Замын I орлогч дарга О.А.Казаковоор ахлуулсан үзлэгийн комисс энэ сарын 8-наас Хойд хэсэглэлийн төмөр замчдын өвлийн тээврийн бэлэн байдлыг шалгаж эхэлсэн тухайд бид өмнөх дугаартаа мэдээлсэн. Эх орны хоймор хязгаарт төмөр замын тээврийн тасралтгүй үйл ажиллагааг ханган ажиллаж байгаа Сүхбаатар зангилааны төмөр замчдын хувьд ард иргэдийн аюулгүй байдлыг хангахын тулд орон нутгийн захиргаатай хамтран 25 дугаар км-ын авто зам огтлолцсон хэсэгт 1 тэрбум гаруй төгрөгийн өртгөөр хонгилон гарц хийж, Дулаан-Ерөө хоорондын 12.6 км замын шинэчлэлийг өрнүүлсэн гээд бүтээн байгуулалтын олон ажлыг амжуулжээ. Тээврийн төлөвлөгөөт үзүүлэлтийн хувьд ч бүгд өндөр биелэлттэй байна. Гагцхүү сэлбэг материалтай холбоотой хүндрэл бэрхшээл гарч байгааг үзлэгийн комисст илтгэсэн юм. Тухайлбал, дохиолол холбооны чиглэлээр тетра станцын хангалт тасалдсанаас хооронд нь сэлбэх байдлаар аргацааж байгаа аж. Энэ байдал удаан үргэлжилбэл галт тэрэгний хөдөлгөөний аюулгүй байдалд сөргөөр нөлөөлөхүйц хэмжээнд хүрнэ гэдгийг албаны хүмүүс анхааруулав. Худалдан авалт, борлуулалтын албаны хувьд ч дээрх асуудлыг шийдвэрлэх чиглэлээр бүхий л гарц гаргалгааг дэвшүүлэн ажиллаж байгаагаа дурдлаа. Учир нь, тухайн тоног төхөөрөмжийг нийлүүлэгч тал болох ОХУ Европын холбооны хоригт орсонтой холбоотойгоор ийм нөхцөл байдалд хүрсэн байна. Тиймээс “Б” хувилбар болох  БНХАУ-аас худалдан авалт хийх арга замыг хайж, бодлого боловсруулж байгаагаа Замын удирдлагад танилцуулсан билээ. Дараагийн нэг тулгамдсан асуудал нь Сүхбаатар ТҮГ-ын ажлын байрны багтаамж хүрэлцэхгүйд хүрчээ.  Эндхийн вагончдын хувьд шинэ залуу ажилтнуудаа сургах, шинийг санаачлахаас өгсүүлээд өндөр бүтээмжтэй ажиллаж байгаа аж. Харин ажлын ачаалал жилээс жилд нэмэгдэж буйтай холбогдуулаад ажиллах хүчний тоо өсөж, улмаар ажлын байрандаа багталцахгүй болсныг үзлэгийн комисст илтгэв. Энэхүү асуудлыг яаралтай шийдвэрлэхийг холбогдох хүмүүст нь үүрэг болгов. Хэрхэн шийдвэрлэх гарц гаргалгааг нь ч газар дээр нь дэвшүүлж ажилласан билээ. Түүнээс гадна Сүхбаатар зангилааны ирээдүй болсон хүүхэд багачуудын тав тухтай орчныг бүрдүүлэгч “Бүжинхэн” цэцэрлэгт хэрэглээний халуун усгүй байгаа нь гол хүндрэл болж буйг Нийгмийн асуудал эрхэлсэн орлогч дарга А.Батболдоор ахлуулсан комиссынхон илтгээд ялтсан бойлероор шийдвэрлэх асуудлыг “Үзлэгийн тушаал”-д тусгуулсан юм.

