Замын даргын хаврын үзлэгийн комисс энэ сарын 13-ны өглөө Хойт зөрлөгөөс уламжлалын дагуу ажлаа эхлүүллээ. Улсын торгон хилийг сахиж буй энэ зөрлөгийн төмөр замчдаас үзлэг бүрээр өндөр шаардлага нэхэж, зам, сумын арчилгаа, өртөөний бичиг баримт хөтлөлт, галт тэрэг хүлээн авах үйл ажиллагаа гэхчлэн бүх талаараа хамгийн дээд түвшинд байхыг шаарддаг билээ. Тиймээс ч тус зөрлөгийн хамт олон өндөр шалгуурт ихэвчлэн бүдэрч, байцаагч нарын дэвтэрт цөөнгүй үл тохирол бичигдэн зэмлэл хүлээх нь бий. Харин энэ удаагийн үзлэгээр бүх талаараа ажил нь сайн байгааг байцаагч нар онцолж, Замын дарга Х.Хэрлэн ч сайшаан магтав. Замын I ангийн I хэсгийн замчид 30 баллын төлөвлөгөөг 20-д барьж арчилж байлаа. Өмнөх үзлэгээр өгсөн үүрэг даалгаврууд болон зам, албаны төлөвлөсөн ажлуудаас биелээгүй нь ажилчдын орон сууц, өртөөний барилгыг Монгол гэр хэлбэртэй барих зэрэг байв. Гэвч энэ нь Замын санхүүгийн байдалтай шууд холбоотой асуудал тул цаашид хэрэгжүүлэх ажлын жагсаалтад байгааг холбогдох албаны удирдлагууд хэлж байлаа. Харин Тээврийн хяналтын албаны Эрүүл ахуйн хяналтын хэлтсийн дарга С.Хонгорзул “Хоёр акталсан байшинд хүн амьдарч байгаа. Пийшин нь хагарсан тул утаа гардаг. Өвөлдөө их хүйтэн, даардаг юм байна” гэв. Тиймээс комисс гаргаж дүгнэлт хийж, цаашид шинэ барилга барих шаардлагатайг Нийгмийн асуудал хариуцсан орлогч дарга А.Батболд хэллээ.

Ийнхүү үзлэгийн комисс Сүхбаатар өртөөнд дөрөө мулталлаа. Тус өртөөний хувьд ачаа тээвэр болон хүлээн авсан, хүлээлгэн өгсөн галт тэрэг зэрэг бүхий л төлөвлөгөөт үзүүлэлтээ давуулан биелүүлсэн байна. Өртөөний дарга Х.Хоролсүрэнгийн танилцуулснаар Наушки өртөөтэй галт тэрэг солилцоо эрс нэмэгджээ. Хүлээн авсан галт тэрэг 14, хүлээлгэн өгсөн галт тэрэг 20 хувиар өссөн байна. Тэр дундаа чингэлгийн галт хүлээн авсан нь долоо, хүлээлгэн өгсөн нь 13 хувиар тус тус өсжээ. Тодруулбал, өнгөрсөн оны эхний дөрвөн сард 809 галт тэрэг, 33809 вагон хүлээн авч байсан бол энэ оны эхний дөрвөн сард 925 галт тэрэг, 39979 вагон болсон байна. Мөн өнгөрсөн онд 731 галт тэрэг, 32706 вагон хүлээлгэн өгсөн бол энэ онд 881 галт тэрэг, 38697 вагон болжээ. Өнгөрсөн оны арваннэгдүгээр сард ОХУ-д болсон гурван улсын хэлэлцээрээр Наушки-Сүхбаатар өртөөгөөр хоногт 10 ба түүнээс дээш галт тэрэг хүлээж авахаар тохиролцсон. Тус боомтоор манай улсын гол шаардлагатай бүтээгдэхүүн болох нефтийг хүлээн авдаг. Тэгвэл өнөөгийн байдлаар Сүхбаатар өртөөгөөр хоногт дунджаар 110 вагон нефтийн бүтээгдэхүүн хүлээн авч байгаа аж. Энэхүү хэлэлцээрийн үр дүнд ийнхүү төлөвлөгөөт үзүүлэлтүүд нэмэгдсэн байна. Тус өртөөний ачилтаар нь авч үзвэл эхний дөрвөн сард ачилт 102, буулгалт 107, вагон явуулалт 109 хувиар биелж, вагоны сул зогсолтуудыг 0.6-1.9 вагон/цагаар бууруулж ажиллажээ.

