Хятадын эдийн засаг цар тахлын хатуу хөл хорионоос бүрэн сэргэж амжаагүй байна. Хятадын эдийн засаг, бизнесийн төвийн мэдээлснээр өсөлтийн төлөөх тэмцэл 2024 онд ч үргэлжлэхээр байгаа аж. 2023 оны эхний улиралд эрэлтээс үүдэлтэй сэргэлт ажиглагдаж байсан ч Эвергранд, Кантри Гарден зэрэг үл хөдлөх хөрөнгийн аваргууд ганхаж, хүн ам зүйн хөгшрөлт, залуучуудын ажилгүйдэл ихэссэн нь хөдөлмөрийн зах зээлийг сулруулж, тус улс дефляцад орсон. Хятадын худалдааны дотоод, гадаад эрэлт багасаж, хөдөлмөрийн зах зээл муудаж, зарим талаараа инфляц нам түвшинд байгаа нь бизнесийн ашиг буурахад нөлөөлж, цаашлаад нийт өсөлт саарахад нөлөөлсөн байна. ДНБ-ий өсөлт улирлын дүнгээр 0.5 хувиар өссөн нь хүлээгдэж байсан 2.3 хувиас буурсан үзүүлэлт юм. Хятад улс 2024 онд хүлээлтээс доогуур өсөлттэй байхаар байгаа бөгөөд энэ нь олон жил үргэлжлэх магадлалтай гэдгийг шинжээчид онцолж байна. Өсөлтөд нөлөөлөх дөрвөн шалтгааныг нэрлэжээ.
1. Эрэлт буурна
Гуравдугаар улиралд Хятадад хэрэглээ мэдэгдэхүйц өссөн ч эрэлт буурсан бөгөөд ирэх саруудад үргэлжилнэ гэж ажиглагчид үзэж байна. Эдийн засагчид “Business Insider”-тэй хуваалцсан тайландаа хэрэглээ тогтвортой хэмжээнд хараахан сэргэж амжаагүй байгаа бөгөөд Хятадын иргэд санхүүгийн аюулгүй байдал, хөдөлмөрийн зах зээл, мөн Бээжингийн бодлогод санаа зовсон хэвээр байгаа тул зарцуулалтаас татгалзаж, урьдчилан сэргийлэх хэмнэлтийг дэмжсэн хэвээр байгаа аж.
2. Үл хөдлөх хөрөнгийн уналт арилахгүй байна
Хятадын томоохон үл хөдлөх хөрөнгийн магнатууд 2023 онд дефолт болон дампуурлаа зарласан бөгөөд эрх баригчдын үл хөдлөх хөрөнгийн салбарыг тогтворжуулах оролдлого нь тийм ч сайн нөлөө үзүүлсэнгүй. "Хятадын өрхүүд хуримтлалын гол суваг болох үл хөдлөх хөрөнгө, өмчид итгэх итгэлээ алдлаа. Энэ салбар хэзээ тогтворжихыг таамаглахад бэрх, тогтворжсон ч өмнөх 10 жилийнх шигээ өсөлтийн гол хөшүүрэг болж чадахгүй” гэж эдийн засагчид үзжээ.
3. Хятад бүтээгдэхүүний гадаад эрэлт буурах хандлагатай байна
АНУ болон Европын эдийн засгийн уналтаас үүдэлтэй дэлхийн эдийн засгийн удаашрал Хятадад муу мэдээ болжбайна. Дэлхийн эдийн засгийн уналттай холбоотойгоор Хятадын аж үйлдвэрийн бүтээгдэхүүний экспортын эрэлт буурсаар байх хандлагатай байгаа аж.
4. Бээжин гал намжаах л арга хэмжээ авна
Эдийн засагчид “Одоогоор Засгийн газар өргөн хүрээтэй урамшууллын багцыг хэрэгжүүлэхээс татгалзсан. Гэсэн хэдий ч сүүлийн саруудад Засгийн газар "зорилтот" хөрөнгө оруулалтыг идэвхжүүлэх, ялангуяа үерийн сэргээн босголт, гамшгаас урьдчилан сэргийлэх дэд бүтцэд чиглэсэн төсвийн арга хэмжээг эрчимжүүлж байна. Үүний үр дүнд 2023 оны гуравдугаар улиралд ажиглагдсан сэргэлт арилах болно. Гэхдээ 2024 онд өсөлт тогтвортой байх магадлалтай" гэж үзэж байна.
https://www.yahoo.com/finance/news/4-reasons-why-chinas-economy-181701212.html