 

ҮЭ, ахмадын төлөөлөл ажилтнуудынхаа бэрхшээлийг уламжлав

 

Дархан зангилааны төмөр замчид мөн адил өвөлжилтийн бэлэн байдлаа бүрэн хангажээ. Тээврийн төлөвлөгөөт үзүүлэлтийн хувьд ачилтыг вагоноор 111.5,  тонноор 104.6 хувиар, буулгалтыг 114.5, явуулалтыг 103.7 хувиар тус тус биелүүлжээ. Харин зорчигч тээвэр 84.7 хувийн биелэлттэй гарсан байна. Энэ нь Дархан-Улаанбаатар хоорондын авто зам ашиглалтад орсон, мөн зорчигч тээврийн тариф нэмэгдсэн холбоотой аж. Гэхдээ орлогын төлөвлөгөөгөөр нь авч үзвэл  106.1 хувийн биелэлттэй байгааг Дархан өртөөний дарга Б.Ганзориг танилцууллаа. Дархан зангилааны хэмжээнд ард иргэд төмөр замын аюултай бүсийн дэглэмийг зөрчих, үүнээс улбаалан галт тэрэг яаралтай тоормос хийх тохиолдлууд гарч байгааг байцаагч нар дурдлаа. Мөн үзлэгийн дүнгийн хурлын үеэр Дархан татах хэсгийн ҮЭ-ийн хорооны дарга Ж.Бадрал тус байгууллагад гэрээгээр ажилладаг ажилтнуудад тулгамддаг асуудлыг хөндсөн юм. Тухайлбал, Дархан татах хэсэг талбайн цэвэрлэгч нарыг хөлсний гэрээгээр ажиллуулах шийдвэр гаргаад 10 жилийг үджээ. Энэ хугацаанд тэдний үндсэн цалин бага, сар болон жилийн үр дүнгийн урамшуулалд хамрагдаж чаддаггүй, ажлын гутал, хувцас авч чаддаггүй гэхчлэнгээр олон бэршээлтэй тулгарч ирсэн байна. Тиймээс эдгээр хүмүүсийг үндсэн ажилтан болгохыг хүслээ. Үзлэгийн комиссын зүгээс талбайн цэвэрлэгч нар өдөр тутмын ажилд чухал үүрэгтэй хүмүүс онцлоод, дэвшүүлсэн санааг судлан шийдвэрлэхээ илэрхийлсэн юм. Дээрхээс гадна хавар, намрын комиссын үзлэгийн үеэр 14 хүнийг хөлсний гэрээгээр нэмж ажиллуулах эрх нь Дархан татах хэсгийнхэнд байдаг ч сард гар дээрээ 700 мянга гаруй төгрөг авдаг учраас ажилд орох хүн олдохгүй байна. Засварчдын өвлийн хувцасны чанар муу байгаагаас хоёр жилийн нормыг огт хангадаггүй. Тиймээс жил тутамд ажлын хувцас олгодог болохыг хүссэн юм. Эдгээрээс гадна яаралтай ажлын үед дуудлагаар ажилладаг автомашины ашиглалтын хугацаа дууссан. Элсчний орон тоо тус татах хэсэгт 10-аад жилийн өмнөхөөр буюу ганц хүнийг ажиллуулж байгаа нь өнөөгийн ачаалал ихтэй нөхцөлд нийцдэггүй зэргээр ажилтнуудынхаа өмнө тулгамдсан асуудлуудыг дэвшүүлэн тавилаа. Мөн Дархан зангилааны бүх байгууллага хурал цуглаанаа зохион байгуулдаг Замын I ангийн хурлын зааланд их завсар хийх шаардлагатай байгааг ч дурдсан билээ. Замын даргын үзлэгийн комиссынхон ажилчдадаа тулгамдаж буй асуудлыг соргогоор олж харж, оновчтой гарц гаргалгаагаа дэвшүүлж буй түүний санал санаачилгуудыг сайшаагаад нэн тэргүүнд шийдвэрлэх боломжтойгоор нь эрэмбэлэн Замын даргын үзлэгийн тушаалд оруулж ажиллана гэдгээ онцоллоо. Мөн энэ үеэр Дархан зангилааны ахмадууд олон жилийн турш Замын удирдлагад дэвшүүлж ирсэн орон сууц хувьчлалын асуудлыг дахин хөндсөн. Тухайн орон сууц нь хоёр улсын Засгийн газрын хэмжээнд яригдаж шийдвэрлэгдэх асуудал учраас шийдвэрлэх явц удаашралтай байгааг Нийгмийн асуудал эрхэлсэн орлогч А.Батболд дурдаад, маш олон удаа тухайн асуудлыг уламжилж, Замын удирдлагын хэмжээнд уйгагүй хөөцөлдөлдсөний үр дүнд нааштай шийдэгдэх цаг хаяанд ирээд буйг ахмадуудад хэллээ. Түүнээс гадна томоохон зангилааны ахмадууд өөрсдийн гараар тарьсан ногоо, цагаа идээ, гар урлал зэргээр үзэсгэлэн худалдаа зохион байгуулж, үзлэгийн комиссынхон болон төмөр замчид тэдний бүтээлээс худалдан авалт хийлээ. Төмөр замын салбарт нэгэн насны хөдөлмөр зүтгэлээ зориулсан азай буурлууд эдүгээ эрүүл, органик бүтээгдэхүүн үйлдвэрлэж, түүгээрээ төмөр замчдаа хангах үйлсэд хүчин зүтгэж явна.