Өртөөний хувьд үзлэгийн комиссоос дамжуулах конторын гадна фасад хийхэд шаардлагатай их засварын төлөвлөгөө авах, мөн Замын даргын А01 тушаалын хүрээнд вокзал, амрах байр болон бусад ажлын байруудыг галын бүрэн дохиоллын системээр тоноглох зэрэг ажлын санхүүжилт хүслээ.

Дархан татах хэсгийн харьяа Сүхбаатар депогийн хувьд ашиглалтын чиглэлээр гологдолгүй ч туузын дутагдлыг хоёр нэгжээр нэмэгдүүлснийг Тээврийн хяналтын албаны байцаагч Ц.Жавхлант хэлж “Депогийн дарга өртөөний даргатай хамтарсан нормативыг чанаржуул. Туузын дутагдлыг нэг хүн хоёр удаа гаргасан нь ажилчдаа сургах сургалт, мэдээлэл дутуу байгаагийнх” хэмээн дүгнэ. Мөн зүтгүүрийн засвар хариуцсан байцаагч Г.Мөнгөнхуяг “Засварын чанарт анхаарах хэрэгтэй. Хос дугуйн чирэг тодорхойлох шаблон байхгүйгээс шууд зоролт хийсэн байна” гэв. Ийнхүү Сүхбаатар зангилааны дүнгийн хурлын үеэр нийгмийн салбар, эрчим хүч, дохиолол холбоо, вагоны аж ахуй, ачаа тээвэр зэргийг чиглэл хариуцсан байцаагч нар “Боломжийн байна” гэж дүгнэлээ. Замчдын хувьд ихэнх хэсэгт муудсан дэрийг нэгчлэн солих, суваг шуудуу сэргээх, мөн уулзварын зай хөөх, сахал зам төмрийн шамралт арилгах зэрэг үл тохирлуудыг арилгах хугацаатай үүрэг өгч байлаа.

Сүхбаатар хэсэглэлийн Дулаан, Ерөө, Орхон зэрэг өртөөд зуны тээвэрт бэлэн гэж үзлээ. Ерөө өртөөний хувьд төмрийн хүдэр ачдаг Замын хэмжээний ачилтын 16-20 хувийг гүйцэтгэж байгаа юм. Тус өртөөнд ажлын ачаалал өмнөх оноос найман хувиар нэмэгдсэнийг ТҮГ-ын дарга хэллээ.

Дархан өртөө хэсэглэлийн хэмжээнд он гарсаар гологдол, дутагдал, зурмагийн тасалдалгүй, оны эхний дөрвөн сард ачилтын төлөвлөгөөг 102, даацыг 104, буулгалтыг 114, вагон явуулалтыг 120 хувиар тус тус биелүүлсэн дүнтэй угтлаа. Ачилтыг хэсэглэлийн хэмжээнд нь хуваан үзвэл Шарын гол 43 хувь, Дархан-2 33, Дархан-1 14, Хөтөл найм, Салхит хоёр хувийг тус тус гүйцэтгэжээ. Харин буулгалтыг Дархан-2 47, Дархан-1 33, Хөтөл 15, Салхит дөрөв, Шарын гол нэг хувийг эзэлж байна. Хэсэглэлийн өртөөдөөс ачилтын төлөвлөгөөг Хөтөл өртөө 114 вагоноор тасалдуулжээ. Энэ нь хятад цементийн үнийг татваргүй болгосон, мөн барилгын ажлын явц жигдрээгүйтэй холбоотой гэнэ. Түүнчлэн, Шарын гол өртөөнд гол ачилтыг хийдэг “Шарын гол” ХК хоёрдугаар сард гэрээгээ 196 вагоноор тасалдуулсан байна. Энэ тухай тус өртөөний өртөөний жижүүр А.Кенжегүль “Манай өртөө хоногт 79 вагон ачиж байгаа. Нийт 2066 вагон захиалснаас өнөөгийн байдлаар 931 вагон ачаад байна. Хоёрдугаар сард ачилтын төлөвлөгөөнд хүрээгүй нь нүүрсний гарц муу байсантай холбоотой. Мөн уурхайн тэргэнд гэмтэл гарсан учир нэлээд хэдэн өдөр дутуу ачсан. Гэхдээ дөрөвдүгээр сард ачилтаа нөхөж илүү ачсан. Жил бүр зургадугаар сарын 15-наас долдугаар сарын 10-ны хооронд уурхай өвлийн бэлтгэл их засвараа хийж зогсдог” гэв. Ийнхүү Дархан хэсэглэл ачаа тээврийн хэмжээ хэвийн, зарим хэсэгтээ давуулан биелүүлсэн, зуны тээвэрт бэлэн байлаа.

