Багш хүн мөнхийн залуу сэтгэлгээтэй гэж ярьдаг. Тэр дундаас цэцэрлэгийн багш илүү гэгээлэг, ариун тунгалаг ертөнцөд ажиллаж амьдардгаараа онцлогтой. Тийм азтай хүмүүсийн нэг бол "УБТЗ"-ын Хүүхдийн секторын харьяа "Бүжинхэн" цэцэрлэгийн хөгжмийн багш Б.Байгальнуур юм.

 

Тэрбээр ярианыхаа эхэнд "Би 1974 онд Сэлэнгэ аймгийн Зүүнхараа хотод төрж, өссөн. Аав Г.Батжаргал маань Зүүнхараа, Сэлэнгэ аймгийн шүүх прокурорын байгууллагад ажиллаж байсан, ээж Ц.Лхагвасүрэн Сүхбаатар өртөөнд буудлын жижүүр, вагон бичигч гэсэн ажлыг хийж байгаад өндөр насны тэтгэвэртээ гарсан. Би аав ээжээсээ ах дүү гурвуулаа. Б.Байгальдалай, Б.Байгальнуур, Б.Байгальмөрөн гээд. Сургууль боловсролын хувьд Сэлэнгэ аймгийн II сургуулийг төгсөөд 1992-1996 онд Цэцэрлэгийн багшийн коллежид суралцаж, цэцэрлэгийн багш мэргэжил эзэшсэн юм. Харин 2016-2018 онд "Дархан" дээд сургуулийн хөгжмийн багшийн ангид сурч төгсөөд албан ёсоор хөгжмийн багш болсон доо. 2000 онд УБТЗ-ын Хүүхдийн секторын харъяа "Бүжинхэн" цэцэрлэгт ажилд орж, хөгжмийн багшаар ажиллаж эхлээд тэр чигээрээ явсаар байгаад сүүлд мэргэжлийн дипломоо авсан хэрэг. Одоогийн байдлаар 23 дахь жилдээ ажиллаж байна. Багаасаа дуу хуурт дуртай, дунд сургуульд урлагт татагддаг хүүхэд байсан. Эмээгийн маань ах Зүүнхараа хотын Соёлын клубын хөгжмийн багш н.Сэдхүү гэж төрөл бүрийн хөгжим тоглодог хүн байсан гэдэг. Ээж маань бас сайхан дуулна. Урлаг, уран сайхнаар явна. Тэгэхээр би ээжийнхээ авъяасаас бага  ч болов авсан юм шиг байгаа юм" хэмээн бага залуу насныхаа тухай хуучиллаа. Түүний нагац ах Ц.Жигжидсүрэн "Моносхон" цэцэрлэгт хөгжмийн багшаар ажилладаг байжээ. Харин Б.Байгалнуур  амралтаараа дүүтэйгээ хамт Зүүнхараа руу явна. Ахыгаа харж өссөн болохооороо яг л ийм хөгжмийн хүн болно доо гэж боддог байсан гэдэг. Энэ тухайгаа  "Би 1996 онд сургуулиа төгссөн ч цэцэрлэгт хүүхдүүдтэй ажиллахаас зүрхшээгээд Дархан-Уул аймгийн Шарын гол сумын Соёлын төвд хөгжимчин, дуучнаар дөрвөн жил ажилласан юм. 2000 онд Сэлэнгэд буцаж ирээд нагац ахынхаа зөвлөснөөр "Бүжинхэн" цэцэрлэгт ажилд орсноос хойш 23 жил өнгөрчээ. Хавар таван сард анх ажилд орсон юм. Эхэндээ ч цэцэрлэгийн багшийн ажил гэдэг давшгүй даваа мэт санагдсан шүү. Сургууль төгсөөд хүүхэдтэй биш томчуудтай ажилласан болохоор хоёр настай хүүхдүүдтэй ажиллахад хэцүү. Хүүхдүүд зэрэг уйлна, орилно. Больдог ч юм билүү гэж бодож байсан. Одоо эргээд тэр үеэ санахаар хүүхэдтэй ажиллах арга зүйгүй байж дээ. Тэгж уймарч байгаад зуны гурван сар амраад ирэхдээ хичээгээд ажиллаад үзье гэж шийдсэн. Жил гаруйн дараа гэхэд ажилдаа дасаад, бусад багш нараасаа суралцсаар мэргэжилдээ улам дурласан даа. Улмаар, өөрийгөө хөгжүүлэхээр шамдсан" гэх түүний яриа, харцнаас ажил мэргэжилдээ дурлах байтугай, бүр чин сэтгэлээсээ хайртай болох нь андашгүй ажээ. Хөгжмийн багшийн ажлын онцлогийн талаар ярихдаа "2019 он хүртэл манай цэцэрлэгийн таван бүлэг дөрвөн газарт салангид байрладаг