Хүүхдийн байгууллага хөрөнгө оруулалтаар үлгэрлэв

 

Эрдэнэт зангилаанд Үзлэгийн комисс ажиллах үеэр тус зангилааны О.Оюунтуяа эрхлэгчтэй “Эрдэнэт-25” цэцэрлэгийнхэн өндөр бүтээл, оргилуун амжилттайгаар угтав. Тус цэцэрлэгийн хамт олон төмөр замчдын ирээдүй болсон бяцхан жаалуудыг сурган хүмүүжүүлэхэд үлгэр жишээ идэвх санаачилгатай ажиллахын сацуу, суралцагч хүүхдүүддээ ая тухтай, аюулгүй, эрүүл орчныг бүрдүүлэхэд гадна тоглоомын талбайнаас эхлээд дотоод тохижилтоо хүртэл гял цал болгожээ. Түүгээр ч зогсохгүй үүдэндээ зориулалтын хүлээлгийн өрөөг тохижуулсан нь зөвхөн хүүхдүүд төдийгүй эцэг эхчүүдэд таатай нөхцөлд бүрдсэн байна. Энэ бүхнийг хийхдээ тус цэцэрлэгийнхэн орон нутгийн дэмжлэгийг авч, Замын захиргаанаас нэг ч төгрөгийн санхүүжилт авалгүй ажилласан гэдгээ танилцууллаа. “Эрдэнэт-25” цэцэрлэг сүүлийн таван жилийн хугацаанд 450 сая гаруй төгрөгийн санхүүжилтийг гаднаас татаж ажилласан бөгөөд зөвхөн 2023 онд 95 сая төгрөгийн санхүүжилтийг олж, тохижилт, засвараа хийсэн байна. Энэ бол орон нутгийн засаг захиргаатайгаа ойр ажилладаг, сургуулийн өмнөх боловсролд чиглэсэн төсөл хөтөлбөрүүдэд удаа дараа төсөл бичиж, амжилттай оролцож ирсэн туршлагын үр дүн юм гэдгийг ч танилцуулна билээ. Тэдний энэхүү санаачилгатай, хөдөлмөрч байдлыг Нийгмийн асуудал эрхэлсэн орлогч дарга Б.Батболд Үзлэгийн дүнгийн үеэр онцлон тэмдэглээд бусад цэцэрлэгүүд тэднээс үлгэр жишээ авах, Зөвхөн цэцэрлэг ч гэлтгүй нийгмийн салбарын аж ахуйн нэгжүүд өөрсдөө хичээвэл заавал Замын санхүүжилт хүлээлгүй хөгжиж, дэвшиж болдгийн хамгийн тод үлгэр жишээ нь тус цэцэрлэгийнхэн болж байна гэдгийг хэллээ. “Эрдэнэт-25” цэцэрлэгийнхэн мэдээж өндөр бүтээл, өрнүүн амжилтынхаа үр дүнд шагналын буухиагаа дахин үргэлжлүүлсэн. Тэд зөвхөн төмөр замчны хүүхдүүд гэлтгүй тойргийн хамрах хүрээнийхээ хүүхдүүдийг ч сурган хүмүүжүүлж байна. Хамгийн тохилог орчинтой, сургалтын бааз сайтай, сурган хүмүүжүүлэгч багш нар нь туршлагатай учраас энэ цэцэрлэгт зорин ирж хүүхдүүдээ өгөх хүсэлт жилээс жилд нэмэгдсээр байгаа гэнэ. Ер нь, замын хойд хэсэглэлд төмөр замчдын хүүхдүүдийн асран хамгаалж, ар гэртээ санаа зовохгүй байхын гол үндэс суурийг бүрдүүлж яваа цэцэрлэгийнхэн бүгд л онц үнэлгээ авч, шагнал магтаалын хурын үргэлжлүүлсээр байсан билээ. Гагцхүү барилгынх нь насжилт дууссан, засвар үйлчилгээ зайлшгүй хэрэгтэй болсон зэрэг багш, удирдлагуудаас хамаарахгүй хүчин зүйл, бэрхшээлүүд байгааг Замын удирдлагад учирлаж байлаа.  Тухайлбал, Зүүнхараа дахь “Моносхон” цэцэрлэгт их засвар оруулах зайлшгүй шаардлагатай болсон аж. Эдгээр асуудлыг үзлэгийн комисс нэгтгэн дүгнээд нэн шаардлагатайгаас нь эхлэн эрэмбэ дарааллаар шийдвэрлэж өгнө гэдгээ ч илэрхийлсэн юм. Эрдэнэт зангилааны хөдөлгөөнтэй шууд холбоотой аж ахуйн нэгжүүд дундаас Эрдэнэт солилцох тасаг болон Эрдэнэт ТҮГ-ынхан амжилт бүтээлээр арвин ажиллаж байгааг онцлон сайшаалаа. Эрдэнэт ТҮГ-ынхан л гэхэд үндсэн ажлаасаа гадна сайн чанарын сандал ширээ хийжээ. Тэдний бүтээлийг бусад аж ахуйн нэгжүүд ч сургалтын танхим болон бусад хэрэгцээнд захиалан хэрэглэж болохоор байгааг үзлэгийн комиссынхон дурдаж байв. Эрдэнэт солилцох тасгийн хувьд харин орон тоог нь нэмэх шаардлага зайлшгүй гарсантай үзлэгийн комисс санал нэгдэж байв.

