Сангийн яам: Монгол Улсын нийт гадаад өр 2023 оны III улирлын байдлаар 34 тэрбум ам.доллар байна

 

Монгол Улс “Самурай” бондын 200 сая ам.долларын өрийг өөрийн эх үүсвэрээр бүрэн төлж, гадаад өрийн дарамтаас бүрэн гарсныг Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ мэдэгдэв.

Монгол Улсын Хөгжлийн банк 2013 онд Засгийн газрын баталгаатай, 10 жилийн хугацаатай, жилийн 1.5 хувийн хүүтэй 30 тэрбум иений “Самурай” бондыг Япон улсын зах зээлд хаалттай хэлбэрээр арилжаалсан бөгөөд ийнхүү тус бондын эргэн төлөлтийг хугацаанд нь бүрэн төлж барагдууллаа. Хөгжлийн банк энэ онд хоёр бондын эргэн төлөлтийг хийх хуваарьтай байсан бөгөөд аравдугаар сарын 23-нд 500 сая ам.долларын “Евро” бонд буюу “Ди Би Эм-2023” бондыг өөрийн эх үүсвэрээр төлж барагдуулаад байна.  

Ингэснээр “Moody's”, “Fitch”, “S&P Global” зэрэг байгууллагууд Монгол Улсын зээлжих зэрэглэлийг "B" түвшинд буюу “Тогтвортой” гэж үнэлэн зэрэглэлээ хадгалав. Ийнхүү бондын төлөлтөө хугацаанд нь хийснээр ирэх онд зээлжих зэрэглэл сайжрах суурь болж байна гэдгийг Сангийн яам онцолж байлаа.

Үүнээс гадна Хөгжлийн банкны засаглалыг олон улсын түвшинд хүргэх хүрээнд сонгодог Эксим банк болгох эрхзүйн орчныг бүрдүүлэхээр ажиллаж байгааг мэдээлэв.

Энэ оны III улирлын байдлаар Монгол Улсын нийт гадаад өр 34 тэрбум ам.доллароор хэмжигдэж байна. Тухайлбал: Монголбанкны өр хоёр тэрбум ам.доллар, Засгийн газрын гадаад өр 7.9 тэрбум ам.доллар, арилжааны банкнуудын гадаад зээл 1.6 тэрбум ам.доллар, аж ахуйн нэгжүүдийн гадаад зээл 22.5 тэрбум ам.доллар байгааг Сангийн сайд мэдээлэв. 

Монгол Улсын Засгийн газар 2012 оноос хойш 12 бонд гаргасан бөгөөд үүнээс 2021-2023 оны 12 дугаар сар хүртэлх хугацаанд нийт 13.3 их наяд төгрөг буюу 10.6 их наяд төгрөгийн үндсэн төлбөр, 2.6 их наяд төгрөгийн хүүгийн төлбөр төлж, барагдуулжээ. Тодруулбал: “Чингис” бондын 1.5 тэрбум ам.доллар, “Мазаалай” бондын 500 сая ам.доллар, “Гэрэгэ” бондын 800 сая ам.доллар, “Хуралдай” бондын 430 сая ам.доллар, “Евро” бондын 500 сая ам.долларын өр болон бусад төлбөрийг төлсөн байна. Ирэх онуудад “Nomad”, “Century" зэрэг бондуудын төлөлтүүдийг хийхээр байгаа аж.

2024-2027 онд Монгол Улс гадаад өрийн төлбөрт жилд дунджаар 975 сая ам.доллар төлөхөөр байна гэж “Fitch Ratings” тооцоолоод байгаа юм. Монгол Улсын Засгийн газрын нийт өрийн 90 гаруй хувь нь гадаад харин хувийн хэвшлийн нийт өр 2023 оны II улирлын байдлаар дотоодын нийт бүтээгдэхүүний 180 хувьтай тэнцэж байв.

Түүнчлэн түүхий эдийн эрэлт буурах эрсдэлтэй зэрэгцээд Монгол Улсын гадаад санхүүжилтийн орчин боломжит эдийн засгийн “шок”-уудад эмзэг байхаар байна гэж дүгнээд байна. Мөн “Fitch Ratings”-ийн зүгээс 2024 онд түүхий эдийн эрэлт буурна гэж таамаглаж байгаа юм.