Дархан татах хэсгийн хувьд он гарсаар төлөвлөгөөт үзүүлэлтүүдээ давуулан биелүүлсэн ч зорчигчийн галт тэрэгний зүтгүүр эвдэрсэн хоёр, хөдлөх бүрэлдэхүүн мөргөлдсөн нэг, нийт гурван гологдолтой ажиллаж байна. Харин илчит тэргийг зуны тээвэрт бэлтгэх үзлэг засварт 34 илчит тэрэг оруулахаас 22.5 илчит тэрэг буюу 64.1 хувьтай байгаа аж. Зуны тээвэрт бэлтгэх ажлыг яаравчилж, засварыг чанартай хийхийг комиссынхон санууллаа. Тус татах хэсэг Засварын цехээ өргөтгөхөөр газар сонголтоо хийсэн тул энэ талд дэмжлэг үзүүлэхийг комиссоос хүслээ. Мөн МК6056 маркийн токарийн машиныг 20 жил ашигласан тул цаашид ашиглах боломжгүй, элэгдсэн учир солих, засварын цехийн дээвэрт их засвар хийх, түүнчлэн ачааны болон суудлын автомашин авах зэрэг саналыг хэллээ.

Эрдэнэт өртөөний хувьд оны эхний дөрвөн сард 3297 вагонд 212527.60 тонн ачиж төлөвлөгөөг 105.5, 8915 вагон буулгаж 107.5, 8884 вагон явуулж 114.3 хувиар тус тус биелүүлжээ. Мөн статик даацыг нэмэгдүүлж, вагоны сул зогсолтуудыг бууруулсан байна. Харин зорчигч явуулалтын хувьд Сүхбаатар, Дархан, Эрдэнэт өртөөд төлөвлөгөөндөө хараахан хүрээгүй ч тариф нэмсэн учир орлого нь нэмэгдсэн үзүүлэлттэй байв. Өртөөдийн даргын тайлбарласнаар авто зам ашиглалтад орсонтой холбоотой зорчигчийн тоо буурах хандлагатай байгаа аж.

Түүнчлэн, Зүүнхараа өртөөний хувьд ч хэсэглэлийн хэмжээнд ачаа тээврийн төлөвлөгөөт үзүүлэлтийг бүхий л талаар нь давуулан биелүүлсэн амжилттай угтлаа. Тус өртөөнд орон нутгийн хөрөнгөөр барьсан ч үргэлжлүүлэн арчилгаа үйлчилгээ хийн хариуцах эзэнгүй үлдсэн хонгилон гарц байдаг нь борооны ус нэвчиж, ус дүүрдгийг өртөөний дарга Ц.Алтанхуяг хэлж байв. Уг гарцаар орон нутгийн төдийгүй төмөр замчдын дийлэнх нь зорчдог гэнэ. Тиймээс урсгал засвар хийж, сумын иргэдийн хурлаар оруулан төмөр зам, орон нутгийн аль нь хариуцахыг тодорхой болгох шаардлагатай байгаа аж.  Харин комиссын зүгээс орон нутгаас барьсан хонгилон гарц цаашид орон нутгийн өмчдөө байж, орон нутгаас урсгал засвараа хийж явах шаардлагатайг хэллээ.

 

 

 

Замчдын цалинг тусгайлан авч үзнэ

 

Үзлэгийн үеэр Замын I, VI, II ангийн аль ч хэсгийн замчдын хувьд “Төмөр замын хөдөлгөөнчдийн дунд замчдын цалин хэтэрхий бага байна. Зүтгүүрчдийн цалин маш их өндөр байдаг. Бид нэгдмэл хөдөлмөрийн үр шимээр л өнөөдрийн амжилтыг бүтээж байгаа. Гэвч бусад нь илүү ажиллаж, замчид л бага ажилласан мэт ялгаатай байдал олон жил боллоо. Жил бүр цалин нэмж буй ч өндөр цалинтай хүнийх нь улам л өндөр болж, бидний цалингийн зөрүү бүр ч их нэмэгдэж байна. Тиймээс замчдын цалинг тусад нь нэмэх боломжтой юу” гэж асууцгааж байв. Үүнд Замын дарга Х.Хэрлэн санал нийлж буйгаа илэрхийлж, “Замчдын цалин тусгайлан авч үзэх ажлын хэсэг гарсан. Хэд хэдэн хувилбар гаргасан байгаа. Тиймээс удахгүй энэ талд та бүхний сэтгэлд нийцсэн шийдвэр гаргана” гэдгээ дуулгаж явсан юм.

