Энэ сарын 4-нд ЗТХЯ-ны Төрийн нарийн бичгийн даргын ахалсан Зам тээврийн салбарын Хөгжлийн бэрхшээлтэй хүний эрхийг хангах дэд зөвлөлийн 2023 оны хоёрдугаар хуралдаан “УБТЗ”-ын Зорчигч тээврийн төвд хуралдаж, ИНЕГ, АТҮТ болон хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн эрхийг хамгаалах ТББ-уудын төлөөллүүд оролцлоо. Уг хуралдаанаар Хөгжлийн бэрхшээлтэй хүний эрхийн тухай хуулийн хүрээнд тус Нийгэмлэг хэрхэн ажиллаж, орчны хүртээмжийг сайжруулж байгаатай танилцан, үнэлэлт дүгнэлт өгөхийн зэрэгцээ  цаашид хийх ажлын талаар санал солилцож, хамтран ажиллахаар болжээ. Энэ талаар, Замын даргын Ажлын албаны нийгмийн асуудал хариуцсан ахлах мэргэжилтэн Ц.Ариунаагаас тодрууллаа.

 

-УБТЗ ХНН нийгмийн хариуцлагын хүрээнд хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн эрхийг хангах, хамгаалах чиглэлээр ямар ажлуудыг хийдэг вэ?

 

-Хөгжлийн бэрхшээлтэй хүний нийгмийн харилцаанд тэгш оролцох эрхийг хангахад  манай Нийгэмлэгийн зүгээс энэ онд гурван чиглэлээр арван ажил төлөвлөн ажиллаж байна. Эндээс тоймлоод хэлбэл, УБТЗ-ын даргын энэ оны гуравдугаар сарын 21-ний А-286 дугаар тушаалаар хөгжлийн болон хөдөлгөөний бэрхшээлтэй иргэд орон нутагт төмөр замаар зорчих тасалбарын хөнгөлөлттэй тарифыг унтлагын вагонд 20 хувь, тасалгаат вагонд 30 хувиар хөнгөлөлт үзүүлж байна. Энэ тарифаар 378 хүнд 4.3 сая орчим төгрөгийн хөнгөлөлтийг үзүүлээд байна. Хөгжлийн бэрхшээлтэй тэргэнцэртэй иргэнд зориулан тоноглосон 482 дугаар вагон 2018 оноос хойш 49 удаагийн аялал хийж, 208 мянган км туулсан байна. Тус вагон нь өргөгч, буулгагчтай, тусгай ор, бие засах газартай. Мөн Зорчигч тээврийн төвд хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд зориулсан угтах үйлчилгээ бий. Жишээ нь, харааны бэрхшээлтэй хүн Улаанбаатар өртөөнөөс Сүхбаатар өртөөнд зорчъё гэвэл 24 цагаар ажилладаг 86114366 дугаарын утсанд урьдчилан захиалгаа өгч, угтах үйлчилгээний тусламжтай вагондоо суух боломжтой.

Зорчигчийн вагон депогийн вагоны 546 үйлчлэгч энэ онд дохионы хэлмэрчийн сургалтад хамрагдлаа.

 

-Хуулиараа бүх байгууллагууд хөгжлийн бэрхшээлтэй иргэдийг ажлын байраар хангах үүрэг гүйцэтгэдэг. Гэтэл төмөр зам бол онцгой объект. Тэр ч утгаараа ажилчдын эрүүл мэндэд өндөр шалгуур тавигддаг шүү дээ. Тэгэхээр хөгжлийн бэрхшээлтэй иргэдийг ажлын байраар хангах боломж хэр байдаг вэ?

 

-Монгол Улсын Хөдөлмөрийн тухай хуулийн 144.2-т “Өмчийн төрөл, хэлбэрээс үл хамаарч 25 ба түүнээс дээш ажилтантай аж ахуйн нэгж, байгууллага нийт ажлын байрныхаа дөрвөн хувиас доошгүй орон тоонд хөгжлийн бэрхшээлтэй хүнийг ажиллуулна” гэж заасан. УБТЗ-ын хувьд хөдөлгөөнтэй шууд холбоотой салбар нэгжүүдэд ажилтнуудын эрүүл мэндэд өндөр шаардлага тавигддаг. Нийгэмлэгийн хэмжээнд өнөөдрийн байдлаар, 39 алба, салбар нэгжид хөгжлийн бэрхшээлтэй 134 хүн, 35 мэргэжлээр  ажиллаж байна. Тодруулбал, эдийн засагч, нягтлан бодогч, гаалийн мэдүүлэгч, бүх төрлийн инженер, туслах багш, эмч, сувилагч, зөрлөгийн дарга, механикч, техникч, мастер, сэлгээний зохицуулагч, сантехникийн слесарь, оперторчин, оосорлогч, дохиочин, вагоны үйлчлэгч, буудлын жижүүр, үйлчилгээний ажилтан, тогооч, оёдолчин, өлгүүрчин, малчин гэх мэт.  