байсан юм. Ангиудаа тойроод л хөгжмөө тэврээд явна. Өвөлдөө хальтирч уначих гээд л. Харин Замын захиргаанаас барьж өгсөн шинэ байрандаа манайхан 2019 оны аравдугаар сард орсноор урлагийн танхимтай  болсон. Цэцэрлэг маань таван бүлэгтэй байсан бол долоон бүлэгтэй болж өргөжлөө. Нэг анги 30 орчим хүүхэдтэй гэхээр нийт 200 гаруй хүүхэд хүмүүжиж, сурч байна даа. Анги даасан багш нар даасан ангийнхаа л хүүхдүүдтэй харьцдаг бол би бүх ангийн бүх хүүхдэд хичээл заана. Ингээд бодоход 23 жил ажиллахдаа энэ цэцэрлэгт сурч хүмүүжсэн хүүхэд бүрийг дуу хөгжимтэй танилцуулсан гэхээр нэлээд их тоо гарна байх" хэмээн хуучиллаа. Б.Байгалнуур багш шавь олонтой гэнэ. Гудамжинд хэд алхаад л багшаа, багшаа гээд шавь нар нь таарна. Цаашлаад, түүний шавь  П.Тэргэл нь багшийн мэргэжил эзэмшээд ноднингоос эхлэн цэцэрлэгтээ ажиллаж байгаа гэнэ. Тэрбээр, 2000-аад онд хичээл заалгаж байсан ууган шавьтайгаа хамтран ажиллах болсондоо баяртай, бахархалтай байгаагаа нуусангүй. Б.Байгалнуур цааш нь "Багш болсны минь бас нэгэн жаргал юм даа. Хүүхэд гэдэг гэгээн ертөнц. Тэднийхээ дунд олон жил инээж баясан, дуулж хуурдахаар хөгжмийн багшийн мэргэжилдээ улам л дуртай, хайртай болдог юм байна. Бэлтгэл бүлгийн таван настнууддаа найрал дууны дугуйлан хичээллүүлдэг юм. 70 орчим хүүхэд хамрагддаг. Би дунд сургуульд орос хэлний гүнзгийрүүлсэн ангид сурдаг байсан болохоор орос дуунд сонирхолтой. Одоо дугуйлангийн хүүхдүүддээ орос дуу заадаг. Хүүхдийн секторын хэмжээнд зохиогддог "Орос дууг хэн сайн дуулах вэ" тэмцээнд манай "Бүжинхэн" цэцэрлэгийн хүүхдүүд тогтмол амжилттай оролцдог. Уг тэмцээн хамгийн сүүлд уржнан зохион байгуулагдахад манай хүүхдүүд хамтлаг дууны төрөлд түрүүлж, гоцлол дууны төрөлд дэд байр эзэлсэн. Цэцэрлэгтээ орос дуу дуулсан хүүхдийн хэл зүгширч, гадаад хэл сурахад хялбар болдог гэж боддог. Өөр нэгэн дугуйлан бий. Манайхан орос нэршлээр нь мэддэг металофони гэж хөгжим байдаг даа. Тэрхүү цохиур хөгжмийн дугуйланд маань жил бүр 20 хүүхэд хичээллэдэг. 2018 онд Хүүхдийн секторын удирдлагууддаа цохиур хөгжимтэй болох хүсэлтээ өгсөн байсан юм. Нэг өглөө л "Байгаль багш тээшээ тосоорой" гээд утас цохилоо. Хөгжмүүдээ хүлээж аваад бөөн баяр, бүр нүдэндээ ч итгээгүй. Түүнэс хойш жил бүрийн намар 20 хүүхдийг сонгон авч хичээллүүлээд хавар нь эцэг эхчүүддээ тайлант концертоо тавьдаг уламжлалтай болсон. Хүүхдүүд маань сургуульд орсон хойноо ч "Багшаа манай урлагийн үзлэг болно. Хөгжмөө өгч байгаач" гэдэг юм. Дан хүүхдүүд гэлгүй багш нарынхаа дунд үндэсний хөгжмийн болон найрал дууны дугуйлан хичээллүүлдэг. Ёочин, ятга, шанз гэх зэрэг хөгжим дээр нэмээд хүүхдүүдийнхээ металофони цохиур хөгжмөө багш нартаа сургаж байгаа. Манай цэцэрлэг "Багш хөгжвөл хүүхэд хөгжинө" уриатай үндэсний хөгжмийн хамтлагтай болсон. Хамтлагийн хувьд хөгжмийн зэмсэг олдоц муу байгаа нь л хүндрэлтэй. Багш нар маань авьяастай, идэвхитэй. Багш сайн байж хүүхэд хөгжинө шүү дээ" гэсэн юм.