 

Орон сууцны хүрэлцээгүй байдал олон зүйлд сөрөг нөлөөтэй

 

Салхит зангилааны төмөр замчдын хувьд орон сууцны хүрэлцээ хангамж муу байгааг үзлэгийн комисст уламжилсан. Мөн ажлын хувцас угааж, цэвэрлэх газар хангалттай бус байгаа нь ихээхэн хүндрэл учруулж буйг уламжиллаа.  Ер нь, Замын хойд хэсэглэлд орон сууцны хэрэгцээ шаардлага их байгааг төмөр замчид учирлаж байлаа. Замчдын хуучин сууцуудын насжилт дууссан, зундаа дусаал гоожиж, өвөлдөө хүйтэн зэрэг асуудал шил даран хөвөрч байлаа. Ялангуяа галлагаатай орон сууцанд амьдарч буй хүмүүс тохь тух муутай байдаг. Сүүлийн үед ажилд орж байгаа залуус галаа түлж чаддаггүй. Өдөржин гадаа ажиллаад ирэхэд гэр нь хүйтэн тухгүй байдаг зэрэг бэрхшээл боловсон хүчний тогтворгүй байх, ажилдаа сонирхолгүй болох, халшрах үндсэн шалтгаан болж байна гэдгийг ч ажил удирдагч нар ярьж байв. Харьцангуй сүүлийн үед ашиглалт орсон зарим технологийн орон сууцуудад ч үерийн ус орсон, мөөгөнцөртсөн, халаалт муу гэхчлэнгээр асуудал дагуулсаар...Замын удирдлагын хувьд Замын хэмжээнд 10 мянган орон сууцны хэрэгцээ шаардлага үүссэнийг онцлоод алдагдал буурч, ашиг орлог нэмэгдэхийн хэрээр энэ асуудлыг шат дараатайгаар шийдвэрлэх зорилт тавьж, бага, дунд, урт хугацааны хөтөлбөр боловсруулан ажиллаж буйг дурдлаа.