 

            Төмөр бетон дэр үйлдвэрлэх төлөвлөгөөг давуулав

 

Хөтөл дэх Төмөр бетон дэрний үйлдвэр жилд 100-120 мянган бетон дэр үйлдвэрлэн замын аж ахуйд нийлүүлдэг билээ. Цаашид үйлдвэрлэлээ илүү нэмэгдүүлэхээр техник, технологийн шинэчлэлт хийн ажиллаж буй талаар тус үйлдвэрийн дарга Ш.Баярсайхан танилцуулав. Өнөөгийн байдлаар замын дунд засварт зориулах CZ бэхэлгээтэй бетон дэр үйлдвэрлэж байгаа аж. Уг төрлийн бетон дэрийг нийт 38 мянгыг үйлдвэрлэх төлөвлөгөөтэйгөөр хоногт 600, нийт 42380 дэр үйлдвэрлэн төлөвлөгөөгөө давуулжээ. Цаашид АРС бэхэлгээтэй дэр үйлдвэрлэхээр бэлтгэлээ хангаж буй талаар технологич инженер Т.Нямдорж хэлсэн юм. Мөн арматур байхгүйгээс дөрвөн ч газрын гүүр хоолойг хийж амжаагүй байгаа аж. Тус үйлдвэр цаашид дайрга угаах төхөөрөмж авах шаардлагатай гэнэ. Хэрэв дайргаа угаадаг болбол хямд цемент ашиглах боломжтой болох юм байна. Мөн “восслох” бэхэлгээтэй бетон дэр болон бусад төрлийн хэд хэдэн бетон дэрийг туршилтаар үйлдвэрлэж буйгаа танилцууллаа.

Харин Салхит дахь Үе угсрах баазын хувьд замын их засварт шаардлагатай үеийг цаг алдахгүй угсарч байгаа аж. Гэвч зам төмрийн хангалт удааширч буйг учирлаж байлаа. Комиссын зүгээс ирэх долоо хоног гэхэд зам төмөр Үе угсрах баазад ирчих учир цаашид шаардлагатай үеүдийг угсарч явуулахыг санууллаа. Тус бааз сэлгээ хийх нэг зам нэмж тавих шаардлагатай байгаа гэнэ. Харин уг замаа хуучин үе ашиглан хийх боломжтой гэсэн тул Замын даргын үзлэгийн мөрөөр хийх ажлын тушаалд оруулахаар боллоо.

 

 

                        Вагончдод тулгамдсан асуудал байна

 

Харин УБТЗ-ын хэмжээний ачааны вагонуудыг засварлаж, тээвэрт бэлтгэдэг газар бол Зүүнхараа дахь Ачааны вагон засварын депо. Тус депо оны эхний дөрвөн сарын байдлаар УБТЗ-ын 766, хувийн хэвшлийн 200 вагон засварлахаас 956-г засаж төлөвлөгөөг 99 хувиар биелүүлжээ. Харин депогийн дарга Э.Эрдэнэбат Замын даргын А-550 тоот тушаалын дагуу сэргээн босгох ажилд шаардлагатай бэлэн байдлын нөөц бүрдүүлэх шаардлагатайг танилцуулав. Үүнд 26 нэр төрлийн багаж хэрэгсэл худалдан авахад 82.5 сая төгрөг шаардлагатай гэнэ. Мөн Засварын цехийн гагнуурчдын нэг мм-ийн үнэлгээний нормыг нэмэгдүүлэх санал тавив. Учир нь, кузов засварын 60 хувь нь гагнуур байдаг ч үнэлгээ муугаас чадварлаг гагнуурчдаа алдах асуудал их байдаг аж. Тодруулбал, 2020-2023 онд нийт 22 гагнуурчин ажлаас гарчээ.   