Эднийх ам бүл тав. Эхнэр Н.Сүнжидмаа нь мөн адил цэцэрлэгийн багш мэргэжилтэй. Гурван хүүхдийнх нь бага нь ШУТИС-ийн төгсөх ангийн оюутан бол хоёр том нь аавын гэрээс өрх тусгаарлажээ. Тиймээс ар гэрт татлаа түлхээ багатай болохоор  Байгалнуур багш ажилдаа голлон анхаарч ажилладаг санагдлаа. Өөрөө ч энэ тухайгаа " Хүүхдүүд маань хотод амьдардаг болохоор бид хоёр өглөө ажилдаа яаран яаран ирдэг. Өнөөдөр хүүхдүүддээ ийм хичээл заана даа гэсэн ажлын төлөвлөгөөгөө бодоод л. Цаг үетэйгээ хөл нийлүүлэн алхаж, ирээдүйн шилдэг боловсон хүчнийг багаас нь хөгжүүлэхийн тулд шинэ арга барил, хэв маягаар хичээлээ явуулахаар чармайж байна. Хичээлээ хөдөлгөөнтэй, хэмнэлт байдлаар явуулна. Хүүхдийн сонирхлыг татахуйц хэлбэрээр хичээлээ явуулахын тулд багш цаг тутамдаа өөрийгөө хөгжүүлж, мэдээллээс хоцрохгүй байх ёстой болсон. Цар тахлын үед хичээлээ цахим хэлбэрээр зааж сурлаа. Тухайн үед өөрөө ковидоор өвдсөн ч шавь нараа хичээлээс нь хоцроохгүйн тулд хуваарийнхаа дагуу цахимаар хичээлээ заадаг  байсан.  Хүүхэд гэдэг хиргүй тунгалаг, цагаан ертөнц. Тиймээс цэцэрлэгийн багшийн ажил тэр хэрээр азтай, жаргалтай" гэсэн юм. Олон жил мэргэжлээрээ ажиллаж байгаа багштай уулзсандаа олзуурхаж, үе үеийн хүүхдийн сэтгэхүй болоод зан чанарын ялгаа, эцэг эхчүүд, багш нар тэдэнтэй хэрхэн харилцах нь зүйтэй болох талаар сонирхоход "Тиймээ, өнөөдрийн хүүхдүүд таван жилийн өмнөх үе чацуутнаасаа огт өөр болсон. Нийгмийн хөгжлийг дагаад хүүхдийн мэдрэмж маш их дээшилж байна. Анхаарал, хэмнэл нь сайжирсан, алив шинэ зүйлийг заахад хүлээж авах нь хурдан. Иймд шинэ үеийн хүүхдүүдэд тэр хэмнэлээр нь, шинэ арга барилаар хичээлээ заахгүй бол тэд сонирхохгүй, багш хоцрогдоно. Тиймээс багш өөрөө байнга хөгжих зайлшгүй шаардлага урган гарч байгаа юм. Орчин цагт хүүхдүүд маань ямар хүүхэлдэйн кино үзэж байна, ямар хөгжим, аяыг таашааж байна вэ гэдэг дээр судалгаа хийгээд өөрөө гэртээ тэр болгоныг нь үзэж судалж байна даа. Бага насны хүүхдийн анхаарал төвлөрөх хугацаа богино болохоор тэрхэн хугацаанд нь яг сонирхдог, таашаадаг байдлаар нь хичээлээ явуулахыг чухалчилдаг" гэж хариулав. Нутаг орондоо олон жил ажилласан болохоор ч тэр юмуу Б.