Хангайн бүсийн төмөр замчид ийнхүү өвлийн тээврийн бэлэн байдлаа сайтар хангаж чаджээ. Харин Эрдэнэт өртөө, Үнэгт зөрлөгийн замын хэсэг хоёр дахин шалгуулсны дараа гэрчилгээгээ авах сануулга авсан юм. Гэхдээ тэдний гаргасан алдаа дутагдал ноцтой бус, богино хугацаанд засаж залруулахуйц хэмжээнийх байсныг энд дурдах нь зүй болов уу. Зарим тохиолдолд  зэмлэл магтаалаас илүү үнэ цэнэтэй, алдаа ахин давтахгүй их амжилтын үндсэн болох нь бий. Тэд өвлийн тээврээ үлгэр жишээ хийж, айсуй өвлийг өнөтэй давах нь тодорхой. Магадгүй хаврын замын даргын үзлэгээр хамаг олноо хошуучилсан амжилттай ч угтах биз ээ.

 

Зүүнхараагийнхан зүтгэл, сэтгэлээр өрнүүн

 

Ц.Алтанхуяг даргатай Зүүнхараа өртөөнийхөн үзлэгийн комиссыг амжилт бүтээлтэй угтав. Тус өртөөний гаднах орчин, зорчигчийн танхим, албан тасалгааны тохижилт гээд бүгд гял цал болжээ. Зарим ажил нь хараахан дуусаагүй байгаа ч ажилтнуудын болоод үйлчлүүлэгчдийнхээ ая тухыг хангах чиглэлд маш олон ажлыг амжуулсан байна. Өртөөндөө             фитнес танхимтай болсноос эхлээд төмөр замчдынхаа эрүүл мэндийг дэмжихэд ч анхаарч ажилласан байна. Мөн Зүүнхараа дахь ЦХОБ-ын ангийнхан өмнөх үзлэгээр танилцуулсныхаа дагуу ажлын байрандаа бүрэн засвар хийжээ. Тав тух, таатай орчныг дагаад тэнд ажиллаж байгаа хүмүүсийн ажлын бүтээмж сайжирдаг гэдэг нь үнэн аж. Гял цал болсон албан тасалгаандаа үүрэг гүйцэтгэж буй албан тушаалтнууд урам зориг, эрч хүчээр дүүрэн харагдсан. Асуудлаа бүрэн гүйцэд илэрхийлдэг. Авсан хөрөнгө оруулалтынхаа үр дүнг яруу тод харуулна гэдэг нь бас нэгэн давуу тал төдийгүй амжилтын гол үндэс гэдэг нь эдгээр хамт олноос тодорхой харагдаж байсан юм. Дараагийн бүтээлч хамт олон бол Ачааны вагон засварын депогийнхон. Тус депогийн хаалгаар орохын өмнө төмөр замаар хөндлөн гарахад яг л авто замынх шиг явган хүнд зориулсан гэрлэн дохио байрлуулсан нь шинэлэг шийдэл байв. Галт тэрэг тухайн гэрлэн дохиог байршуулснаар ажилтнуудаа болоод тус байгууллагаар үйлчлүүлж буй хүмүүсийг ч болзошгүй эрсдлээс сэргийлж, төмөр замын аюултай бүсийн дэглэмийг мөрдүүлэхэд чухал ач холбогдолтой ажил болжээ. Мөн депогийн тохижилтыг үлгэр жишээ хийсэн нь үүдний тасалгаанаасаа анзаарагдаж байлаа. Тэд ийнхүү ажлын байраа тав тухтай байлгаж, эрүүл аюулгүй орчин бүрдүүлэхэд идэвх санаачилгатай ажиллаж байна. Харин үндсэн үүрэгт ажлаа гүйцэтгэхэд нь тэднээс шалтгаалахгүй хүчин зүйлс тулгараад буйг илтгэсэн. Тухайлбал, Ачааны вагон засварын депод засварлуулах вагоны тоо жилээс жилд нэмэгдсээр байгаа бөгөөд сүүлийн үед сэлбэг материалын хангалт тасалджээ. Улмаар сул тавиатай байгаа вагонуудын эд ангийг хооронд нь сэлгэж сэлбэх үе шат руу шилжсэн байна. Энэ нь удаан үргэлжилбэл галт тэрэгний хөдөлгөөний аюулгүй байдалд сөргөөр нөлөөлөх, цаашлаад сэлбэг хэрэгслийн хангалт бүрдсэн үед үлдэгдэл вагоныг нэмж тоноглоход маш их үргүй зардал гаргах үндсэн суурь бүрэлдээд байгааг Вагоны аж ахуйн албаны дарга Л.Болд хэлсэн юм.