Хөгжлийн бэрхшээлийн төрлөөр авч үзвэл хараа, сонсгол, хэл ярианы, үе мөч, хөдөлгөөний бэрхшээлтэй, хавдрын өвчтэй гэх мэт хүмүүс байна.

Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийг ажиллуулаагүй тохиолдолд зохих орон тоо тутамд ногдох төлбөрийн хэмжээ нь хөдөлмөрийн хөлсний доод хэмжээтэй тэнцүү байхаар тооцож, уг төлбөрийг сар бүр Хөгжлийн бэрхшээлтэй иргэний хөдөлмөр эрхлэлтийг дэмжих дэд санд төлөх хуулийн зохицуулалттай. Хэрэв хөгжлийн бэрхшээлтэй хүний болон хөгжлийн бэрхшээлтэй гэр бүлийн гишүүнээ гэртээ асарч байгаа хүний үйлдвэрлэсэн бараа, бүтээгдэхүүн, ажил үйлчилгээг зургаан сараас дээш хугацаагаар гэрээ хийн байнга худалдан авсан тохиолдолд худалдан авалтын дүнгээр дээрх төлбөрөөс чөлөөлөгддөг. Хуулийн энэхүү заалтыг хэрэгжүүлэхэд Зорчигчийн вагон депо “Хараагүйчүүдийн сургалт үйлдвэрлэлийн төв”-өөс жил бүр 7.3 сая орчим төгрөгийн троссон шүүр, мяндсан сойз худалдан авч байна. Худалдан авалт борлуулалтын алба хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн оёсон ажлын хөвөнтэй бээлийг 2021 оноос хойш тасралтгүй худалдан авч байгаа. Цаашид хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн үйлдвэрлэсэн бичиг хэргийн дугтуй, ариун цэврийн цаас гэх мэт хэрэгцээт бараа бүтээгдэхүүнийг худалдан авах талаар судлах чиглэлийг ЗТХЯ-ны Дэд зөвлөлөөс зөвлөсөн.

 

-Уг хуралдаанд хөгжлийн бэрхшээлтэй иргэдийг төлөөлөх ТББ-ынхан оролцсон гэсэн. Тэд төмөр замчдаас ямар зүйлийг хүсэв?

 

-Энэ хуралдаанд  “Монголын хөгжлийн бэрхшээлтэй иргэд” ТББ, “Түгээмэл хөгжил” ТББ, “Монголын хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн үндэсний зөвлөл” ТББ-ын төлөөллүүд ирсэн. Хуралдаанд оролцогсод вокзалын гадна болон дотоод орчны байдалтай танилцаад ОУ-ын стандартад нийцүүлэх чиглэлд хамтарч ажиллахаар тохиролцсон. Тухайлбал, Улаанбаатар зорчигч тээврийн төв буудлын хонгилон гарцаар тэргэнцэртэй иргэд зорчиход бэрхшээлтэй байгаа тул тусгай хэрэглэгдэхүүн, тоног төхөөрөмжөөр тоноглох талаар хамтран судлахаар боллоо. Уг хонгилон гарц нь 2002 онд баригдаж эхлээд 2004 онд ашиглалтад орсон. Тухайн үеийн стандартаар баригдсан. Хонгилон гарцын налуу хэсэг зорчигчдын шүүмжлэлд өртдөг. Одоогийн байдлаар тэргэнцэртэй иргэд хонгилон гарц руу орохгүйгээр  вокзалаас баруун тийш явж, Вагон ашиглалтын депогийн баруун талд байх гарцаар зам хөндлөн гарч байгаа. Мөн “Түгээмэл хөгжил” ТББ-аас зорчих тавцан дээр Япон, Норвеги, Канад зэрэг орнууд шиг чиглүүлэгч дугуйтай шилэн бүхээг байрлуулж өгөөч гэдэг хүсэлт тавьсан. Энэ нь цаг агаарын ямар ч нөхцөлд хөгжлийн бэрхшээлтэй иргэд үйлчлүүлэх таатай нөхцөлийг бүрдүүлэх юм. Хараагүй иргэд төмөр зам руу унах эрсдэл их байдаг. Японд хаалт хийсэн байдаг. Энэ жишгээр хаалттай болгох хүсэлт тавьж байна. Эдгээр саналыг манай зүгээс судалж үзэхээр боллоо. Сонсголын бэрхшээлтэй хүн саадгүй, хэн нэгний туслалцаагүй зорчиход зориулан ОУ-ын стандартад нийцүүлж,  үйлчилгээ авах цэг хүртэл өнгөөр ялгаж, тэмдэглэхийг зөвлөсөн. Замын хэмжээнд бүх өртөөдийн гадна болон дотор орчны хүртээмж, үйлчилгээний нийцлийн байдалд үнэлгээ хийж, 2024-2025 онд хэрэгжүүлэх ажлаа төлөвлөхөөр шийдвэрлэсэн.

