Бидний өдөр бүр идэж хэрэглэж байгаа хоол хүнс, амьдралын хэв маяг, орчин нөхцөлөөс шалтгаалан ходоод гэдэс хямрах, улмаар элдэв өвчний эхлэл болох тохиолдол их гардаг. Тиймээс бид Төв эмнэлгийн Дотрын I тасгийн Зүрх судас, дотрын их эмч Х.Булгантамираас дотрын өвчин гэж юу болох, хэрхэн урьдчилан сэргийлэх талаар дараах тодруулгыг авлаа.

 

- Энгийн иргэд дотрын өвчнийг ходоод, нойр булчирхай гэх мэтээр л төсөөлж ойлгодог. Ихэвчлэн ямар өвчлөлүүд зонхилон тохиолдож байна вэ?

 

 -Дотрын өвчин судлал бол анагаах ухааны маш том салбар юм. ДЭМБ-аас өвчлөлийг халдварт болон халдварт бус гэсэн хоёр ангилалд авч үздэг. Дотрын анагаах ухааны салбар бол халдварт бус өвчний ангилалд багтдаг. Энэхүү ангиллаар дотрын өвчнүүд нь долоон бүлэг өвчин болон тус бүрийн салбар судлалд хуваагддаг том шинжлэх ухааны салбар юм. Үүнд

1. Зүрх судасны өвчнүүд болох артерийн даралт ихсэх, зүрхний ишеми өвчин, зүрхний шигдээс,  зүрхний хэм алдагдал

2. Амьсгалын замын өвчин болох уушгины үрэвсэл, гуурсан хоолой багтраа

3. Хоол боловсруулах замын өвчнүүд болох ходоод улаан хоолойн үрэвсэл, шарх шархлаа, элэг цөс

нойр булчирхайн өвчнүүд

4. Бөөр шээсний замын өвчлөлүүд

5. Дотоод шүүрлийн булчирхайн эмгэгүүд болох чихрийн шижин, бамбай булчирхайн өвчин

6. Үе мөчний өвчин

7. Цус судлалын салбар гэсэн долоон бүлэг салбартай. Эдгээрээс манай улсад Зүрх судасны

өвчин, амьсгал, хоол боловсруулах замын болон дотоод шүүрэл тэр дундаа чихрийн

шижин ихэнх өвчлөлийг эзэлж байна

 

- Мэргэжлээс шалтгаалсан эрхтэн тогтолцооны өвчлөлд  төмөр замчид их өртөөд байх шиг санагддаг?

 

- Төмөр замчид ялангуяа замчид, вагончид, хөдөлгөөнийхөн, дохиолол холооныхон, эрчим хүчнийхэн  өдөржин гадаа зам дээр ажилладаг нь архаг хууч өвчтэй болох гол шалтгаан болдог. Замчдад ихэвчлэн бөөр шээсний замын өвчлөл элбэг тохиолддог бол сүүлийн үед хоол боловсруулах замын өвчлөл нэмэгдэх хандлагатай байна. Төмөр замын эмнэлэг жил бүр урьдчилан сэргийлэх үзлэгт хамруулж байгаагийн үр дүнд аливаа өвчлөлийг эрт илрүүлж, эмчлэх ,цаашдын хүндрэлээс сэргийлж чаддаг. Мөн байгууллага бүр үйлдвэрийн дотрын эмчтэй.  Тэд тухайн ажилтанд илэрсэн өвчнийг эмчлэх, хянах , урьдчилан сэргийлэх тал дээр зөвлөгөө, мэдээлэл өгдөг.

 

- Эрс тэс уур амьсгал, хоол унд, амьдралын хэвшил  зэргийн аль нь эрүүл  мэндэд илүү их  нөлөөлдөг вэ?

 

-Өвчлөл амьдралын буруу хэв маягаас үүсдэг. Тодруулж хэлбэл,  хөдөлгөөний дутагдал, буруу хоололт, хорт зуршлууд, стресс зэрэг багтдаг. Монгол орны хувьд хатуу ширүүн, эрс тэс уур амьсгалтай тул хүйтний улиралд амьсгалын замын өвчин элбэг. Бусад өвчний хувьд тухайн хүнээс өөрөөс нь шалтгаалдаг гэдгийг хүмүүс ойлгох хэрэгтэй.

 

- Эмчилгээ хийлгэхээр хандаж байгаа өвчтөнүүдийн дундаж нас хэд байна вэ? Сүүлийн үед залуучууд хүүхдүүд ч ходоод гэдэсний өвчинд их мэдрэг болж байх шиг байна. Энэ юунаас болж байна вэ?

 

-Дотрын өвчлөлөөр хандаж байгаа хүмуусийн  хувьд 18-аас дээш насныхан

байдаг ч ихэвчлэн 45-аас дээш насныхан илүү их үзүүлж ,зөвлөгөө авч хэвтэн эмчлүүлж байгаа. Сүүлийн үед залуучууд дотрын өвчлөлд өртөж  байгаа нь бэлэн бүтээгдэхүүний замбараагүй хэрэглээ, дэлгэцийн хамаарал, хорт зуршлууд нь таргалалт, ходоодны шарх, чихрийн шижин,цусны  даралт ихсэх өвчнөөр өвдөх эрсдлийг нэмэгдүүлж байна.

 

- Эдгээр өвчинд ялангуяа залуучуудын өвчлөлд  ковид болон вакцины нөлөө байж болох уу?

 

- Одоогоор ДЭМБ-уудаас ковидын вакцины шалтгаант өвчлөл нас баралт үүсээд байна гэдгийг судалж тогтоогоогүй байна.

- Төмөр замчдын дотрын өвчлөлийг бууруулах талаар ямар арга хэмжээ авч ажиллаж байна вэ?

 

- Төмөр замын эмнэлгээр үйлчлүүлж байгаа үйлчлүүлэгчдийн ихэнх нь дотрын эмчид ханддаг. Эмнэлгийн зүгээс жил бүрийн урьдчилан сэргийлэх үзлэг болон, нийгмийн эрүүл мэндийн ажилтнаар ахлуулсан багынхан байгууллагуудаар сар бүр явж өвчлөлөөс урьдчилан сэргийлэх талаар сургалт, сурталчилгаа хийдэг. Мөн дотрын эмч нар тухайн үзүүлж буй үйлчлүүлэгчдээ эрүүл зөв хоололт болон өвчин үүсгээд байгаа шалтгааныхан талаар илрүүлж үйлчлүүлэгч тус бүрт

зөвлөгөө мэдээллийг тогтмол өгч ажилладаг.

 

-Шугам замын үзлэгүүд үр дүнгээ өгч байна уу?

 

   -Жил бүр хойд, урд шугам замын үзлэг хийгддэг нь маш ач холбогдолтой байдаг. Учир нь, хөдөө алслагдсан газар ажиллаж амьдарч байгаа төмөр замчдаа үзлэг шинжилгээнд хамруулж, шинээр өвчлөл илрүүлж , архаг хууч өвчтөнүүдийнхээ хяналтын үзлэгийг хийж, шаардлагатай хүмүүсээ Төв эмнэлэг рүүгээ нарийвчилсан оношилгоо шинжилгээнд явуулж хэвтүүлэн эмчилдэг . Энэ бүгд шугам замын үзлэгийн үр дүн шүү дээ.

 

- Мэдээлэл өгсөн танд баярлалаа.