Мод, ургамал нь агаарын чийгшлийг 4-7 хувь ихэсгээд зогсохгүй дуу чимээг бууруулж, зуны улиралд тоос шорооны 50, өвлийн улиралд 40 хувийг өөртөө шингээдэг. Түүнчлэн, нэг га ой нэг цагийн хугацаанд найман кг буюу 180 хүний ялгаруулсан нүүрс хүчлийн хийг өөртөө шингээн авдаг гэсэн судалгаа бий. Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн санаачилгаар “Тэрбум мод” үндэсний хөдөлгөөнийг улсын хэмжээнд гурав дахь жилдээ өрнүүлж буй билээ. Энэ хүрээнд өнгөрөгч амралтын өдрөөр төмөр замчид “Бүх нийтээр мод тарих аян”-д нэгдлээ. Эл өдөр уламжлалын дагуу зангилаа бүрд аж ахуйн нэгжүүд өөрсдийнхөө хүчээр ногоон төгөл байгуулах үйл ажиллагаанд идэвхтэй оролцсоноос гадна Залуучуудын төв байгууллага “Төмөр замчдын ногоон төгөл-2030” үйл ажиллагааг Хангай-Багахангай хоорондын замын 503 дугаар км-т зохион байгууллаа. Тус төгөлд төмөр замчин залуус 2012 оноос хойш тасралтгүй мод тарьж байгаа юм. Мөн энэ жил төмөр замчдын “Мэргэжлийн баяр”-аа тэмдэглэдэг Хөлийн голын цэвэр усны сан бүхий зурвас газрыг хамгаалах зорилгоор анх удаа мод тарьсан билээ. Экологийн хэлтсээс зохион байгуулсан тус үйл ажиллагаанд Замын II анги болон Удирдах газрын ажилтнууд оролцлоо. Мод тарих аян УБТЗ-ын хэмжээнд энэ сарын 11-18-ны хооронд өрнөх юм. Уур амьсгалын өөрчлөлт болон агаарын бохирдлыг бууруулах зорилтын хүрээнд зохион байгуулсан тус үйл ажиллагааг УБТЗ-ын Удирдлагын асуудал эрхэлсэн орлогч дарга Н.Энхцогт нээж хэлсэн үгэндээ төмөр замчид мэргэжлийн баяраа тэмдэглэдэг Хөлийн голын 17 га газар өнөөг хүртэл өмчийн баталгаажилтгүй явааг дурдаад, “Нийслэлийн захиргаа болон Баянзүрх дүүргийн удирдлагууд биднээс “Та нар Хөлийн голд олон жил баяраа тэмдэглэсэн боловч тухайн хэсэгтээ ямар хувь нэмэр оруулсан бэ. Байгаль орчныг нь хамгаалах чиглэлээр ямар хувь нэмэр оруулсан юм бэ?” гэж үргэлж асуудаг. Тиймээс бид гол усыг нь хамгаалах, амралт чөлөөт цагт зориулсан ногоон зурвасыг бий болгох ажилд манлайлан оролцох ёстой юм. Дэлхий нийт ногоон хөгжил, эко бүтээн байгуулалт руу хандаж байгаа энэ үед УБТЗ-д Экологийн хэлтэс байгуулагдсан нь сайн хэрэг. Цаашид энэ хэлтэс маань илүү олон үр дүнтэй ажлыг санаачлан хэрэгжүүлнэ гэдэгт илтгэлтэй байна” гэв.
Мөн энэ үеэр Экологийн хэлтсийн дарга Ц.Болдоо “Бид анх төлөвлөснөөр 300 мод тарих байсан ч 217 мод тарилаа. Мөн Бор-Өндөр өртөөнд УБТЗ-ын хэмжээнд жишиг болохуйц ногоон төглийг байгуулах ажлын хэсэг томилогдон явсан. Цаашид өртөө, зөрлөг бүрд ногоон төгөл байгуулах зорилт тавин ажиллаж байна. Эхний ээлжинд нэг ногоон төглийг жишиг болгон байгуулчихвал дараагийн өртөө зөрлөгүүд нь нэг стандартаар ногоон төглөө бий болгох боломжтой юм. 1969 оноос хойш төмөр замчид маань энэ хэсэгт мэргэжлийнхээ баярыг тэмдэглэж эхэлсэн тухай Р.Раш дарга ярьсан. Тиймээс цаашид төмөр замчид маань чөлөөт цагаа өнгөрүүлдэг ногоон зурвасыг бий болгоё гэсэн санаачилгыг Удирдлагын асуудал эрхэлсэн орлогч дарга Н.Энхцогт гаргасан. Замын II ангийн замчид болон Улаанбаатар, Амгалан, Туул, Бумбат өртөө, Барилга засвар ашиглалт үйлчилгээний ангийн ажилтнуудтай хамтраад тарьсан модоо хамгаалах хашааг барьсан. Эхний ээлжинд Худалдааны албанаас актлагдсан хөргөлтийн системийн материалаар хашаажуулсан. Ирэх жилээс зардал мөнгөө тусгаад, илүү олон ажлыг зохион байгуулах төлөвлөгөөтэй ажиллаж байна. Мөн удахгүй УБТЗ-ын хэмжээнд байгаа ногоон төглийн бүртгэлжүүлэлтийг албан ёсоор хийж эхэлнэ. Товчхондоо мод тарих нь бидний хийх ажил төдийгүй, эрхэм үүрэг юм” хэмээн ярилаа.
Б.Дэлгэрхишиг