 “УБТЗ-ын Зорчигч тээврийн үйлчилгээ, зорчигчийн галт тэрэг, вагон дахь үйлчилгээний ерөнхий шаардлага” MNS:58762023 стандартыг боловсруулан батлуулж байна. Зорчигчийн вагоныг түүний зориулалт хийцийн болон үйлчилгээний онцлогоос нь хамаараад ямар зэрэглэлтэй байлгах, ямар үйлчилгээг хэрхэн үзүүлэх вэ гэдгийг энэ стандартад тодорхой зааж өгснөөр манай үйлчилгээ ОУ-ын жишигт нийцэхүйц болно гэсэн хүлээлттэй байна.

 

-Ингэхэд хөгжлийн бэрхшээлтэй иргэн галт тэрэгний тасалбар онлайнаар худалдаж авах бол тарифийн хөнгөлөлтийг эдлэх боломж бий юу?

 

-Бид техникийн шийдлүүдийг Мэдээллийн технологийн албатайгаа хамтран хийнэ.

 

-Замын хэмжээнд хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн судалгаа хэр бодитой гарч байгаа бол?

 

-Манай судалгаа бол нэлээд бодитой гэж үзэж байгаа. УБТЗ-ын бүх ажилтан жил бүр эрүүл мэндийн урьдчилан сэргийлэх үзлэгт хамрагддаг учраас энэ судалгааг нэлээд ул суурьтай гаргасан гэж үзэж байна. Төв эмнэлгийн статистик тайлангаас үзэхэд  219 хүн хөгжлийн бэрхшээлтэй байна. Сүүлийн таван жилийн судалгаагаар харааны бэрхшээл 9.5, сэтгэцийн өвчлөл 31 хувиар тус тус нэмэгдсэн бол ердийн өвчний бэрхшээлтэй хүн 28.6 хувиар буурсан үзүүлэлттэй байна. Хөгжлийн бэрхшээлтэй хүний хөдөлмөр эрхлэлт, нийгмийн хамгааллын талаар зөв ойлголт өгч, ажилтны ажлын байрны нөхцөл болон ажлын цагийн зохицуулалтыг тэдэнд таатайгаар шийдвэрлэхийг зорьж байна. Ажлын цагийг богиносгох уу, зайнаас ажиллуулах уу гэх зэргээр бид ажилтнуудаа дэмжихийн тулд ажиллаж байгаа гэдгийг энэ дашрамд хэлмээр байна. Энэ мэдээллийг уншаад Замын нийгмийн асуудал хариуцсан орлогч даргаар удирдуулсан нийгмийн салбарынхантай мэдээллээ солилцож, бидэнд хандахад нээлттэй хүлээж авах болно.

 

-Хүүхдийн секторын харьяа цэцэрлэгүүдэд хөгжлийн бэрхшээлтэй хүүхдүүдийг авч байгаа шүү дээ?

