Холын буяныг бодоход ойрын барцад арилна
“Буруу бодол, башир хуурмаг, харамч залхаг зан, бадрах уур, хэтэрсэн шунал тачаал, зохисгүй эрх мэдэлд шунах сэтгэлийг атаат дайсан мэт болгоомжил”
Нагаржуна богд
Хүний суурь “тэнэглэл" нь БИ гэх үзэл юм гэдэг. Бурханы сургаальд “БИ гэж хаана ч байхгүй бөгөөтөл БИ төвтэйгээр ертөнцийг харах нь тэнэглэлийн туйл” хэмээн сургасан нь уг чанарын учгийг тайлсан хэрэг юм. Өөрөөр хэлбэл, бид өөрөө өөртөө БИ төв үүсгэж, энэ тойрогтоо эргэлддэг аж. Өмчилсөн эзэмшил тойрогт маань ямар нэгэн зүйл дутвал өрөөл бусдынхыг өөрийн болгох шунаг сэтгэл төрнө. Ингэж шунах сэтгэл үүсдэг аж. Тухайлбал, шунал нь “БИ төвт ертөнцийн төсөөлөл”-өөс үүсдэг гэхийн учир энэ юм байна. Хэрвээ БИ төвтэй ертөнцөд амьдарч байгаа л бол хэзээ ч хүсэл шунал арилахгүй, дуусах ч үгүй. Тэгвэл энэ БИ төвөөс хэрхэн зугтах вэ? Бүрмөсөн ангижирч чадахгүй юм гэхэд буруу бодлын хүчийг хэрхэн сааруулах вэ? Энгийн нэг арга хэлье. Хэн ч чадна. Жишээ нь, нэг их өлссөн үедээ хоолоо ховдоглон иднэ биз дээ. Энэ бол байдаг л зүйл. Гэтэл хоолоо идэхийн өмнө “Хүний ходоодны хэмжээ хоёр гарын алганы хонхортой тэнцүү хэмжээтэй гэж үздэг. Үүнийг дөрвөн хэсэгт хуваан 3/2-д хоол, 3/1-д шингэн зүйл, 3/1-ийг хоосон үлдээх ёстой. Гэтэл ихэнхдээ би энэ хэмжээнээс хэтрүүлэн, шунаж иддэг” гэж бодолд үзээрэй. Хэрвээ ийм бодол төрсөн бол, тэгээд хэр хэмжээнд идсэн бол БИ төвт үзлээс зугтах эхний зорилгоо Та өөртөө биелүүлсэн гэсэн үг. Энгийн боловч уг үйлдэл нь танаас нэлээдгүй их тэвчээр шаардсан шүү дээ. Энэ мэтээр бага багаар өөрийгөө дотроосоо засах, сэтгэлээ өөрчилөх дадал суулгаж бай. Зовлон бүхний шалтгаан нь сэтгэл шүү дээ.