Байгалнуур багшид ЕБС-ийн менежер, захирлаас "Манайд ирж ажиллаач" гэсэн санал ирэх нь бий гэнэ. Тэр үед нь шилжээд явъя гэхээр цэцэрлэгийнхээ бяцхан хүүхдүүдээсээ холдож чаддаггүй. Сүүлдээ ч нөгөө менежерүүд нь "Байгальнуур багш нялх хүүхдүүдээсээ салахгүй ээ" гэдэг болсон гэдэг.  Тэрбээр үргэлжлүүлэн, "Анх намайг цэцэрлэгийн багшаар ажиллаж эхэлж байх үеийн эцэг эхчүүдэд "Энэ биерхүү эрэгтэй багш хүүхдийг маань зодохвий" гэсэн эргэлзээ төрсөн тухай сүүлд сонсож байлаа. Би хүүхдэд чанга ч дуугардаггүй болохоор хүүхдүүд маань надад их хурдан дасдаг. Шавь нар маань сургуульд ороод бараг тавдугаар анги хүртлээ багш дээрээ ороод ирдэг юм. Манай хүүхэд багшийгаа санаад байна гэсээр  аав, ээж нь дагуулаад ирнэ. Зарим нь ганц нэгээрээ гүйж ирээд үнсүүлээд буцна. Нялх багаасаа хамт байхаар ээнэгшдэг" гэх энэхүү хүдэр эрийн сэтгэл зүрх нь хөгжмийн эгшиг шигээ уяхан ажээ. Тэр байгууллагынхаа үйлдвэрчний бүлгийн зохион байгуулагчаар 2007 оноос хойш ажиллаж байгаа бөгөөд гишүүдийнхээ эрх ашгийг хамгаалах, тэднийхээ дуу хоолойг хүргэхээр хичээнгүйлэн ажиллахыг эрхэмлэдэг гэнэ. Үүнээс гадна, 2009 онд "УБТЗ"-ын мэргэжлийн аваргаар шалгарснаас гадна 2021 онд "Тэргүүний төмөр замчин" тэмдгээр шагнуулж байжээ. Хүүхдийн секторынхоо аварга багшаар хэд хэдэн удаа шалгарсны зэрэгцээ ур чадварын тэмцээнд удаа дараа түрүүлж байсан гээд Б.Байгальнуур багшийн ажил хөдөлмөр, амжилт бүтээлийг илтгэх жишээ олон ажээ. Цаашлаад, 2022 оны аравдугаар сард Хүүхдийн секторын дуу хөгжмийн болон бусад багш, заах арга зүйчдийг оролцуулсан ажил мэргэжлийн өдөрлөг зохион байгуулжээ. Тэр үеэрээ залуу багш нарт мэргэжлийн арга туршлагаасаа хуваалцан нээлттэй хичээл орж, ирсэн зочдод дугуйлангийн хүүхдүүдийнхээ тоглолтыг сонирхуулжээ. Мөн өөрийн зохиосон хүүхдийн дуунуудынхаа түүвэр болон "Цохиур хөгжим заах арга зүй" гарын авлагыг зочдодоо гардуулж, туршлагаа дэлгэрүүлсэн байна. Бас түүний үг, аяар бүтсэн "Эрдмийн анхны өргөө" дуу 2018 оноос хойш "Бүжинхэн" цэцэрлэгийн сүлд дуу болжээ. Түүгээр зогсохгүй, өглөөний тойрогт зориулж 2016 онд бүтээсэн "Өглөөний тойргийн дуу" нь "УБТЗ"-ын Хүүхдийн секторын харьяа бүх цэцэрлэгт эгшиглэж байгаа юм байна. Иймээс Б.Байгальнуур багш зөвхөн "Бүжинхэн" цэцэрлэгийн биш нийт ган замчдын бяцхан үрсийн багш ажээ.

    

     Б.Золжаргал