 

Сайн цагийн гэгээ хаяанд айсуй

 

О.А.Казаковоор удирдуулсан үзлэгийн  комисс хойд хэсэглэлд ажиллахдаа хэд хэдэн зүйлийг цохон тэмдэглэсэн. Нэн тэргүүнд ажилтнууд эрс залуужсан. Замын I ангийн хувьд л гэхэд мастер, бригадын дарга нарын 60-70 хувь нь шинэ залуу боловсон хүчин байгаа учраас тэднийг ажлын байранд нь дадлагажуулах, сургах ажилд онцгой анхаарал хандуулахыг ажил удирдагч нарт захиж явлаа. Түүнчлэн, УБТЗ-ын хамт олон цар тахлын жилүүд, түүний дараах эдийн засгийн хямрал гээд өөрсдөөс шалтгаалаагүй олон хүндрэл бэрхшээлийг сүүлийн жилүүдэд даван туулсан. Ингэхдээ аль болох ажлын байрыг хадгалж үлдэх зорилт тавьж, цалин хөлснөөс эхлээд хөрөнгө оруулалтын шинж чанартай ажлуудад хүртэл арилжааны банкны зээл авсан. Улмаар хуримтлагдсан өр их байсныг тээврийн орлого, тарифын өсөлт зэргээрээ барагдуулсаар явааг төмөр замчдадаа танилцуулсан. Түүнээс гадна 1993, 1995 онд Япон улсын Засгийн газраас авсан 400 тэрбумын зээл сүүлийн 15 жилд огт төлөгдөөгүй. Үүний улмаас арилжааны банкнаас зээл авах, гадаадын хөрөнгө оруулалт татах зэрэг эрх хаалттай байсныг ч дурдав. Харин энэ онд болсон Монгол ОХУ хоорондын хэлэлцээрийн үр дүнд дээрх өрийн эргэн төлөлтийг шийдвэрлэсэн. Мөн хоёр тал дүрмийн сангаа 167.4 хувиар нэмэгдүүлж, аль аль тал нь  83.6 тэрбумын хөрөнгө оруулалт хийхээр болсон.  Ачаа тээврийн тарифаа нэмэгдүүлсэн. Үүний үр дүнд УБТЗ-ын алдагдал үлэмж хэмжээгээр буурсан. Одоо алдагдалтай 3-4, алдагдалгүй, ашиггүй 13-14, цэвэр ашигтай 2-3 төрлийн тээвэр байна гэдгийг дурдав. Энэ мэт эерэг үр дүнгүүд нь төмөр замчдын цалинг жил тутамд 10-20 хувь бус нийт системээр нь алс хэтдээ өгөөжтэй хэлбэрээр нэмэх арга хэмжээг авсан гэхчлэнгээр сайхан мэдээний гэгээ улам бүр хаяарсаар байгааг төмөр замчдадаа дуулгаж явлаа. Мөн “Говийн төмөр замчин” хөтөлбөрийг хэрэгжүүлж эхэлсэн. Замын их засварын хэмжээг нэмэгдүүлж, хөдлөх бүрэлдэхүүний шинэчлэлдээ анхаарна гэх зэргээр төмөр замчдын ирээдүй гэрэлтэй байгаа. Тиймээс сонгосон мэргэжилдээ үнэнч, хариуцсан ажилдаа хариуцлагатай, идэвх санаачилгатай байхыг төмөр замчдадаа чандлан захиад өвлийн тээвэрт нь өрнүүн их амжилтыг хүсэн ерөөсөн юм. Түүнчлэн, үзлэгийн дүнгийн хурал бүрээр 5,10,15,20,25,30,35 дахь жилдээ ажиллаж байгаа төмөр замчдад “Тогтвор суурьшилтай ажилласны урамшуулал” болох 500 мянгаас 3.5 сая төгрөгийн “Батламж”-ыг гардуулсан нь ажилтнуудынхаа урам зоригийг нэмсэн нэгэн шинэлэг шийдвэр байв.

 

Б.Дэлгэрхишиг