхгүй бол тээвэр явахаа болилоо шүү” гэж маш тодорхой үүрэг өгсөн. Тэгээд бид л хийж чадсан.

-Та их өөдрөг хүн байхаа. Тантай хаана ч, хэдийд ч таарсан чин сэтгэлээсээ инээгээд мэндэлдэг. Энэ чанар их ховорхон шүү?

-... /хэсэг бодолхийлснээ/ Би аливааг их өөдрөгөөр харах дуртай. Нөгөө талаар, би зөв хүн. Хэзээ ч, ямар ч юманд дундуур сэтгэлээр хандаж явсангүй.

Хүнд чин зүрхнээсээ тусалбал тусалсан шиг тусалчих юмсан. Хүнд юм зааж өгвөл заасан шиг заачих юмсан. Хүнийг энэрвэл энэрсэн шиг энэрчих юмсан. Юу байгаагаа өгчих юмсан гэдэг юм уу. Бүтэн сэтгэлээ зориулдаг зан миний хүмүүжил. Ганц надад биш ийм сэтгэл манай гэр бүлийнхэнд бүгдэд нь бий. Миний эгчид, миний дүү нарт бий. Аав ээж минь биднийг тэгж л хүмүүжүүлсэн.

Аав минь “Сайн явах санааных” гэж их хэлдэг хүн байсан.

-Таны гаргасан чин сэтгэлийн хариуд тийм хариу ирэхгүй үед ямар мэдрэмж төрдөг вэ? Гомддог уу?

-Өө яах вэ. Энэ амьдралд хүссэнээр болохгүй үе зөндөө шүү дээ. Хүн өөрийнхөө хэмжээнд өөрийнхөө чадах бүхнийг л хийчих. Харин түүнээс хариу бүү хүлээ. Хариу хүлээвэл тэр тус, бүтэн сэтгэл болдоггүй. Туслаад л орхичих.

Тэгэхээр тухайн эгшиндээ л амьдар гэж хэлэх дуртай. Эгшиндээ өөрийнхөө чадахыг хий. Зарим зүйл өнөөдөр маш үнэ цэнэтэй байснаа маргааш огт чухал биш болж магадгүй. Өөрийнхөө чаддаг зүйлийг өөртөө л зөв гэснээр бүтэн сэтгэлээр хийчих.

Хүний л хорвоо юм чинь сайхан үгэнд хэн ч дуртай. Сайхан сэтгэлд талархдаг.

-Энэ амьдралдаа хийж бүтээсэн таны хамгийн үнэт баялаг юу вэ?  

-Миний гэр бүл. Хүүхдүүд маань ухаантай, зөв хүмүүжил, зөв хандлагатай  болж төлөвшиж буй шинж илрэхээр би дотроо баярлах юм. Хүн чинь үр хүүхдээрээ л бахархдаг юм байна. Ээж хүний хувьд бас ч гэж яах вэ гэж бодоод байгаа. Энэ бүхэнд аавын оролцоо маш их л дээ.

За даа, амьдрал бол хамтын л хөдөлмөр, хамтын хичээл зүтгэл юм даа. Бид хоёр ер нь “Бид” л гэж ярих дуртай. Хамтдаа л байснаараа бид хоёр амьдралаа ч болгоод, үр хүүхдээ ч өсгөөд, ажлаа ч хамтраад хийж явсан. Нэг мэргэжилтэй байхын давуу тал тэр. Чадахгүй зүйл гарвал хоёулаа хамтраад зөвлөөд, элбээд хийнэ. “Сайн хань бурхны бэлэг” гэдэг үг бий.  Аав минь надад ханийг минь сонгоод өгчихсөн. Ийм сайн ханьтай би азтай эмэгтэй. Бидний үеийнхэн аав ээжийн үгнээс гардаггүй байлаа. Аав минь хүн таньдаг байсны баталгаа миний хань шүү дээ /инээв/.

-Цаг зав гарган ярилцсан танд баярлалаа. Танд амжилт хүсье.

 

ЯРИЛЦСАН Б. ГҮНЖИНЛХАМ