 

 

Төмөр замчид орон сууцны асуудалтай байна

 

Аль ч зангилаа, өртөө, зөрлөгт очсон технологийн сууцууд хуучирсан, шугам солих шаардлагатай, зарим нь бүр хүн амьдарч болохгүй гэсэн дүгнэлт гарсан ч амьдрахаас өөр аргагүй талаар яригдаж байв. Сүхбаатар, Дархан, Шарын гол зэрэг өртөөдөд орон сууцны хүрэлцээгүйгээс шинэ залуу төмөр замчид байр түрээсэлдэг, тэр нь санхүүгийн хувьд хүндрэл учруулж буйг хэлж байлаа. Зарим зөрлөгт ахмадууд технологийн сууцаа чөлөөлж өгөхгүй байгааг ч учирлаж байв. Тиймээс үзлэгийн комисс зарим сууцыг комисс гарган шалгаж засварлах, заримд нь цаашид шинээр технологийн сууц барих талаар дуулгасан юм.

 

 

            Цэцэрлэгүүд цэмбэгэр, дэлгүүрүүд ашиг арвин байлаа

 

Хүүхдийн секторын харьяа цэцэрлэгүүд амжилт бүтээл арвинтай, зарим нь орон нутагтай хамтран ажиллаж маш их хэмжээний хөрөнгө татаж үйл ажиллагаандаа ашигласан байв. Тухайлбал, Дархан хот дахь “Улиасхан” цэцэрлэг өсөлт хөгжилтийн судалгааг Центелийн баганын хүснэгтээр Антрометрийн үзүүлэлтийг ашиглан хүүхэд бүрийг дүгнэж гаргажээ. Тус цэцэрлэгийн нийт хүүхдийн 36 буюу 0.9 хувь нь жин дундажаас дээгүүр үнэлэгдсэн байна. Түүнчлэн, ажилчдын эрүүл мэндийг дэмжих зорилгоор УБТЗ-ын Залуучуудын байгууллага, МТЗ-чдын ҮЭ-ийн холбооноос “Ai Medi Mongolia” эмнэлэгтэй хамтран эрүүл мэндийн үзлэг оношилгоо хийлгэжээ. Энэ мэтчилэн цэцэрлэгүүд бүгд ажил үйлчилгээ нь сайн байна гэж Нийгмийн асуудал эрхэлсэн орлогч дарга А.Батболд дүгнэлээ.

Мөн Худалдааны албаны харьяа Дархан болон Улаанбаатар худалдааны төвийн “Ган зам” сүлжээ дэлгүүрүүд ч ашиг орлого арвинтай байлаа. Дархан худалдааны төвийн хувьд Зүүнхараа, Орхонтуул хоёрын дэлгүүр борлуулалтаараа тэргүүлдэг хэвээрээ байв. Харин зарим дэлгүүрээ цэвэр, бохирын шугамд холбох шаардлагатай байгаа талаар санал хэлж байлаа.

Ийнхүү Замын даргын хаврын үзлэг хойд хэсэглэлд ажиллаад “Зуны тээвэрт бэлэн” гэж дүгнэлээ.

 

 

 

Техникийн агентууд хилээр жагсаалтаар нэвтэрдэг болохыг хүслээ

           

 

Замын даргын үзлэгийн үеэр вагончдын хувьд ОХУ-ын талд гарч ажилладаг техникийн агентуудыг 24/72 цагийн ээлжийн зохион байгуулалтад оруулахыг хүслээ. Учир нь, техникийн агентууд галт тэргэнд үзлэг хийн хүлээж авах гэж хил гарахдаа дараалалд зогсон цаг хугацаа маш их алдаж, жолоочийн ажил амралтын дэглэм алдагддаг аж. Зөвхөн нэг талдаа буюу Сүхбаатар өртөөнөөс гаран Наушки ороход л зургаа орчим цаг зарцуулж, мөн гадаад паспортын хуудас нь хурдан дуусаж дахин захиалах шаардлагатай болж буйг Вагон ашиглалтын депогийн хойд хэсэглэл хариуцсан орлогч дарга М.Ариунбаяр танилцууллаа. Тиймээс агентуудыг хоёр улсын хилээр нэвтрэхдээ список буюу жагсаалтаар нэвтрэх боломжийг бүрдүүлж өгөх шаардлагатай байгааг дуулгалаа. Хэрэв дээр дурдсан 24/72 цагийн ээлжтэй болгочихвол тэндээ амрах байртай, илүү цаг гарахгүйн дээр жолооч өдөрт ээлж солих гэж нэг удаа л явдаг болох гэнэ. Харин үзлэгийн комиссын зүгээс үүнийг судалж шийдвэрлэхээр болсон юм.

 

 

 

М.Наранболд