Дэлхий нийт хог хаягдалгүй, байгальд ээлтэй амьдралын дадал хандлагыг бий болгож, ухаалаг ногоон-хэрэглээнд шилжиж байна. Хүн амын эрүүл мэнд, байгаль орчинд үзүүлэх сөрөг нөлөөллийг бууруулах, урьдчилан сэргийлэх, хог хаягдлыг эдийн засгийн эргэлтэд оруулж, байгалийн нөөц баялгийг хэмнэх, хог хаягдлын менежментийг боловсронгуй болгох, энгийн хог хаягдлыг цэвэрлэх, дахин боловсруулах, эх дэлхийгээ бохирдлоос хамгаалах нь одоогийн нийгэмд тулгамдаж буй асуудлуудын нэг билээ.
Монгол Улсад жилд 1.5 сая тонн хог хаягдал гардгаас 24 хувь буюу 344 тонн хогийг дахин боловсруулдаг. Хэрэв иргэн бүр хог хаягдлаа эх үүсвэр дээр нь буюу гэртээ, эсвэл ажлын байрандаа ангилснаар цугларах хогны хэмжээ багасаж, дахин боловсруулалтад орох давуу талтайг тэр бүр мэддэггүй. Тэгвэл 27 ширхэг хуванцар саваар нэг гадуур цамц, нэг тонн хаягдал цааснаас 900кг дахин хэрэглээний цаас, 190 мянган ширхэг хөнгөн цагаан лаазаар нэг машин босгох боломжтой байдаг байна.
Ил задгай хаясан хог хаягдал нь гэдэсний халдварт өвчин, сүрьеэ, боом, татран тарах эх үүсвэр болдог. Мөн хуванцар бүтээгдэхүүн устаж үгүй болтлоо 400-600 жилийг зарцуулж, нэг ширхэг жижиг хуруу зай дөрвөн ам метр талбайг хордуулж, 800000 литр усыг бохирдуулдаг хор уршигтай. Эдгээр бүтээгдэхүүнд орсон “Бисфенол А”, хар тугалга гэх мэт хортой бодисууд нь хүрээлэн буй орчин, хүний эрүүл мэндэд олон талын сөрөг нөлөө үзүүлдэг. Тухайлбал, эдгээр хорт бодис нь удмын санд нөлөөлж, үргүйдэл, зулбалт, түрүү булчирхайн үрэвсэл, чихрийн шижин, мэдрэлийн согог, хөх, уушгины хорт хавдар үүсгэх өндөр эрсдэлтэйг баталсан байдаг. Түүнчлэн, хуванцрын хор нөлөө шууд мэдэгддэггүй. Хорт бодисууд нь аажмаар хүний биед шингэж, эрүүл мэндэд хор хөнөөл учруулдаг.
Одоогийн байдлаар нийслэлийн хэмжээнд 24 аж ахуйн нэгж хог хаягдал дахин боловсруулах чиглэлээр үйл ажиллагаа явуулж байна. Тиймээс та одоогоос хог хаягдлыг эх үүсвэр дээр нь ангилан ялгах хэвшлийг гэр бүл, хамт олон, найз нөхдөдөө суулгаж, нөлөөлөгч нь байхыг эрмэлзээрэй. Хог хаягдлыг ангилан ялгах энгийн дүрмийг танилцуулъя. Хог хаягдлаа ангилахдаа анхаарах зүйлс:
-Хог хаягдлаа эвхэж, дарж овор хэмжээг нь багасгах;
-Шинээр худалдаж авсан цахилгаан бараа, бялууны гаднах картон цаасыг эвхэж, хавтгай болгож хаях;
-Цаас, хуванцар, шил болон хүнсний хог хаягдлаа тусдаа хогийн саванд хаях;
-Гэр хорооллын айлууд үнсээ бусад хог хаягдалтайгаа холихгүй байх;
-Хогоо ангилахдаа хоол хүнсний хогтой хольж бохирдуулахгүй байх;
-Хүнсний хог хаягдлаа тусад нь ангилж бордоо хийх;
-Цаасны хог руу чихрийн цаас хийж болохгүй;
-Шилэн хог хаягдал руу шаазан болон гэрлийн шил хийж болохгүй;
-Хогоо ангилах хаях хогийн савыг заавал бэлтгэсэн байх хэрэгтэй.
Хог ангилах хогийн савны өнгө нь:
-
Ногоон- Хуванцар сав болон гялгар уутны хог хаягдал
-
Улбар шар- Хөнгөн цагаан лааз болон металлын хог хаягдал
-
Цэнхэр- Цаас, цаасан бүтээгдэхүүний хог хаягдал
-
Цагаан- Шил, шилэн савлагааны хог хаягдал
-
Бор- Хүнсний органик хог хаягдал
-
Шар- Ахуйн аюултай хог хаягдал
-
Хар- Дахин боловсруулах боломжгүй хог хаягдлыг илэрхийлнэ.
Экологийн хяналтын байцаагч Г.Дашням