 

- Тиймээ, манай 27 цэцэрлэгт тусгай хэрэгцээт боловсрол шаардлагатай хүүхдийн судалгаа авахад 2023-2024 оны хичээлийн жилд есөн цэцэрлэгт 54 хүүхэд суралцаж байна. Аутизм, дауны хам шинж, хараа, хэл ярианы бэрхшээлтэй хүүхдүүд байна. Тэгэхээр багш нараа сургахаас эхлээд тусгай хэрэглэгдэхүүнийг бэлтгэх, тусгай булан, хүүхдүүдтэй тоглох болон ганцаараа байх орчныг бүрдүүлэх, нийгэмшүүлэх сургалтуудыг хийх ажлуудыг зохион байгуулж байна. Манай Хүүхдийн секторынхон энэ чиглэлээр сайн ажиллаж байгаа.

СӨБ-ын сургалтын орчны MNS 6558:2015 стандартын хүрээнд цэцэрлэгийн барилга байгууламжийн нийцлийг үзэхэд 88 орчим хувьтай байна. Биеийн тамирын болон хөгжмийн өрөө, ариун цэврийн өрөө, хүүхдийн насны онцлогт тохирсон хөгжмийн зэмсэг техник, тоглоом зэргийг 2024 оны хөрөнгө оруулалтын төлөвлөгөөндөө тусгаж, 80 гаруй сая төгрөгийг зарцуулахаар төлөвлөөд байна.

 

-Хөгжлийн бэрхшээлтэй хүний асран хамгаалагчдыг дэмжих хөтөлбөрүүд манай төмөр замд хэрэгждэг үү?

 

-Хөгжлийн бэрхшээлтэй хүүхэдтэй болон гэр бүлийнх нь аль нэг гишүүн хөгжлийн бэрхшээлтэй бол өрхийн амьжиргааг дэмжих, тогтмол орлоготой болгох ажлыг зохион байгуулах чиглэл баримталж, хоёр ажил төлөвлөсөн. Энэ талаар Хөгжлийн бэрхшээлтэй хүний хөгжлийн ерөнхий газартай хамтын ажиллагаагаа эхлүүлсэн. Замын хэмжээнд энэ оны наймдугаар сарын 15-ны байдлаар судалгаа авахад 22 байгууллагын 86 ажилтны ар гэрт 0-29 насны 126 хүн хөгжлийн бэрхшээлтэй хүн байна. Тэгэхээр бид энэ хүмүүст чиглэсэн ямар арга хэмжээ хэрэгжүүлэх вэ гэдэгт анхаарч, байгууллага, хамт олны санаачилгыг дэмжих, 2024-2025 оны “Хамтын гэрээ”-нд саналаа тусгуулахаар ажиллаж байна.

 

-Ойрын хугацаанд хийхээр төлөвлөсөн ямар ажлууд байна вэ?

 

-Нийгмийн хариуцлагын хүрээнд УБТЗ ХНН-т ажиллаж байгаа хөгжлийн бэрхшээлтэй ажилтан болон ажилтны  гэр бүлийн хөгжлийн бэрхшээлтэй гишүүдийн амьдралд бодитой дэм болсон ажил, арга хэмжээг зохион байгуулахад бүх алба, хэлтэс, төв, тасаг, салбар нэгжийн удирдлагууд, төлөвлөлт, санхүү хариуцсан ажилтнуудын идэвх санаачилга, сэтгэл, хандлага маш чухал. Энэ талаар сургалт зохион байгуулна. Хөгжлийн бэрхшээлтэй хүнд хүртээмжтэй үйлчлэх УБТЗ-ын үйлчилгээг сайжруулах ажлын хүрээнд Монголын тэргэнцэртэй иргэдийн үндэсний холбоотой хамтраад энэ оны дөрөвдүгээр улиралд “Хамтдаа зорчъё” гэдэг аяныг зохион байгуулна. ЗТХЯ болон “Түгээмэл хөгжил” ТББ-тай хамтраад Улаанбаатар зорчигч үйлчилгээний төв буудлын дотоод болон гадаад орчны хүртээмжийн үнэлгээний ажил хийгдэнэ. Ажилтны хүүхдэд ээлтэй бодлогыг хэрэгжүүлэх зорилтын хүрээнд ажлын байранд хүүхдийн өрөө тохижуулах, сурагчдын дотуур байрны тохижилт, аюулгүй байдлыг хангахад чиглэсэн ажлуудыг мөн зохион байгуулахаар төлөвлөж байна.         

 

Б.Гүнжинлхам