Дэлхийн хоёр дахь том эдийн засаг болох Хятадын эдийн засгийн долдугаар сарын статистик мэдээллээр дефляц руу орж, хэрэглээний үнэ өмнөх оны мөн үеэс 0.3 хувиар буурсан байна.

Цар тахлын дараах эрин үед Их Британиас эхлээд АНУ хүртэлх олон улс орнууд Засгийн газрын хэтэрхий их зарлага, хөдөлмөрийн зах зээлийн хатуу байдлаас үүдэлтэй өндөр инфляцтай тэмцэж, эдийн засгаа хэт ачаалалд оруулав. Харин 16-24 насны таван хүн тутмын нэгээс  илүүд нь ажил олдохгүй байгаа буюу  ажилгүйдэл өндөр байгаа үед Хятад дефляцтай тулгарч байна. Үүний зэрэгцээ вирусийн хяналтыг цуцалсны дараа тус улсын эдийн засгийн идэвхжил хүлээгдэж байснаас бага байсан нь Хятадын удирдагчдыг бизнес болон хэрэглэгчдийн идэвхийг дэмжихэд хүргэв.

Баялгийн менежментийн “deVere” группийн ажилтан Найжел Грийн лхагва гарагт хийсэн судалгааны тайландаа Хятадын эдийн засгийн замнал олон арван жилийн турш дэлхийн анхаарлын төвд байсаар ирсэн. Гэхдээ сүүлийн үед дэлхийн хоёр дахь том эдийн засагт дефляцын ноцтой дарамт үүсэж байгаа нь түгшүүрийг төрүүлж байна" гэжээ.

Дефляц гэж юу вэ

Дефляц гэдэг нь үнийн ерөнхий түвшний бууралт бөгөөд тодорхой хугацааны туршид үнэ өсөх инфляцын эсрэг зүйл юм. Сан Францискогийн Холбооны нөөцийн банкны мэдээлснээр дефляц ихэвчлэн 1930-аад оны үед АНУ-д болсон их хямралын үеийн эдийн засгийн уналттай холбоотой байдаг. Үнэ өсөхгүй хасах руу орж байгаа нь эдийн засгийн уналтыг илэрхийлдэг гэж үздэг.

Дефляц муу юу

Үнийн өсөлтүй болж, дефляцад орж байгаа нь өнгөн талаасаа сайн зүйл мэт санагдаж магадгүй. Ялангуяа  цалин улам өсөх болно, учир нь онолын хувьд та илүү ихийг худалдан авах чадвартай болно. Гэвч дефляцын нөлөөлөл нь улс орны өргөн хүрээний эдийн засагт хэд хэдэн сөрөг нөлөө үзүүлж болзошгүй. Хүмүүс ирэх долоо хоног эсвэл ирэх сард бараа бүтээгдэхүүн хямд болно гэж үзвэл тэд бүтээгдэхүүн, үйлчилгээ худалдан авахаа зогсоож, эдийн засгийн амин сүнс болох хэрэглээний зардлыг боомилж магадгүй юм. Хэрэв ийм зүйл тохиолдвол компаниуд ажилчдаа цомхотгох, цалинг бууруулах эсвэл бусад зохицуулалт хийх замаар хариу арга хэмжээ авах боломжтой. Хоёрт, дефляц нь орон сууцны зээл, бусад зээл гэх мэт өртэй хүмүүс, аж ахуйн нэгжүүдэд сөрөг нөлөө үзүүлдэг. Учир нь,  үнэ буурч байгаа ч өрийн хэмжээ өөрчлөгдөхгүй байгаа нь хэрэглэгчид болон аж ахуйн нэгжүүдэд өр төлбөрөө төлөхийн тулд зардлаа танах дарамт болно.

Хятад яагаад дефляцад өртөж байна вэ

Хятадын дефляц нь тээвэр, хоол хүнс гэсэн хоёр салбараас үүдэлтэй бөгөөд гахайн махны үнэ жилээс жилд 26 хувиар буурсан гэж “NewEdge Wealth” компанийн тогтмол орлого хариуцсан ахлах менежер, Бэн Эмонс лхагва гарагт хийсэн судалгааны тайландаа дурджээ. Ерөнхийдөө Хятадад өнгөрсөн сард тохиолдсон дефляц "зөөлөн" байгаа бөгөөд үүнийг хурдан арилгах хэрэгтэй аж.

Хятад дахь дефляц АНУ-д нөлөөлөх үү

Эдийн засагчид болон зах зээлийн мэргэжилтнүүдийн үзэж байгаагаар АНУ Хятадаас их хэмжээний бараа бүтээгдэхүүн импортолдог учраас энэ нь тодорхой хэмжээний нөлөө үзүүлэх аж.

"Дефляцын улмаас экспорт нь хямдрахын хэрээр бусад эдийн засагт өрсөлдөөн нэмэгдэж, өөрсдийнхөө үнийг бууруулах эсвэл зах зээлд эзлэх байр сууриа алдах эрсдэлтэй тулгарч магадгүй" гэж deVere групп үзэж байна.

 

https://www.cbsnews.com/news/china-deflation-2023-what-does-it-mean/